ДЭЛХИЙД АНТИБИОТИК ЭМИЙГ ИХЭЭР ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН АЛДААНААС БОЛЖ ОЛОН ХҮН ХОХИРОХ ТАЛТАЙ БАЙНА

2018-06-05  

Хүн үүссэн цагаас л Уламжлалт анагаах ухаан үүссэн. Ингээд үзвэл 3000, бүр 5000 жилийн түүх уламжлалтай анагаах ухааныг “Манба дацан” хийдийн Хамба лам, Оточ Манрамба Их Сургуулийн захирал, Монгол Улсын Хүний гавьяат эмч Д.Нацагдорж үргэлжлүүлэн өнөө цаг үедээ түгээн дэлгэрүүлж, алдаршуулж явна.

Эрүүл байх нь үүрдийн жаргал гээчийг 1975 оноос өнөөдрийг хүртэл ард олондоо ойлгуулж, эрүүл энхийн манаанд зогсолтгүй зүтгэж яваа эрхэм маань буддизмаас үүдэлтэй уламжлалт анагаах ухааныг эртний чадалтай оточ маарамбуудаас суралцаж, сурснаа үр хойчдоо үлдээхээр ажиллаж, өөрөө ч өдөр бүр суралцсаар байна. Буддын шашин, уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа түүнд өдрийн 24 цаг ч багадна. Бага ид, их хөдөлмөрлө, эрүүл байхын эрхэм зарчмууд энэ хэмээн тайлбарлах хамбын ярианаас та олон ач тустай зүйлийг мэдэх биз ээ. 

-Аль эртний л Д.Нацагдорж хамба шүү дээ, эмэгтэй хүн надаас ч өнгөлөг толигор, өнгө жавхаатай харагдаж байна. Эрүүл энхийн жаргалыг өөрөөрөө үлгэрлэж яваа тань өнгө сүрээс тань харагдана?

-Би чинь одоо 60 гарсан хүн шүү. Миний уншиж, судлах, хийж бүтээхэд цаг үнэхээр хүрэлцэхгүй юм. Гэхдээ бага цагт ч гэсэн их зүйлийг хүн бүтээж чадвал амжилт олно.

-Бөөн эрч хүч. Мэргэжлээ зөв сонгохын гайхамшиг танаас мэдрэгдэж байна. Та уламжлалт анагаах ухааныг 1970-аад оноос судалж эхэлсэн байх аа?

-Би 1975 оноос хойш өнөөдрийг хүртэл бурханы шашин, уламжлалт анагаах ухаан, эм зүйн талаар сураад явж байна. Тэр үед алдартай оточ маарамбууд байлаа. Тэдгээр эрдэм мэдлэг төгөлдөр багш нарыг шүтэж, тэднээсээ ном сонслоо. Өдгөө тэр их алдартай эрдэмтэн багш нараас сурсан мэдлэгийнхээ тус эрдмийг түгээн дэлгэрүүлж байна даа. Манай шашин, уламжлалт анагаах ухаанд нэг том ёсзүй байдаг. Тэр ёсзүй нь  сурсан эрдэм, мэдлэгээ шавь болон бусдад түгээн дэлгэрүүлэх, жүд дамжлагыг таслахгүй, хувь төгөлдөр нэгэнд өвлүүлэн үлдээх эрхэм үүрэгтэй. Тиймээс би ч гэсэн бусдын тусад сурсан эрдэмээ өвлүүлэн үлдээхийг хичээж яваа нэгэн. Тэгэхийн тулд өөрөө ч гэсэн улам сайн боловсорч хүнлэг нигүүлсэнгүй, бусдын тусыг бүтээе хэмээн бодож явдаг даа. 

-Их эрхэм ёсзүй, харицлагатай үүрэгтэй юм байна. Уг нь монголчууд бид тэнгэрээ шүтэж, байгаль дэлхийтэйгээ шүтэн барилдаж ирсэн ард түмэн. Энэ утгаараа ардын уламжлалт анагаах ухаан Монгол хүний бие организмд хамгийн тохиромжтой гэж ойлгодог. Энэ ардын уламжлалт анагаах ухаан гэж юуг хэлээд байгаа юм, европын анагаах ухаанаас юугаараа давуу юм бэ, энэ талаар та яриач?

