"ШАГЖАМУНИ" БУРХАНЫ ГАРАЛ ҮҮСЭЛ

2018-05-25  

1. Шаагя хааны овог буюу Шаагя тоолол

Энэ галавын эхэнд хүмүүс овог овгоор нийлэн амьдрах болсон тул тэдэнд удирдагч хэрэгтэй болж ирэв. Иймээс бүгдээрээ нийлэн нэгэн зохих хүнийг өөрсдийнхөө удирдагчаар сонгож, түүнийгээ “Махаасаммата” (олноо өргөмжлөгдсөн хаан) гэх болжээ. Энэхүү Махаасаммата овгоос нэгэн Игчвааку нэрт сүр жавхлант хаан төржээ. Нар мэт сүр жавхлантай учир түүний овгийнхныг “Сууряаванший” буюу “Наран овогт” гэх болов. 

Игчвааку эзэн хааны их хатан Бхактаа таван хүү, дөрвөн охин төрүүлжээ. Их хатан Бхактаа таалал болсонд эзэн хаан нэгэн залуу бүсгүйтэй хуримлаж, их хатнаар өргөмжилжээ. Хатан өөрийн хүүгээ хаанаар өргөмжлөхийг тулган шаардсанд хуял тачаалын эрхэнд автсан хаан тэр үед зөвшөөрсөн авч, хойно ихэд гэмшжээ. Тэрбээр их хатныхаа хүүхдүүдийг улсын хил хязгаараас хол амьдрахыг тушаагаад, намайг таалал төгсөхүйд эргэн ирж хаан ширээг булаан аваарай хэмээн зөвлөв. 

Их хатны хүүхдүүд эцгийн тушаалыг дуртайяа хүлээн зөвшөөрчээ. Харин эцгээ таалал болох үед өөрсдийн эцэг нэгт дүүгийнхээ хаант төрийг булаах явдал тэдэнд огт таалагдаагүй тул өөрсдийн эр зориг хүчин чадлаараа тусдаа хаант улс байгуулахаар шийджээ. Тэд Хималайн ууланд очин Капиламунигийн аглагт амьдарч эхлэв. Тэнд л Капилавасту нийслэлийг байгуулж, шинэ хаант улсынхаа шавыг тавьжээ. Ийм бахдам чадварынхаа улмаас тэд Шаагя гэгдэх болов. Тэр үеийн цус ариунаар хадгалах уламжлалын дагуу дөрвөн хүү, дөрвөн охин хоорондоо гэрлэжээ. 

Прияа нэрт хамгийн том эгч нь Ваараанасигийн тэр үеийн хаан Рааматай хуримлав. Тэрбээр Капилавасту хотын ойролцоо Колияа хаант улсыг үндэслэн байгуулж, нийслэлийг нь Девадаха хэмээн нэрийдлээ. Энэхүү хоёр хааны удмынхан өөрсдийн ариун цусаараа ихэд бахархдаг байв. Иймээс бусад удамтай хуримлан цус холилдох вий гэхээс айн олон үеийн турш Колияа болон Шаагяагийнхан хоорондоо хуримласаар ирсэн түүхтэй. Одоогийн өмнөд Энэтхэгт ах дүү нар хоорондоо хуримладаг ёс тэр үеэс эхтэй. 

Шаагя хааны омогт Жаяасена нэрт сүр жавхлант хаан төржээ. Түүнд Синхахану гэдэг хөвгүүн, Яшодхараа нэртэй нэгэн охин байжээ. Харин  Колияагийн хаан Девадаха Анжана нэрт хөвгүүнтэй, Каатяаени нэрт охинтой байв. Девадахагийн хөвгүүн Анжана, Жаяасенагийн охин Яшодхаратай хуримлаж, Жаяасенагийн хөвгүүн Синхахану, Девадахын охин Каатяаенитэй ураг холбожээ. Анжана болон Синхахану хоёул Жаяасена мэт сүр жавхлантай хаад болцгоов.  Тэдний төрийн санваарт хувраг нь одон зурхай болон биеийн шинж тэмдгийн шастир нугуудад мэргэн, найман самаадхиг төгс эзэмшсэн, олон төрлийн ид шид төгс Асита арш байлаа. 

