С.ДАМДИНСҮРЭН: ТӨР ЗАСАГ МИНИЙ 38 ЖИЛ БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРТ АЖИЛЛАСАН АЖЛЫГ МИНЬ ҮНЭЛСЭН БАЙХ

2018-03-14  

Бид энэ удаад "Амьтны эрх хамгаалах нийгэмлэг"-ийн тэргүүн, Байгаль орчны гавъяат ажилтан С.Дамдинсүрэнтэй ярилцлаа. Сар шинийн босгон дээр түүний байгаль орчны төлөө тасралтгүй 38 жилийн турш ажилласан хөдөлмөр, зүтгэлийг үнэлж Байгаль орчны гавъяат цол олгосон юм. Түүний 38 жилийн турш энэ салбарт хэрхэн ажиллаж ирсэн, цаашид хэрхэн ажиллах гээд олон асуудлын талаар хүүрнэлдлээ.  

Юуны өмнө сар шинийн босгон дээр Байгаль орчны гавъяат гэх эрхэм цолоор энгэрээ мялаасанд баяр хүргэе ээ.

Баярлалаа. Сар шинийн босгон дээр алтан төрийнхөө өндөр хүндэлийг хүртсэндээ их баяртай байна. Энэ өндөр шагналыг авахад миний 38 жил байгаль орчны салбарт, сүүлийн 10 жил нь Иргэний нийгэмд ажилласан ажлыг минь үнэлсэн, нөгөө талаар уул ус, газар шорооны  бүрэн бүтэн байдал, ургамал амьтны өсч үржих жам ёсны эрхийг хамгаалах эрхзүйг орчныг боловсронгуй болгох ажилд иргэд, иргэний нийгмийг санаачлагатай хариуцлагатай байх талаас нь чиглүүлж удирдах ажилд, цаашлаад энэ чиглэлээр ажилладаг олон сайхан иргэд, иргэний нийгмийн байгууллагуудад урам өгсөн шагнал байлаа гэж хүлээн авсан.

Манай байгаль орчны яам 30 жилийн түүхтэй. Гэтэл та яамнаасаа ч илүү урт хугацаанд энэ салбарт хүчин зүтгэжээ гэдэг нь их сайхан санагдаж байна л даа. Анх энэ салбарт орж ирж байсан түүхээсээ хуваалцаач?

Би 1980 онд Хэнтий аймгийн Эвлэлийн хорооноос эхлээд 1990 он хүртэл Хэнтий, Сүхбаатар аймгийн Эвлэлийн хорооны Залуучдууын байгууллагын 2-р НБД-аар ажиллаж байсан. Энд иргэдийн дунд явуулах хүмүүжил, үзэл суртлын ажлыг зангидаж зохион байгуулдаг байв. Тэр үеийн эвлийн байгууллага нэлээн эрх хэмжээтэй "Намын дайчин туслах бэлтгэл хүчин"  гэх уриатай байсан учир сайн үйл ажиллагаа явуулдаг, намаас ч их дэмждэг байсан юм. Монголын Хувьсгалт Залуучуудын Төв Хороо удирдан зохион байгуулж бүх аймгуудын эвлэлийн хороонд чиглэл зөвлөмж өгдөг байсан л даа.

Энэ 10 жилд, хүүхэд залуучуудад байгаль орчны суурь мэдлэг олгох, өсвөр үеийг байгаль орчны суурь хүмүүжлээр хүмүүжүүлэх, хүүхэд залууст нүүдэлчдийн байгаль хамгаалах уламжлал, соёл, хүмүүжил, мэдлэгийг олгоход чиглэж ажилласан. Аймгийн Эвлэлийн хороод төлөвлөгөө гаргаж, олон төрлийн клубуудыг ажиллуулж / зөгийн, ургамал судлалын, загасчлалын, эрвээхэй судлал гэх мэт/ байгаль хамгааллын сэдэвтэй олон төрлийн АСТ /Авахаалж сэргэлэнчүүдийн тэмцээн/ зэргийг зохион байгуулж, удирддаг байлаа. Нэг ёсондоо эхний арван жил нь хүүхэд залуустай ажилласан байна.

Хоёр дахь 10 жилд, Би аймгийн захиргааны Ойн ангийн хэлтэст ан хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон. Тэндээ 2 жил ажиллаад, 1993 оноос эхлэн Төв жуулчин команитай хамтраад Хэрлэнгийн хөдөө арал” нэртэй Хэнтий аймгийн анхны баазыг байгуулсан юм. Түүнийгээ 2000 он хүртэл ажиллуулаад хот руу орж ирсэн байдаг. Тэндээ Франц, Япон, Герман гээд олон орны жуулчид авч морин аялал, дугуйн аялал, тусгай сонирхлын аялал зохион байгуулж бүр ан агнуурын отог ч байгуулдаг байлаа. Энэ чиглэлээр 7-8 жил ажилласан байна.

Ингээд 2000 оноос эхлээд Улаанбаатар хотод орж ирэн Иргэний нийгмийн Хөдөө арал хөдөлгөөн”-ийг байгуулж тэмцэж эхэлсэн. Учир нь Монгол төрийн голомт нутагт Хэрлэнгийн хөдөө аралд 80 хувьд нь лиценд олгоод байсныг Б.Бат-Эрдэнэ аварга болон сум, орон нутгийн иргэдтэй хамтарч цуцлуулснаар Дэлгэрхаан сум ганц ч лицензгүй анхны сум болж байсан юм.  2000 оноос Иргэний ниймгийн үйл ажиллагаа жигдэрч ажиллаж эхэлсэн дээ.

Манайд яам нь гэхээсээ илүү Иргэний ниймгийн байгууллага нь байгаль орчноо хамгаалах тал дээр илүү сайн ажиллаж байна уу гэж хардаг л даа. Та ямар бодолтой явдаг вэ?

Өмнө нь дэлхий нийтэд байгаль орчны асуудал Хүн төвтэй байгаль” гэсэн хандлагатай байсан. Ерөөсөө хүнд байгаль үйлчлэх ёстой. Байгаль дэлхийн ашиг шимийг хүн хүртэх ёстой, гэж. Энэ ойлголт орхигдож, Байгаль онгон зэрлэгээрээ байх ёстой, хүн байгалийн ашиг шимээс бага хүртэж авах бололцоогоороо авах ёстой” гэсэн зарчим ноёрхож эхслэн. Дараагаар нь буюу одоогоос 10 гаруй жилийн өмнөөс “Хүн, шим мандлын хосломол ойлголт” гарч ирсэн. Энэ бол хүн байгаль хоюулаа л ижил тэгш, аль алиндаа өгөө, аваатай байх ёстой” гэсэн зарчим л даа. Ингээд олон талын шүүмжлэл, судалын үр дүнд хүн байгаль зэрэгцэж явах ёстой, аль алиныхаа алдаа дутагдлыг нөхөж, аль алинаасаа ашиг шимээ хүртэж хэрэглэгч хамгаалагч нь ашиглагч байя, зохистой ашиглаад, зохистой хамгаалах ёстой гэсэн байр сууринд хүрсэн.

Манай улс ч байгаль хамгаалалд олон улсын түвшинд хоцордоггүй. Энэ утгаараа зөвхөн төр байгаль хамгааллын чиглэлээр ажилладаг бус иргэд, иргэний нийгмийн оролцоогүйгээр байгаль хамгаалал урагшлахгүй гэдэг нь нэгэнт ойлгомжтой. Тиймээс 1974 онд байгуулагдаж байсан “Монголын байгаль хамгаалах нийгэмлэг” гэсэн эцэг байгууллагаасаа эхлээд   “Монголын байгаль орчныг хамгаалах холбоо” гээд 90 оноос хойш байсан, 1997 оноос биологич доктор Батболдын байгуулсан “Байгаль орчны  төрийн бус байгууллагуудын холбоо” гэх байгууллага энэ ажлыг авч яваад 2008 онд “Монголын байгаль орчны иргэний зөвлөл”-д үйл ажиллагаагаа өртөөлж хүлээлгэж өгсөн. 2008 оноос өнөөдрийг хүртэл МБОИЗ 10 жилийнхээ ойтой золгож байна. Энэ хугацаандаа асар их зүйлийг хийсэн дээ.

