Н.МЯГМАРСҮРЭН: 30 ЖИЛ МӨРДӨХ АЛБАНД АЖИЛЛАХДАА 1000 ГАРУЙ ХЭРЭГ ИЛРҮҮЛСЭН БАЙНА

2018-03-17  

"1989 оноос өнөөдрийг хүртэл 30 жил Эрүүгийн цагдаагийн албанд ажиллахдаа эзэн холбогдогч нь тодорхойгүй, онц хүнд 1000 гаруй хэргийг илрүүлжээ...Энэ бол Эрүүгийн цагдаагийн гаүрын мөрдөгч асан, бэлтгэл хурандаа Н.Мягмарсүрэн. Бид  Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойг тохиолдуулан түүнтэй ярилцсан юм."

Бид Монгол цэргийн өдрийг тохилдуулаад таны цагдаа, хүчний байгууллагад ажиллаж ирсэн үүх түүх, туршлагаас хуваалцъя гэж таныг ярилцлагандаа урилаа. Тиймээс эхлээд та 97 жилийн ойтойгоо золгож байгаа Монголын зэвсэгт хүчний хөгжил дэвшлийн тухай үзэл бодлоо илэрхийлээч?

Монгол улсад шинэ үеийн Зэвсэтгт хүчин байгуулагдсаны 97 жилийн ойн мэндийг хүргэе. Би 1987 оноос хойш цэрэг арми, цагдаагийн байгууллагатай амь амьдралаа холбоод өнөөдөртөө золголоо. Зэвсэгт хүчин, цэрэг цагдаагийн байгууллагад ажиллана гэдэг нь эр хүний сүлд, хийморь болсон сайхан алба. Энэ албанд ажиллаж байсан үе үеийн ахмадууд, тэдний үр хүүхэд болон одоо ажиллаж байгаа нийт залуустаа энэ өдрийн мэнд хүргэе ээ.

Та цагдаа, хүчний байгууллагад 30-аад жилийн амьдралаа зориулсан хүн. Таны залгамж халааг залгуулаад явж байгаа хүмүүст ярих түүх ихтэй байх гэж ойлгож байна. Тэгэхээр анх энэ салбарт орох болсон түүхээсээ хуваалцаач?

1984 онд 10 жилийн 24-р сургуулийг төгсөөд тухайн үеийн Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Цэргийн дээд сургуульд элсэн орсон. Сургуульд нэг жил нь цэргийн бэлтгэл хийдэг, сүүлийн дөрвөн жилд нь яг суралцдаг байлаа. Би нэг жил гаруй эх орныхоо торгон хил дээр хилийн манааны үүрэг гүйцэтгээд ирж сургуульдаа сурч байсан юм. 1989 онд НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийг төгсөөд Октябрийн раойны Цагдан сэргийлэх хэлтэст төлөөлөгчөөр томилогдон цагдаатай ажил, амьдралаа холбосон.

Би удам залгасан цагдаагийн алба хаагч. Ээж, аав хоёр хоюулаа НАХЯ-д ажиллаж байсан. Ээж минь одоогийн ШШГБ-ын тухайн үеийн Засан хүмүүжүүлэх газарт ахлагч, аав минь мөн л НАХЯ-ны Үйлчилгээ аж ахуйн газарт ахлагч цолтой нярав байсан. Би бүрэлдэхүүнээс төрсөн хүүхэд л дээ. Ээж, аав хоёрын маань намайг цэрэг цагдаагаар явуулъя гэдэг бодол ч байсан байх миний хүсэл сонирхол ч нэгдсэн, тэгээд л энэ сургуульд орсон доо.

1989 оноос эхлээд өнөөдөр чөлөөний амралтанд гарах хүртлээ Эрүүгийн цагдаагаар дагнаж ажиллажээ. Энэ 30 жилийн хугацаанд өнөөдрийг хүртэл ямар ямар үе шаттайгаар ажиллаж ирэв?

1989 онд тухайн үеийн Октябрийн районд эрүүгийн төлөөлөгчөөр томилогдсоноосоо хойш 6 жил ажиллаад сүүлд 1995 онд ЭЦГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажилласан. 3 жил орчим ажиллаад дараа нь Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн орлогч дарга бөгөөд Эрүүгийн тасгийн дарга, Төмөр замын цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах төлөөлөгч гэх мэтчилэн ажиллаж байгаад сүүлийн 6 жилд нь Хууль Сахиулах Их Сургуульд багшилж шинэ залуу боловсон хүчнийг хүмүүжүүлэх үйлст хүчин зүтгэж, цэргийн байнгын тэтгэвэрт өнгөрсөн жил гарсан хүн.