-Бид Монголын уламжлалт анагаах ухаан гэж ярьж, судалж ирсэн. Яг үнэн чанартаа бидний судалж, Монголын гэж яриад байгаа анагаах ухаан нь буддизмын таван их ухааны нэг юм. Тийм учраас энэ анагаах ухаан буддизмын бусад есөн том ухаантайгаа уялдаа, холбоотой. Энэ бол хүн төрөлхтөний болоод байгаль орчин, бие сэтгэлийн өвчин, зовлон, үйлийн үр, гараг эрхэс 28 од, нар сарны хөдөлгөөн, хүний төрсөн жил, сар хугацаа зэрэг олон хүчин зүйлүүд эрүүл мэндэд холбоотой болохыг судалж, нотолсон ухаан. Европын шинжлэх ухаан уламжлалтыг нотлогдоогүй юм шиг яриад байдаг. Үнэн чанартаа энэ бүхэн нотлогдсон зүйл. Энэтхэг, Хятад улс ч гэсэн Уламжлалт Анагаах Ухаанаа нотолгоо баталгаатай хэмээн хүлээн зөвшөөрөөд эрүүл мэндийн салбартаа маш их хүртээмжтэйгээр хэрэглэдэг.

-Үүнийг хэн, хэрхэн нотолсон байж таарах вэ?

-Үүнийг арга билгэ, хоосон чанар, билгэ билгүүн, таван махбод, шүтэн барилдахуй, шалгадаг ухаан, илт мэдэл, бүх юмсын мөн чанарыг таниж мэдэх эш, онолын эрдэм ухаанаар гэгээрлийн дээд түвшинд нотолсон. Түүнээс зүгээр л нэг Монгол хүн ч зохиочихсон юм биш. Энэ анагаах ухаанд худлаа хэлчихсэн, эндүү ташаа гаргасан нэг зүйл ч байхгүй.  Харин түүнийг яаж тэр өндөр оюун сэтгэхгүйд бичигдсэн хэмжээгээр нь ойлгож, өнөөдрийн хүмүүсийн өвчин зовлон дээр хэрхэн зөв оношилж, зөв эмчлэх вэ гэдэг л чухал. Нөгөө талаар энэ анагаах ухаан орчин цагийн лаборатори, шинжилгээнээс илүү чухал зүйлүүдийг тайлаад номлочихсон. Энэ хоёр шинжлэх ухаан хоёулаа хүн төрөлхтөний төлөө нэг зорилготой яваа. Гэхдээ нэг алдаа байна уу даа гэж харагддаг. 

-Ямар алдаа билээ?

-Европын анагаах ухаанд нэг төрлийн алдаа бий. Буддизм төрлийн мөн чанараар нь хүний төрлийг буяны дээд сайн төрөлтөн, адгуусыг доод төрөлтөн хэмээх авч үздэг. Гэтэл өнөөдөр европын шинжлэх ухаан доод төрөлтөн дээрээ тухайлбал туулай, хулгана, харх, муур, нохойнд туршилт хийж, эмээ найруулаад хүмүүст өгдөг нь хэр зохистой нотолгоотой бэ гэдэг нь эргэлзээ төрүүлдэг. Уг нь шинжлэх ухаанаар нотлогдсон эм хэмээн хүмүүс итгэж, ихээр ууж хэрэглэдэг. Гэтэл туршилтын амьтан дээр туршсан европ олон эм, антибиотик хортой хэмээн дэлхийн эмийн жагсаалтаас хасагддаг. Тэрхүү хортой эмийг үйлдвэрлээд хүнд өгч эмчлэх нэрийдлээр бие эрхтэнийг хордуулж хямруулсаны хариуцлагыг хэн ч хүлээдэггүй. Дэлхийд антибоитик эмийг ихээр үйлдвэрлэгчдийн алдаанаас болж олон хүмүүс хохирох талтай.

