Б.МЯГМАР : ЭМЧ ХҮН БОЛГОН ЭРХЭМ БАЙГААСАЙ

2018-03-28  

ЭМЧ БОЛГОН АЖЛЫН БАЙРАНД СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ, ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ БАЙГАА АРД ИРГЭД МААНЬ Ч СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ БАЙГААСАЙ

Б.МЯГМАР: ЭМЧ ХҮН БОЛГОН ЭРХЭМ БАЙГААСАЙ Arslan.mn

Жил бүрийн 3 дугаар сарын 30-ний өдрийг “Олон улсын эмч нарын баярын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн салбарын шилдэгийн шилдэг эмч нарыг тодруулдаг “Алтан чагнуур” шагнал гардуулах ёслолын ажиллагааг 8 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дара Б.Мягмартай ярилцсанаа хүргэж байна.

-Салбарын шилдэгүүдийг тодруулдаг “Алтан чагнуур” шагнал гардуулах ёслолын ажиллагаа тун удахгүй болох гэж байна. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье.

-Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2011 оноос хойш Монгол улсынхаа Шилдэг эмчийг шалгаруулан тодруулж “Алтан чагнуур” шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг санаачлан зохион байгуулаад, энэ жил 8 дахь жилтэйгээ золгож байна.
Эрүүл мэндийн салбарт үндсэн мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж буй чадварлаг эмч нараа олон нийтэд таниулах, тэдэнд урам өгөх зорилгоор энэхүү үйл ажиллагааг өнөөг хүртэл зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн “Алтан чагнуур” ёслол маань энэ сарын 30-ний өдрийн баасан гарагт МҮЭСТО-нд болох гээд бэлтгэл ажил 80 хувь хангагдаад байна.

-Нийт хичнээн төрөлд шилдэг эмч нар маань тодрох вэ?

-Энэ жилийн онцлог бол  Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас ч олон эмч нэр дэвшихээр материалаа ирүүлсэн. Өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч нар ч идэвхтэй оролцож байна. Мөн зарим төрлүүдэд өөрчлөлт орсон. Тухайлбал, өнөөдрийн байдлаар салбарт эмч нар 20 гаруй үндсэн мэргэжил, 100 гаруй төрлөөр нарийн мэргэжил эзэмшиж байна.

Энэ жилийн хувьд 12 төрлөөр “Алтан чагнуур”-ын эздийг тодруулахаар болсон.

Үүнд: дотор судлал, хүүхэд судлал, нүүр нам, чих хамар хоолой, сэтгэц мэдрэл, арьс судлал, гэмтэл, мэс засал, мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, хавдар судлал, дүрс оношилгоо, лаборатори судлал, эх барих эмэгтэйчүүд, халдварт сүрьеэ судлал, өрх сумын эрүүл мэнд судлал гэсэн төрлүүдийг нэгдүгээр сарын 31-ний өдөр зарласан байгаа.

-Шалгаруулалтын хүрээнд хичнээн эмчийн материал ирээд байна вэ?

-Одоогийн байдлаар 50 гаруй материал ирээд байна. Ер нь жилдээ 60 гаруй эмч өрсөлддөг. Энэ нь тооны хувьд цөөхөн байгаа хэдий ч чанарын хувьд өндөр гэж хэлж болно. Учир нь

Нэг байгууллагаас маш цөөн тооны хамгийн шилдэг гэсэн хүнийг энэ шагналд нэр дэвшүүлдэг учир жилээс жилд ирүүлж байгаа материалын эмч нарын маань чанар чансаа сайжирч байна.

Өөрөөр хэлбэл анаагах ухааны доктор, клиникийн профессорууд, Гавъяат эмч ч өрсөлдөж байгаа.

Б.МЯГМАР: ЭМЧ ХҮН БОЛГОН ЭРХЭМ БАЙГААСАЙ Arslan.mn

-Ер нь энэхүү хүндэтгэл, ёслолын үйл ажиллагаанд хот, хөдөө орон нутаг гээд хичнээн хүн оролцдог вэ?