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБА БОЛ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТАРХИ БОЛСОН АЛБА

Цагдаа дундаа Эрүүгийн цагдаагийн албанд ажиллах нь ямар онцлогтой юм бэ?

Цагдаагийн байгууллагын олон төрөл мэргэжлийн албад байдаг. Тэднйи нэг нь Эрүүгийн цагдаагийн алба. Энэ бол цагдаагийн байгууллагын тархи болсон алба. Тэсвэр тэвчээр, хоёргүй сэтгэл шаарддаг хүнд алба. Нууц далд аргаар үйлдсэн гэмт хэрэг, эзэн холбогдогчгүй  гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр ажилладаг. Үндсэндээ далд фронтын дайчид.

Та 30-аад жил энэ албанд ажиллахдаа 1000 гаруй нууц хэрэг илрүүлсэн гэж сонссон. Энэ бол таныг хэрхэн ажиллаж байсныг батлах үзүүлэлт гэж ойлгож байна. Хэрэг илрүүлэх явж ямар байдаг юм, хэдэн хүн ажилладаг юм гээд сонирхолтой байна?

Анх сургууль төгссөнөөс хойш 2010 он хүртэл цагдаагийн байгууллагад ажиллахаад эдгээр хэргүүдийг илрүүлсэн байна. Гэхдээ гэмт хэрэг илрүүлнэ гэдэг дан ганц миний бие дааж хийдэг ажил биш. Ялангуяа нууц далд аргаар үйлдэгдсэн, эзэн холбогдогчгүй хэргийг багаараа л илрүүлдэг. Гэмт хэрэг илрүүлнэ гэдэг бол багийн л ажиллагаа. Тэгэхээр энэ бол миний ирүүлсэн хэрэг биш надтай хамт ажиллаж байсан хүмүүсийн хамтын бүтээл.

Ийм хэргүүдийн цаана хохирч үлддэг олон хүн байдаг байх. Тэр хүмүүст буян үйлдэж байгаа  их хэрэг байх?

Онц хүнд гэмт хэрэг, хүн амины хэрэг илрүүлсний дараа баярласан талархснаа илэрхийлдэг л дээ. Гэхээ хүний амь юугаар ч сольшгүй зүйл. Хүний амь настай холбоотой хэрэг гарч байна гэдэг нийгмийн бурангуй байдлыг харуулж байгаа явдал. Болж л өгвөл ийм хэрэг битгий гараасай л гэж боддог.

Нэг хэрэг дээр хичнээн хүн ажиллах шаардлагатай байдаг вэ? Хэрэв нууц биш бол таны хамгийн урт хугацаанд, хамгийн богино хугацаанд илрүүлсэн хэргийн тухайд?

Анз бүр л байдаг. Зарим хэргийг өдөрт нь эрүүлж байхад зарим нь 10-20 жилийн дараа ч илрүүлдэг.

ЭЦГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажиллаж байх үед 1970-1996 он хүртэл зөвхөн монгол улсад үйлдэгдэж, эзэн холбогдогч нь илрээгүй 100 гаруй хүн амины хэрэг байна гэсэн судалгаа гарч байсан юм.

Гэхдээ хэрэг хэзээ ч илэрч болдог. Заавал илрэх ч ёстой. Хамгийн гол нь манай алба хаагч нар санаачлагатай байж сэтгэл зүрхнээсээ ажиллах ёстой. Алив гэмт хэрэг заавал ул мөрөө үлдээж байдаг. Ул мөргүй гэмт хэрэг гэж байдаггүй.

Манай цагдаагийн алба хаагчид тухайн хэргийн газрын ул мөрийг маш сайн бэхжүүлж авах ёстой. Үүний үндсэн дээр хэргийг хурдан шуурхай илрүүлж чаддаг. Харин ул мөрийг бэхжүүлж чадаагүйгээс хэрэг удааширдаг.  

