Хойд Солонгосын Пхеньян хотод өнөөдөр өглөө цэргийн ёслолын парад эхэлсэн байна. Хойд Солонгосын үндэсний телевизээр цэргийн парадын тухай өглөөнөөс хойш огт мэдээлээгүй, үзүүлээгүй боловч Пхеньян дахь Ким Ир Сений талбайд парад өглөөний 10.30 цагт эхэлсэн байна.
Пёнчаны олимпийн наадам эхлэхийн өмнө Хойд Солонгос АНУ-д цөмийн зэвсгийн хүчин чадлаа гайхуулах гэж пуужин харвах эсэхийг олон улс анхааралтай ажиглан харж байгаа юм.
Хойд Солонгост бизнестэй Канадын нэгэн бизнесмен Пхеньянд замын хөдөлгөөн ихсэж, Ким Ир Сений талбайг чиглэсэн машинуудын цуваа түгжрэл үүсгэж буй талаар твиттер хуудсандаа бичжээ.
Хойд Солонгост сүүлд 2017 оны дөрөвдүгээр сарын 15-нд Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын парад болж байсан юм. Ким Ир Сен удирдагчийн 105 жилийн ойд зориулж, Пхеньян тив хоорондын баллистик пуужингууд хөөргөсөн байсан юм.
Н.ОДГИЙВ