ТОП МОДЕЛЬ Д.ПҮРЭВСҮРЭН : “МИНИЙ НҮДЭНД ҮРЧЛЭЭ СУУТАЛ ИНЭЭЛГЭДЭГ, ЭНЭ БОЛ ЧИНИЙ НАДАД ӨГСӨН ЗҮЙЛ” ГЭЖ БИ НӨХӨРТӨӨ ХЭЛДЭГ

2018-04-19  

new photo

-Би өөрийгөө их азтай эмэгтэй гэж боддог-

Монголын үзэсгэлэнт эмэгтэйчүүдийг Д.Пүрэвсүрэнгүйгээр төсөөлөх аргагүй. Эгэл жирийн ээж, аавын эрх танхи, отгон охин болж мэндэлсэн Д.Пүрэвсүрэн хүүхэд байхаас урлагийн авьяастай, сэргэлэн, цовоо охин байв. Өсөх тусам дэлбээгээ нээх цэцэг шиг гоо үзэсгэлэнгээ цацруулж ирсэн тэрбээр өдгөө гурван сайхан үрийн ээж, халамжит хань болоод байна. Мэдээж Топ модель гэдэг өргөмжлөл нь сургуулийн урлагийн тайзнаас Монголын загварын, сайхан бүсгүйн тайзнаа хүртэл хэр өндөрлөгт хүрснийг харуулах биз. 

Намхан ултай гутал, куртик, биед эвтэйхэн даашинз, будаггүй хөөрхөн царай энэ бүхэн Пүүжээгийн өдөр тутмын төрх. Эгэл хэрнээ эгэл биш энэ бүсгүйтэй уулзах гэж хичнээн ч жилийг ардаа хийснийг мэдэхгүй. Нэг л өглөө бид кофе шопт уулзаж, ажил амьдралынх нь нэгээхэн хэсгээс хуваалцсан юм. Санасныг бодвол тун энгийн юмч гээч, бас их цоглог, дуу шуутай. 

-Энэ сайхан өдөр Монголын сор болсон үзэсгэлэнт бүсгүйтэй өглөөний кофе уунгаа ярилцах боломж олдсонд таатай байна. Ажил амьдрал буцлаад, аз жаргалтай өдрүүд үргэлжилсээр байна уу?

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Тийм ээ, ажил амьдрал буцлаад сайхан байна. Ирэх гуравдугаар сард киноны маань нээлт болно. Маш сайхан уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэхээр завгүй өдрүүд үргэлжилж байна даа. 

-Их сайхан мэдээ байна. “Ларьдма” киноны үргэлжлэл “Амьдрал” уран сайхны кино хийгдэж байгаа гэж сонссон?

-Яг “Ларьдма” киноны үргэлжлэл биш. “Ларьдма”-г хөрвүүлээд уншвал “Амьдрал” шүү дээ. Хүн бүхний амьдрал өөр өөрийн өнгө төрх, хувь төөрөгтэй. Бас л нэг амьдралын нугачаанд бүдчин, тэмцэж яваа бүсгүйн талаар энэ кинонд өгүүлсэн. Гэхдээ их сонирхолтой. 

“Ларьдма” кино маань  зохиолч Д.Төрмөнхийн зохиол.  Найруулагч нь Ж.Сэнгэдорж, жүжигчин Баттүшиг, Навчаа, Гэрэлсүх, миний бие тоглосноос гадна “Black zebra” продакшн операторын багаар  ажиллаж байлаа. Манай киноны нийт уран бүтээлчид 30-50 хүний бүрэлдэхүүнтэй, нэлээн олон кинонд ажилласан туршлагатай баг бий. Энэ удаа ч уран бүтээлчид маань бараг л хуучин бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна даа. “Амьдрал” киноны зохиолыг Д.Төрмөнх зохиолчийн охин Т.Номунзул бичиж, “Logic studio” операторын багаар ажилласан.   

-“Ларьдма” киноны үргэлжлэл, хоёрдугаар анги гэж бодож байсан, үгүй юм байна. Тэгэхээр амьдралын бас нэгэн өөр өнгийг харуулах нь ээ дээ?

-Тийм ээ. 

Би одоо ч жүжигчин болохоор суралцаж явна

-“Ларьдма” уран сайхны кино тухайн үед үзэгчдийг байлдан дагуулж чадсан. Яг л энэ дүрээр Д.Пүрэвсүрэн одоо л жинхэнэ жүжигчин болж байгаа юм байна гэж харагдсан шүү. Зарим жүжигчид маань киноны дүрдээ орохоос илүү өөрийнхөө гоё, сайхныг л харуулах гэж хичээгээд байгаа нь ажиглагддаг. Харин “Ларьдма”-гийн дүрийг ямар ч нэмэлт хачир, будаггүй, амьд жүжиглэлтээр хүргэсэн нь үзэгчдийг шуугиулсан?

-Баярлалаа. Би одоо ч жүжигчин болохоор суралцаж явна. Нийгэмд Ларьдма шиг зовж буй эмэгтэйчүүд цөөнгүй бий. Ил гаръя, хэлье, ярья гэвч хэнд хандахаа мэдэхгүй байх нь олонтаа. Амьдралын ийм хатууг заавал биеэр туулах биш, бидний уран бүтээлээс ч гэсэн үзэж, бодолтой байгаач, өөр гарах гарц юу байж болох вэ гэх мэт олон санааг агуулж уг киног хийсэн. “Ларьдма” киноны маань уран бүтээлчид, найруулагч, зохиолч нь өөрөө мундаг болохоор бүтээл маань үзэгчдийн сэтгэлд тэгтэлээ хүрсэн болов уу. 

Нөгөөтэйгүүр дүрдээ орохоос илүү өөрийгөө харуулах гэж хичээдэг хүмүүс байх нь байдаг. Энэ бүхэн цаг хугацааны шүүлтүүрээр шүүгдээд үлддэг. Урлаг өөрөө маш хатуу салбар. Авьяастай нь, хөдөлмөрлөж, хичээж байгаа нь үлдэж, бусад нь хайр найргүй хаягддаг. Мөн мэргэжлийн бус ч гэлээ үнэхээр авьяасаараа гарч ирсэн хүмүүс байна. Тухайлбал манай О.Цэнгэл. “Гоёлын даашинз”, “Боолын гэрээ” зэрэг хэд хэдэн уран сайхны кинонд бид хамтдаа дүр бүтээсэн. Авьяаслаг охин шүү дээ.

-Нээрээ тийм шүү. Авьяасаараа ялгарч үлдсэн, мэргэжлийн бус ч мэргэжлийнхнээс чадварлаг уран бүтээлчид бий. Ингэхэд Ларьдма, Пүүжээ хоёрын дунд хэр их ялгаа бий вэ?

-Асар их ялгаатай. Ларьдма дотогшоо, дуугүй, амьдралын бэрхшээлээс болоод гунигт автсан бүсгүй. Түүнийгээ бусдад ил гаргах бус ганцаараа л тэмцээд, зүтгээд байдаг. Харин миний хувьд тэс өөр. Дуу шуутай, хөгжилтэй. Амьдралыг үзэх үзэл маань гэрэл гэгээтэй, хэлье гэснээ хэлчихдэг, шулуун шударга талдаа. Бидний амьдралыг үзэх үзэл тэнгэр, газар мэт өөр гэж болно. Яг л хар, цагаан шиг. 

Гунигт тэр болгон автаад байдаггүй

-Тийм шүү. Утсаар ярихад л цоглог дуу хоолой цангинаад байдаг юм чинь?

-Харин тийм ээ. Миний байгалиас заяасан араншин. Гунигт тэр болгон автаад байдаггүй. Гуниглалаа ч тавхан хормын төдийд арилчихна. Инээж, хөхрөөд л явж байдаг хүн дээ, би. 

-Энэ сайхан, хөгжилтэй бүсгүйг “Амьдрал” кинон дээр их өөрчилсөн. И.Одончимэг гавьяат сая “Солиот эх” кинонд галзуу хүүхний дүр бүтээсэн. Харин танай “Амьдрал” киноны постероос харахад чамайг тэс өөр хүн болгосон байсан?

-Нүүр хувиргагч маань мундаг бүсгүй бий. Б.Шүрэнчимэг манай уран бүтээлүүд дээр хамтран ажиллаж, нүүр хуиргалтыг маш сайн хийдэг. Найруулагчаар ажилласан Ж.Сэнгэдорж, А.Баттүшиг нар маань аргагүй мундаг. Найруулагч мундаг байж бидний жүжиглэлт, бүтээл маань жинхэнэ амьд болдог л доо. Мөн хамтран тоглосон Болд-Эрдэнэ ах, Навчаа эгч, Мөнхтөр гээд жүжигчид маань киног үнэхээр амьдруулж чадсан. Ийм гайхалтай хүмүүстэй нэг баг болон ажиллаж, уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэх гэж байгаадаа баяртай байна. 

-Сониноос, танай гэр бүлийн хүн Ганбаяр зарим зураг авалтуудад хамтдаа явж, уран бүтээлийн зовлон, жаргалыг тань хуваалцсан гэж дуулдсан юм байна?

-Тийм ээ, манай хүн хамт явж, зарим зураг авалтыг харж байсан. Ёстой дуртайдаа л чи энэ ажлыг хийдэг байх гэсэн шүү.

Навчаа эгч их шулуухан, түс тас амар хүн

-Амархан мэргэжил гэж үгүй. Гэхдээ камерын өмнө уйлж, дуулна, янз бүр болно гэдэг бүр ч хэцүү байх. Навчаа та хоёр хэд хэдэн уран бүтээл дээр хамтарлаа. Уран бүтээл дээр их санаа нийлдэг бололтой. Амьдрал дээр ч санаа нийлнэ биз?

-Тийм ээ, бид хоёр 2002 онд намайг нэгдүгээр курст байхад анх танилцаж байлаа. Дотносож эхэлсэн нь 2009 онд “Цасан охин” уран сайхны кинонд тоглосон үе юм. Түүнээс хойш уран бүтээлийн сайхан найзууд болсон. Навчаа эгч их шулуухан, түс тас амар хүн. Амьдрал дээр ч бид бие биенээ маш сайн ойлгодог.  

-Чи ч гэсэн их түс тас амар шүү дээ?

-Тийм шүү. Нэг юм болохгүй байвал хэлж байж л санаа амардаг. 

-Энэ удаа киногоо Навчаа та хоёр продюссерлэсэн гэл үү. Баян л байна даа гэдэг байх аа?

-Үгүй ээ, энд тэндээс л мөнгө босгоно шүү дээ. Миний ч мундаг гэж юу байх вэ. Навчаа эгч л гүйсэн. Би киноныхоо 95 хувьд тоглож, оролцсон болохоор тэр болгон яваад байх зав гараагүй. Арын албандаа хамтран зүтгэсэн. Навчаа эгч маань маш туршлагатай продюссер. Апу, Траст, Скайтел компаниуд биднийг дэмиж ажилласанд баяртай байна. 

-Ямартай ч та бүхний уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье. Хувийн амьдралын тухайд аз жаргалдаа умбаад л байна уу?

-Өө, амьдрал баян, сайхан шүү дээ. Хүүхдүүдээ асарч, хүн болгоно, ажил, уран бүтээлээ хөөцөлдөнө, орой нь аз жаргалуудтайгаа өдрийнхөө хөгжилтэй, адал явдлуудаа ярина, эрхлэлдэнэ, ханиа халамжилна. Эмэгтэй хүний ажил мундах биш дээ. 