Та 1000 гаруй  хэрэг илрүүлсэн гэж байна. Эрүүгийн цагдаагийн түүхэд таниас олон хэрэг илрүүлсэн хүн байгаа юу?

Байна. Надтай хамт ажиллаж байсан хүмүүсээс мянга битгий хэл хэрэг илрүүлж байсан хүмүүс зөндөө бий. Зарим нь амьд, зарим нь ч бурханы оронд одсон байна.  Би нэг л жишээ нь. Надаас илүү сайн гүйцэтгэх ажилтан, сайн төлөөлөгч маш олон бий. Одоо ч манай залуучууд биднээс илүү ажиллаж байгаа гэж бодож байна.

Та энэ албанд анх ямар шалгуураар орж байсан юм бэ?

Би социолизмийн үеийн бүтээгдэхүүн шүү дээ. Энэ албанд ажилла! гэсэн тушаал гарсан. Тушаалын дагуу л ажилласан. Би ч сургуульд байхдаа эрүүгийн төлөөлөгч болно нэг бол мөрдөн байцаагч болъё гэж боддог байсан.

ЭЗЭН ХОЛБОГДОГЧ НЬ ТОДОРХОЙГҮЙ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХ ГОЛ НӨХЦӨЛ СУУРЬ НЬ ЕРӨӨСӨӨ Л ХЭРГИЙН ГАЗРЫН ҮЗЛЭГ

Хэрэг илрүүлнэ гэдэг тухайн мэргэжилтний ур чадвараас шалтгаална гэж та хэллээ...

Ур чадвараас гадна эзэн холбогдогч нь тодорхойгүй хэргийг илрүүлэх гол нөхцөл суурь нь ерөөсөө л хэргийн газрын үзлэг л байдаг юм ш дээ.  Хэргийн газрын үзлэгийг хэр зэрэг чанартай хийж, хэр зэрэг нотлох баримт цуглуулж чадна тэр хэрээр хэрэг хурдан илэрнэ. Хэргийн газрын үзлэг хийж xадаагүй бол хэрэг илрүүлэх явц сунжирна л гэсэн үг.

Тухайлбал, та нар С.Зориг агсны хэргийн талаар мэдэж байгаа байх. 18 жилийн дараа илэрлээ л гэж байна. Би энэ хэрэг дээр ажиллаагүй учраас мэдэхгүй байна. Сонин хэвлэлээс дуулсан төдий. Тухайн үед хэргийн газрын үзлэг юу боллоо. Хэргийн газар зөндөө л юм болсон гээд яригдаж байсан. Ул мөргүй хэрэг гэж байхгүй. Заавал ул мөрөө үлдээдэг.

Манай алба хаагчид хэр чадвхижиж байна гэж та дүгнэдэг вэ?

Миний үеийг одоогийнхтой харьцуулшгүй. Eнаа машин ч байхгүй% автобусаар л явдаг байлаа. Сэжигтэй этгээдээ ч автобусан дотор гавлаад аваад явна. Хэрэгтнийг барихын тулд шөнө орой айлын хашаанд хонож өнжөөд л явдаг байлаа.

Одоо үед хүн болгон өөрийн гэсэн унаа машинтай болж, цахим мэдээлэл ч хөгжиж. Бид мэдээгээ дандаа гараараа л бичдэг байв. Бид хэргийн газар дээр түрүүлж очлоо гэхэд зураг ч авч чаддаггүй байлаа. Харин одоо гар утас гэж сайхан юм гарч ирж түүгээр зураг хөрөг авч, бичлэг ч хийж болж байна. Маш олон давуу талуудтай болжээ.

Мөн манай залуус ч хэлтэй, устай болж, мэдээлэл сайн авч байна. Ядаад л гэмт хэргийн холбогдолтой кино, нэвтрүүлэг гарч байна. Эндээс санаа авч байна. Бидний үед хуучны туршлагатай ахмадуудынхаа туршлагаас л судалдаг байлаа.

Таны урд баримтууд байна. Та ч түрүүн хэллээ. Гэмт хэргийн баримт материалаа дандаа гараараа бичиж тэмдэглэдэг байлаа гээд. Онцлоод ганц нэг хэргийн талаар, баримт сэлтийн талаар ярих боломж байна уу?