Таны түүхээс уншиж байхад байгаль орчны дөрвөн ч сайдын үед зөвлөлд нь орж ажиллаж байжээ. Энэ хугацаандаа та байгаль орчноо хамгаалах чиглэлээр ямар ямар ажил хийж байв?

Бид 2008 оноос Байгаль орчны яамтайгаа хамтын гэрээтэй ажиллаад иргэд, иргэний нийгэм нь төрийн зарим чиг үүргийг  хийх зохицуулалттай болж үүнийгээ гэрээгээр тусгаад, гэрээнээс гадна төрд хяналт тавих ажлаа бид өөрсдийн үйл ажиллагаандаа тусгаад ажилласан. Энэ чухал үед ялангуяа 2012 онд байгаль орчны багц 18 хуулийг шинэчилж баталсан. Тэгээд энэ хуулиа орон нутаг, иргэдэд хүргэх ажлыг МБОИЗ хариуцаж сургагч багш  нар бэлтгэсэн.

Тэр үеэс сайдын зөвлөлд орж ажилласан. Миний өмнө хоёр хүн ажилласан. Би С.Оюун сайд, Д.Оюунхорол, Н.Батцэрэг дахиад Д.Оюунхорол сайдын үед сайдын зөвлөлд ажилласан.

Миний ажилласан  энэ үед, Дэлхийн байгаль хамгааллын чиглэл хандлагад дүйцүүлж өөрийн эрхзүйн чиг хандлагыг тодорхойлсон. Ялангуяа Ногоон хөгжлийн бодлого”-ыг баталсан, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030”-ыг баталсан, Ногоон хөгжлийн эдийн засагт төр, хувийн хэвшил хэрхэн оролцох вэ” гэдгийг баталсан. Мөн дээр нь Парисын хэлэлцээр”- ийг баталсан он жилүүд байлаа. Тогтвортой хөгжлийн тулгуур чулуу болсон Эдийн засаг, Нийгэм, Байгаль орчин гэсэн тулгын 3 чулууны хамгийн голлох үндсэн үүрэгтэй Байгаль орчны асуудлыг Тогтвортой хөгжилд яаж дүйцүүлж авч явах вэ гэсэн “Ногоон хөгжлийн бодлого”-ыг УИХ-аар батлахад  Иргэний зөвлөлийн дэргэдэх Ногоон парламетаар хэлэлцүүлж иргэдээс санал авах зэрэгт Иргэний нийгмээ төлөөлж дуу хоолойгоо хүргэсэн. Энэ бол миний амьдралд, иргэний нийгмийн байгууллагуудын түүхэнд ихээхэн чухал он жилүүд байсан.

Хүн л нийгмийг удирддагаас хойш, хүн өөрөө байгалийн амьтан учраас олон нийттэй хамтарч ажиллах ажиллагаа, байгальд хандах хандлага, санал сэдэл зэрэг нь миний хамтарч ажиллласан дөрвөн сайдад өөр өөр байсан.

Таны саяын хариултаас манай иргэний нийгэм салбарынхаа яамтай хамтрахдаа хамтардаг, шүүмжлэхдээ шүүмжилж ажилладагийг харж болохоор байна л даа. Нэг хэсэг манай Иргэний нийгмийн байгууллагууд нэлээн хүчтэй байсан. Одоо жаахан суларчихав уу даа гэж харагддаг. Ер нь олон улсад Иргэний нийгмийн байгууллагууд ямар зарчмаар ажилладаг юм бэ?

