Ж.ТӨМӨРСҮХ : "ХӨХ СУВД" МӨСНИЙ БАЯР БОЛ БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТОМООХОН БАЯР

2018-03-06  

"Хөх сувд" мөсний баяр бол байгаль хамгаалах томоохон баяр..." гэж "Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа"-ны дарга, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх онцоллоо. Түүний хэлсэнчлэн "Хөх сувд" мөсний баяр өдгөөгөөс 19 жилийн өмнө Хөвсгөл нуураа хамгаалах сэдлээс эхэлжээ. Анх байгаль хамаалагчид, нутгийн иргэд бүхий цөөхөн хүн оролцдог байсан энэ баярт өнөөдөр 15-20 мянга орчим гадна дотны аялагч, жуулчид ирж оролцон Хөвсгөл нуурынхаа толь шиг тунгалаг мөсөн дээр хоёр өдрийн турш мөс, мөсөн урлалын гайхмшгийг бахдан, мөсөн дээр зохион байгуулсан олон арга хэмжээг үзэж нүд, сэтгэл баясгасан юм.  

Олны мэлмий баясгасан мөсөн хотхоныг байгаль хамгаалагчид өөрсдөө урласан нь бас нэгэн бахархам үйл явдал байлаа. Энэ талаар бид байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхтэй цөөн хором ярилцсан юм.

МӨСӨН ХОТХОНЫГ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД ӨӨРСДИЙН ГАРААР БҮТЭЭЖЭЭ

19 дэх удаагийн "Хөх сувд" мөсний баярын талаар сэтгэгдлээ хуваалцааж? Танай "Улаан тайгын тусгай хамгаалалттай газар"-ын зүгээс ямар оролцоотой байна вэ?

Энэ жилийн "Хөх сувд - 2018" өмнөх жилүүдээс маш өргөн болж байна. Багцаагаар 15-20 мянган хүн, 2000-3000 машин ирсэн гэж тооцоолж байна. Аймгийн засаг дарга мөсөн байгууламж барих захирамж гаргасны дагуу мөсөн хотхон байгууллаа, бид

Үндсэн хотхон нь "Хөх сувд-2018" хотхон. Үүнийг манай аймгийн урчууд бүтээн байгуулсан. Харин нөгөө нэг хотхон нь "Гайхамшигт далайн мөсөн хотхонд тавтай морил" нэртэй энэ хотхоныг манай аймгийн байгаль орчны чиглэлээр ажилладаг зургаан газар хамтарч байгуулсан. Бид 2-р сарын 22-ноос хойш 11 хоног энд ажиллалаа.

Энд мөс гэж юу юм, мөсөөр юу хийж болдог юм гэдгийг харуулахыг зорьсон, мөсөөр гайхуулсан хотхон. Нөгөө талаасаа мөсөн хотхоноороо дамжуулж Хөвсгөл нууранд өвлийн аялал жуулчлал хөгжих асар өргөн боломж байна гэдгийг харуулахыг зорьсон.

Хөвсгөл нуурын хэлбэртэй хаалгаар орж ирээд, мөсөн гэрт зочлоод, тайгын зэрлэг жимсээр зассан тавгийн идээ амсч, цаатан ахуйг тольдох боломжтой.

МӨСНИЙ БАЯРЫН ХАМГИЙН БАХАРХУУШТАЙ ҮЙЛ ЯВДАЛ НЬ ТАХТАЙ МОРИН ЧАРГА

Мөсний баярын хамгийн бахархууштай үйл явдал нь тахтай морин чарга. Хөх цэнхэр далай дээр тахтай морь уралдахыг хараад ямар ч монгол хүн огшдог. Анх зургаахан морин чарга уралдаж байсан бол одоо 60 гаруй морин чарга болсон байна. Бид мөсний баярын гол брэнд болсон энэхүү морин чаргыг мөсөн хотхоныхоо голд байрлуулсан.

Мөн энэ мөсөн хотхондоо Хөвсгөл нуурын фото зургийн үзэсгэлэн дэлгэсэн. Байгууллага бүхэн өөр өөрийн гайхамшигт газруудынхаа зургийг тавьсан.

Энд харуулахыг зорьсон бас нэгэн санаа бол "цаа гэдэг амьтныг зөвхөн унадаггүй, цааг чарганд хөллөөд цасан дээр, мөсөн дээр уралдаж, хүнд үйлчилж болно" гэдэг шинэ брэндийг танилцуулж цаан чаргыг мөн урласан юм.