Тэр үед эртний Шаагя тоололтой байсан бөгөөд түүний 8647 жил төгсөхөд Колияагийн их хаан Анжана төрийн санваарт хувраг Асита арш лугаа зөвшилцсөнөөр уг тооллыг зогсоож, нэгэн сайн өдөр шинэ их Шаагя тооллыг эхлүүлэв. Зарим сударт түүнийг Анжана тоолол ч гэх нь бий.  

Энэ тооллын 10 дахь жилийн зуны эхэн сарын шинийн 15-ны зургаа дахь өдөр Их хаан Синхаханугийн их хатан Каатяаени Шуддходан хөвгүүнийг төрүүлжээ. Түүнээс мөн  Дхотодан, Шаккодан, Шуккодан, Амтодан нэрт  дөрвөн  хүү  Амитаа болон Памитаа хэмээх хоёр охин мэндэлжээ. Их Шаагя тооллын 12 дахь онд Колияагийн хаан Анжанагийн хатан Яшодхараа бээр Махамааяа нэрт охиныг төрүүлж, түүний дараа тэднийд  Пражаавати нэрт нэгэн охин болон Дандапаани болон Суппабуддха нэрт хоёр хөвгүүн мэндлэв. 

Шуддходан Колияа хааны том гүнж Махамаяа болон түүний дүү Пражааватитай хуримлаж, Суппабуддха Шаагя хааны гүнж Амитатай гэрлэлээ.  

Их хатан Махамааяа Шаагя тооллын 67 дугаар оны зуны адаг сарын шинийн 15-ны дөрөв дэх өдөр хөл хүнд болж, Шаагя тооллын 68 дугаар оны зуны эхэн сарын шинийн 15-ны тав дахь өдөр Сиддхаарта Гоутам мэндэлжээ. Хан хөвгүүн мэндэлсний долоо дахь өдөр Махамааяа хатан таалал болж, хөл хүнд Пражааватий Нанда нэрт хүү төрүүлсэн бөгөөд түүнийгээ асрагчид өгөөд, Сиддхаартад өөрийн сүүг хөхүүлэн асрах үүрэг хүлээв. Хоёр жилийн дараа Пражааватий Готамий Нанда нэрт нэгэн охин төрүүлжээ. Колияа Суппабуддхагийн Амитаагаас Яшодхараа нэрт охин, Девадатта нэрт хүү мэндэлжээ. 

Шаагя тооллын 84 дүгээр онд Сиддхаарта Яшодхаратай хуримлаж, Шаагя тооллын 97 дугаар оны зуны эхэн сарын шинийн 15-ны нэг дэх өдөр Сиддхаарта гэрээс гарч тойн болов.

Шаагя тооллын 103 дугаар оны зуны эхэн сарын шинийн 15-ны гурав дахь өдөр Бурханы хутгийг олон гэгээрч, Шаагя  тооллын 148 дугаар оны зуны эхэн сарын шинийн 15-ны хоёр дахь өдөр нирваан дүрийг үзүүлэв. Таван хоногийн дараа түүний шарилыг чандарлан, 25 хоногийн дараа дөрөвдэх өдөр чандарыг хуваан тараах үйлийг гүйцэтгэжээ. 

Шаагя омгийнхон тэр даяарт  Бурханы нандин чанар бүрхэж, ертөнцийн багш болсны улмаас түүний нөлөө дэлхий даяар түгэн тархлаа. Иймээс 148 жилийн дараа Шаагя тоолол аяндаа зогсч, түүний оронд Бурханы тоолол (Буддха тоолол) эхэлсэн билээ. 

 

Үргэлжлэл бий...

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?