Олон услын хувьд иргэний ниймгийн байгууллагууд хүчээ авч ээхэлсэн үе бол 1992 оноос эхтэй. 1992 онд Бразилийн Рио Де Жанейрогийн тунхаг бичгээс эхтэй. Тэндээс “Бидний хүсч буй ирээдүй” нэртэй гол баримт бичиг гарсан юм. Энэ дунд улс улсын иргэний нийгмийн байгууддагууд ийм зарчмаар ажиллах ёстой, ийм үүрэг хүлээх ёстой, иргэний нийгэм нь иргэдийг төртэйгээ ингэж холбох, төр нь иргэний нийгэм, иргэдийн дуу хоолойг сонсч байж байгаль орчны асуудлыг цогцоор нь шийдэх юм гэдгийг тусгаж өгсөн байдаг. Энэ тугаар нь авч үзвэл 1992 оноос хүчтэй болж эхэлсэн л дээ.

Манай улсад 2008 оноос МБОИЗ яамтайгаа гэрээтэйгээр хамтран ажиллаж эхэлсэн. Төр засаг Хүрэн эдийн засгаас Ногоон хөгжлийн бодлого руу шилжиж байгаа энэ нөхцөлд том том уул уурхай, дэд бүтцийн хөгжлийг төр явуулж, улс орныхоо нөөцийг нэмэгдүүлж, татварааа авч хариуд нь хүн амын нийгмийн хангамж, ард түмний амьдралыг дээшлүүлэх асуудалд нэлээн хүч түрсэн бодлого явуулж эхслэн үе байсан. Энэ үед байгаль орчны асуудалд хяналттай хандахгүй бол болохгүй үе байсан учраас урт нэртэй хууль батлагдсан, түүний төлөө тэмцсэн тэмцлийн он жилүүд байсан. Нэг хэсэг нь буу бариад жагсаж цуглан, өлсч цангаж байсан бол нэг хэсэг нь төр засагтайгаа хамтран ширээний ард сууж уул уурхайнхныг аль болох хариуцлагажуулах гэж хичээсэн.  

Энэ бүхэн нийлж байж сав ертөнц сайнтай муутай гэдэг шиг Иргэний нийгмийн дүр төрх болсон доо.  

ЖИЛДЭЭ НЭГ ЮМ УУ ХОЁР АЙМАГТ ТАРВАГА НУТАГШУУЛЖ БАЙНА

Таны хувьд МБОИЗ-ийн гишүүн байгууллагаАмьтны эрх хамгаалах нийгэмлэг”-ийг сүүлийн жилүүдэд тэргүүлж байна. АЭХН сүүлийн жилүүдэд ямар ажлууд хийв?

“Амьтан хамгаадлах сан”, “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” гэж хоёр байгууллага толгойлдог юм, би. Энэ хоёр хоюулаа мэргэжлийн байгууллага.  Амьтан нутагшуулна, хүн болон бусад хүчин зүйлийн нөлөөнд автаж эрх нь зөрчигдсөн, аваар осолд орсон зэрлэг амьтдад тусалж байгальд нь буцаа тавих төсөл хэрэгжүүлнэ, хаана амьтны эрх зөрчиж байна тэнд үйл ажиллагаагаа явуулдаг л даа. Ялангуяа амьтан нутагшуулна. Тухайлбал, Монгол тарвага нутагшуулах” төслийг 2012 оноос хэрэгжүүллээ.

Жилдээ нэг юмуу хоёр аймагт тарвага нутагшуулж байна. Хэнтийн Галшар суманд 50 толгой, Хэнтийн Дарханд манай гишүүн Мегринго компанийн нутагшуулсан тарваганд хяналт, мониторинг хийж байна. Говьсүмбэр аймгийн Чойрын богд уулын БЦГ-т мөн нутагшууллаа. Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Наран Сарангийн ууланд жоншны уурхайн хажууд эко системийг нь сэргээх зорилгоор тарвага нутагшууллаа. Мөн Тэрэлжийн БЦГ-т Шар булгийн аманд нутагшууллаа... гээд олон ажлыг дурдаж болно. 2000 оноос хойш хүмүүсийн гар дээр байсан баавгай, чоно, шувуу зэргийг байгальд нь буцааж тавих төслүүдийг Биологийн хүрээлэн болон  дэлхийн бусад байгаль хамгаалах сан, төвүүдтэй хамтран хэрэгжүүлсэн.

