2017 ОНД ХӨВСГӨЛИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР ДАХЬ ГАЗАР ОЛГОЛТ БҮРЭН ЗОГССОН Ч...

2018-04-12  

Сүүлийн жилүүдэд Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар газар олголт төлөвлөлтгүй явагдсанаар даац нь хэтэрсэн. Цаашид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна.  Бид энэ асуудлаар Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга асан Д.Батдэлгэртэй ярилцлаа.

Хөвсгөл далай орчмын газар ашиглалт замбараагүй болж, даац хэтэрсэн нь  энд ирсэн хэн бүхэнд мэдрэгддэг. Жуулчны баазуудын хооронд  500 м зай байх  стандарттай. Гэтэл нуурын баруун эрэг буюу Жанхай орчимд жуулчны бааз, гэр буудлууд алхах газаргүй шавчихсан байх юм. Үүнийг зохицуулах арга  байна уу?  

Сүүлийн жилүүдэд  Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар төлөвлөлтгүй, замбараагүй газар олгосноос үүдээд аялагчдыг тав тухтай амруулахад хүндрэл учирч байна. Нөгөө талд экологид ээлтэй байх шаардлага хангасан жуулчны баазууд бий болоогүй. Манай тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт  буюу Хөвсгөл нуурын эргийн дагуу 129 иргэн, аж ахуй нэгжид газар олгосоноос  өнөөдрийн байдлаар 44 нь л тогтвортой үйл ажиллагаа явуулж  байна.  Бусад нь газар авчихаад дамлаж зарах сонирхолтой байх жишээтэй. Ийм  зорилготой байгууллагуудын эзэмших эрхийг цуцлах нь зүйтэй гэж үздэг.

Миний хувьд Хөвсгөлийн Тусгай Хамгаалалтай Газрын Хамгаалтын захиргааны даргын ажилд 2017 оны 1-р сард томилогдоод 2018 оны 3-р сард чөлөөлөгдсөн нэг жил нэг сарын хугацаанд энэ байгууллагыг удирдсан. Энэ хугацаанд газрын наймаагаар ашиг олох гэсэн хүмүүст  газар олгохгүй гэсэн хатуу байр суурь барьж ажилласан. Тиймээс ч 2017 онд Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар дахь газар олголт бүрэн зогссон байсан. 

Харин гэр буудлын үйл ажиллагаа явуулдаг тухайн орон нутгийн иргэдийг аялал жуулчлалаас орлогоо нэмэгдүүлэх боломж олгох бодлогын хүрээнд стандарт, үйлчилгээг сайжруулах гэрээ байгуулсан. Гэр буудлуудын гэрээг жилийн эцэст дүгнэн гэрээгээ хангалттай биелүүлсэн 10 гэр буудлын газрыг аялал жуулчлалын зориулалтаар газрын эрхээ авч цаашид бааз болон өргөжих талаар дэмжин ажилласан.

Тусгай хамгаалалттай газар нутагт сумын удирдлага, яамнаас тус тусдаа зөвшөөрөл өгч байсан гэсэн.  Энэ байдал өөрчлөгдсөн үү?

БОАЖЯ-аас аялал жуулчлалын зориулалтаар 129 иргэн аж ахуй нэгжид газрын гэрчилгээ олгосон гэж би түрүүн хэлсэн. Харин Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны захиргаа ашиглалтын ногоон гэрчилгээ өгчихдөг. Энэ газрын гэрчилгээ нь зөвхөн малын өвөлжөө, хаваржааны зориулалтаар ашиглах зөвшөөрлийн бичиг олгосон байхад түүнийг нь аялал жуулчлалын зориулалтаар авсан мэтээр бусдад ойлгуулан зарах явдал их гарсан. Манай байгууллага үүнийг судалж, Аймгийн Засаг даргад судалгааг гаргаж хүргүүлсэн. Үүний дагуу сумууд руу албан даалгавар хүргүүлж, арга хэмжээ авах гэж байна. Сумын засаг дарга нар зөвхөн тухайн нутаг дэвсгэрт уламжлалт аргаар мал аж ахуй эрхэлж байгаа малчин иргэдэд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэх ёстой. Гэтэл малгүй болон тухайн сумын иргэн биш хүмүүс ногоон гэрчилгээ авчихсан байх жишээтэй. Үүнийг цэгцлэх талаар бид шахаж шаардаад ажиллаж байсан. Олгосон байгууллага нь тухайн гэрчилгээгээ цуцлах эрхтэй байдаг тул Аймгийн Засаг даргын тус албан даалгаврыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэдэгт найдаж хүлээж байна. 2017 онд нутгийн иргэд өөрсдийн газраа зардаг асуудал бүрэн зогссон.