-Жил бүр энэхүү үйл ажиллагаагаа МҮЭСТО-нд зохион байгуулдаг. Заалныхаа багтаамжийг харгалзан үзэж, нэр дэвшиж буй эмч нар, хамт олон байгууллага нь, ар гэрийнхэн нь гээд 1000 хүн хүрэлцэн ирдэг.

-“Алтан чагнуур”-ын эзэн болно гэдэг бол салбартаа зүй ёсны хүлээн зөвшөөрөгдлөө гэсэн үг гэж эмч нар ярьдаг юм байна лээ. Нэр дэвшигчдэд тавьдаг гол шалгуур юу вэ?

-“Алтан чагнуур”-ын нэр хүнд Эрүүл мэндийн салбарт төдийгүй, нийгэмд танигдаж, хүлээн зөвшөөрөгдөж чадсан шагнал юм.

Төрийн шагналаас илүүтэйгээр энэ шагналд тухайн салбарын эмч өөрийн эзэмшсэн нарийн мэргэжил, ур чадвар, хийсэн бүтээснээрээ шалгарч, шилдэг номинаци авч байна гэдгээрээ онцлогтой.

Ялангуяа мэргэжлийн хувьд алдаа дутагдал гаргаагүй, зөвхөн өвчтөн эмчлэхээс гадна эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийдэг, залуу эмч нарыг сургаж дадлагажуулдаг зэрэг үндсэн ажлаас гадна нийгэмд чиглэсэн олон ажил хийдэг оюунлаг, мэргэжлийн хувьд ёс зүй, эмчилгээ оношилгооны үзүүлэлт эрс сайжиран, сүүлийн 5-10 жилийн ажлын үзүүлэлт, амжилтыг хардаг. Мэдээж байгууллагууд хамгийн шилдэг гэсэн эмчээ нэр дэвшүүлдэг.

-Энэ жилийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг уламжлалт ёсоор шууд дамжуулах уу?

-Тэгнэ. Эрүүл мэндийн салбарын “Алтан чагнуур” шагнал гардуулах ёслолыг жил бүр дэмжин ажилладаг хэвлэл, мэдээлэл, олон нийтийн байгууллагууддаа юуны өмнө талархсанаа илэрхийлмээр байна. Энэ жилийн хувьд ETV телевиз орон даяар шууд дамжуулна. Мөн мэдээ, мэдээллийн www.Arslan.mn сайт онлайнаар /LIVE/ шууд дамжуулж ажиллахаар болсон. Бусад TV5, эрүүл мэндийн LIKE телевиз гээд олон хэвлэл, мэдээллийн байгууллагууд мөн хамтран ажиллаж байна.

-Олон улсын эмч нарын баярын өдөр эмч нараа шагнаж, урамшуулахаас гадна ажиллах нөхцөл, цалин урамшууллын системийг дурдахгүй өнгөрч болохгүй байх. Та энэ талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юу?

-Тэгэлгүй яахав. Энэ жилийг бид “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийг шударгаар үнэлүүлэх, тогтолцооог шинэчлэх” жил болгон зарласан. Иймд цалин хөлсийг нь нэмэгдүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллана. Энэ зорилтынхоо хүрээнд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо /МЭМАҮЭХ/ ХНХЯ, ЭМЯ-тай хамтран зохион “Эрүүл мэндийн салбарт ажлын байранд суурилсан цалингийн тогтолцоо нэвтрүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг гуравдугаар сарын дундуур зохион байгуулж 21 аймаг, нийслэлийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн, бусад ажилтан, удирдах албан тушаалтны төлөөлөл 100 гаруй хүнийг хамруулсан.

Энэ хэлэлцүүлгээр өнгөрсөн оны турш Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар байгуулсан дэд ажлын хэсэг, үнэлгээний хорооноос хийсэн ажил, явуулсан судалгааны үр үр дүнг салбарынханд танилцуулж хэлэлцүүллээ.
“Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын албан тушаалын ангилал, зэрэглэлийг 2007 онд баталж мөрдсөнөөс хойш 11 жилийн хугацаа өнгөрч байна.

Өнөөдөр нэг жил ажилласан эмч, 10 жил ажилласан эмчийн сарын цалингийн зөрүү ердөө л 4400-5000 төгрөг, сувилагчийнх 3500, бусад ажилтных 3000 төгрөг байна.