Мөн Дэлхийн зэрлэг амьтдыг хамгаалах өдөр манай мөсний баяр давхцдаг учраас бид энэхүү мөсөн хотхоноо тэр чигээр нь зэрлэг амьтны амьдрах орчин болгож дүрсэлсэн.

Тухайлбал,

хэрэм, хос хун, чандага, Хөвсгөлд хамгийн их ховордоод байгаа аргаль, янгираа ч дүрсэлсэн. Ингээд ургамал модтой, загас жараахай, бусад хөхтөн амьтадтайгаар байгуулсан.

Өөрөөр хэлбэл, Хөвсгөл нуурын мөсний баяр бол байгаль  хамгаалах томоохон баяр юм. Тиймээс энд ирсэн зочин гийчин бүхэн "Хөвсгөл нуурынхаа төлөө юу хийж чадах вэ гэсэн сэтгэлтэйгээр нуурын мөсөн дээр гарчх ёстой гэж боддог. Тэр санааг ч гаргаж өгөхийг бид зорьсон.

Ж.ТӨМӨРСҮХ: ЗҮРХ СЭТГЭЛИЙНХЭЭ ДУУДЛАГАА ДАГАЖ ЧАДВАЛ ҮР ДҮНД ХҮРЧ БОЛДОГ

Хамгийн гол нь байгаль хамгаалагчид өөрсдөө энэ бүхнээ урласан гэдэг нь их сайхан санагдаж байна?

Энэ бол хүний авъяас,чадвар юм. Манай "Улаан тайгын байгалийн тусгай хамгаалалттай газрын захиргаа"-аас нэлээн хэдэн хүн ирж ажиллалаа. Энэ мөсөн хотхоныг байгаль хамгаалагчид өөрсдийн гараар хийсэн багажаар, өөрсдийн сэтгэл зүрхээ зориулж урласан. Хүнд сэтгэл зүрх байвал юуг ч бүтээж болдог гэдэг нь эндээс харагдаж байна. Би байгаль хамгаалагчдынхаа хөдөлмөрийг магтан дуулмаар байна.

Та сая хэллээ "Хөвсгөл нуурын мөсний баяр  бол байгаль хамгаалах том баяр" гээд. Зохион байгуулагч, байгаль хамгаалагч та нөхөд ийм сайхан сэтгэлтэйгээр зохион байгуулдаг байж, харин манай оролцогчид, аялагчид байгалиа хамгаалах ухамсар, ёсзүй хэр байна вэ?

Анх энэ баярыг "Хөвсгөл нуураа хамгаалъя" гэдэг уриатайгаар тэмдэглэж эхэлсэн юм. Тиймээс ирж байгаа хүн бүр "Би Хөвсгөл нуураа хамгаалах гэж оролцож байгаа юм" гэдэг бодол, хүсэл эрмэлзэлтэй ирэх ёстой. Тэгвэл энд байгаль хамгаалах энгийн асуудлууд шийдэгдэнэ. Хүмүүс ч энэ зорилгыг ойлгож мэдэрч байх шиг байна. Хөвсгөл нуураа бахадсан, шүтсэн, эргэж харихдаа дурсамжтай баяр болж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ер нь урд урдахаасаа асар өргөн боллоо. Гадаадын 200-300 орчим зочин байна. Тэгэхээр "Хөх сувд" гадныхны зорьж ирдэг брэнд баяр болж байгаа нь харагдаж байна. Цаашид өвлийн аялал жуулчлал хөгжих чухал хэсэг нь мөн байна гэж харж байна.

Та бүхэн энэ мөсөн хотхоны урлалаараа Чингүнжавын нэрэмжит шагналаар шагнуулсан байна шүү дээ, баяр хүргэе.

Баярлалаа. Энэ бол миний шагналаас гадна манай хамт олон хэдэн өдөр мөсөн дээр зогссоныг үнэлж байгаа үнэлгээ. Би хамт олондоо баярлаж байна. Би 19 жил мөсөн дээр зогслоо. Дээр нь манай хамт олон сүүлийн таван жил энэ мөсөн хотхоныгг байгуулъя , зочин гийчний мэлмий баясгая, өвлийн аялал жуулчлал хөгжихөд өөрсдийн хувь нэмрээ оруулъя гэсэн сэтгэлээр л бүхнээ зориулсан. Хэн ч зураг зохиож өгөөгүй. Өөрсдөө л хийсэн.

