Ё.БЯМБАТОГТОХ : БИД ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭНД НИЙЦСЭН ЧАДВАРЛАГ БОЛОВСОН ХҮЧИН БЭЛДЭХЭД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

2018-03-12  

Ё.БЯМБАТОГТОХ: Бид зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ЧАДВАРЛАГ БОЛОВСОН ХҮЧИН бэлдэхэд анхаарах хэрэгтэй Arslan.mn

Орчин үед судалгаанд суурилсан их дээд сургуулиудын боловсролын бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхийг дэлхий нийтээрээ чухалчлах болсон. Боловсрол, сургалтын асуудлаар бодлогын түвшинд гарсан шийдвэр нь эцсийн бүлэгт их, дээд сургууль, сургалтын түвшинд хэрэгждэг. Ийм учраас ялангуяа бүхий салбарын боловсон хүчний уул уурхай болсон их, дээд сургуулийн боловсролын салбар өөрөө орчин үетэй хөл нийлүүлэн алхах нь маш чухал юм. Тиймээс  Монголын их, дээд сургуулиудын  багш нарын “Залгамж үе” холбооны тэргүүн Ё.Бямбатогтохтой их, дээд сургуулийн боловсролын чиг хандлагын талаар ярилцсанаа хүргэж байна.

-Монголын их, дээд сургуулиудын  багш нарын “Залгамж үе” холбоо ТББ хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн талаар ярилцлагаа эхлүүлье?

-Монголын их, дээд сургуулиудын багш нарын “Залгамж үе” холбоо ТББ маань 2008 оноос үйл ажиллагаа эхэлсэн. Их, дээд сургуулиудын багш нарын хөгжлийг дэмжих зорилготой үүсгэн байгуулагдсан. Дэлхийн  нийтийн  боловсролын чиг хандлагаас харахад Сургуулийн өмнөх боловсролын багш, ЕБС-ийн багш нарыг бэлтгэж байгаа атлаа их, дээд сургуулиудын багш нарыг тусгайлан бэлтгэдэг тогтолцоо байхгүй. Манайд ч мөн адил. Их, дээд сургуулийн багш нар тухайн мэргэжлээр төгсөөд багшлах эрхийн 45 хоногийн сургалтанд сууж, магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх ёстой гэсэн шаардлагыг л хангаж байвал багшлах эрхтэй болж байна. Ер нь багшийн  хөгжлийн асуудлыг цогц байдлаар харах ёстой. Өнөөдөр  багшийг зөвхөн оюун ухаан талаас нь  тодорхой нэг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулсаныг багшийгаа хөгжүүлсэн гэж үздэг. Гэтэл багш хүн  бүх талаасаа хөгжих ёстой. Бие бялдар, ёс суртахуун, мэдлэг боловсролын хувьд тал талаас өөрийгөө хөгжүүлж байж бусдад боловсрол олгох нь зүйн хэрэг. Тэр асуудлыг хөндөж тавих, анхаарах зайлшгүй хэрэгтэй байсан учраас манай төрийн бус байгууллага байгуулагдсан.                  Монголд албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг 92 их, дээд сургууль байгаа. Багш нарын хувьд их дээд сургуулийн ихэнхи багш нар холбоонд элссэн. Холбооны үйл ажиллагаанд нэгдэх сонирхолтой цаашид хамтран ажиллая гэсэн хүсэлтэй багш нар олон байдаг. Тиймээс болж өгвөл бүх багш нарыг хамруулах талаар анхаарч ажиллаж байна.

-Өнөөдөр манай их, дээд сургуулийн боловсролын тогтолцоо олон улсын боловсролын тогтолцооноос юугаараа ялгаатай вэ?

-Дэлхий нийтийн чиг хандлагыг харж байхад их, дээд сургуулийн ихэнх багш нар англи хэлийг боломжийн түвшинд эзэмшсэн байна. Гэтэл манайд их, дээд сургуульд багшилж байгаа багш нарын хувьд англи хэлний мэдлэг сайн биш нь анзаарагддаг. Багш нарт өндөр шаардлага тавьж болно. Гэхдээ бид бас тэр шаардлагыг тавихын өмнө тодорхой асуудлуудыг шийдсэн байх ёстой. Их дээд сургуулийн багш нар дунджаар 500 мянга, хамгийн удаан ажилласан чадвартай багш нар л нэг сая гаран төгрөгийн л  цалин авч байна. Дан энэ цалингаар амьдрахад хэцүү. Багш нь  боломжийн цалин авдаг байвал буцаад сургалтын чанарын асуудлыг тавьж, шүүмжилж болох юм. Солонгос улс эмч, багш нарын цалин дунджаар 6 сая вон буюу  манайхаар 12 сая төгрөгийн  цалин авдаг.