Хүн, адгуусны төрлүүд нь амьдралын жам, сэтгэхүй, иддэг, уудаг зэрэг олон зүйлээр өөр хоорондоо тэс өөр. Уламжлалт эм, эмийн бүтээгдэхүүн нь хүн төрлөхтөний бие сэтгэлийн өвчин зовлонгийн шалтгаан, нөхцөл, урвах ёс, оношлох, эмчлэх зарчим өөр хоорондоо цогц уялдаа холбоотойгоор бүх эрхтэн системийг үндэс сууриар нь эдгээдгээрээ онцлогтой. Европ анагаах ухаанд нэг эд эс нэг эрхтэнийг анагаах гэж бусад эрхтэн системд муугаар нөлөөлдгөөрөө дутагдалтай. Элгэндээ сайн байлаа гэхэд ходоод уушги буюу бусад эрхтэнд сөрөг үр дагавар ихтэй байх зэрэг олон зүйлүүдийн анхаарууштай юм

-Үнэн шүү. Тэр байтугаа дэлхийд хориглочихсон эмийг манай эмийн компаниуд оруулж ирж монголчууддаа зарж, борлуулсаар л байна. Энэ асуудлыг сөхвөл олон зүйл гарч ирнэ?

-Тэгтэл 3000 жилийн тэртээ монголчууд Мана Шитан гэдэг танг ууж байжээ. Өнөөдөр ч тэр Мана Шитанг олон өвчин эмгэгт хэрэглэн эдгээж л байна. Эмийн жагсаалтаас хасагдаагүй, харин ч орчин үеийн шинжлэх ухааны аргаар Унгар улсад судалж үзэхэд маш сайн үр дүн гарсныг гадны судлаачид гайхаж, сайшаан магтацгаасан байдаг.  

-Мана Шитан тухайлбал юуны эм бэ?

-Хижиг халуун, ханиад,  дархлаа сайжруулах, үрэвсэлт өвчнүүдийг анагаана, бадган, хурмал өвчин, хоосон халуун, цусан хатгалгаа, бие махбод хямарсан, ядаргааг эдгээх гээд олон талын ач холбогдолтой. 

-Ямар сайхан юм бэ. Одоо Манба Дацан эмийн үйлдвэрт хичнээн төрлийн эм, тан үйлдвэрлэж байна вэ. Жор нь 3000 жилийн тэртэйгээс өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй юм байна шүү дээ?

-Хүн төрөлхтөн үүссэн цагаас өвчин эмгэг буй болсон. Уламжлалт Анагаах Ухаан ч хүн төрлөхүйтний үүссэн цаг хугацаа адил настай. Жорыг хэн ч өөрчлөөгүй, өөрчлөгдөхгүй. 3000 гаруй жор байдгаас одоо Манба Дацан эмийн үйлдвэрт 180 орчим эм, танг үйлдвэрлэж байна. Улсын бүртгэлд бүгдийг нь бүртгүүлсэн. Ёс зүй, стандартын дагуу үйлдвэрлэдэг мөн уламжлалт болон орчин цагийн эм үйлдвэрлэх ёс зүйг чанд баримталдгаараа бидний эм тан, эмийн бүтээгдэхүүнүүд чанарын баталгаатай. 

-Сүүлийн үед олшироод байгаа хавдар хүртэл тухайн үед байсан биз. Эмчлэгдэх боломж бий юу?

-3000 жилийн тэртээгээс болон сүүлийн 200, 300 жилийн өмнө ч монголчууд хавдрыг оношилж эмчилж байсан байдаг. Манба Дацан эмнэлэгт хүмүүс хавдар өвчнийхээ эхэн шатуудад ирж оношлогдоод эмчлүүлсэн нь зөндөө хүн бий. Харамсалтай нь зарим тохиолдолд хавдрын сүүлийн  шатандаа орсон үед манайд ханддаг тал ч бий. Уламжлалт анагаах ухаан зөвхөн монголчуудад зориулагдаагүй, хүн төрөлхтөнд зориулагдсан. Би Англи, Америк, Итали, Орос, Турк, Польш, Щвейцарь гээд олон орны хүмүүсийг эмчилж байлаа. Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийн олон оронд таниулж явсан. 

-Одоо ч гэсэн дэлхийн олон орноос танай эмнэлгийг гадныхан зорьж ирж, үйлчлүүлдэгийг мэдэх юм байна?

-Тийм ээ, өнөөдөр хүртэл Оросын Масква хотын нэгэн их сургуулийн доктор, пропессор хүн манайд ирж өөрийгөө оношлуулаад, гэр бүлийнхэндээ ч жор бичүүлж аваад явсан. /Ширээн дээр нь нээлгэсэн карт нь байв/. Манба Дацан эмнэлэг олон улсын эмнэлэг болсон.  

-Ийм сайхан бэлээхэн, дэргэд байгаа зүйлээ бид анзаарахгүй, эрүүл мэнддээ анхаарахгүй байгаадаа тантай ярилцах зуураа харамсаж л сууна. Гэвч оройтоогүй байна шүү дээ?

-Уламжлалт анагаах ухааны нэг онцлог нь өвчнийг үндсээс нь хөөж, төгс эдгээдэг, архагшуулдаггүй. Зарим хүмүүс “Уламжлалт Анагаах Ухаан архаг өвчинд сайн, харин европ анагаах ухаан хурц өвчнийг эдгээдэг” гэж хэлсэн байна лээ. Тийм зүйл байхгүй. Үнэхээр хурц өвчтэй, нян вирустэй хүмүүс байвал хүрээд ир. Бид эмчлээд, эдгээгээд өгье. 

-Та их бардам байна. Чаддаг хүмүүс л бардам байна шүү дээ?

-Би 1981 оноос хойш хүмүүсийг эмчилж ирсэн. Хавдрууд, арьсны өвчин, ер нь олон төрлийн өвчнийг оношилж, зөвлөж, эдгээж байсан. Манайхан буруу хооллолт, биеийн хөдөлгөөн байхгүй, амьдралын буруу хэмнэлээс болж янз бүрийн өвчтэй болчихоод элдвийн антибиотик ууж, архагшуулдаг. Олон жил, олон өвчнөө архагшуулсан хүнд өвчтэй хүмүүсийг манай хамт олон эмчилж, эдгээгээд явж байна. Ханиад хүрсэн ч гэсэн хүчтэй антибиотик ууж, өвчнөө архагшуулж,  хүндрүүлэхгүй, эхнээс нь зөв тактиктай, зөв уламжлалт эм, эмчилгээ хийлгэх хэрэгтэй шүү дээ.

-Өвлийн улиралд хүүхдүүд гэлтгүй томчууд ханиаданд дарлуулдаг боллоо. Тэгээд л хүчтэй антибиотикоор бөмбөгддөг. Эдгэсэн ч юм байхгүй, бүр хүндэрдэг. Ингэж эрүүл мэндээ элдэв эмээр хордуулж байхаар ардын уламжлалт анагаах ухаан, эм тангаараа эмчилвэл эрүүл мэндэд хэрэгтэй юм даа?

-Хоёр жил ханиаданд дарлуулаад архагшсан хүүхдүүд ч ирнэ. Эм тариандаа ядарч, сульдсан хүүхдүүд ч ирдэг. Манайд ирээд хэсэг хугацааны дараа эрүүл болж, биеийн дархлаа нь ч сайжирдаг. Зарим хүмүүс “Хүүхэд маань энэ жил ханиад ч хүрсэнгүй. Ардын уламжлалт анагаах ухаан үнэхээр сайхан болгодог юм байна” гэж талархдаг. Тэгэхээр бид төртэйгээ нийлж энэ анагаах ухааныг ард түмэндээ танин мэдүүлэх хэрэгтэй байна. Бидэн шиг номыг нь судалж, номоор нь явж байгаа хүмүүстэйгээ нийлж их зүйлийг хиймээр байна. Сайны хажуугаар саар гэгчээр муу бузар булай, худлаа юмыг аргалах гэсэн, эсвэл европ   эмчилгээг уламжлалтай хамтатгах гэсэн, өөрсдөө номоо ч үзээгүй хэсэг хүмүүс бий шүү.

-Тийм хүмүүс, эрүүл мэндийн байгууллагууд зөндөө байна уу?

-Би ийм хүмүүсээс айдаг. Энэ анагаах ухааныг Монгол Улсад хөгжүүлэх гэж хичээж байна. Дээр үеийн оточ маарамбуудын хэмжээнд хүртэл номоо үзэж, сайжруулах ёстой. Тэгвэл олон өвчнийг маш богино хугацаанд, маш үр дүнтэй, төгс эдгээдэг юм байна гэдгийг олон жилийн дадлага, туршлага, номоороо ойлгож авсан. Тэгтэл чанаргүй сургалтууд төгссөн, өөртөө итгэлгүй хүмүүс энэ анагаах ухааныг баллачих вий дээ гэж санаа зовдог.  

-Болсон, болоогүй, чанаргүй сургалт төгсөгчид зөндөө байна гэдэг үнэн шүү. Оточ Манрамба Их Сургуулийн  тухайд уламжлалт анагаах ухаанаар дагнасан хамгийн чадварлаг боловсон хүчин бэлтгэдэг гэдгийг мэднэ. Таны эрдэм мэдлэгийг уламжлан авч яваа олон гарын шавь байна уу?

-Энэ 28 жилд 600-аад эмч сувилагч, эмзүйч нарыг төгсгөсөн. Хоёр жилийн тэртэйгээс судалгаа хийхэд энэ жилийн байдлаар манай төгсөгчдийн 98 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна. Мөн дэлхийн Япон, Англи, Америк, Польш, Солонгос, ОХУ зэрэг дэлхийн 14 оронд 40-өөд шавь минь уламжлалт эмчийнхээ мэргэжлээр ажиллаж амьдарч байгаад бахархдаг. Олон ч шавь минь Төрийн дээд шагнал, Эрүүл мэнд, боловсролын тэргүүн, АУ-ны доктор, магистр, тэргүүлэх, зөвлөх зэргийн эмч болон дотоод, гадаадад ажиллаж байгаа нь манай сургуулийн хамт олны бахархал, чанартай сургалт явуулсаны үр дүн, мөн төгсөгчдийн минь эрүүл мэнд, боловсролын салбарт авъяас чадвар, сэтгэл зүрхээ зориулж яваагийн илрэл юм. 

-Ямар мундаг юм бэ, бүгд ажлын байртай болжээ. Эм тан найруулахыг хүртэл заана биз дээ?

-Заана. Оточ Манранба Их Сургуульд эм зүйчийг бэлтгэдэг 5 жилийн сургалт явагддаг. Өрнийн болон уламжлалт анагаах ухааны эм зүйн ухааныг судалдаг мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Ойрын ирээдүйд уламжлалт анагаах ухааны эм судлал дэлхийд асар их хүчтэй хөгжих чиг хандлага тодорхойлогдсон байгаа. Тиймээс бид уламжлалт анагаах ухаанд номлосон эм зүйн талаарх салбар ухааныг өрнийн шинжлэх ухааны мэдлэгтэй хослуулан ирээдүйн шаардлага хангасан эм зүйн мэргэжилтэн судлаачдыг бэлтгэдэг. Тэд дотоод, гадаадад брэнд болсон эм, эмийн бүтээгдэхүүнүүдийг бүтээдэг судлаач эмзүйч байхаас гадна уламжлалт анагаах ухааны эм зүйн эх мэдлэгийг дэлхийд түгээн дэлгэрүүлэгчид байх болно. Бид ч тийм хүмүүстэй хамтран ажиллаж  их сайн үр дүнд хүрэх болно. 

Өнгөрсөн түүхэнд  уламжлалт анагаах ухааны сургалтанд шүнгийн эмч, жорын эмч гэх нэр томъёо ухагдахуун байсан. Жорын эмч гэдэг нь эм, эм зүйн талаарх мэдлэгийн илүү судалсан хүнийг хэлнэ. Одоо бол эм зүйчийг бие дааж улам нарийсан хөгжих боломжийг манай сургууль бодлогодоо тусган хэрэгжүүлж байна.  

-Тэр тийм байх шүү. Гэхдээ л эм, тангийн талаарх ойлголтгүй над шиг хүмүүс олон байдаг байх. Ямартай ч найрлага нь хүчтэй антибиотик биш, химийн элемэнт байхгүй гэдгээрээ давуу юм?

-Манай уламжлалт анагаах ухаанд зөвхөн эм, тан гэдэг хоёрхон ойлголт байдаггүй. Тан эм, талхан эм, үрэл эм, зуурмал эм, тосон эм, үнсэн эм, архин эм, ханд эм, өвсөн эм, эрдэнийн эм зэрэг амтаар болон чадлаар найруулсан олон төрлийн эм байдаг. Тан эмийг буцалгаж уудаг бол талх эмийг бүлээн усаар даруулж уудаг зэрэг эм тус бүрийн уух, хэрэглэх арга, ямар өвчний үед хэрэглэх нь өөр өөр. Мөн туулга эмчилгээ, бөөлжүүлэг эмчилгээ, шулуун гэдсээр хийдэг жамзи, нируха эмчилгээ, иллэг түрхлэг, хануур засал, төөнүүр засал, жин, дэвтээлэг, зүү эмчилгээ зэрэг заслын эмчилгээнүүд майнай эмнэлэгт хийгддэг. Хамгийн гол нь эм тан, эмийн бүтээгдэхүүнүүд нь цэвэр байгалийн бүтээгдэхүүнүүдээс бүтдэг. 90 гаруй хувь нь ургамлын гаралтай, 10 орчим хувь нь эрдсийн гаралтай, 2 хүртэлх хувь амьтны гаралтай эд зүйлс ордог. Уламжлалт анагаах ухаан амьтны эд эрхтэн ийм өвчинд сайн байна гэдгийг нээчихсэн. Гэхдээ “Бусдын амийг аврах гэж нөгөөдөхийн амийг хороож болохгүй”  хэмээх ёс зарчмыг баримталдаг болохоор амьтны эд эрхтэн орсон эмийн жор бүтээгдэхүүнд хянамгай, болгоомжтой ханддаг. Амьтанд туслах гэж амьтны амь хороохыг цээрлэдэг.  

-Ёс зүй, шашны үнэн сургаалийг баримтлахгүй бол болохгүй шүү дээ. Ингэхэд бид ханиад хүрлээ гэхэд аптекаас ороод европын ямар эм авахаа гадарладаг. Харин эм, тангийн талаар ямар ч мэдээлэл байхгүй. Жоргүй эм, тангуудыг эмийн сангуудаар байршуулж, иргэдэд танин мэдүүлэх сурталчилгаа хийж болдоггүй юм уу?

-Олон нийтэд уламжлалт эмийг хүртээмжтэй байлгах талаас дутуу хийгдсэн ажлууд бий. Эрүүл мэндийн яам болоод манай салбарынхан “Өргөн хэрэгцээний, жоргүй олгогдох монгол эм, тангуудыг нийтийн хүртээл болгох хэрэгтэй, эмийн сангуудаар байршуулъя” гэдэг асуудлыг нэлээд хэдэн жил ярьж байна. Ойрын хугацаанд биеллээ олох болов уу хэмээн найдна. Нөгөө талаар жоргүй олгодог эм, тангуудыг даатгалын системд оруулж, хүүхэд хөгшчүүлд үнэгүй олгодог болчихвол монголчуудынхаа эрүүл мэндэд ихээхэн хөрөнгө оруулалт болно хэмээн бодож хэрэгжүүлэхийн төлөө явдаг.   

-Үнэхээр чухал сэдэв байна. Эм,тан гэснээс эмэгтэйчүүдийн төрөлтийн дараах сав агшаах “Шимшин 6”, ханиадны “Жор 50” гэсэн монгол эмийг л мэдэх юм байна. Тэгтэл танайх бүр 180 гаруй төрлийн эм, тан үйлдвэрлэдэг юм байна шүү дээ?

-Шимшин 6  хэмээх эмийг Манба Дацан эмийн үйлдвэрт үйлдвэрлэдэг. Түүнээс гадна эмэгтэйчүүдийн олон төрөл өвчнийг анагаах эм тангууд байдаг. Тэдгээрийг мөн үйлдвэрлэдэг. Шимшим 6-аас гадна эмэгтэйчүүд төрхөөс өмнө уудаг эмүүд бий. Энэ нь эх хүүдэд 2-ыг эрүүл саруул төрөхөд маш сайнаар нөлөөлдөг. Олон ч хүнд өгч туслаж байлаа. Мөн сарын тэмдгийн асуудал, төрсний дараа болон кесар хагалгаа, үр хөндүүлсэний дараа хэрэглэдэг маш чухал үр нөлөөтэй эмүүдийг эмчилгээнд хэрэглэж байна. Эдгээр эмийг урьдчилан сэргийлэх буюу эмчлэх зорилгоор хэрэглэвэл эмэгтэй хүний сав умай, үтрээний өвчинг эмчилж цэмбийлгэдэг. Ингээд цэмбийлгэчихвэл гиста, миом, хавдар зэрэг өвчин эмгэг үүсэхгүй амар амгалантай амьдрах болно.