Би нэг л хэрэг ярья. Түрүүнд багийн ажиллагаа гэж хэлсэн. 1991 онд "БГД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт Э гэж эмэгтэй бусдад алагдсан " хэрэг гарсан. Энэ хэрэг дээр ажилласан боловч тухайн үедээ илрүүлж чадаагүй. Жилийн дараа илэрсэн. Их сонин тохиолдлоор илэрсэн.

Булган аймагт "нэгэн иргэн өөрийгөө буудсан" гэсэн хэрэг байсан л даа. Өөрийгөө буудсан учраас хэргийг хэрэгсэхгүй болгочихдог. Бид энэ хэрэг дээр өөрсдийн шугамаар ажиллаад өөрийгөө буудаагүй өөр хүнд буудуулж нас барсан болохыг нь илрүүлж байлаа... гэх мэт олон хэрэг байна л даа.

Нууцтай холбоотой зүйлүүд тэртээ тэргүй архив руу явна л даа. Энэ бол хэргийн справкууд л даа. Справка бичээд өөрийн ажлын үзүүлэлтэнд оруулдаг юм. Сар сард ямар хэргүүд дээр ажиллаж, ямар хэрэг илрүүлж байсан гэсэн ерөнхий мэдээллээ хадгалаад, шарласан хуудас болоод л байж байна.

Аль хугацаанд нь хамгийн их гэмт хэрэг гарсан байдаг вэ?

1990-ээд оны үед нийгмийн систем солигдоод нийгмийн бусармаг үйлдлүүд ихээр гарлаа шүү дээ. Ажилгүйдэл, ядуурал, архидалт гарлаа. Гэнэт зах зээлд шилжээд хүмүүмс наймаа арилжаанд их явдаг боллоо, мөнгийг шүтдэг боллоо. Энэ байдлаас болоод тухайн үед хэрэг их гарсан л даа.

Гэхдээ хэрэг цөөрнө гэж байхгүй. Ямар ч нийгэмд гэмт хэрэг гарч л байдаг. Нийгмийн нэг үзэгдэл. Харин яаж багасгах вэ гэдэг тухайн төрийн нэг бодлого байх. Гэмт хэрэг гарч байгаа, үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөл олон янз байдаг.

Олон жил нэг салбартаа дагнаад ажиллаад ирэхээр, гэмт хэрэг яг ийм шалтгаан нөхцөлөөс болж гараад байна гэдэг таамаг дэвшүүлдэг байх?

Таамаг ч юу байхав. Хуульзүйн шинжлэх ухаанд Криминологи гээд шинжлэх ухаан байна л даа. Гэмт хэргийн шалтгаан нөхцөл, гэмт хэрэгт холбогдож байгаа нөхцөлүүдийн зан байдал зэргийг  судалдаг.

Сүүлийн 27-28 жил нийгмийн хариуцлага суларсан. Хариуцлага тооцдог механизм байхгүй болсон. Үүнээс болж гэмт хэрэг ихэссэн. Дээр нь архидалт, ажилгүйдэл нэмэгдсэн байна. Сүүлийн үед хүүхэд залуусын дунд хар тамхины хэрэглээ орж ирлээ. Мөн төр засаг, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа ард иргэдэд таалагдахгүй байна. Тэдний хүсэл, сонирхолд нийцэхгүй байна гэх мэт олон шалтгаан байна.

Туршлагаасаа харж байхад, хүн амины гэмт хэргийн 70-80 хувь нь ахуйн хүрээнд, ихэвчлэн таньдаг хүмүүс нь л үлйдсэн айдаг. Шунайхан сэдлээр, архидалтын улмаас...

Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд сэтгэлзүйн бэлтгэл чухал байх. Дээр нь ур чадвартай байх шаардлагатай байх. Та хэр бэлтгэгдсэн хүн бэ?

Би өөрийгөө сүрхий бэлтгэгдсэн гэж хэлэхэд хэцүү л дээ. Гэхдээ тухайн үед би монголын цагдаагийн сор болсон мөрдөгч нартай хамтран нэг баг болж ажиллаж байсан даа их бахаддаг.

Жишээлбэл, Ц.Жамъяансэнгээ, П.Шагдарсүрэн, Д.Базаргүр, З.Төрмандах, Д.Мөрөн хурандаа нар байна. Хүн амины хэрэг илрүүлэх, онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэхэд гаршсан, шилдгүүд болсон энэ мөрдөгч нараас их зүйл сурсан, хамтран ажилласандаа ихэд бахархдаг.