Багш нарын 70 хувь гэр хороололд 30 хувь нь орон сууцанд амьдарч байна гэсэн судалгаа байдаг. Ингэж бодохоор ар гэртээ санаа зовож байгаа багш оюутнуудыг сургах асуудал дээр бүрэн төвлөрөөд ажиллаж чадах уу үгүй үү гэдгийг бас бодох ёстой.

-Улсын болон хувийн их, дээд сургуулийн багш нарын цалингийн хувьд ялгаа хэр байдаг вэ?
-Сургуулийн онцлогоос хамаараад өөр өөр. Улсын их сургуульд багшилж байгаа багш нар төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн системээр явна. Харин  хувийн их, дээд сургуулиуд бол  цалингийн сүлжээ  жишиг гэж байхгүй. Сургуулийн онцлогоос хамаарч цалин сайн авдаг нэг хэсэг ч байна, цалингаа хангалттай тавьж чадахгүй нэг хэсэг ч байна. Энэ бол тухайн сургуулийн хүчин чадал, бааз бодлого гэх мэт олон зүйлээс шалтгаалж байгаа.

-Та дээр багш нарын хөгжил талд анхаарах хэрэгтэй гэлээ.Тодруулбал.

-Багш нарын өмнө тулгамдаж буй асуудал маш олон байгаа. Үүнээс хамгийн том нь багш нарын хөгжлийн асуудал.  Дээд боловсролын салбарын  бодлого нь өөрөө зөв чиг хандлагаар явахгүй бол буруу бодлогын  үр дагаварыг багш нар үүрдэг. Өнөөдөр энэ салбарт шүүмжлэл зүйл маш их байна. Их, дээд сургууль төгссөн ажилгүй залуучууд их байна. Нөгөө талаас дөнгөж сургуулиа төгссөн хүүхдүүд ажлын байрны шаардлагыг хангахгүй байна.  Боловсролын салбарт баримтлаж байгаа бодлого алдагдсан учир  байдал өнөөдөр ийм болсон. Нэг үгээр бол сургалтын тусгай зөвшөөрлийн тогтолцоо алдагдсан гэж хэлж болно. Хэн дуртай нь хувийн сургууль нээж байна. Эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан сургууль эмч бэлтгээд эхэлж байна.

Олон улсад боловсролын зах зээлийн эрэлттэй нийцүүлэн боловсролын бодлогыг явуулдаг. Магадгүй 10, 20 жилийн дараа тухайн улсад ямар боловсрол, ямар мэргэжилтэн түлхүү хэрэгтэй болох вэ гэдгийг тооцоод тусгай зөвшөөрөл олгох хэрэгтэй.

Гэтэл өнөөдөр бид хангагдсан зах зээлд дахин боловсон хүчин бэлдээд байгаа. Маш олон хуульч, эдийн засагчид, эмч нартай болсон байна. Энэ ажлыг цэгцлэхгүйгээр  боловсролын салбар маань зөв голдрилруу орохгүй, багш нарын хөгжлийн асуудал ч шийдэгдэхгүй.

–Их, дээд сургуулийг төгсөгчид  хөдөлмөрийн зах зээл, техник, технологийн дэвшил  гэхчлэн хөгжилтэй  хэр хөл нийлүүлж хэр чадаж байна вэ ?  Зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж байна уу?

Манай боловсролын салбар хувийн, улсын гэж хуваагдах чиг хандлагатай болсон. Гэтэл дэлхийн зах зээлд чи ямар сургууль төгсөн вэ гэж асуухаас илүү чи хаана боловсрол эзэмшсэн вэ гэж асууна. Би монголд дээд боловсрол эзэмшсэн гэж хэлэхээс биш улсын сургууль, хувийн сургуульд сурсан гэж хэлэхгүй. Эцсийн дүндээ хувийн, улсынх гэж хуваахгүйгээр аль аль нь чанартай боловсрол олгох нь боловсролын салбарын зорилго байх ёстой. Манай их дээд  сургуулиуд санхүүжилтийнхээ 96 хувийг цэвэр сургалтын төлбөрөөсөө олдог.  Тэгэхээр чанартай цөөхөн оюутан бэлтгэхээс илүү  аль болохоор олон оюутан элсүүлэх зорилготой болсон. Тэгтэл гадны судлаачид танайх сургалтын төлбөрөө хоёр дахин нэмж,  оюутны  тоог нэг дахин багасгах хэрэгтэй гэж хэлж байна. Сургалтын төлбөрөө өндөр тогтоохоор монголчуудын  эдийн засгийн чадавх сул учраас сургалтын төлбөр төлж суралцах оюутан байхгүй. Тиймээс их, дээд сургуулиуд  одоо сургалтын төлбөрөө өндөр тогтох биш боломжийн хэмжээнд тогтоож өгөөд үүн дээр олон оюутан элсүүлж байна.
Өнөөдөр нэг багш 10 оюутанд лекц унших, 50 оюутан лекц уншихад зардлын хувьд ялгаа гарахгүй. 

-Их, дээд сургуулиуд шинээр мэргэжилтэн бэлтгэхэд ямар бодлого баримтлаж байгаа вэ? Бидэнд алдаа оноо юу байна вэ?

Хүмүүс ямар мэргэжлийг илүүд үзэж байна тэр чиглэлрүү манай боловсролын салбар шуурч байна. Жишээ нь уул уурхайн салбар нэг хэсэг хөгжихөд бараг улсын, хувийн их, дээд сургуулиудын ихэнх нь уул уурхайн мэргэжилтэн бэлтгэсэн. Барилгын салбар бага зэрэг хөгжөөд ирж байна гэхээр бүгд барилгачин бэлдсэн. Сүүлийн үед ЕБС-ийн багш бэлтгэдэг салбар руу түлхүү анхаарч байна. Яагаад гэвэл хөдөө орон нутагт 5 жил ажиллах бол 1 жилийн цалинтай тэмцэх хэмжээний урамшуулал олгохоор болж, ЕБС-ийн багш нарын цалин нэмсэн учраас эрэлт их байна.  Анагаахын салбарлуу мөн л шуурч байна. Ингээд л хэн хүссэн нь сургууль нээгээд байх юм бол нөгөө ажлын байрны хомсдол бий болж, чанаргүй төгсөгчид олширно. Энэ  мэт сургуулиуд боловсролын салбарын чанарт сөргөөр  нөлөөлөх нөхцлийг бий болгож байна. Сургуулийн зөвшөөрөл олгох тал дээр хатуу шаардлага тавьж ажиллах ёстой.

-Боловсролын салбар өөрөө тэргүүлэх салбар байх ёстой байх л даа.

Тийм шүү. Боловсролын салбар нь  өөрөө  бусад салбарыг тэргүүлэгч салбар байх ёстой. Яагаад гэвэл бусад бүх салбарт ажиллаж байгаа боловсон хүчнийг  энэ салбар маань бэлдэж байгаа шүү дээ.   
БСШУСЯ-ны баримталж байгаа зарим бодлого их алдаатай байна. Уг алдааг засахгүйгээр  боловсролын салбарыг өөд нь татна гэж байхгүй. Модны үндэс муу бол сайн ургамал ургахгүйтай адил. Хатуухан хэлэхэд манай боловсролын салбар дампуурлын ирмэгт ирсэн гэж хэлэхэд болно. Хөгжлийн чиг хандлагатай уялдуулаад зөв л тогтоох хэрэгтэй байх л даа.

Их дээд сургуульд элсэж байгаа сурагчдад зөвлөгөө чиглэл сайн өгмөөр юм. БСШУЯ-наас топ 100 мэргэжил гэж гаргасан байдаг. Үүнийг ч гэсэн судлаж үзэх хэрэгтэй.

Элсэлтийн шалгалтын үеэр хүүхдүүд мэргэжил сонгохдоо аав ээжтэйгээ ярилцаад сонголтоо хийх хандлага их байна. Хүүхдүүд өөрсдийнхөө эзэмших мэргэжлээ хүсэж мөрөөдөж биш зүгээр л хэн нэгэн хүний үгээр сонгох нь элбэг болсон байна.

-Анхнаасаа чанартай боловсон хүчин бэлтгэхэд их, дээд сургуулиудын босго оноо  тодорхой хэмжээгээр нөлөөлөх байх.