Би өөрийгөө их азтай эмэгтэй гэж боддог

-Ингэхэд Пүүжээ өөрийгөө ямар заяа төөрөгтэй бүсгүй гэж боддог вэ?

-Би өөрийгөө их азтай эмэгтэй гэж боддог. Эргээд бодоход хүүхэд байхаасаа л аливаад аз, одтой байсан юм шиг. Дийлж давашгүй хүнд хэцүү үе гэж байсангүй. Амжилтад хүрэхийн тулд өөрийгөө золиослон барин тэгтэлээ шунаж, тэмцэж байгаагүй. Аяндаа л бүх зүйл сайхан болоод явчихсан. 

-Азтай юм аа. Гэхдээ дандаа жаргасан уу гэвэл үгүй. Хүн бүхэнд өөр өөрийн гэсэн зовлон, жаргал бий. Гэсэн ч энэ бүхнийг өөдрөгөөр, эерэгээр, яг л чам шиг ийм гэгээлгээр төсөөлвөл бодлын хүч биелнэ гэж байдаг шүү дээ?

-Миний эргэн тойронд ихэвчилэн бүсгүйчүүд байдаг. Бүсгүйчүүддээ дандаа сайн, сайхан зүйл бодож бай, цоглог амьдраарай, эерэг сайхан бодлууд биелэх өдөр ирнэ гэж өөрийнхөө зүгээс хэлдэг л дээ. Би өөрөө их өөдрөг хүн. Мэдээж хүнд алдаж, онох, хэцүү үе тулгарна. Тэр бүхнээс маш хурдан гарч, сэргэж чаддаг. Уурласан ч гэсэн хэдхэн минутын дараа тайвширчихна. Миний өөрийн онцлог гэх үү дээ. Ер нь хүн хаа явсан газраа сайхан энерги түгээж явах хэрэгтэй. Унжийсан юм байхаар эргэн тойрныхонд ч гэсэн энерги нь нөлөөлнө. Тийм байхаас аль болох зайлсхийдэг дээ. 

-Уурласан ч уур нь дороо гарчихдаг хүмүүс цагаан байдаг гэнэ лээ. Пүүжээ их цагаан хүн байх?

-Амархан уурладаг. Хормын төдийд уур гарна. Эргээд ямар ч хор байхгүй. Хэлье гэснээ хэлчихдэг л хүн. Хүүхдүүдээ загнана. Хэдхэн минутын дараа харамсаад, өрөвдөнө. Орой хариад л хүүхдүүдтэйгээ орилолдож, шаагилдана. Манайх гэдэг айл хөл толгой нь мэдэгдэхгүй шахам өнөр өтгөн болсон шүү дээ. 

-Олон хүүхэдтэй айл аз жаргалтай шүү. Хүүхэд амьдралын утга учир гэдэг үнэн байгаа биз?

-Тийм шүү. Зун бол ч яах вэ, өвлийн улиралд энийгээ өмс, тэгж хувцасла гээд халууцаж, орилж чарласаар байгаад л гарцгаана. Эргээд бодоход тэр чинь л аз жаргал байгаа юм чинь. 

Миний тайвшрах, баяр баясгалантай байх шалтгаан нөхөр маань юм 

-Хүүхдүүд ч яах вэ, харин хань ижилдээ хэр уурлаж, тунидаг вэ?

-Тухайн өдөр жаахан бухимдалтай байвал орой нөхөр гаднаас ороод ирэхэд л нээх сайхан тайвширчихдаг. Тэгэхээр миний тайвшрах, баяр баясгалантай байх шалтгаан нөхөр маань юм. 

-Сайхан үг байна. Пүүжээ маань хэр халамжтай гэргий вэ. Тайзан дээр, дэлгэцнээс л Пүүжээг сайхан бүсгүй гэдгийг мэдэхээс гэртээ, хань ижил, үр хүүхэддээ хэр халамжтай эмэгтэй вэ гэдгийг манай уншигчид мэдэхгүй. Бас эр хүний хоёр дахь зүрх ходоодондоо байдаг гэдэг дээ?

-Нөхөртэйгээ суухаас өмнө том охиноо аав, ээждээ үлдээчихээд сургууль соёлоо төгсөж, “Хувьсал” продакшнд ороод хөдөө орон нутгаар тоглолт гээд л явчихдаг байлаа. Өдөр шөнөгүй бэлтгэл сургуулилт, тоглолт, “Говь” компанийн нүүр царай гээд л үргэлж зураг авалттай. Ер нь завгүй он жилүүд байсан. Тиймдээ ч манай том охиныг аав, ээж маань л өсгөсөн шүү дээ. Нөхөртэйгээ суугаад жирэмсэн болж, гэртээ амарахад “Хөөх, амралт гэдэг чинь ийм сайхан билүү. Би ямар их ажилладаг байсан юм бэ” гэж бодсон. Гэртээ сууснаас хойш янз бүрийн хоол туршиж үзэж, тэгж л гэрийн эзэгтэйн ажлаас суралцаж эхэлсэн. Тэрнээс анхнаасаа л мундаг байгаагүй ээ/инээв/. 

-Интернет орчин хөгжиж, тэр хэрээр бүсгүйчүүд маань янз бүрийн группт нэгдэн нэгнээсээ суралцах зүйл их болжээ. Тухайлбал хоол ундны асуудалд санаа зовох зүйлгүй болсон. Танай гэр бүлийн тухайд шинэ соргог хоолонд дуртай байна уу. Эсвэл уламжлалт хоолондоо гэр бүлийн хүнээ дагаад дурлах юм уу?

-Sweetkitchen-ийг би анхнаасаа дагаж, таалагдсан хоол болгоныг компьютер дээр файл үүсгээд хадгалж, туршдаг байлаа. Гэрт зочин ирэхэд тэр сангаасаа харж байгаад хоол хийж, дайлдаг юм. Харин ханийн маань тухайд уламжлалт хоолондоо дуртай. Янз бүрийн тахиа шарахаар манай нөхөр “Үүний оронд аяга лапша байвал илүү гоё байна” гэдэг юм, хөөрхөн. Уламжлалт хоолноос гадна солонгос хоолоо их иднэ. За тэгээд, загас, тахиагаа шарна даа. 

Нас явахдаа ч гол нь биш, монгол хүний мах цус, генд учир байдаг

-Ер нь манай эрчүүд уламжлалт хоолондоо их дуртай байх юм. Эр гэлтгүй бид ч гэсэн нас явах тусам цувдай, толгой шийр гээд л үндсэрхэг хоолондоо улам дурлаад байх шиг?

-Сая гадагшаа явсан чинь сайхан шөл уумаар санагдаад дэлгүүрээс өвчүү, мах, яс авч байгаад лапшагаа хийж идсэн. Хөлс урсаад үнэхээр сайхан болсон. Нас явахдаа ч гол нь биш, монгол хүний мах цус, генд учир байдаг шиг байгаа юм.

-Яг үнэн. Монгол хоол шиг бидний бие организмд тохирсон сайхан зүйл байхгүй. Ингэхэд Ганбаярын гэр бүл их зочломтгой юм шиг байна. Танайхан найзуудаараа нийлж, нэгнийхээрээ зочлох уу?

-Бид найзуудаараа их цуглах дуртай. Гадуур ч уулзана, нэгнийхээрээ ч зочилно. Баяр, тэмдэглэлт өдрүүдийг ихэвчилэн найзуудын хамт өнгөрөөнө. Зуны цагт заавал 5-6 гэр бүл нийлж, хөдөө явцгаана.  

Би охинтойгоо аль болох найз шиг харьцахыг хичээдэг

-Сайхан гэр бүл байна. Түрүүн том охиныг нь ээж, аав тань өсгөсөн гээд ярьж байсан. Г.Мөнхжин охиныхоо талаар яриач. Ээжийгээ дуурайсан сайхан охин болсон байх?

-Манай том охин удахгүй 15 нас хүрнэ. Хүүхэд томрохоороо их хөөрхөн. Заримдаа хүүхэд гэдгийг нь мартаад хэт үеийн хүн шиг харьцчих гээд байдаг. Дэндүү их хариуцлага хүлээлгэх гэх мэт. Хуучнаар бол дөнгөж долдугаар ангийн хүүхэд шүү дээ. Тэгэхэд харьцангуй том хүн шиг хариуцлага хүлээлгээд чи ингэ, тэг гээд харьцчихдаг юм шиг санагддаг. Гэхдээ би охинтойгоо аль болох найз шиг ярилцахыг хичээдэг. Миний охин хичээлээ ямар ч байсан хэлүүлтгүй хийчихнэ. Маш сайн сурагч. Бас гэртээ янз бүрийн тоорт, пичень хийж, туршиж үзэх дуртай. 

-Сайн охин юм. Ээжийн модель шинж хэр бүрдэж байна даа?

-Тэр бол яалт ч үгүй л ээж нь байгаа учраас сурдаг юм байна. Би ийм хоол идэх ёстой, үс, арьс, биеэ ингэж арчлах ёстой гэсэн гоо зүйн мэдрэмж авч өссөн гэх үү дээ. Бусад 14, 15-тай охид яадгийг мэдэхгүй юм. Манай охины хувьд үүнийг идвэл таргална, өөрийгөө ингэж арчлах ёстой гэх мэтээр өөртөө маш сайн анхаарал тавьдаг. Үсээ их гоё орооно. Маш гоё өтгөн, хар үстэй л дээ. 

Манай охин загварын талаар огт сонирхдоггүй

-Чи ч гэсэн их гоё өтгөн, хар үстэй байсан санагдана. Охиноо загвар өмсөгч болгох талаар юу бодож байна?

-Манай охин загварын талаар огт сонирхдоггүй. Харин их хөөрхөн бүжиглэдэг. Бүжиглэх дуртай. Сургуулийнхаа хүрээнд, арга хэмжээнүүдэд оролцоод явдаг юм. 

-Чи багадаа бас бүжиглэдэг охин байсан. 24 дүгээр сургуулийн бүжиглэдэг, хөөрхөн охидуудын нэг байлаа?

-Бүжиглэдэг байсан, байсан. 

-Сүүлд “Гоёлын даашинз” дээр бас бүжгийн авьяасаа харуулаад авсан?

-“Гоёлын даашинз” есөн жилийн өмнөх уран бүтээл. Би мундаг бүжиглэдэг ээ /инээв/. Тэрийг бол бардам хэлнэ. “Ододтой бүжиглэе” шоунд ч оролцож байсан. Бүжиглэх тал дээр сайн гэж боддог шүү. 

-Дуулах тал дээр?

-Дуулах тал дээр сайн биш ээ. Караокед орох дургүй. 

-Бүжиглэх авьяастай хүмүүсийг орондоо ч сайн гэдэг юм билээ?

-/Инээв/. Тэр талаар ёстой бодож байгаагүй юм байна. Мэдэхгүй байна аа. 

“Миний нүдэнд үрчлээ суутал инээлгэдэг, энэ бол чиний надад өгсөн зүйл” гэж би нөхөртөө хэлдэг

-Пүүжээ тэгвэл хэр романтик эмэгтэй вэ?

-Учиргүй лаа асаагаад, хундага дарс амсаад байх тийм романтик биш ээ. Ер нь романтик хүмүүсийн дэргэд тааруухан шүү. 

-Романтик биш ч гэлээ их хөгжилтэй байх. Чиний байгаа байдал, дуу хоолой, эрч хүчээс харахад их л хөгжилтэй санагдах юм?

