БНСУ-ын Зам тээврийн яамнаас өнөөдөр 20 мянга гаруй BMW загварын машиныг хөдөлгөөнд оролцохыг хориглолоо. Тэдгээр машинуудыг хорт хий ялгаруулж байгаа болон шатах эрсдэлтэй гэж үзжээ.
Өнгөрсөн нэгдүгээр сараас долдугаар сарын хооронд Өмнөд Солонгост хөдөлгүүрээс үүдэлтэй машин шатсан 27 тохиолдол бүртгэгдсэн байна. Наймдугаар сарын 20-ноос эхлэн BMW 520d зэрэг дизель хөдөлгүүртэй 106 мянган машиныг эргүүлэн татахыг Солонгос дахь BMW компанид мэдэгджээ. Яамнаас үзлэгт хамрагдаагүй 20 мянган BMW машиныг хөдөлгөөнд оролцохыг хориглохоор болсон байна.
БНСУ-ын Зам тээврийн сайд Ким Хюн Мий хэвлэлийн бага хурлын үеэр ''BMW загварын машин унадаг хүмүүс аюулгүй байдлаа бодон Засгийн газрын тушаалыг хүлээн авч, идэвхтэй хамтран ажиллахыг хүсч байна'' гэжээ.
Өмнөд Солонгост Mercedez, BMW загварын дизель машинууд өнгөрсөн оны байдлаар борлуулалт нь хоёр дахин өссөн үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн жилд тус улсад импортын 59 мянга 624 автомашин борлуулагдсан аж.
Өмнөд Солонгос улс авто худалдаагаар дэлхийд арван нэгт жагсдаг. Гэхдээ импортоор орж ирж буй машинуудын борлуулалт харьцангуй бага байдаг. Учир нь дотоодын автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд болох Хьюндэй Моторс компани, Киа Моторс компаниуд дотооддоо ноёрхдог аж.
Б.ХУЛАН