Лондонд төвтэй Дэлхийн амьтан хамгаалах байгууллагын/WSPA/ гишүүн учраас бид тэндээс зөвлөгөө авна. Олон улсын тогтсон стандартын дагуу амьтныг асрах,  эмчлэх, байгальд нь буцааж тавих, суллах олон аргыг хэрэгжүүлдэг.

Тэр жил Тост, Тосон бумбын нуруунаас ирвэс тусгай зориулалтаар агнах зөвшөөрлийг нэг сайд гаргах гэж байхад нь бид Ирвэс хамгаалах сантай хамтран тэмцэж байж зогсоосон. Тэр утгаар нь Азийн “Цоохор ирвэс хамгаалах сүлжээ” манайхыг гишүүн байгууллагаараа бүртгэж манай хоёр байгууллагад тусгай шагнал өгч байсан. Тосон бумын нурууг бид ард иргэд, Ирвэс хамгаалах сан, тухайн үеийн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нартай хамтран,нэг хүнээ алдаж байж гуравны хоёрыг нь алданги ононг хамгаалалтанд авлаа шүү дээ.

Энэ мэт ажлаас гадна бид хүүхэд залуус, ялангуяа иргэдийн байгальд хандах дадал хандлагыг өөрчлөх, амьтанд хайртай болгох, бусад салбарынхан ч энэ чиглэлд анхаарал хандуулаасай гэдэг үүднээс жил бүр "Амьтанд ээлтэй" шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай. Өнгөрсөн оны амьтанд ээлтэй шилдгүүдийг шалгаруулчихсан.

Мөн судалгааны ажлууд багагүй хийж байна. Тусгай зориулалтын аяллыг боловсронгуй болгох, тэнд байгаа ААН-үүдийн өрсөлдөөнөөс болж тусгай зориулалтын ангууд эрсдэж байгаа асуудлыг судлах чиглэлд ажиллаж байна.

Аргаль, угалзаа харж хамгаалж байдаг нутгийн иргэд, нөхөрлөлүүдийг чадавхижуулах ажлыг ч хийж байна. Тухайлбал,

Баян-Өлгий аймаг дахь “Амьтны нөөцийн хамтын менежментийн төлөвлөгөө” гаргаж засаг дарга, ИТХ-тай нь хамтарч батлаад “Өлгий байгаль” гэх нөхөрлөлийг байгуулаад сургалт зохион байгуулж, улсын зөвлөгөөнүүдэд оролцуулсан байх жишээтэй.

Хэнтий рүү би энэ Пүрэв гаригаас явах гэж байна. Хоёр сумын нөхөрлөлд  сургалт зохион байгуулна. Би гавъяат цолоо авчихаад анхны томилолтоо Чойрын богд уулнаас эхэллээ. Тэнд сая гаруй төгрөгийн био техникийн арга хэмжээ зохион байгууллаа. Давс, хужир, өвс, ашигт долооц гэх мэт тэжээл зэргийг ядарч, зүдэрсэн амьтад тараагаад ирлээ. Энэ бүхнийг нутгийн Иргэний зөвлөлийн салбар зөвлөл, “Уулзварын гол” гэх нөхөрлөлтэй хамтарч зохион байгуулаад, уул усандаа мөргөж залбираад ирлээ.