-Тэр тал дээр бол гайгүй шүү. Аль болох л баяр баясгалантай байх юмсан гэж хичээдэг. Би яах вэ, манай нөхөр их хөгжилтэй. Намайг үргэлж инээлгэдэг. “Миний нүдэнд үрчлээ байгаагүй. Чамтай сууснаас хойш үрчлээ гарч ирлээ. Чи намайг тэгж их инээлгэдэг. Энэ бол чиний надад өгсөн зүйл” гэж би нөхөртөө хэлдэг юм. Их шооч, хүн явуулахдаа сайн. Би нөхөртэйгээ байхдаа инээгээд л байж байдаг хүн. 

-Тэр чинь л аз жаргал шүү дээ. Зав чөлөө гарвал хүүхдүүдтэйгээ хөгжилдөж, цагийг өнгөрөөнө биз. Хүүхэд шуугисан их өргөөний үзэд шүү дээ, та хоёр?

-Ажлын өдрүүдэд ажлаа хийж, амралтын өдрийг хүүхдүүд, гэр бүлдээ л зарцуулдаг. Гэртээ эсвэл лагер руугаа хотоос гарч амардаг. Ихэвчилэн найзуудтайгаа амралтаа өнгөрөөх дуртай. Хүүхдүүд хүүхдүүдтэйгээ тоглож, бид найзуудтайгаа ярьж хөөрнө. 

Охидууд маань ерөөсөө л аав амьтай, бага охин маань би аавынхаа гэдэснээс гарсан гээд л зүүгдчихнэ

-Пүүжээ маань хоёр охинтой. Хүүтэй болох ямар санагдав. Эрэгтэй хүүхэд охидоос тэс өөр ертөнц байгаа биз?

-Манай хоёр том маань охин. Бага маань хүү. Яалт ч үгүй хүйсийнхээ ялгаагаар эсрэг хүйстэндээ илүү хайртай болдог юм байна. Охидууд маань ерөөсөө л аав гэнэ. Бага охин маань би аавынхаа гэдэснээс гарсан гээд зүүгдчихнэ. Хүү бол цаанаасаа ээж амьтай. Хүү охидоос илүү нялцанхай байдаг юм шиг санагдсан. Нялцганаад л ээж гээд наалдчихна шүү дээ /инээв/. 

-Гурван хүүхэдтэй эмэгтэйг “тэнэг” гэж орчин үед хэлдэг болсон шүү дээ. Нэгэнт л гурвыг гаргасан юм чинь дөрөв дэхийг нь төрүүлж, “Алдарт эх”-ийн одон авна биз дээ?

-Дахиад хүүхэд төрүүлэх төлөвлөгөө бий. Нэгэнт гурав болгосон юм чинь дөрөв болгоно доо. 

-Хүйсийн хувьд эрэгтэй юу, эмэгтэй нь төлөвлөгөөнд байна уу?

-Бидний хувьд хүү, охин аль нь ч хамаагүй ээ. Би хүйсийг төлөвлөдөггүй. Тэгээд ч календариас харахад миний гурван хүүхдийн хүйс нь дандаа зөрдөг. Тухайн үеийн бурханы өгсөн бэлгийг голохгүй авна аа. 

Олуулаа өссөн хүн бусдыг хайрлах, энэрэх, юмаа хуваалцах сэтгэлтэй, аминч үзэл багатай байдаг

-Пүүжээ өөрөө хоёр ах, хоёр эгчтэй, айлын бага охин. Олуулаа байхын жаргал, зовлонг амссан л хүн шүү дээ?

-Тийм ээ. Олон хүүхэдтэй байх сайхан. Олуулаа өссөн хүн бусдыг хайрлах, энэрэх, юмаа хуваалцах сэтгэлтэй, аминч үзэл багатай гэж үздэг. Манай нөхрийн тал ч олуулаа, миний тал ч олуулаа. 

-Нээрээ, зөв үзэл санаа байна шүү. Сүүлийн үед манай залуу гэр бүлүүд олон хүүхэдтэй болохыг эрмэлздэг болжээ?

-Олон хүүхэдтэй байлаа гээд амьдралын боломж тааруу ч гэсэн өлсгөөд алчихгүй нь тодорхой. Яаж ийгээд л хүн болгоно шүү дээ. Тийм болохоор олон хүүхэдтэй байх сайхан. 

-Пүүжээ маань биеэ яаж ийм сайхан авч явдаг юм бэ. Гурвын гурван хүүхэд төрүүлчихээд гунхсан сайхнаараа байгаа нь гоё юм аа?

-Гэртээ суудаг ээж нарт хандаж нэг зүйл хэлмээр санагддаг юм. Би өөрөө ч гэсэн гэртээ суудаг байхдаа бас л нэг юмнаас хоцрох гээд байгаа мэт давчиддаг байлаа. Юунаас ч хоцрох гээд байгаа юм, бүү мэд. Одоо эргээд харахад хүүхдийн хөөрхөн үе асар богинохон. Ялангуяа эхний нэг жилд толгойгоо даана, эргэж хөрвөөнө, мөлхөнө, дэгэнцэж догонцож алхана. Хоёр нас хүртэлээ шулганаж ярина. Тийм хөөрхөн үеийг нь үзэхгүй ажилдаа орчихвол маш харамсалтай. Нандин үе нь дэндүү богинохон. Тиймээс хүүхдийнхээ нандин үед ээж нь хажууд нь байж сайхан энерги авч, аз жаргалыг мэдрэх хэрэгтэй. Харж байгаа хүн харах өөр, төрүүлсэн ээж нь хүүхдээ элгэндээ тэвэрч, энхрийлэх тэнгэр, газар мэт ялгаатай шүү дээ. Нийгэм бол хүлээж л байдаг. Хоёр, гурван жилийн дараа ч бай ажилдаа ороход буцаад л нийгэмтэйгээ нийлээд явчихдаг, юунаас ч хоцрохгүй. Үүнийг л ээж нартаа хэлмээр санагддаг юм. 

