Энэтхэг улсын Керала мужид олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас үер бууж 164 хүн амь үрэгдэж, 223 мянган хүн орон гэргүй болсон талаар BBC агентлаг мэдээллээ.
Амь үрэгдсэн хүмүүсийн ихэнх нь хөрсний нуралтаас болж нас барсан болохыг тогтоосон байна.
“Нас барсан иргэдийн тоо өсч магадгүй. Борооны улирлаас болж бид нар Кералагийн түүхэнд болж байгаагүй гамшгийн гэрчүүд болж байна” хэмээн мужийн захирагч Пинарави Вижаяан мэдэгджээ. Онц байдал зарлаж цэрэг, цагдаа болон аврах ажилтнууд ард иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж байгаа боловч хүчрэхгүй байх тохиолдол гарч байгаа аж. Энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Моди туслалцаа үзүүлэх болно гэдгээ Керала мужийн захирагч Пинарави Вижаяанд мэдэгдсэн байна. Мөн Керала мужтай ойролцоо орших мужуудын захиргаанууд туслах болсноо мэдэгджээ.
Түүнчлэн наймдугаар сарын 26-н хүртэл нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг зогсоожээ.
Б.ХУЛАН