Мөсний баярын тухайд, түүний ач холбогдлын тухайд сонирхолтой мэдээлэл өгсөнд баярлалаа. Харин "Улаан тайгын тусгай хамгаалалтай газрын захиргаа"- ныхан өнгөрсөн онд хэр үр бүтээлтэй ажилласан талаараа таницуулаач?

2017 он бидний хувьд түүхэн он байлаа. Яагаад гэвэл, манайх байгуулагдаад 5 жил болж байгаа ч байгаль цаг уурт халтай, эрсдэлтэй  олон нөхцөл байдалтай нүүр тулж аюулгүй болгосон. Ховордож, устах дээрээ тулаад байсан зэрлэг амьтныг хэрхэн өсгөж, үржүүлж болдгийг бид харуулж чадлаа.

Тухайлбал, аргаль хонь 33 болтлоо цөөрөөд байсан бол одоо 106 болж өслөө, янгир ямаа 70-80-аад байсан бол одоо 300 гаруй боллоо, хандгай буга бараг л устаад байсан бол одоо 180-210 болж өссөн, халиун буга уул бүхэнд шуугиж байна. Энэ бол манай байгаль хамгаалагчдын өдөр шөнөгүй хээр хонож, энэ нутгийн төлөө зүрх сэтгэлээ өгсний л үр дүн юм.

Манай байгаль хамгаалагчид 2017 онд 4200 удаа хээр  хөдөө хонож, өнжин ажилласан байна. Зөвхөн энэ тооноос л нутагтаа хэрхэн сэтгэлээ өгч ажиллаж болдгийг харж болно. Цалин бодож ажиллаагүй. Яг байгаль орчныхоо л төлөө ажилласан. Энэ ч утгаараа зэрлэг амьтны амьдрах нөхцөл сайжирч өөр болсон.

Ийм үр дүн гаргасны арга, ухаан нь юу байв?

Их олон арга, тактик бий. Гэхдээ эцсийн үр дүн бол байгаль хамгаалах багийнхан нэг цул болж, байгаль хамгаалахдаа зүрх сэтгэлээ зориулсан явдал. Түүнээс биш цалин биш, даргын сайн ч нөлөөлөөгүй. Зүрх сэтгэлийнхээ дуудлагаа дагаж чадвал үр дүнд хүрч болдгийг л бид харууллаа. Түүнээс биш нэг удаа тайга руу яваад л шантрах эрсдэлтэй нөхцөл шүү дээ. Гэвч шантарсан ч гэсэн дахиад явах зүрх сэтгэлтэй байна гэдэг байгаль хамгаалах ажлын үр дүн, мөн чанар нь юм. Зөвхөн Улаан тайгын ч бус монголын бүх байгаль хамгаалагчид ийм сэтгэлээр ажиллавал монголын байгаль орчин маш хурдан сэргэж зэрлэг амьтан өсч үржих боломж байна.

Байгаль хамгаалагчид маш цөөхүүлээ ажилладаг шүү дээ. Гэсэн ч сайхан үр дүнд хүрчээ?

Бид 1,6 сая га газар хариуцдаг. Асар өргөн уудам нутаг. Нэг байгаль хамгаалагч 60-80 мянган га тайга хариуцан ажиллаж байна. Энэ зэрлэг тайгаар явна гэдэг хувь хүний хувьд бэрх асуудал. Хувийнхаа мориор явна. Явганаар явна. Зарим маань цаа малаараа ч явна. Цанаар ч явна. Гэсэн ч тэсвэр, тэвчээр гаргаж л байгаль эхээ хамгаалж байна даа.

Танд их баярлалаа. Байгаль дэлхийгээ хайрлах гэгээн үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж сайхан үр дүнд хүрсэн танай хамт олонд ч талархал дэвшүүлье!

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЖАРГАЛ:ЗӨВ БОДОЛТОЙ ЗӨВ СЭТГЭЛТЭЙ ХҮН. ЭНЭ ДЭЛХИЙГ ХҮМҮҮН БИД ХАЙРЛАХ УЧИРТАЙ. ИЙМ ХҮМҮҮС ОЛОН БАЙГААСАЙ. 2018-03-06
Zolzaya:setgel zurhee zoriulana gedeg l ene bh daa 2018-03-06
П.Гинжболд:Байгаль хамгаалагчид аа Та нар сайн шүү. сайн2 2018-03-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?