Нэг төрөх өөр, хоёр төрөх өөр, гурав төрөхөд жинхэнэ сапирна гэдэг нь болдог

-Яг үнэн. Тэгвэл физиологийн хувьд ээж нар маань биеэ хэрхэн авч явах ёстой юм бол оо?

-Энэ тухайд эмэгтэй хүн төрөхөд төрөөгүйгээсээ маш их юмыг алддаг гэдгийг ойлгосон. Нэг төрөх өөр, хоёр төрөх өөр, гурав төрөхөд жинхэнэ сапирна гэдэг нь болдог /инээв/. Яаж ч хичээгээд өмнөхөө гүйцдэггүй. Өөртөө үл итгэх байдал үүсэхээр гутарч эхэлдэг. Би чинь хоёр дахь охиноо төрүүлчихээд 4, 5 сартайд нь “Торго” шоунд оролцож байсан. Дараа нь хүүгээ төрүүлээд байхад “Пүүжээ Торгодоо орох уу” гэхэд би юун Торго манатай, формдоо орж чадахгүй байлаа. Зурагтаар “Торго”-ыг үзээд би энэнд оролцох ёстой байсан шүү дээ гээд л уйлж суусан. Тэгэхээр төрөлт гэдэг эмэгтэй хүнд их зүйлийг өгдөг ч маш их зүйлийг бас авдаг. Мянга хичээгээд болохгүй юм гэж байна. Мөн төрөлт хоорондын зай гурван жил гэж манай монголчууд ярьдаг. Тэр бас их учиртай. Төрсний дараа эхний нэг, хоёр жил хичнээн хичээгээд болохгүй. Харин хүүхэд гурван нас хүрэхэд өөрийн эрхгүй эрч хүч амтагдаад, хуучны мэдрэмжээ мэдэрч, бие маань сэргэж эхэлсэн. Эргэж сэргэхэд, өөртөө итгэлтэй болоход хугацаа хэрэгтэй. Төрөөд л маргааш нь буцаад хэвэндээ орчих юм шиг санагдаж, татуургаа зүүгээд толины өмнө эргэлдэнэ. Гэвч цаг хугацаа нь болоогүй болохоор хичнээн хичээгээд нэмэргүй. Хугацаа л хэрэгтэй. Энэ үед нөхрүүд сайн ойлгож, хажуунаас нь дэмжиж өгөөсэй гэж боддог. Зарим залуус эхнэрээ гоочилдог гэж сонсогддог. Гэргий нь дөнгөж төрчихөөд байхад бүдүүн энэ тэр гээд байвал хэцүү шүү дээ. 

-Пүүжээ маань хэдий залуу ээж ч гэлээ туршлага арвинтай болжээ. Хоёр багыгаа өөрөө гардаж өсгөсөн үү?

-Эгчтэйгээ хамт өсгөсөн. Яагаад гэвэл би иогадаа явдаг байсан. Олуулаа байхын жаргал чинь бас энэ шүү дээ. Хүүхдээ би өөр хүнээр харуулахыг хүсээгүй. Миний хүүхдүүдийг хараад өгөх эгчтэй байна гэдэг хичнээн сайхан. Ээж, аав маань нас өндөр болсон учраас эгч маань надад тусалдаг юм. Хэрвээ би ганцаараа байсан бол гадны хүн хөлслөөд ч гэсэн хажуудаа авчирна шүү дээ. Одоо би гарсан ч, орсон ч ажлаа 100 хувь сэтгэл амар амжуулж чадаж байна. 

Иога бол хүч, сунгалт, уян хатан, тэнцвэр гэсэн зүйлс дээр тулгуурлаж хийдэг, бие болон сэтгэлийн амар амгаланг олдог зүйл

-Биеэ ийм сайхан авч яваа нь бас иогатай холбоотой байх?

-Би иогаар хичээллээд таван жил болох гэж байна. Дундыгаа төрүүлчихээд Зайсангийн ойролцоо иогад анх хичээллэсэн. Эндээс иогийн гайхамшигийг мэдэрсэн. Иога бол хүч, сунгалт, уян хатан, тэнцвэр гэсэн зүйлс дээр тулгуурлаж хийдэг, бие болон сэтгэлийн амар амгаланг олдог зүйл. Үнэхээр гайхалтай. Бүсгүйчүүд маань иогаар хичээллэх хэрэгтэй. 

-Өөрийн тань хувьд угаасаа ийм уян хатан байв уу. Иогаар хичээллээд ийм болов уу. Нугараад л байх юм билээ?

-Бүжиглэдэг байсан болохоор эвсэл бол байсан. Гэхдээ иогаар хичээллээд илүү мундаг болсон. 

-Одоо “Нараа” иогод багшилдаг байх аа?

-Би хоёр жилийн өмнө багшийн курст суугаад иогад багшлах эрхээ олж авсан. Одоо “Нараа” иогад багшилдаг. Иогаар хичээллэснээр хүн дархлаагаа дэмжинэ, бүх булчин шөрмөс, ажилладаггүй булчингуудыг ажиллуулна, дотоод эрхтэнүүд ажиллах ёстой хүчин чадлаараа ажиллана. Тэгэхээр хүн дотроосоо эрүүл болж, гэрэлтэнэ гэсэн үг. Улам л гоё болно. Учиргүй булчин шөрмөслөг болохгүй, зөв галбиртай болно. Гаран дээр ачаалал өгдөг болохоор ядаж л авгай мах суухгүй. Төрсний дараа би 75 кг жинтэй болж, биеэ даахгүй чичирдэг байсан бол 6, 7 сарын дараа бие хөнгөрөөд гоё болсон. Суларсан махнууд чангарч, тэр хэрээр обьёмоороо багасч эхэлсэн. 

-Харин хүнсэндээ хэр анхаарал тавьдаг вэ. Ямар байдлаар хоол ундаа зохицуулдаг юм бэ?