МАШ ХУРДАН ХУГАЦААНДАРАЛ ХЭН НЭГЭНД ОЧИХООС ӨМНӨ  БҮСЧЛЭЛЭЭ ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮНЭЭС ИЛҮҮ ХҮНДЭРЧ БОЛЗОШГҮЙ

Усны тухай хуулиар нуурын эргээс 50 метр зайд ямар ч үйлдвэрлэл эрхэлж болохгүй гэж заасан байдаг. Гэтэл энд 50 метр дотор хэдэн арван амралтын бааз, гэр буудлууд байрлаж, бас дуртай  байр сууцаа барьж байна?

Тийм л дээ. Хөвсгөл нуурын  ойр орчмын газар нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дотоод бүсчлэлийн дэглэмээр хязгаарлалттай бүсэд ордог болохоор нуурын эрэг дээр янз бүрийн хэлбэр дүрстэй, экологид сөргөөр нөлөөлөхүйц, нууртайгаа ойрхон ямар ч обьект барих нөхцөл үүсчихээд байгаа юм. Үүнийг хүмүүс сайн ойлгодоггүй. МУ-ын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хамгийн зөөлөн дэглэмтэй бүс нь хязгаарлалтын бүс байдаг. Энэ бүсэд уламжлалт аргаар мал аж ахуйгаа эрхэлж, аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулж болно. Мөн тухайн газар нутагт обьект ч барьж болно. Харин хамгийн чанга дэглэмтэй нь онцгой бүс. Дараа нь аялал жуулчлалын бүс орно. Тиймээс Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын захиргаа 2017 оноос Хөвсгөл нуурынхаа дотоод бүсчлэлийг өөрчлөхөөр ажиллаж байна. Бид маш хурдан хугацаанд, гурван арал хэн нэгэнд очихоос өмнө бүсчлэлээ өөрчлөхгүй бол нуурын ойр орчмын нөхцөл байдал үүнээс илүү хүндэрч болзошгүй. Нутгийн иргэдийн дунд явуулсан хэлэлцүүлгээр нуурын эргээс 200-800м газрыг аялал жуулчлалын бүс болгоё гэдэг дээр санал нэгдсэн. Мөн нуурын эрэг орчимд хэт их газар олгож байгаад нутгийн иргэд эмзэглэж байна. Аялал жуулчлалын бүсэд хүмүүс зөвхөн явж, аялж болно. Харин янз бүрийн обьект барьж болохгүй гэсэн бодлого барьж байсан.

Тусгай хамгаалалтай газрын дотоод бүсчлэлд өөрчлөлт оруулах ямар ажил зохион байгуулж байна?

Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт хэрэгжиж байгаа ядуурлыг бууруулах Япон сангийн буцалтгүй тусламжаар, Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газар, Байгал орчин, аялал жуулчлалын яам, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас хамтран хэрэгжүүлж буй МОН(9183) “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-тэй хамтран 2017 оноос гурван удаа орон нутгийн төр захиргааны байгууллагууд болон иргэдээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөн тус төслийг удирдаж буй н.Энхтайван докторыг бүсчлэлд өөрчлөлт оруулах бүх газраар нь өөрийн биеэр нь явуулж үзүүлж, тухайн нутагт амьдарч буй иргэдийн саналыг тусгуулсан. Энэ асуудлыг хурдан шийдчих юм бол бид олгогдоогүй  байгаа газрууд дээр  янз янзын загвартай  барилга байшин босохоос  урьдчилан сэргийлэхээс гадна Хөвсгөл нуурын эрэг орчмыг хамгаалах боломжтой. Энэ ажил маань нэлээн урагштай явж байгаа. Дөрөвдүгээр сарын сүүл гэхэд энэ бүсчлэл батлагдчих байх гэсэн хүлээлттэй байна. Тэгсэн тохиолдолд нуурын эргээ, гурван арлаа хамгаална гэсэн үг.  Хуультайгаа нийцүүлээд хамгаалах  боломжтой гарц нь энэ.

