Х.ХАШ-ЭРДЭНЭ : МОНГОЛ ТАМИРЧДАД АМЖИЛТ ҮЗҮҮЛЭХ УР ЧАДВАР БОЛОМЖ БҮРЭН БИЙ

2018-03-09  

Цанын шигшээ багийн ахлах дасгалжуулагч ОУХМ Х.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.

-“Пёнчан 2018” өвлийн олимпийн  наадамд эх орноо төлөөлж оролцоод ирлээ. Олимпийн наадмын талаарх сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Юуны өмнө биднийг дэмжиж байсан спортод дуртай нийт иргэддээ талархал илэрхийлье. 23 дугаар өвлийн олимпийн наадамд таван тамирчинг бэлдэж шигшээ багийн хоёр тамирчин эрхээ авч оролцлоо. Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар цаг минутаа ахиулж чадсан ч цанын холбоо болон багийн дасгалжуулагчдын хүлээж байсан амжилтыг үзүүлсэнгүй.

-Эрэгтэйчүүдийн км-т өрсөлдсөн ОУХМ Б.Ачбадрах “А” зэрэглэлд эрх авахад их ойрхон байсан. Олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдээс оноогоо 108 болгосон шүү дээ?

-Манай тамирчдын амжилт сүүлийн гурван жилд мэдэгдэхүйц ахиж байгаа. 2010 болон 2014 оны олимпуудыг бодвол амжилт нь ахисан байгаа. Өнгөрсөн олимпийн циклд Б.Ачбадрах оноогоо 108 болгосон байгаа. Хэрэв 100-аас дотогш оруулж чадсан бол “А” зэрэглэд орж бүх цуврал тэмцээнд оролцох боломжтой байсан. Өмнөх олимпийн наадмуудад тамирчид  250-280-ын хооронд оноотой ордог байсантай харьцуулахад энэ том амжилт.

-Монгол улсын тухайд цанын спортоор амжилт гаргах боломжтой юм шиг санагддаг. Жилийн 12 сарын ес нь сэрүүн, зургаан сар  нь цастай байдаг шүү дээ. Ийм байхад тамирчдын гаргаж байгаа амжилт арай чамлалттай санагддаг?

-Монгол тамирчдад амжилт гаргах ур чадвар боломж байгаа. Хамгийн гол нь суурь бааз, хэрэглэл материал, эдийн засгийн хөшүүрэг дутагдаад байна. Манай тамирчид өөрийн гэсэн бааз талбайд бэлтгэл хийх ямар ч боломжгүй байгаа. Ийм учраас энэ спортоор хичээллэх хүүхэд залуусын тоо цөөн байна. Зөвхөн цанын спортын төлөө гэсэн сэтгэлтэй улс бэлтгэл хийж явж байгаа. Бодлогын хүрээнд дэмжээнд өгвөл дэлхийн хэмжээнд амжилт гаргаад явах боломжтойг Б.Ачбадрах харуулж “Б” зэрэглэлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Ирэх олимпийн наадамд дөрвөн тамирчин эрхээ найдвартай авна гэж үзэж байгаа. Энэ дөрвийн хоёр нь “А” зэрэглэлд эрхээ авах болов уу.

-Манай тамирчид бусадтай харьцуулахад биеэр жижигхэн харагдаж байсан. Цанын спорт тэшиж явдаг учраас чац чухал байх?

-Намхан, жижиг бол асуудал биш л дээ. Цана бол тэсвэр тэвчээр, ажиллах чадвар шаарддаг спорт. Ойрын зайн гүйлтийн спортод л чац нөлөөлөх байх. Сая олимпийн аварга болдог “Төмөр хадагтай” Биорген чинь намхан давжаа хүн шүү дээ.  

-Цахим ертөнцөд тамирчдаа зэмлэж байгаа өгүүлэмжтэй зураг яваад байсан. Энэ юу болсон юм бэ?

-Олимпийн тосгонд тамирчид амарч байхад сайд ирээд бид нарт амжилт хүсч, шагнал гардуулж байсан. Загнасан зэмлэсэн юм огт болоогүй. Уул нь олон л зураг дараад байсан яагаад тийм өгүүлэмжтэй зургийг нь сонгоод цахимд тавьсныг нь ойлгохгүй байна.

-Тамирчдын сэтгэл зүйг та хэрхэн бэлтгэсэн бэ?

Цахим ертөнцөөс хол байлгаж, сэтгэл зүйг нь тайван байлгахыг зорьсон. Ийм байж л зөвхөн уралдааны талаар бодож төвлөрнө шүү дээ.

-Уралдааны үед тамирчдын биеийн байдал ямар байсан бэ?

-Тэмцээнээс хоёр хоногийн өмнө Б.Ачбадрах бага зэргийн айдастай байгаа нь ажиглагдаж байсан. Харин Ч.Отгонцэцэгийг уралдсаны дараа “би юугаараа дутахав. Үзүүлээд өгнө” гэсэн сэтгэл зүйтэй уралдааны замд гарсан даа. Б.Ачбадрах өмнөх олимпийн наадамд үзүүлж байсан амжилтыг нэг минутаар ахиулж чадсан. Хоёр дахь олимпийн наадамд оролцсон Ч.Отгонцэцэг мөн долоон секундээр цагийн амжилтыг ахиулсан амжилт үзүүлсэн.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЛБОО:ЭНЭ ТӨРЛИЙН СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХ БҮРЭН БОЛОМЖ МАНАЙД БАЙГАА ЯАГААД ТЭШҮҮРИЙН ХОЛБОО АНХААРЛАА ХАНДУУЛАХГҮЙ БАЙНА. ТӨР ЗАСАГ Ч БАС АНХААРЛАА ТАВИХ ШААРДЛАГА БАЙНА ШҮҮ ДЭЭ 2018-03-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга