Нүүр   /   Дэлхий   /  

ОРОСЫН ЗЭВСЭГТ ХҮЧИН ӨНӨӨДӨР - МАРГААШ

2018-03-05  

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины 2018 оны 03 дугаар сарын 01-нд парламентад тавьсан илтгэлийн үеэр цөмийн зэвсгийн хүчин чадал, хэдэн төрлийн шинэ пуужин, зэвсгийн талаар дурьдаж бүр видео бичлэг хүртэл үзүүллээ.

Энэ бүхнийг улс орнууд, хүмүүс янз бүрээр хүлээн авч байна. Америкчууд хүртэл хариу мэдэгдэл хийсэн. Илтгэлд гарч буй зарим шинэ зэвсэг болоод оросын зэвсэгт хүчний хөгжил өнөөдөр ямархуу түвшинд хүрээд байгаа болон цаашид яаж хөгжих тухай зурагт хуудсыг та бүхэнд хүргэж байна. Ер нь бол оросын зэвсэгт хүчний хөгжил сүүлийн хэдэн жилд мэдэгдэхүйц нэмэгдээд байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. 

1. Стратегийн зориулалттай "Сармат" бол тив алгасагч хүнд ангиллын баллистик пуужингийн систем юм. Төрөл бүрийн цөмийн зэвсэг зөөвөрлөх боломжтой, ямар ч төрлийн пуужингийн довтолгооны эсрэг хамгаалалтыг нэвтлэх чадвартай гэнэ. 

2. Агаарт суурилсан "Кинжал" пуужингийн цогцолбор бол 2000 гаруй км-ийн зайд буй дурын "бай"-г хэт хурдан /цагт 12,2 мянган км хүртэл хурдтай нисдэг/ нисэж устгах боломжтой систем юм. Ийм их хурдтай нисэж байх явцдаа чиглэлээ өөрчилж чаддаг нь уг системийг дэлхийд хосгүй зэвсэг болгон хувиргаж байгаа билээ. 

3. "Авангард" бол РС-24 "Ярс" пуужингийн суурин дээр бүтээгдэж буй дараагийн загвар болох РС-26 загварын тив алгасагч хүнд ангилалын баллистик пуужингийн систем юм. Уг пуужингийн гарааны жин нь 80-120 тонн жинтэй байх ба 2000-6000 км-ийн зайд буй дурын "бай"-г пуужингийн довтолгооны эсрэг хамгаалалтыг нэвтлээд онож устгах чадвартай байх бололтой. 

4. Оросууд цөмийн хөдөлгүүртэй ямар ч холын зайд нисэж чадах пуужингийн системийг бүтээж байгаа бололтой. Энэ пуужин нь маш нам өндөрт, нууцаар нисдэг, маршрутаа дуртай үедээ өөрчлөх боломжтой, пуужингийн болон агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалтын системийг нэвтэлж чадах пуужин гэж байна. 

5. Оросын тэнгисийн флот нь шумбагч хөлөг онгоцонд суурилсан цөмийн хөдөлгүүртэй шумбагч дроныг бүтээж байна. Уг дрон нь ямар ч зайд, маш бага чимээ гарган, өндөр маневрлаг байдлаар цөмийн цэнэгтэй бөмбөг тээвэрлэж далай доогуур явах чадалтай ажээ. 

6. ОХУ нь зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэх нүсэр том хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш нэлээд хэдэн жил өнгөрөөд байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш цэргүүд гар дээрээ хүлээн авсан шинэ зэвсэг, техник, тусгай зориулалттай техник, хэрэгслийн тоо 3,7 дахин нэмэгджээ. Мөн энэ хугацаанд зэвсэгт хүчин 80 нэгж тив алгасагч баллистик пуужин, 102 нэгж шумбагч завинд суурилсан баллистик пуужин, 3 нэгж "Борей" ангиллын дайралтын шумбагч завь, "Ярс" пуужингаар зэвсэглэсэн 12 хороог зэвсэглэлд авчээ. 

7. 2012 онд оросын армид 290 мянган хугацаат цэргийн алба хаагч, 162 мянган гэрээт цэргүүд алба хааж байсан бол 2017 онд 240 мянган хугацаат цэрэг, 384 мянган гэрээт цэрэгтэй болж гэрээт цэргийн тоо 2,4 дахин нэмэгдсэн байдаг. 

8. Алсын зайд буй "бай"-г устгах зориулалттай нэн өндөр цэцтэй "Искандр-М" пуужингийн тоо 12 дахин нэмэгджээ.

 

 Р.ЭНХБОЛД / ДЭД ХУРАНДАА/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?