Энэ хүмүүсээс их зүйл сурсан. Тэгээд өөрийнхөө сурсан өчүүхэн зүйлийг дараа үеийнхээ залгамж болсон цагдаагийн эрүүгийн ажилтнуудад зааж сургах чиглэлээр сүүлийн хэдэн жил ажиллалаа. Миний зарим шавь нар Эрүүгийн цагдаагийн албанд маш сайн ажиллаж байна, сайн төлөөлөгч нар болсон байна.

Манай улсын мөрдөгч нар бусад улсуудтай харьцуулбал хэр сайн ажилладаг вэ? Мөрдөх ажиллагааг ямар түшинд явуулж байна гэж та дүгнэдэг вэ?

Манай мөрдөгчид чадалтай. Жаахан дутагдаж байсан зүйл бол техникийн чадвхи, хэлний чадвар л дутагдаж байсан. Одоо техникийн боломжуудаа ашиглаж эхэлж байна.

Тухайлбал, биднийг ажиллаж байх үед Шинжилгээний хүрээлэнд хүний ДНК илрүүлдэг багаж төхөөрөмж байдаггүй байлаа. Хүний аман зураг гаргадаг техникжсэн аппарат байдаггүй учраас зөвхөн гараараа л зурдаг байлаа.

Ер нь Эрүүгийн албаны ажил бол өдөр шөнөгүй ажилладаг хүнд алба. Би 90-ээд оны үед гэртээ долоо хоногийн турш ордоггүй л байсан. Одоо харьцангуй өөр болсон. Харин манай залуус мэргэжлийн арга барил жаахан дутмаг байна уу даа гэж харагддаг, зарим тал дээр.

Энэ их ажлын хажуугаар ажил амьдралаа авч явна гэдэг хүнд байсан байх?

Хэцүү л байсан л даа. Нийгэм зах зээлд шилжсэн, картын барааны үе. Бидний цалин хөлс ч ямар билээ, гээд. Нэгэнт сургуулийг нь төгсөөд хоёргүй сэтгэлээр ажиллая гэсэн хүсэл эрмэлзэл байсан учраас өдийг хүртэл цэргийн байнгын тэтгэвэрт гартлаа ажилласан байна. Мэдээж миний ар гэр маш том тус дэм болж байлаа. Ер нь цагдаа хүний ар гэр гэдэг бол маш хүнд хэцүү замыг туулдаг. Хэргийн төлөө явдаг, баяр ёслолоор ямар нэгэн юманд дайчлагддаг, тушаалаар ажлаа хийдэг. Ийм л хүмүүсийг түшиж, тулдах шаардлагатай болдог.

Таныг өнөөдөрийг хүртэл ажиллахад түшиж, тулж ирсэн ар гэрийнхээ хүний тадлаар танилцуулаач?

Би хоёр хүүтэй. Манай гэр бүлийн хүн Гэрэлмаа гэж төмөр замын байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан хүн бий. Саяхан зээтэй боллоо. Би хоёр хүүхдээ өсгөж үзээгүй хүн. Өглөө гэрээсээ гараад явахад өдөр нь Хөвсгөл аймагт оччихсон байх жишээний л байдаг байлаа.

Та ээж ааваасаа удам дамжиж энэ мэргэжлийг сонгосон. Харин хүүхдүүдээ ямар мэргэжилтэй болгов?

Манай том хүү бизнесийн талын хүн. Бага нь хуулийн талын хүн болох гэж байна. Энэ жил сургуулиа төгснө. Тэгээд хуулийн чиглэлээр ажиллах уу, цагдаад ажиллах уу сайн мэдэхгүй байна. Өөрийнх нь дур сонирхол, хүсэл эрмэлзлэлээр болох байх. Би заавал цагдаа болох ёстой гэж шахаж шаардахгүй. Ер нь цагдаагийн алба хэцүү. Би энэ албаны зовлон жаргалыг насаараа амссан. Гэхдээ үнэхээр хоёргүй сэтгэлээр ажиллая гэж зорьж байгаа хүн цагдаагийн албанд ажиллах хэрэгтэй. Эр хүний зүтгэх ёстой алба. Магадгүй мань шиг 20-30 жилийн дараа гавъяаныхаа амралтанд гараад яриад суухад сайхан шүү дээ. Хэлэх юмтай, хийсэн гавьяатай гэж би ойлгодог.