Хатгал сум, Ханх тосгоны эдэлбэр газар бас энэ бүсэд орох уу?

Ханх, Хатгал хоёр суурин газар нь Тусгай хамгаалалттай газрын орчны бүсэд байдаг. Энэ хоёр суурингийн газрыг 2010 онд Тусгай хамгаалалтаас гаргачихсан. Харин бидний нүдэн дээр харагдаж байгаа энэ амралтын газруудын ихэнх нь нуурын эргээс 50м дотор, бүр усны онцгой хамгаалалтын бүс дотор байх жишээтэй. Усны тухай хуулиар аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчид нуурын эргээс 100-200м-ийн гадагш байх ёстой. Гэтэл энд 200м дотор суурьшсан  нийт жуулчны баазуудын 10 хувь нь л тусгай хамгаалалттай газар дээр, 90 хувь нь Хатгал, Ханхын эдэлбэр газарт багтах усны онцгой хамгаалалтын бүсэд байна. Тэгэхээр төр бодлогоор цэгцэлж байж үр дүнд хүрэх байх. Нуурын эргийн онцгой бүсээ тогтоогоод, онцгой хамгаалалтын бүс дотор  хуулийн дагуу ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг 5 жилийн гэрээ нь дуусахад гадагш гаргах  байдлаар зохицуулж болох юм.  Гэхдээ маш олон эрсдэлтэй тулах учраас аймаг, орон нутаг БОАЖЯ-тай хамтарч хуульд нийцүүлж ажил зохион байгуулж ажиллаж байж  үр дүнд хүрэх болов уу. Энэ асуудлыг шийдвэрлэхэд ганц хүн, ганц байгууллага яваад амжилт олохгүй. Мөн Хөвсгөл нуурын хамгаалалтыг сайжруулах, нуурын усыг бохирдлоос сэргийлэхэд энэ хоёр суурингийн эдэлбэр газраас нуурын эргийн 200 метрийг тусгай хамгаалалтанд оруулах шаардлага гарч байна.

ХАТГАЛЫН НЭВТРЭХ ЦЭГЭЭР 10 МЯНГАН ЖУУЛЧИН ОРЖ ИРДЭГ Ч ТЭДНИЙ 3500 НЬ Л УНТАХ АМРАХ ГАЗАРТАЙ ҮЛДСЭН НЬ...

Сүүлийн үед Хөвсгөл далайг зорих зочид хэр нэмэгдэж байна?

Зундаа бид 100 гаруй мянган аялагч хүлээж авдаг. Үүнээс 10 гаруй мянга нь гадаадын аялагч.  Жил ирэх тусам жуулчид улам өсөх хандлагатай байна. Манай Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар хоногт 3500 хүнд үйлчлэх хүчин чадалтай гэр буудал, жуулчны бааз, отоглох цэгүүд бий. Гэтэл баяр наадмын амралтын үеэр зөвхөн нэг өдөрт Хатгалын нэвтрэх цэгээр 10 мянган жуулчин орж ирэх жишээтэй. Тэдний 3500 нь л унтах амрах газартай гэсэн үг. Үлдсэн амрагчид байгаль дээр амрах хэрэгтэй болно. Тэнд нь жорлон, хогийн савыг нь бэлдээгүй тул  бие засаад, хатуу шингэн хог хаягдлаа үлдээгээд явж байх жишээтэй. Гэтэл араас нь ирж байгаа жуулчид яах вэ?

Тиймээс бид ийм байдлыг хяналтандаа авахын тулд орлогоосоо тодорхой цэгүүдэд пост барина. Одоогоор 4 пост барихаар ажиллаж байна. Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтэрсэн дотоодын аялагчид 300, гадаадын аялагчид 3000 төгрөгийн хураамж төлдөг. Тэр орлого улсын төсөвт төвлөрч, зарим нь манай үйл ажиллагаанд зардал хэлбэрээр орж ирдэг.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
1:1 2018-05-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?