“БАЙГАЛИЙГ БОХИРДУУЛАГЧ, АШИГЛАГЧ НЬ ХАМГААЛАГЧ БАЙХ ЁСТОЙ” ГЭДЭГ ЗАРЧИМ ОДООГ ХҮРТЭЛ МАНАЙД МӨРДӨГДӨХГҮЙ БАЙНА

Энэ өвөл зэрлэг ан амьтад ус ундаагаар хомс, нэлээн хатуухан болж өнгөрөх шиг боллоо?

Жил жил байгалийн араншин өөр өөр байдаг.  Зуд турхан болоход мань мэт бол Чойрын богд дахь хэдэн аргаль, Ноён уулан дахь хэд маань яаж байгаа бол л гэж сураг ажиг тавьж суудаг юм. Тэгээд л яамтайгаа ярьж байгаад хэдэн төгрөг төсөвлүүлээд идэш тэжээл дөхүүлж өгөх ажил хийдэг.  Мөн агнуураас ашиг олдог компаниудтай холбогдож ядарсан ан амьтнаа хайрлах, хамгаалах ажилд гар бие оролцохыг уриалж байдаг даа.

Сүүлийн үед хүний болон бусад үйл ажиллагаанаас үүдэн байгалийн зэрлэг ан амьтад байгалийн, араатны шинж чанараа алдаад байна гэж яригдаад байна л даа. Та мэргэжлтэн хүний хувьд ямар үзэл, саналтай байдаг вэ?

“Бохирдуулагч, ашиглагч нь хамгаалагч байх ёстой” гэх зарчим одоо зонхилж байна. Дэлхийн хөгжилтэй улсууд энэ зарчмын дагуу явж байна. Томоохон зам, транс тавилаа гэхэд гүүрэн гарц хийж байх жишээний. Гэвч энэ зарчим одоо хүртэл манайд мөрдөгдөж чадахгүй байна. Биологийн хүрээлэнгийн “Хөхтний лаборатор”-ийн эрхлэгч, доктор Д.Лхагвасүрэн уржнан төсөл бичиж Гүүрэн гарцны журам” боловсруулсан юм, уг нь. Үүнийг хэрэгжүүлэх л ёстой. Үгүй бол хулан, зээр гэх мэт зэрлэг амьтад төмөр замаар хуваагдаж, нүүдэл нь хаагдчихаад байна.

Уул уурхай, дэд бүтэц гээд томоохон төслүүд заавал амьтанд ээлтэй байна уу үгүй юу гэдгийг харж байх ёстой. Байгаль орчны яам ч энэ асуудалд нэлээн хүчтэй байр суурьтай хандах ёстой.   Тиймээс нийгмийн тогтолцоонд нэлээн өөрчлөлт гаргах шаардлагатай. Намуудаас сайд нарыг томилдог тогтолцоог байгаль орчны салдбар, боловсрол, эрүүл мэндийн салбарт халах хэрэгтэй. Би энэ чиглэлийн хөдөлгөөн өрнүүлнэ. Байгаль орчны сайд нь мэргэжлийн байна уу үгүй гэдгээсээ үл хамаарч байгаль орчныг ойлгодог, түүний төлөө өөрийгөө зольж, иргэд, ирэгний нийгэмтэй хамтарч ажиллаж чаддаг хүн байх ёстой.

УРТ НЭРТЭЙ ХУУЛЬ”-Д ЗОРИУЛСАН ХӨШӨӨ БОСГОНО

Таны хуримтлуулсан туршлага, хийсэн ажил ч их юм, асуух зүйл ч мундахгүй юм байна. Гэхдээ бидний ярилцах цаг өндөрлөх гэж байна. Төгсгөлд ньАмьтан хамгаалах сан”, “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” ирэх онд ямар ямар ажил хийхээр төлөвлөж байна, ямар төслүүд дээр ажилаж байгаа талаар яриач?