БИ БАРАГ ХАМГИЙН СҮҮЛЧИЙН "ОНЦ СЭРГИЙЛЭГЧ" БАЙХ

Өнөөдрийг хүртэл Эрүүгийн албанд 30 орчим жил ажиллахдаа та хурандаа болтлоо дэвшжээ, та. Таны энгэрээр гялалзсан одон медалиудыг харахад сүрдмээр, сайхан харагдаж байна. Төр засгаас таны хүч хөдөлмөрийг үнэлж ямар ямар гавъяа шагнал өгч байсан бэ?

Төр засгийн одон медаль тодорхой хэмжээнд авлаа л даа. Жишээлбэл, Цэргийн хүндэт медаль, Байлдааны гавъяаны улаан тугийн одон гээд... Гэхдээ миний хайрлаж, хүндэлж явдаг ганц л тэмдэг байдаг юм, "Онц сэргийлэгч". Одоогоор "Цагдаагийн алдар" л юм уу даа. Бидний үед "Онц сэргийлэгч"-ийг ер нь хүнд өгдөггүй байсан юм. Үнэхээр онцгой гавъяа байгуулсан цагдаад олгодог байсан л даа. Энэ тэмдгийг би хүн амины онц ноцтой хоёр, гурван ч хэрэг илрүүлсэн учир 1992 онд авч байсан юм.  Бараг хамгийн сүүлчийн "Онц сэргийлэгч" байх. Одоо ийм тэмдэгтэй хүн цагдаад байхгүй байх шүү.

Сонирхолтой сайхан сонсогдож байна. Танд баярлалаа, бидний урилгыг хүлээн  авч ярилцсанд. Яруу найрагч, АУЗ Б.Лхагвасүрэн гуай "Төр иргэн хоёртоо тэнцүү хуваагдсан хүнийг цагдаа гэнэ" гэж тодорхойлсон байдаг. Яг тийм хүнийг бэлтгэхэд энэ их туршлагаа байнга хуваалцаж өөр шигээ "Онц сэргийлэгч"-ийг олон олноор бэлтгэх болтугай гэж хүсч байна. Монгол цэргийн өдөр тохиож байгаа урчаас таны ерөөлөөр  ярилцлагаа өндөрлөе!

Чингис хааны хэлсэн сайхан үг байдаг "ТӨРИЙГ БАЙГУУЛАХАД ЭРДЭНЭ БОЛСОН, НҮД ЧИГ БОЛСОН ХҮН ЭРДЭНЭЭ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ" гэж. Энэ хүн эрдэнүүд бол манай Эрүүгийн цагдаагийн ажилтнууд шүү. Ийм учраас энэ залуусыгаа хайрлаж яваарай. Бүх хамт ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа, цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд, монголын бүх эрчүүддээ эр цэргийн баярын мэнд дэвшүүлье!

 

 

 

С.Шүрэнчимэг

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Пүүлээ:Миний найз үнэхээр хоёргүй сэтгэлээр үнэнч шударгаар цагдаагийн албанд зүтгэсэндээ одоо ийм хүмүүс ховордож байгаад харамсах юмдаа найздаа баярын мэд хүргэе 2018-03-17
Пүүлээ:Миний найз үнэхээр хоёргүй сэтгэлээр үнэнч шударгаар цагдаагийн албанд зүтгэсэндээ одоо ийм хүмүүс ховордож байгаад харамсах юмдаа найздаа баярын мэд хүргэе 2018-03-17
Бат-Амгалан:2000-2002 онд Төмөр замын цагдаагийн хэлтэст эрүүгийн ахлах төлөөлөгч байх үед нь би сонсогч, миний дадлагын багшаар ажиллаж байсан.Мундаг хүн, нууц далд аргаар үйлдэгдсэн олон ч хэрэг илрүүлж байсан да.Та болон таны гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. 2018-03-18
Цэцэгнүүд:Ангийн анд найздаа баяр хүргэе ээ! Манай Мягаа хүүхэд байхын л ийм буйртай юманд нухацтай ханддаг их даруу төлөв хүү байсан даа. 2018-03-18
Энэ:Арайч дээ 2019-10-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?