Хуучин бол улаан шугамын зарчмаар нийт хүүхдийн 30 хувь л их, дээд сургуульд суралцдаг байсан.  Бидний үед ч их дээд сургуульд орох боломж ховор л байдаг байсан. Сүүлийн жилүүдэд БСШУСЯ тусгай зөвшөөрлийг эмх замбараагүй олгочихоод, боловсролын салбарын чанарыг энэ хувийн их, дээд сургууль алж байна гэх зүйлийг ярих болсон.
БСШУСЯ-ны сайд асан Ё.Отгонбаярыг ажиллаж байх үеэс эхлэн  их дээд сургуулийн  тоог цөөлнө гэсэн бодлого баримтлаж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд хяналтын тоог нэмж, босго оноог бага болгосон. Жишээ нь МУИС-д 100 оюутан авдаг байсан бол  200 оюутан авч, босго оноо 700 байсан бол 400 болгосон. Гэтэл ЭЕШ-ын хамгийн дээд тал нь 800 оноо байдаг. Харин 400 оноо буюу 50 хувь гэдэг бол кредит системээр тооцох бол муу сурагч л гэсэн үг. Харин дараагаар сайд асан Л.Гантөмөрийн  үед их, дээд сургуулийг хяналтын тоогүй болгосон. Тэгэхээр хэдэн  оюутан элсүүлэх нь сургуулийн дурийн асуудал болж хувирсан.  Энэ бодлогын үр дүнд өнөөдөр МУБИС гурван ээлжээр хичээллэж байна.  Байх ёстой хэмжээнээс гурав дахин их оюутан элсүүлсэн гэсэн үг. Ийм орчноос тухайн оюутан чанартай боловсрол эзэмшиж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Энэ асуудал явж явж санхүүжилтээс л үүдэлтэй. Шийдэхийн тулд бид  их, дээд сургуулийн санхүүжилтийг зөв горимд оруулах хэрэгтэй.  БНХАУ-ын ШУИС гэхэд нийт санхүүжилтийн  40 хувь нь сургалтын төлбөр, 60 хувь нь бусад эх үүсвэрээс санхүүждэг. Патент  гарган зах зээлд нэвтрүүлж,  тухайн панентад түшиглэн компани байгуулж, үйлдвэрлэл явуулж ашиг олно. Тэр ашиг нь эргээд сургуулийн  санхүүжилт болдог. Ихэнх олон улсын их, дээд сургуулиуд  хотхон маягаар хөгжиж байгаа. Хотхон дотор дэлгүүр, фитнесс гэх мэт бүх үйлчилгээг нэг дор агуулах бөгөөд тухайн сургууль үйлчилгээ үзүүлж байгаа газруудаас түрээс авч санхүүждэг.

-Сүүлийн үед “Их, дээд сургуулиудыг нийслэлээс гаргах” ажлыг олон нийт дэмжиж байгаа. Энэ талаар таны бодол?

Их, дээд сургуулиудыг нийслэлээс гаргах нь зөв. Энэ асуудлыг зөв бодлого, менежментээр хийх хэрэгтэй. Жишээ нь ХААИС-ийн хичээлийн байрыг Сэлэнгэ аймагт барьвал тэнд газар тариалангийн талбайтай, фермийн аж ахуй, мал аж ахуй олонтой учраас оюутнууд дадлага хийж их зүйлийг сурах боломжтой.

Уул уурхайн сургуулиудыг Өмнөговь аймгийн Оюутолгойг түшиглэн, аялал жуулчлалыг Хөвсгөлийг түшиглэн байгуулдаг ч юм уу ямар нэгэн зохион байгуулалттай бодлоготой  ажилламаар санагдаж байгаа. Тэрнээс биш хотхон болгоод гаргачихаар чанар тал дээр дахиад л хоцрогдох магадлалтай.

-Та дээд боловсролын салбарт багагүй хугацаанд ажилласан хүний хувьд  манай их, дээд сургуулиуд олон улсад  хөгжилтэй хэр  хөл нийлүүлж алхаж чадаж байна вэ?  

-Боловсролын салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичгийг судлаж байсан. Тэндээс харахад боловсролын салбарт тавигдаж байгаа зорилт нь өөрөө их ойлгомжгүй байсан. Бид дэлхийн боловсролын зах зээл биш юмаа гэхэд Азийн  боловсролын зах зээлд дээр гарах зорилт тавих хэрэгтэй байна.  Өнөөдөр МУИС-т ирээд сурч байгаа гадаад оюутан гэвэл Өвөрмонгол, Буриадын хэдэн оюутнаас өөр Хятад, Америкийн иргэн ирж суралцаж байна уу. Магадгүй хойд хөрш Москвагийн их сургууль, Хятадын Бээжингийн их сургууль, БНСУ-ын Сөүлийн их сургууль дэлхийн шилдэг 100 сургуулийн нэгт багтсан байгаа. Гэтэл хамгийн ууган сургууль болох МУИС-ийг Азийн боловсролын зах зээл дээр мэдэж байгаа хүн ховор. Үнэхээр  энэ сургуульд оръё гэж тэмүүлж буй хүн байна уу. Ингэж бодохоор дээд боловсролын баримт бичигтээ томоохон зорилт тавих хэрэгтэй.

Азийн боловсролын зах зээлд гарахын тулд сургуульд, багшид, оюутанд ямар шалгуур тавьдаг, материаллаг баазад ямар шаардлага тавих вэ гэдгийг судлах хэрэгтэй.

Бүх их дээд сургуулиа явуулж чадахгүй юмаа гэхэд хамгийн сайн гэх таван сургууль ч гэсэн явуулъя даа. Тэгэхэд боловсролын салбарын үнэлэмж маань арай өөр болох байх.
-Цаг зав гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?