БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАР, ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ЛАМ НАР БАЙГАЛИА БОХИРДУУЛАХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА

2018-02-08  

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Монголын бурхан шашны хийдийн тэргүүнүүдийг хүлээн авч уулзан, монголчуудын хувьд мартагдсан ухамсар болоод байгаа байгалиа хамгаалах үйлсийг сэргээхэд уриалж хамтарч ажиллахыг хүссэн. Монголын бурхан шашны хийдийн тэргүүнүүд түүний санаачилгыг дэмжиж, монголчуудыг уул, усаа тахихдаа байгаль эх дэлхийгээ бүү бохирдуулаач гэдэг уриалгыг гаргаад байгаа. Энэ хүрээнд лам нар буруу тахисан овоог цэгцэлж, цэвэрлэх ажлыг байгаль хамгаалагчидтай хамтран хийхээр болсон юм. Тэгвэл өнөөдөр Богдхан уулын дархан цаазат газрын байгаль хамгаалагч нар, Гандантэгчэнлин хийдийн лам нартай хамтран Хийморийн овоог цэвэрлэж, олон түмэндээ уриалга хүргүүллээ.

Д.Амарболд: Уул, усаа бохирдуулснаар буян хураах биш лусын хорлол болдгийг ойлгох хэрэгтэй

Гандантэгчэнлин хийдийн Байгаль орчин хариуцсан албаны дарга

Өнөөдөр бид БОАЖ-ын сайдын байгалиа хамтран хамгаалах уриалгыг дэмжин хийморийн овоог цэвэрлэлээ. Хадаг, яндар, архины шил, сүүний савнаас эхлээд гал түлээд явсан ул мөр маш их байна. Иргэддээ хандаж хэлэхэд уул, ус тахихдаа багахан хэмжээний будаа, сүү авчраад дотроо сүслээд, залбирахад буян заяагаа даатгаж байгаа хэрэг юм шүү. Түүнээс биш их тахил авчирж, хог үүсгэж, уул, ус, байгаль дэлхийгээ бохирдуулснаар буян хураадаггүй. Харин ч үр хүүхэд, хойч ирээдүйдээ үйлийн үр нэмж, лусын хорлол болж, ажил үйс нь бүтэхгүй байхаас эхлээд гай түтгэрийн үүдийг нээдэг гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Хийморийн дарцаг овоон дээр хийсгээд хийморь лундаа нь сэргэж байна гэж боддог хүмүүс тэр дарцаг нь хүний хөлийн дор гишгэгдэж байдаг гэдгийг санах хэрэгтэй. Тухайн айлын хийморь лундаагаа даатгасан дарцаг нь хэн нэгний улан дор хог болох нь ямар байх вэ гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Ингээд удахгүй болох цагаан сараар та бүхэн маань байгаль дэлхийгээ бохирдуулж, хог тарихгүй сайхан шинэлцгээгээрэй.

С.Батбаатар: Цагаан сараар хийморио сэргээх гэсэн хүмүүс гал алдахаас эхлээд асуудал их үүсдэг учир унталгүй ажиллах нь ч бий

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч

Н.Цэрэнбат сайдын санаачилгаар Гандантэгчэнлин хийдийн лам нар ирж, хийморийн овооны хадгийг авч, хогийг цэвэрлэх ажилд хамтарч байгаад баяртай байна. Байгаль хамгаалагч нар хадаг, самбай байгаль бохирдуулж байна гэж хэлдэг ч хэн ч авч хэлэлцдэггүй. Бидний хувьд л гэхэд битүүний шөнөөс эхлээд шинийн 1-нийг өнгөртөл ажилладаг. Хийморийн овоонд гарч хийморио сэргээнэ гэсэн хүмүүс хогоо хаяна, гал түлснээс болж гал алдахаас эхлээд их л юм болно шүү дээ. Ядахдаа байгальд гарахдаа авчирсан хогоо аваад явдаг бол эх дэлхийгээ бохирдуулахгүй байхаас гадна байгаль хамгаалагч бидний ажилд гүн туслалцаа үзүүлж байгаа нь тэр болно. Тиймээс иргэд та бүхнийгээ хоггүй аялцгаая гэж уриалмаар байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга