Б.НЭМЭХБААТАР: АВИЛГАЧДЫГ МАХАН ТЭЖЭЭЛТЭН БА ӨВСӨН ТЭЖЭЭЛТЭН ГЭЖ ХОЁР АНГИЛДАГ

2018-05-28  
Монголын анхны олон нийтийн цахим телевиз болох Control TV–ийн “Контрол КОММЕНТАТОР” нэвтрүүлгийн ээлжит ярилцлагыг уншигч танд хүргэж байна. Эл дугаарт соёлын гавьяат зүтгэлтэн тус нэвтрүүлгийн хөтлөгч Ц. Энхбат, Монгол улсын гавъяат барилгачин, “Заг” компаний үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Б.Нэмэхбаатартай ярилцлаа.
 
 
-Таны ажил төрөл тавлаг уу. Үйлс бүтээл өндөр үү? Ажил төрөл тавлаг, үйлс бүтээл өндөр. Та сайхан зусаж байна уу?
 
-Сайхан зусаж байна.
 
-Би өмнө нь таниас “-Барилгачдыг маш товчоор юу гэж тодорхойлдог юм бэ?” гэж асуусан. Та тун сонирхолтой хариулсан. 
 
-"Бурхан хүнийг бүтээсэн бусдыг нь барилгачид бүтээсэн” гэдэг үг бий. Миний ч үг биш. Гэхдээ л барилгачдыг оновчтой тодорхойлсон үг гэж боддог.
 
-“Заг” компани бол Монголын анхны үндэсний барилгын компани гэж би боддог.
 
-Зөвхөн барилгын компанийн хувьд ч биш, ер нь л Монголын анхны хувийн хэвшлийн компаниудын нэг. Нийгэм зах зээлд шилжиж эхэлсэн 90 онд бий болсон. 28 дахь жилдээ барилгын үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа эрхэлж байна.
 
-Улс орны хөгжил, нүүр царайг барилга, бүтээн байгуулалт тодорхойлдог. Монголд “Заг” компаниас хойш “Жигүүр Гранд”, “Эко Констракшн”, “Цаст” зэрэг барилгын олон компани түрэн гарсан. Сүүлийн үед “Хурд” гэж их яригдах боллоо?
 
-Тийм. “Хурд”,“Цаст”, “Номин”, “Эко”, “Макс” зэрэг маш олон бүтээн байгуулагч компани үйл ажиллагаагаа одоо хэр амжилттай явуулж байгаа. Энэ дашрамд хэлэхэд манай барилгын компаниуд нэгдээд “Монголын барилгын үндэсний ассоциаци” гэх  төрийн бус байгууллага байгуулсан нь нэг дэвшил юм. Барилгын салбарын хөгжлийг оновчтой, зөв зүйтэй тодорхойлох, олон улсын дэвшилтэт техник, технологийн туршлагыг нэвтрүүлэх, олон улсын стандартад ойртох, улмаар зэрэгцэх, үндэснийхээ гишүүн компаниудынхаа эрх ашгийг хамгаалж, төрийн бодлогод тусгуулах чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Монголын бүтээн байгуулалтын 80 орчим хувийг бүтээн босгодог компаниуд нэгдсэн Үндэсний Ассоциац болтлоо өргөжсөн. Төрийн зарим үүрэг функц, тухайлбал барилгын компанийн зөвшөөрлийг цуцлах, шинээр олгох эрхийг ч Ассоциац эдэлдэг болсон.
 
-Та “Монголын барилгын үндэсний ассоциаци”-ийг тэргүүлж буй билүү?
 
-Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа.
 
-Миний бодлоор төрийн байгууллагын залгамж халаа алдагдаж байгаа энэ цаг үед Ассоциац бодлогын чанартай асуудлыг өөрийн мэдэлд шилжүүлэн авсан гэдэг нь их содон сонсогдож байна. 
 
-Тийм. Монголд төрийн бус байгууллагууд тоогоо алдсан. Манай ассоциацын хувьд ТББ-уудаас ялгарах онцлогтой. Гишүүд хүчирхэг учир давуу талтай. Бид Японы JCI, ABR зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, ТББ-ын үйл ажиллагааг олон улсын стандартад ойртуулах, засаглалыг зөв зохистой хөгжүүлэх талаар хэд хэдэн төсөл хэрэгжүүлдэг. Тэгснээрээ ТББ-ын хөгжилд ч зөв жишиг, зөв засаглалын шинэ хандлагыг бий болгож эхэлсэн.
 
-Та бол барилгын салбарыг маш амжилттай хөгжүүлсэн, Монголын бүтээн байгуулалтын том төлөөлөгч. Барилгын салбар хөгжжээ. Түүнтэй маргахгүй. Тэгэхээр би тантай барилгын хөгжлийн талаар биш Монгол орны хөгжлийн талаар санал солилцъё гэж бодож байна. Монголд болсон юм байна. Гэвч сүүлийн 30-аад жилд Монголын улс төрийн намууд, Монголын удирдагчид "Гоё ганган үгтэй уриа лоозон" дэвшүүлж ирсэн. " Улс нь ч баян, иргэн нь ч баян", "Төрөө хямралаас, түмнээ ядуурлаас гаргана" гэх ч юм уу. Тэр уриа лоозон хэрэгжсэн бол Монгол улс хөгжлийн дээд цэгт хүрчихсэн байх учиртай. Гэтэл амьдрал дээр байдал урвуугаар эргэчихсэн. Монгол Улсын эдийн засаг өсөж, сайжирч байна гэж Монголын төр, засгийг барьж буй эрхмүүд мэдэгдэж ирсэн, өнөөдөр ч мэдээлсээр л байна. Тийм боловч сүүлийн 30 жилд Монголын нийгэм уруудаж байна. Нэг жишээ татахад, Г.Занданшатар сайд “Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу” гэдэг албан ёсны мэдээллийг "Хүчээ нэгтгэе" Эдийн засгийн Форумын үеэр мэдэгдсэн. Тэгэхээр гурван сая хүнтэй улсын нэг сая нь ядуу болж таарч байна. Энэ бол эмгэнэл. Тэгтэл нэг сая энэ ядуу хүн рүү гулгаж орох магадлалтай бас нэг сая хүн байгаа гэдэг дүгнэлтийг бие даасан судлаачид цухалзуулдаг. Ингээд бодохоор Монгол орны хүмүүс нь ийм ядуу байхад улс орны хөгжлийн асуудлыг ярихад их төвөгтэй санагдаад байгаа юм. Та үүнийг яаж харж байна вэ?
 
-Би бол нийгмийн асуудлыг тухайлан судалдаг ч юм уу, эсвэл дүн шинжилгээ хийдэг эдийн засагч биш л дээ. Гэхдээ иргэн хүний нүдээр, дотооддоо бизнес хийгээд амьдарч байгаа хүний хувьд улсын хөгжлийг юугаар нь тодорхойлдог юм бэ гэдгийг судалсан. Хамгийн гол нь технологийн дэвшил, өндөр байшин барилгууд, иргэдийн орлого зэргийг нэгтгэсэн амьжиргааны түвшингээр нь л тухайн улсын хөгжил дээшилж, доошилж байгааг тогтоодог юм билээ. Тэгэхээр амьжиргааны түвшин маш чухал хэмжүүр. Энэ үзүүлэлт Монголын нийгмийн эмзэг сэдэв болсон. Өссөн салбар бол бий. Хамгийн түрүүнд IT-ийн салбарыг нэрлэж болно. Мөн хүн ам, малын тоо толгой өссөн үү гэх юм бол мэдээж өссөн. Энэ бол тоон үзүүлэлтүүд. Гэтэл цаана нь агуулга, чанар гэдэг асуудал бий. Амьдралын чанар ямар байна вэ? Цөөн хэсэг нь дээшлээд, ихэнх нь доошлоод байна уу гэдэг дээр л асуудлын цөм байна гэж хардаг. Манай орны хувьд газрын хөрсөн доороо асар их баялагтай, газар дээрээ өөрөө үрждэг мал сүрэгтэй, дотоодын дайн самуун, шашны урсгалын мөргөлдөөн байхгүй, ард иргэд нь тогтвортой, асар том хоёр зах зээлийн дунд оршдог, хүмүүс нь чадвартай, мэдлэг боловсролтой атал нийт ард иргэдийн амьдралын түвшин ийм тааруухан байгаад гадныхан туйлын гайхдаг. Тэгэхээр өдий хүртэл биднийг удирдаж ирсэн төр засаг, тэднийг сонгосон иргэд бид бүгдээрээ л буруутай. Яаж энэ байдлаас гарах вэ гэхээр ахиад л бүгдээрээ ярилцаж, оношлогоог нь зөв тогтоож, хүчээ нэгтгэж байж л гарна. Сургамж авах ёстой. Гаргасан алдаагаа давтахгүй байхыг л хичээх учиртай. Гол буруутан нь төр засаг, түүнийг удирдаж буй хүмүүс, тэдний хэрэгжүүлж буй бодлого. Мөн эрх зүйн орчин, төрийн албаны зогсолтгүй халаа сэлгээ, түүнээс улбаалаад төрийн залгамж чанар алдагдаж, төрийн алба чадваргүй болсон зэргийг нэрлэж болно. Ийм нөхцөлд яах вэ гэдгээ тунгаах хэрэгтэй. Нэн тэргүүнд, Төр засаг нь ард иргэдээ сонсдог, засаглалын бүх түвшинд олон нийтийн хяналтыг тогтоож, иргэдийн оролцоотой бүх хүчээ нэгтгэж ажиллаж чадвал энэ гажуудлыг засаж, залруулж, хөгжлийн зөв зам руугаа орох байх гэж бодож байна.
 
-Тэгэхээр БНСУ-ын жишээ байна л даа. 60 жилийн өмнө л нэн ядуу улс байсан. Эрчүүд нь гадагшаа гарч, хүнд хүчир ажил эрхэлж, олсон мөнгөө эх орон луугаа илгээж, хүүхнүүд нь үсээ хүртэл хусаж хиймэл үс ( Парик) хийж, гадагшаа экспортолж, улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж байсан түүхийг номноос уншсан. Дуусашгүй, дундаршгүй далайтай л учир далайгаа сорж л амьдарч байсан гэдэг. Иргэд нь ингэж эх оронч үзлээр нэгдэж чадсан байдаг. Гэтэл Монголын нөхцөл тэс өөр. Зөвхөн дан ганц уул уурхай гэлтгүй, эдийн засгаа хөгжүүлэх зөндөө л боломж байна шүү дээ.
 
-БНСУ ерөнхийдөө дайны дараа эдийн засгаа хөгжүүлэхийн тулд экспортийг гол чиглэлээ болгож, багаасаа том аж ахуй нэгжүүд хүртэл экспортийг эрхэмлэж байсан юм билээ. Манай улсын хувьд эдийн засгаа хөгжүүлнэ, солонгоруулна гэж яриад байгаа. Яах ёстой вэ гэвэл, юуны өмнө эдийн засгийн ойрын чиг хандлагыг тогтоох хэрэгтэй. Мэдээж, хамгийн түрүүнд уул уурхайн томоохон төслүүдээ хөдөлгөж мөнгө босгох, эдийн засгаа тэлэх; Хоёрдугаарт, хөдөө аж ахуй, мал аж ахуйгаа хөгжүүлж, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох, үүнийг нь татварын ч гэдэг юм уу бүх чиглэлд нь төрийн бодлогоор дэмжих; Гуравдугаарт, аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх, тэгэхийн тулд тээвэр, дэд бүтэц зэргийг бий болгох. Манайхан хялбархан мөнгө орж ирэх аргыг сонгож, малаа, махаа экспортолж байгааг бол би тийм ч хүсэх, дэмжих зүйл биш гэж үзэж байгаа.
 
-Монголын бүх баялаг вагон вагоноор цаг тутамд гадагшилж байна. Нүүрс, алт, бусад үнэт элементүүд зэрэг газар доорх баялагууд, мөн хөрсөн дээр өөрөө үрждэг мал сүрэг маань ч хагас боловсруулсан хэлбэртэйгээр маш их хэмжээгээр урагшаа хил давж байгаад шүүмжлэлтэй хандахаас өөр аргагүй. Жишээ нь, өнгөрсөн намар Хятадын агент болсон монгол зуучлагчид амьд адууг ердөө л 100 доллар буюу 250 мянган төгрөгөөр л малчдаас худалдан авч байхыг хараад эмзэглэсэн. 
 
-Туйлын арчаагүй, харамсалтай хэрэг. Жишээ нь, үнэ гэсэнтэй харьцуулах сэдлээр өөртөө тохиолдсон нэг жижигхэн түүхийг хэлье. Машиныхаа өрөөсөн талын толийг засуулах гээд “Monnis”-оос асуухад, - Нэг сая төгрөг гэсэн хариуг өглөө сонссон. Нэг сая төгрөг гэдэг чинь дөрвөн адууны үнэтэй дүйх хэмжээний мөнгө болж таарах нь. Ердөө л өрөөсөн талын нэг толь шүү дээ. Ийм наймааг зөвшөөрч болохгүй. Ер нь бол мал аж ахуй, хөдөө аж ахуйн тухайд төр засгаас тусгай бодлого гаргах цаг болсон. Түүхий эдийг нь хагас, бүтэн боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болгох гэхчилэн нэгмөр шийдээд өгчих хэрэгтэй. Импортийн бараанд өнгөрсөн жил цементэд 20 хувийн татвар нэмсэн шиг хориг тавих, дотооддоо үйлдвэрлэж болох хүнсний ногоо, улаан буудай зэрэг өөрсдийнхөө хэрэгцээг хангаж болохуйц бүтээгдэхүүн бүрийг татварын аргаар зохицуулах хэрэгтэй. Манай улсын гол бодлого бол энэ чиглэлийн экспорт, импорт, гадаад худалдааны бодлогоор л эдийн засгаа дэмжих ёстой болов уу. Японтой чөлөөт худалдааны гэрээ байгуулсан шиг хоёр хөрштэйгөө ч гэсэн аль болох улсынхаа онцлогт тохирсон экспорт, импортын бодлогыг баримтлах хэрэгтэй. Жишээ нь БНХАУ руу ноолуураа түүхий эдээр нь өгөхгүй, хагас боловсруулсан байдлаар экспортлох, ОХУ-тай нефтийн импортийг татварын асуудлаар шийдэх хэрэгтэй болов уу.
 
-Тэгэхээр экспортийн хувьд эцсийн бүтээгдэхүүн болгоод нэмүү өртөг шингээгээд гадагш гаргах бол өөр хэрэг л дээ. Тэгэлгүй шууд малаа гаргана гэдэг бол төрийн бодлоготой бодлогогүй хэний ч хийчих ажил. Хоёрдугаарт аялал жуулчлал гэж яриад байгаа, энэ бол ерөөсөө л гаднаас мөнгө татах нэг коридор. Аялал жуулчлал нь дагасан олон бизнесийг хөгжүүлдэг онцлогтой. Утаагүй, эко үйлдвэрлэл ч гэж ярьдаг даа. Энэ бол манай Монголын хувьд гарцаагүй хөгжүүлэх салбар мөн. 
 
-Манайд бол нүүдлийн соёл иргэншил, эзгүй хээр нутгийг үзэх гэж л ирж байна шүү дээ. Жишээ нь европчууд аль эсвэл япончууд өөрсдийн түүхээ түүхийн хуудаснаас л хардаг. Гэтэл манайх хоёр гурван мянган жилийн өмнө ч байсан нүүдлийн мал аж ахуйгаа өдий хүртэл эрхэлсээр ирсэн нь том давуу тал. Энийг л гадныханд үзүүлэх, таниулах тэр чинээгээрээ жуулчдын аюулгүй байдлыг хангах зэргийг төрөөс аялал жуулчлалын стандарт тогтоох, монголчуудын найрсаг, зочломтгой байдал дээр тулгуурлан жуулчдын талаар тодорхой ойлголт өгөх сургалт зохион байгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр уриалах, гадны жуулчдыг ая тухтай, аюулгүй байлгаад өөрсдийгөө сурталчлах чиглэлийн зөөлөн дэд бүтцийг нь бий болгох хэрэгтэй. Одоогоор манайд 300-400 мянган л жуулчин ирдэг. Манайхан, малаа махаа гаргана гээд л яриад байгаа гэтэл 60-хан сая малыг хятад нэг өдрийн дотор л авна шүү дээ. Мэдээж тодорхой хяналт, квоттойгоор мах экспортлох нь зөв л байх. Гэхдээ гаднаас жуулчид оруулж ирээд нэг кг үхрийн эсвэл нэг хонины махаар нэг сая төгрөгийн үйлчилгээ үзүүлэх бололцоог эрэлхийлэх нь бизнесийн ухаан юм гэж харж байна. Тэгвэл нэг хонь 100 мянга биш, 1 сая төгрөг ч хүрч үржиж болно. Тийм учраас аялал жуулчлалыг төр засгийн бодлого үйл ажиллагаагаар бодитой дэмжвэл манай эдийн засагт том түлхэц болно.
 
-Эдийн засгийн өсөлттэй холбоотой сэдвүүд манайд замхраад байдаг. Хийн хоолой манайхаар дамжин өнгөрвөл улс орны амьдрал сайжирна эдийн засаг өснө гэж олонтаа ярьсан. Замхарсан. Дараа нь Ази Европийг холбосон авто зам барих асуудал. Мөн л сураг нь тасарсан. Дээр нь Хятадын "Нэг бүс, нэг зам " гэж том бодлого бий. Үүний гадна гарчихаад байх шиг. Бүгдээс нь хасагдаад, орхигдоод, хоцроод байх шиг?
 
-Бид нарын хувьд энэ чиглэлийн мэдээллээс хол байгаа учраас бодитой юм хэлэхэд хэцүү. Ер нь бол эдийн засгийн коридор гэж нэрлэгдээд байгаа Замын-үүд, Алтанбулаг хоёрыг холбосон хоёр чиглэлийн авто зам барих, үүнийг дагасан хийн хоолой, төмөр зам зэргийг тавьбал асар том, манай улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой.
 
-Урд явж байхад манайхыг тойруулаад Казахстанаас Беларусь хүртэл европ хүрэх зам тавьчихсан байсныг хараад харамсах сэтгэгдэл төрж, манайх юм юмнаас орхигдоод байна уу даа гэж бодогдсон. Манай улсын хөгжлийн талаар ярихад авилгалын индекс их өндөр гараад байгаа. Улс төрийн намуудын авилгад орооцолдох нь газрын албатай индексээрээ ойртсон судалгаа гарсан. Авилгад идэгдсэн улс орон хурдан хөгжихөд саадтай байдаг гэдэг?
 
-Манай улс бол авилгад нэрвэгдсэн орон гэдгийг дэлхий нийтээрээ мэдэж байгаа, судалгаагаар ч тэр, дотооддоо ч бид мэдэж байгаа, төр засаг нь ч ярьж байгаа. Тэгэхээр авилгал хаана байна гэхээр төрд л байгаа шүү дээ. Төрийн үйлчилгээнд, улс төрийн сонгуульд. Ерөөсөө энэ улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг ил тод болгох хэрэгтэй. Үгүй бол сонгуулиар хандив нэрийдлээр авилга авдаг, дараа нь хариулах гээд албан тушаалд байрлуулдаг, тендер өгдөг асуудал бол нийтийг хамарсан хавтгайрал болчихлоо шүү дээ. Өнгөрсөн жил авилгатай тэмцэх хөтөлбөр гаргасан. Түүнийг талархан уншиж үзэхэд зорилго нь буруу юм шиг санагдсан. Томьёоллыг нь хэлбэл, авилгын эрсдлээс төрийн алба , ард иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх гэсэн утга санаа бүхий юм билээ. Нэгэнт л авилга бий болчихсоныг нийтээрээ хүлээн зөвшөөрсөн учраас "авилгалгүй улс орон болъё " гэсэн бол илүү оновчтой болох байсан гэж бодно. Манай ассоциацийн зүгээс АТГ-тай хамтарч ажилладагийн хувьд бид асууж лавласан. Танай энэ хөтөлбөрт чинь дээрээсээ, улс төрийн хүрээнээс эхэлж тэмцэе гэсэн зүйл байгаа юу? гэхэд- Байхгүй гэж хариулсан. Ийм оновчгүй дээр нь тодорхойгүй хөтөлбөр гаргачихаад, хажуугаар нь өчнөөн төлөвлөгөө баталчихсан. Миний судалж мэдсэнээр, онолын хувьд , авилгачдыг махан идэштэн, өвсөн тэжээлтэн гэж ангилдаг юм билээ. Махан идэштэн гэдэгт дээд түвшний улс төрийн албан тушаалтнууд багтдаг. Тэдгээртэй тэмцэл өрнүүлээд эхэлбэл, тэр доор байгаа  өвсөн тэжээлтэн буюу хил гааль, мэргэжлийн хяналт, эмч, багш, цэцэрлэг яслийн өвсөн тэжээлтнүүд хор цацуулсан оготно шиг сураггүй арилдаг гэж олон улсын туршлагад томьёолсон байдаг. Хамгийн ойрын жишээг дурдахад, БНХАУ-ын дарга Си Жин Пинь гарч ирээд авилгатай дээрээс нь эхэлсэн. ОХУ ч ийм л жишгээр тэмцэж байгаа. Бэлэн жишээ байхад энэ хоёр улсаас суралцаад дээрээсээ эхлээд тэмцэх юм бол энэ тийм хүнд ажил биш гэж бодож байна.
 
-Оросууд ярьдаг л даа “загас толгойноосоо эхэлж өмхийрдөг” гэж. Тэгэхээр дээрээсээ л эхэлж тэмцэх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх тухайд энэ бол авилгад бага идэгдсэн улсын хувьд байж болно, манайх шиг авилгад гүнзгий орсон улсад бол тохиромжгүй. Хяналтын систем гэж юм байна, жишээ нь Хятадын тухайд бүх иргэддээ зориулсан 100 онооны систем гаргажээ. Шинэ маягийн хяналтын систем. Энэ системээр дүгнэж, хувь хүнийг албан тушаал дэвшүүлэх, элдэв урамшил өгөх, зөвшөөрөл олгох, жолооны үнэмлэх авах, сургуульд орох гэх мэт бүх зүйлд хамааралд үздэг болсон байна. Ийм маягийн хяналтын системийг Монголд нэвтрүүлэх ёстой юм шиг.
 
-Уг нь бол манайд хяналт тавих тийм ч хэцүү биш юм шиг байгаа юм. Одоогоор өндөр албан тушаалтнууд хөрөнгө оруулгын мэдүүлэг гэж өгдөг. Түүн дээрээ нэг байр, нэг машин, хэдэн адуу мал, тэгээд хэдэн компаны хувьцаа гэх зэрэг зүйл бичээд л өгчихээд байгаа. Үүнд олон нийтийн зүгээс хяналтаа чиглүүлэх, чангатгах шаардлагатай. УИХ-ын 76 гишүүн, засгийн газрын гишүүд, агентлагийн удирдлага, хууль хяналтын байгууллагынхан зэрэг нийт 200-300 хүн рүү хяналтаа чангатгаж, түүнийхээ хяналт тогтоох системийг маш тодорхой болгох нь зөв. ХОМ-ын мэдүүлгээс гадна, дансны гүйлгээ, орлого, зарлагыг нь ил болгох, эргэн тойрны хамаарал бүхий хүмүүсийг нь ч АТГ хяналтандаа давхар авч чадвал үндсэн хяналт тогтолцоог нь бий болгох байх.
 
-УИХ-ын дэргэд олон нийтийн зөвлөл байх ёстой юм уу?
 
-Ер нь бол олон жил яригдаж байгаа шинжээчдийн мэргэжлийн экспертүүдийн зөвлөл байх ёстой. Ялангуяа одоогийн томоохон төслүүдэд мэргэжлийн экспертүүдийг оруулж байх хэрэгтэй. Өөр бас төслийнхөө зорилгод Монгол ажилчдын цалин нь хэд байх гэдэг үзүүлэлт бий болгох хэрэгтэй.
 
-Өөрөө төртэй уялдаа холбоотой ажилладаг хүмүүсийн нэг шүү дээ. Ийм нэг шүүмжлэл бий. Сонгууль болох, засаг солигдох, холигдох тоолонд төрийн албаны мэргэшсэн хүмүүсийг үй олноор хоморголон халдаг болсон. Тийм учраас төрийн албаны залгамж чанар, дархлаа алдагдаж, тэр чинээгээр төрийн албаны үйл ажиллагаа суларч байна. Чадварлаг, мэргэшсэн, туршлагатай мэргэжлийн хүмүүсийг халж, тэдний оронд цүнх баригчдыг үй олноор нь байршуулж байна гэх шүүмжлэлийг Та сонссон байх. 
 
-Энэ бол манай өнгөрсөн хориод жилийн хугацаанд гарч ирсэн харамсмаар тогтолцоо. Чадвартай, боловсролтой, мэдлэгтэй, туршлагатай хүмүүс нь нэг сонгуулийн дараа л алга болчихдог. Аль ч яам тамгын газраар орсон тэнд байгаа ажилчдын 60-аас дээш хувь нь солигдсон байх жишээтэй. Энэ асуудал дээр хэвлэл мэдээллийнхэн их үүрэгтэй ажиллах ёстой юм шиг байгаа юм. Одоо яам, тамгын газар агентлаг, аж ахуйн газар бүгд солигдож байна шүү дээ. Ах дүү танил талын тусламжтай ажилд орж байгаа залуус өөрсдөө ч бас бодох хэрэгтэй. Энэ сайхан залуу насандаа эрдэм боловсрол олж авах, бизнест хүч үзэх, үйлдвэрлэгч байж болохыг бодох хэрэгтэй. Өнөө маргаашаа аргацааж, улсынхаа хамгийн буруу эрэг шураг руу орооцолдож явах нь залуу хүний ажил биш гэдгийг ухамсарлавал зохино. Залуус бол бизнес, технологи, бүтээн байгуулалтын бүхий л салбарт хүч үзэх хэрэгтэй, тэр цүнх баригч гэдэг юмнаас жигшиж амьдрах хэрэгтэй.
 
-Израйль улс Дэлхийн хоёрдугаар дайны дараа түүхэндээ анх удаа өөрийн гэсэн газар нутагтай болсон. Зааж өгсөн газар нутаг нь Арабад, өөр шашин, соёлын дунд. Олгосон газар нутаг нь хөрсөн дороо ямар ч баялаггүй, урсах нэг ч гол горхигүй, тогтсон ганц ч нуур цөөрөмгүй. Ийм газарт 300,000 хүн амтай еврейчүүд нүүн суурьшсан. Үндсэндээ хогийн цэг дээр улсаа байгуулсан Израйль улс өнөө өндөр хөгжилтэй орон болжээ. Гэтэл Монгол улс ийм баян мөртлөө яагаад ийм ядуу, өр ширэндээ баригдсан улс орны тоонд орчихов оо? Бодохоор гайхах юм.
 
