Г.СОНИНБАЯР : БУРИАДААР АЯЛЖ ЯВАХДАА ДАНГИНА ДУУНЫ ШҮЛЭГ БИЧСЭН

2018-02-23  

“Морин хуур 2017” наадмын гала тоглолт  болж шилдгийн шилдэг дуунуудыг шалгаруулсан. Уг наадмын гран при шагналыг хөгжмийн зохиолч Б.Хүрэлбаатар “Баатар хайрхан” дуугаараа хүртсэн юм. Харин нийтийн дууны төрөлд Монгол Улсын ардын жүжигчин А.Энхтайван “Дангина” дуугаараа тэргүүн байр хүртэн, морин хуур гардсан. Уг дууны шүлгийг бичсэн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Сонинбаяртай цөөн хором ярилцлаа.  

-“Морин хуур 2017” хөгжмийн наадам 31 дэх жилдээ зохиогдлоо. Энэ жилийн наадмын шинэлэг зүйл нь юу байв. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?

-Энэ жилийн “Морин хуур” наадмын онцлог, шинэлэг зүйл нь гэвэл нийтийн дуу, мэргэжлийн дуу, эстрад гэсэн гурван төрөлд шилдгүүдийг шалгаруулсан. Хамрах цар хүрээ нь илүү өргөн болж байгаа гэдгийг гала тоглолт дээр зохион байгуулагчид нь онцолж байна лээ. Ардын жүжигчин А.Энхтайван ах маань “Дангина” дуугаараа “Морин хуур 2017” наадмын нийтийн дууны төрөлд тэргүүн байр эзэллээ. Мөн А.Энхтайван ах мэргэжлийн дууны төрөлд ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн шүлэг “Бор толгодын хавар” дуугаараа шагналт байр эзэлсэн.

-“Морин хуур” наадмын нийтийн дууны тэргүүн уран бүтээл хэрхэн бүтэж байсан бэ?

-Одоогоос гурван жилийн өмнө Байгаль далай, Иволгын дацан, Улаан-Үд зэрэг гадруудаар аялж явахдаа бичсэн. Ирээд А.Энхтайван ахад шүлгээ үзүүлэхэд  их олзуурхаж авсан даа. Хоёр, гуравхан хоногийн дараа аяа хийгээд Дорнод нутгийн авьяаслаг дуучин Б.Эрдэнэбаатар гэж залуугаар анх дуулуулж сонсч байлаа.

-Доржсүрэнгийн Нямдаваа гэж залуу дуучин их сайхан дуулсан байна лээ?

-Тийм. Өмнө нь А.Энхтайван ах бид хоёрын “Цэнхэр нутаг” гэж дууг Д.Нямдаваа дүү маань их сайхан дуулж олны хүртээл болгосон. Бид гурвын хоёр дахь бүтээл маань энэ “Дангина” дуу. Тайван ахын “Балжийн гол”, “Ононгийн шугуй”, “Ээжийнхээ ачийг яалаа даа”, “Олонтой явсан аав” гээд олон сайхан дуунуудад нь би дуртай. Үнэхээр сайхан аялгуутай. Энэ аялгуунд нь Д.Нямдаваагийн хоолойн чадал, мэдрэмж, цараа нь их сайхан зохицож өгдөг. Хэнтий нутгаас чадалтай залуу дуучин төрж байгаад баярладаг.

-“Хорь буриадын нутаг” гэж сайхан уран бүтээлийг тань С.Батсүх гавьяат дуулж олонд хүргэсэн. Энэ дуу бүтсэн түүхээс уншигчидтай хуваалцахгүй юу?

-Энэ дууны шүлгийг 1999 оны хавар Хэнтийн Дадалд бичсэн. Азаар сайхан уран бүтээлчидтэй холбогдож шүлэг маань дуу болж амилсан. Аялгууг нь соёлын тэргүүний ажилтан Гончигхорлоогийн Жаргалсайхан гэж хүн зохиож С.Батсүх гавьяат дуулсан.  “Хорь буриадын нутаг” дуу 2003 онд хайрын “Хонгорзул” сонины нэрэмжит “Хайрын сүлд дуу”  наадамд оролцож шилдэг 30-д шалгараад Гала тоглолтод нь анх дуулагдсан. Энэ тэмцээнд гавьяат У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар УГЗ Т.Сэр-Одын аялгуу “Сэтгэлийн булаг” дуугаар оролцож тэргүүн байрыг эзэлж байсан юм. “Хорь буриадын нутаг” маань тэр жилдээ “Шинэ долгион” 107.5 ФМ-ын хит дууны жагсаалтыг хэдэн долоо хоног тэргүүлж, дорхноо олонд хүрсэн дээ. "Хорь буриадын нутаг дүүрэн цагаан манантай” гэдэг мөрт Дадалд сайхан манан буучихсан байгааг хараал орж ирж билээ. Нээрээ энэ шүлгээ сэтгэлтэй бүсгүй дээ зориулж тэрлэж байсан юм байна.  

-Та Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг төгссөн бил үү. Оюутан байхдаа ямар дууны шүлэг бичиж байв?

-Тийм. Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн хоёр дахь төгсөлт. Оюутан байхдаа нэг их дууны шүлэг бичиж байгаагүй ээ. Ер нь яг дууны шүлэг дагнан бичээд байдаггүй. Гэхдээ “Хорь буриадын нутаг”-аасаа хойш нэлээд хэдэн дуутай болчихжээ.

-Та сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Дууны уран бүтээл ярьж байгаа болохоор шинэ дууныхаа талаар л ярья. А.Энхтайван ах бид хоёрын “Оюухай” гэж дууг дуучин Н.Ундрал дуулж удахгүй олонд хүргэх болно. Энэ дуун дээрээ сүүлийн нэг жил ажиллаж байна даа. Дуншаад л яваад байгаа.    

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?