Бид энэ онд “Урт нэртэй хууль”-д зориулсан хөшөө босгоё гэж зорьж байна. Яагаад гэвэл "Урт нэртэй хууль" бол монголын байгаль хамгаалал ялангуяа ой, усны эхийг хамгаалахад ихээхэн үр нөлөөгөө өгсөн хууль. Энэ хуулийн үнэ цэнийг юугаар ч үнэлж цэгнэшгүй. Урт нэртэй хууль батлагдаж, 5 жил хэрэгжээгүй байсан бол цэнгэг гол нуур, булаг шанд, нэл ногоон эко систем тэр чигтээ сүйдсэн. Заамар шиг л болох байсан. Заамарыг яаж ч чадахгүй байна шүү дээ. Эргүүлж сэргээхэд хичнээн арван жил шаардлагатай. Чадах юм уу үгүй юу?

Тиймээс урт нэртэй хуулийн үнэ цэнийг мэдрүүлж байх, түүний төлөө тэмцэж байсан тэмцэгчдийн үйл хэргийг мөнхжүүлэх үүднээс хөшөө босгоё гэж санаж байна. Тэгэхдээ Цэнгэг ус, байгаль хамгаалах төвийн өмнө байвал зохистой гэж үзэж байгаа юм.

Хоёрдугаарт, амьтныг нутагшуулах "Монгол тарвага" төслөө хэрэгжүүлнэ. Дээр нь тусгай зориулалтын аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүнтэй холбоотой бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгоход нэлээн оролцоно.

Мөн нөхөрлөлүүдийг чадахижуулах сургалтуудыг сайжрулуна. Хуульзүйн яамны дэрэгдэх “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх дэд зөвлөл”-д ажилладгийн хувьд нэлээн идэвхитэй ажиллана.

Үүнээс гадна, Яамны дэргэдэх "Монголын баруун бүс дэх газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг хэрэгжүүлэх төсөл" хэрэгжиж байгаа юм. Баруун аймгийн уул уурхайн асуудлын хажууд байгаль орчноо хэрхэн хамгаалж үлдэх вэ гэдэг дээр төр засагтай хэрхэн хамтарч ажиллах вэ гэсэн төсөл л дөө. Энэ төсөл дээрээ нэлээн анхаарч ажиллана.

Амьтны тухай хууль, Ан агнуурын тухай хоёр тусдаа хууль байсныг нэг болгосон юм. Гэвч одоо энэ хуулийг салгах шаардлага үүсээд байна. Зохистой ашиглаж байж амьтнаа хамгаална гэдэгтэйгээ харшилдаж эхэллээ. Зохистой ашиглаж байж түүнийхээ ашгийн тавин хувийг эко сиистемий нь дэмжих ажилд зарцуулах байдлаар ашиглах ёстой юм гэсэн шаардлага үүсч байгаа учраас Хөгжингүй орнуудын хуулиуд дээр ажиллаж байна. Казакстаны ан агнуурын тухай хуулийг судалж байна.

МУИС-ийн Сумъяа, Шар багш,  судлаач Бадам, Самъяа, Доржраа, Хурцгэрэл нарын бусад эрдэмтэн судлаач, анчин, амьтан хайртай олон нөхөдтэйгээ хамтраад Ан агнуурын тухай хууль, Амьтныг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, зохистой ашиглах тухай хуулиудыг бий болгож өргөн барих бодол, төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Баярлалаа танд. Таны байгаль, амьтнаа хайрлан хамгаалах гэгээн үйлсэд амжилт хүсье!

Танай ТВ, сайтад мөн амжилт хүсье. Уран бүтээлийн их олз омогтой байгаарай гэж ерөөе.  

Төрийн мэлмий тунгалаг, шударга

Түмэн олон нь амгалан, идэвхитэй

Уул ус нь онгон, дагшин

Ургамал амьтан нь зэрлэг, онгоноороо

Хэвлэл мэдээлийнхэн та нөхөд минь идэвхитэй

Үзэг нь хурц, үг нь цэцэн

Лус савдаг нь ивээсэн олон сайхан он жилүүд биднийг угтаасай гэсэн ерөөл талбия.

 

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
vfcyj:Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол,  гэрийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081 2018-03-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?