-Мэдээж төмс, манжин, луувангаа хэрэглэнэ. Мөн авакадо, бууцай, спинач түлхүү хэрэглэдэг. Жимс гэвэл манайд хэцүү. Тиймээс зундаа жимсийг хүнсэндээ нэмж, өвөл алимнаас өөр зүйл хэрэглэдэггүй. Ер нь бол ногоо түлхүү хэрэглэхийг хичээдэг. Гэхдээ монгол хоолоо ихэвчилэн иднэ дээ. Тэр тусмаа өрөм, шар тос, хайлмаг их хэрэглэнэ. Шар тосыг зөв хэрэглэвэл таргалуулдаггүй, харин ч турахад нөлөө үзүүлнэ. Би мацаг барихдаа шар тосыг хэрэглэдэг. 

-Шар тосыг яаж хэрэглэдэг гэж?

-Шар тостой цай, шар тостой будаа иднэ. Хүмүүс ногооны жүүс их уудаг. Шар тосыг хэрэглэхгүй болохоор цаанаасаа тос даасан байдал нь алдагддаг. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг шар тосоор идэвхижүүлдэг шүү дээ. Монголчууд шар тосыг их хэрэглэдэг байсан нь учиртай. Өвөл, зуны цагт ялгаагүй шар тосыг хэрэглэх хэрэгтэй. Та нар хайлмаг идээд үзээрэй, өтгөн сайн гардаг юм. Би өөрөө хайлмаг хийнэ. Хайлмаг, шар тосыг их хэрэглэнэ дээ. 

-Хоолны цагийн хуваарийн тухайд?

-Би 1-5 дахь өдөр хүртэл өдөр хоол иддэг. Орой хоол иддэггүй. Хагас, бүтэнсайнд гэр бүлийн өдөр учраас хэн сайн идэх вэ тэмцээнд нэгдүгээр байранд орно шүү дээ /инээв/. 

Ажлын өдрүүдэд өглөөний цайгаа 8.30-д ууна. Өдрийн хоолоо 12-13 цагийн хооронд иднэ. Орой хөнгөн юм иднэ. Аль болох идэхгүйг хичээнэ дээ. Хүн бусдыг дуурайх биш, өөрийнхөө биеийг сайн чагнах хэрэгтэй. 

 

Хүн өөрөөрөө хөгширвөл гоё, 40, 50 настай гэчихээд үрчлээсгүй байвал сонин

 

-Сайхан зөвлөгөө өгсөнд баярлалаа. Ярилцлагын энэ хэсгээс бүсгүйчүүд маань санаа авах байх. Харин гоо сайхандаа хэрхэн зав гаргаж чадаж байна вэ. Хүний нүүр дотор эрхтэний толь гэдэг шүү дээ?

-Долоо хоногтоо 1-2 удаа сальфетикан маск тавьдаг. Жилд гурван сар дараалж салон дээр очиж арьсаа гуужуулдаг. Өөр ч нэг их юм хэрэглэдэггүй. Арьс үрчлээтэх, хөгшрөх тал дээр би санаа зовдоггүй. Ер нь ч хүн өөрөөрөө хөгширвөл гоё санагддаг. 40, 50 настай гэчихээд үрчлээсгүй байвал сонин. Хүн өөрөөрөө байх л сайхан. 

-Гэхдээ танай гэрийн эмэгтэйчүүд оворгүй хүмүүс байдаг юм билээ. Тэгэхээр Пүүжээ хөгшрөх тал дээр санаа зоволтгүй. Одоо ч гэсэн 25-тай юм шиг л гялалзаж байна?

-Өө, баярлалаа. Манай гэрийн эмэгтэйчүүд овор багатай шүү. Ээж, эгч нараа харахад бүгд л наснаасаа залуу харагддаг. 

-Гоо сайхны хагалгааны талаар ямар бодолтой явдаг вэ?

-Гоо сайхны хагалгааг би хувьдаа дэмждэг. Ганц л амьдарна. Үнэхээр гоё, өөртөө итгэлтэй болж байвал хийлгэх л хэрэгтэй.

 

Шүдээ янзлуулсандаа би 100 хувь сэтгэл хангалуун явдаг

 

-Өөрөө холливуд смайл хийлгэсэн байх аа?

-Шүдээ янзлуулсан, янзлуулсан. Олны нүдэн дээр амьдардаггүй ч гэсэн ам дүүрэн шүдтэй, сайхан инээд алдаад явж байхад өөртөө итгэлтэй, сайхан шүү дээ. Шүдээ янзлуулсандаа би 100 хувь сэтгэл хангалуун явдаг. 

-Жирийн үедээ нүүрээ ер нь буддаггүй юм аа даа. Их л энгийн явж байхыг нь олон удаа харлаа?

-Будна гэдэг залхуу хүнд хүндхэн ажил шүү дээ. Ер нь будахаас залхуурна. Өөрийгөө сайн ч будаж чаддаггүй. Чухал шаардлагатай үед make up artist-уудаар будуулчихдаг. Өдөр тутамдаа буддаггүй. Угаасаа иога хийхээр хөлс их гарч, будаг бүх арьсны нүх сүв рүү ордог учраас буддаггүй юм. 

Харьцангуй загварын тайзаа санаж, үгүйлэхээ больсон

-Ингэхэд Пүүжээгээ загварын тайзнаа харахгүй уджээ. Гоёл наадам, эсвэл өөр ямар нэг загварын шоу болохоор уралдаанд орох гэж байгаа морь шиг өөрийгөө сойдог уу?