Мөн 2014 оноос хойш цалингийн доод жишиг нэмэгдээгүй. Гэтэл тэр үед наад зах нь 800 төгрөгний үнэтэй байсан Атар талх өнөөдөр 1200 төгрөг болчихсон байгаа. Ийм учраас эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, хөдөлмөрийн нөхцөл, ур чадварт суурилсан цалингийн тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай байгаа байна.
Хэлэлцүүлгийн үеэр зарим ажлын байр тухайлбал 21 аймагт салбартай зооноз /мал, амьтны гаралтай өвчин/-ын мэргэжилтнүүдээс судалгаа аваагүй, зарим ажил мэргэжил тухайлбал, уламжлалт анагаах ухааны эмч, сувилагч нарын ажлын байрны үнэлгээ хэт доогуур үнэлэгдсэн гэх мэт цөөнгүй шүүмж гарч байсан.

-МЭМАҮЭХ-оос 2018 оныг “Эрүүл мэндийн салбарын ажилтны хөдөлмөрийг шударгаар үнэлүүлэх, тогтолцоог шинэчлэх жил” болгон зарласан гэсэн. Энэ хүрээнд ямар ажлыг цаашид хийх вэ?

-Энэ жилийн гол ажил бол эрүүл мэндийн салбарын ажилтнуудынхаа цалин орлогыг нэмэгдүүлэх, цалингийн тогтоолцоог шинэчлэх ажлыг үр дүнд хүргэхийг зориж байгаа. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг энэ жил мөн түлхүү анхаарна. Яагаад гэвэл ажлын байранд маш их стрэсстэй байх, нөгөө талаасаа ажлын байранд бэртэж гэмтэх, халдварт өвчнөөр өвдөх, ажлын байранд тухайн ажил мэргэжлээс шалтгаалан өвчлөх эндэгдэх тохиолдлууд гарч байна. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарал хандуулна. Бас нэг томоохон ажил гэвэл хөдөлмөрийн бүтээмжийн хөдөлгөөнийг салбарын хэмжээнд өрнүүлж, багш, арга зүйч нарыг бэлтгэнэ. Алсын дуудалгад эмч нар явдаг боловч томилолтын мөнгө бараг байхгүй. Гэтэл бусад салбарт гадаад болон орон нутагт томилолтоор явахад тав духтай зочид буудалд байрлаж, томилолтын мөнгө авдаг. Тиймээс алсын дуудлагын нэмэгдлийг журмын дагуу олгуулах, үр дүнгийн урамшууллыг нэмэгдүүлэх, дээрээс нь тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоолгох, ажил мэргэжлийн жагсаалтад өөрчлөлт оруулах гээд энэ жилийн хувьд стратегийн зорилтынхоо хүрээнд 60 ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

-Нийгмийн хамгийн чухал салбарын ажилчдын төлөө хүчин зүтгэдэг танд ч мөн удахгүй болох Олон улсын эмч нарын баярын мэнд хүргэе!

-Маш их баярлалаа. Миний хувьд Эмч хүн болгон эрхэм байгаасай, Эмч болгон ажлын байранд сэтгэл ханамжтай, үйлчилгээ авч байгаа ард иргэд маань ч сэтгэл ханамжтай байгаасай гэж их хүсч, зорьж ажилладаг. Ийм нөхцөлийг бий болгохын тулд салбарын ҮЭ-ийн холбооны хамт олон ажилладаг. Олон улсын эмч нарын өдрөөр эмч нартаа урам өгдөг, тэд нарыг алдаршуулдаг, урамшуулдаг тийм өдөр болгон тэмдэглээсэй гэж бид хүсдэг.
Тийм ч учраас “Алтан чагнуур” шагналыг бий болгосон. Удахгүй болох гэж байгаа Олон улсын эмч нарын өдрийн мэндийг салбарынхаа Монголынхоо бүх эмч нартаа дэвшүүлж, Эмч  болгон эрхэм байх болтугай хэмээн ерөөе.

 

 

Эх сурвалж : ҮНДЭСНИЙ ШУУДАН сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?