-Үндсэндээ дайны дараа Израйль, Палестин хоёрт яг ижилхэн газар өгсөн. Израйлын хувьд НҮБ-д элсээд өөрийн тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлчихсэн, анхнаасаа зөв бодлого тогтолцоотой явсан болов уу. Палестины хувьд тусгаар тогтноогүй өдөр тутамдаа байлдаад л. Манай орныг эдийн засгаар нь авч үзвэл яг л ижилхэн санагдана.
Гэхдээ одоо ухаан орох цаг болсон. Эдийн засгийн хувьд чөлөөт ардчилсан зах зээл, засаглалын хувьд парламентийн тогтолцоог бид нэгэнт сонгосон. Тэгэхээр эдийн засгийнхаа хөгжлийн бүтцийг зөв тодорхойлохын тулд бүх намууд, эрдэмтэд хамтрах хэрэгтэй. Намчирхахаа орхих хэрэгтэй. Эрдэмтэн мэргэдийнхээ боловсруулсан концепцдээ, ард иргэдийнхээ саналыг тусгаад, хөгжлийн 5- 10 жилийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх. Өмнө хэлсэн, уул уурхайн том төслөө хөдөлгөх, эдийн засгаа тэлэх, мал аж ахуй, хөдөө аж ахуй, тэгээд аялал жуулчлалын салбарыг нэн даруй бодлогоор хөгжүүлье. Дотоодын зах зээлийг хамгаалах бодлогыг татвараар зохицуулж, экспортийг дэмжиж ажиллах гэсэн хэдхэн зорилт тавиад ажиллах юм бол улс орны эдийн засаг дороо хөгжинө. Тэгээд нийгмийн халамж хавтгайрч байна гэж яригдаад байгаа, тэрийгээ орон нутгийн засаг захиргааны хороо нь ажиллаад яг зорилтот бүлэгт нь хүргэх ёстой. Засаг төр нь юу хийх вэ гэвэл төгрөгийн ханш нь тогтвортой, инфляци нь бага, орлого нь өсөлттэй, хууль эрх зүй нь тогтвортой, бизнесийнх нь хоёр хөрш рүү гарах тэр боломжийг татварын бодлогоор зохицуулж бизнесийн орчинг сайжруулж таван жил 10 жил ажиллах юм бол Монгол улс хөгжинө шүү дээ.
 
-Комментатор нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч, барилгын салбарын талаар биш, нийгмийн хөгжлийн талаар дэлгэрэнгүй ярилцсан Танд талархая. Тантай олон зүйл дээр санал нэг байна. Таныхаар бол бид хүчээ нэгтгэх, бодлогоо зөв тодорхойлох, эрэмбэ дэс дарааллаа зөв тогтох, хяналтын системийг чангатгавал эдийн засаг сэргэж, ард түмний амьдрал ахуй дээшлэх нь. Ард түмэн ажилтай, орлоготой, ирээдүйдээ итгэлтэй амьдрахыг л хүсэж байна. Өнгөтэй өөдрөг, Тусгаар Монгол улсыг ирээдүй хойч үедээ хэн хүнгүй л атгуулах хүсэлтэй шүү дээ.
 
-Тийм. Ер нь бол манайхан их өөдрөг. Одоо гараад харахад хүн болгон л хэн нэгэнтэйгээ хамтраад бизнес хийе, хийж бүтээе гээд явж байгаа. Ер нь манайхан бол ирээдүйгээ өөдрөгөөр харж байгаа.
 
-За баярлалаа. Таны нөр их бүтээн байгуулалтанд амжилт хүсье. Таны хэлснээр Монгол улсын эдийн засаг түргэн сэргэж, ард иргэдийн сэтгэл тэнэгэр байхыг ерөөе. 
 
-Баярлалаа. Мэдээллийн хараат бус цахим телевизийг үүсгэн байгуулж, Монголын сэтгүүл зүйгээр дамжуулан нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Танай хамт олонд ч бас амжилт хүсье.
 
 
 

 

 
 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?