-Ид өмсөж байхдаа яалт ч үгүй өөрийгөө сойдог байлаа. Манай ээж уралдаанд өөрийгөө сойж байгаа морь шиг гээд л намайг шоолно. Хоолоо сойгоод л, биеэ бэлдэнэ. Сингад сурдаг байхдаа би бүр “Гоёл”-д зорьж ирж алхчихаад буцаж байлаа. Дөхөөд ирэхээр яалт ч үгүй догдолно. Одоо бол амьдралын зорилго маань өөр. Урьд нь сайн модель, сайн жүжигчин болно гэдэг байсан бол гэр бүл, үр хүүхэдтэй болсон гэдэг утгаараа жүжигчнийхээ мэргэжлийг түлхүү хөөнө гэж боддог болсон. Харьцангуй загварын тайзаа санаж, үгүйлэхээ больсон гэх үү дээ. Харин гоё загварын шоуг үзэх дуртай. 

Э.Одгэрэл эгч шиг 50 насандаа тийм гайхалтай байна гэдэгт эргэлзэж байна

-Загвар гэснээс өөрийг тань Э.Одгэрэлийн араас цахиур хагалах бүсгүй гэж ярьдаг. Мөнхийн залуу Э.Одгэрэл шиг мөнхөд бусдын анхаарлыг татсан сайхан бүсгүй гэж олон нийт үнэлсэн байдаг шүү?

-Тэгж үнэлж байгаад баярлаж байна. Э.Одгэрэл эгч бол үнэхээр гайхалтай. Би лав Э.Одгэрэл эгч шиг 50 насандаа тийм гайхалтай байна гэдэгт эргэлзэж байна. Яагаад гэвэл би дахиад төрнө. Төрөлт гэдэг бол эмэгтэй хүнийг дардаг хүчин зүйлүүдийн нэг. Мэдээж нөхөн сэргээлтийг маш сайн хийх гэж хичээнэ. 

-Пүүжээтэй тааралдах болгонд их энгийн хувцасласан байх юм. Пүүз, иртүүз өмсөөд л гүйж байгаа харагдах. Өндөр өсгийт, гоёлын даашинзаас аль болох татгалздаг юм аа даа?

-Би өөрийгөө нэг их фешион гэж боддоггүй. Хэрэгцээтэй юмаа л цэвэрхэн өмсөхийг хичээдэг. Нэг фешионд зориулаад цүнх, гутал хосоор нь авах гэдэггүй. Надад байвал байгаа юмаа л өмсдөг. Гадна төрхөндөө анхаараад байдаггүй. Залуу ч байна. Магадгүй 10 жилийн дараа 40 насандаа үнэтэй брэнд, үнэт эдлэл сонирхдог болсон байхыг үгүйсгэхгүй л дээ.

 Тэр брэнд гэдэг нь шууд харагддаг хувцас, эдлэлээс зайлсхийдэг

-Зөв л бодолтой юм. Гэхдээ л чамайг тансаг эдлэл, үнэтэй гутал, цүнхээр гоёдог л гэж хардаг даа?

-Миний үнэтэй авч байгаа зүйл энгийн байж магадгүй л дээ. Лого, тэр брэнд гэдэг нь шууд харагддаг зүйлээс аль болох зайлсхийдэг. Даруухан байхыг хичээдэг гэх үү дээ. 

-Ер нь ямар брэнд хэрэглэдэг вэ?

-Үнэ дагаад чанар гэдэг шиг хэдэн жилийн дараа ч тухайн брэнд хэвээрээ байж л байна. Одоо бол миний шүүгээнд иогын хувцас их байна. Би иогынхаа хувцсаар гангардаг. Биед их эвтэйхэн. 

-Нөхрөө яаж гоёж байна?

-Гоёно гэхэд хаашаа юм. Манай хүн улс төр юм уу, албаны хүн биш учраас учиргүй өдөр болгон костъюм пиджак өмсдөггүй. Гэхдээ хааяа костъюм пиджак өмсөхөд нь би өөрийн эрхгүй дуу алддаг. Нөхөр маань мөн л биед эвтэйхэн, энгийн хувцаслах дуртай. 

-Одоо цагаан сар болох гэж байна. Бас зун наадам гээд л болдог. Та хоёр үндэсний хувцсаараа ижилсдэг үү. Энэ тал дээр хэр ач холбогдол өгдөг вэ?

-Бид бусад гэр бүл шиг учиргүй дээл хувцсаар ижилсээд байдаггүй. Тоодоггүй. Яваандаа энэ бодол өөрчлөгдөж магадгүй л дээ. Ер нь манай нөхөр гайхалтай мэдрэмжтэй хүн. Бид хоёр явж байгаад нөхөр маань сонголт хийхэд үнэхээр л мэдрэмж нь зөв байдаг. 

Нөхөр бид хоёрын тухайд тусдаа данс гэж байдаггүй

-Аргагүй л загвар өмсөгчийн нөхөр мөн шүү. Пүүжээгээс нэг зүйл асууя гэж толгойд гэнэт орж ирлээ. Баян хүн гэж ямар хүнийг хэлэх вэ. Мэдээж ажил хийж байгаа юм чинь Пүүжээ ашиг орлоготой л байж таарна?

-Баян гэдэг нь олон утгатай байх. Миний хувьд хоёр талын аав, ээжүүд маань байна, ах дүүс маань байна, үр хүүхэд маань эрүүл саруул байна, сайхан найз нөхөд маань байна, ажил хөдөлмөртэй байна, таалагдсан юмаа авч чадаж байна, дутагдаж, гачигдсан зүйл алга, иймдээ ч би өөрийгөө баян хүн гэж боддог. 

Аан, ашиг орлогын тухайд би мэргэжлээрээ ч, фото моделиороо ч, иогаараа ч мөнгө олдог. Нөхөр бид хоёрт тусдаа данс гэж байдаггүй. Ийм л айл даа. 

-Санхүүгийн эрх чөлөөгөө олсон учраас мөнгөний төлөө унаж, тусан шунадаггүй гэж ойлгож болох уу?

-Тэгж хэлж болно оо.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Шинэ уран бүтээлд нь амжилт хүсье.    

 

 

С.БЭЛЭГМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?