-Хөөх, ямар гоё мэдээ вэ. Энэ эмийг төрсний дараа л уух уу?

-Хэрэгцээтэй үед хэзээ ч хэрэглэж болно. 

-Бас биений юм алдагдалтай, эсвэл асуудалтай ирэх үед ууж, хэрэглэх эм, тан байдаг гэлээ?

-Сарын тэмдэгтэй холбоотой олон асуудлуудыг оношлодог эмчилдэг. Сарын тэмдэг ихээр ирж, байнга цус алдах эсвэл сарын тэмдэг хоригдох эсвэл өвчин өвдөлт зовиур шаналгаатай байх гээд хүн бүрт өөр өөр зовлон бэрхшээлүүд учирдаг. Сарын тэмдэг нь сар гаруй ирээд зогсохгүй их цус алдалттай байсан эмэгтэйд 3 тун эм өгөхөд 1 тун эмийг уугаад зогссон тохиолдол хүртэл байдаг л юм. Тэр хүн дараа нь гуравхан тун эм эдгээхгүйдээ гэж чамлаж байснаа хэлж байсан. Хамгийн энгийн шинж тэмдэг нь сарын тэмдэг бараан өнгөтэй, нэтгэлтэй, салсархаг зүйлтэй болох зэрэг нь өвчин байгааг илэрхийлж байгаа юм.

Эрүүл мэндийн салбарт олон жил ажиллахад анзаарагдсан зүйл бол  манай залуус төрснийхөө дараа гам хийж, бие эрүүл чийрэг болгох асуудлыг орчин цаг хэмээн орхигдуулах болсон байна. Уламжлалт анагаах ухааны онол эмчилгээний үүднээс авч үзвэл хүүхэд олхоосоо өмнө сайн ерөөл тавих, буян үйлдэх хэрэгтэй. Сайн ерөөл буянаар сайн хүн төрдөг жамтай. Хүүхэд олсны дараа, хүүхэд олсноос төрөх хүртэлх хугацаанд хоол унд, бие хэл сэтгэлийн явдал мөрийг улирал сардаа тохируулан хэрэглэх нь маш чухал. Төрхөөс 15-20 хоногийн өмнө эх хүүхэд эсэн мэнд амаржих тусгай эм танг хэрэглэж сурах, төрөх хугацаанд ямар саруудад бие, хэл, сэтгэлийн сайн үйлүүдийг хийж, үр хүүхдээ сайн хүн болгох ерөөл буянтай тарни номыг унших зэрэг олон мэдлэгийг сурах шаардлагатай. Төрсний дараа хийний эм, хийний эмчилгээг хийлгэх нь цаашид эрүүл аж төрөхөд их нөлөөтэй. Төрсний дараах шавхрагыг бүрэн гүйцэд гаргах цэвэрлэх эмийг хэрэглэх нь маш чухал. Гам барихгүй байна гэдэг том алдаа. Төрсний дараах бие сэтгэлийн үйлийг буруудуулсанаас болж эмэгтэйн хий бүрэлдэх өвчин үүссэнээр сав зүрхийг хавсарсан өвчин болж сэтгэл мэдрэлийн өвчний шинж тэмдэгүүд илэрч урхагтай өвчин буй болдог. 

-Савны хөөрөл гэдэг нь үү?

-Савны хий зүрхэндээ нөлөөлдөг. Ингэж ядарч яваа хүмүүс биднээр зөндөө эмчлүүлдэг.

-Аюултай шүү. Зүгээр л эрүүл амьдрах зарчмаа баримтлаад явахад уг нь хүн урт, сайхан амьдарчих юм шиг санагддаг. Ер нь яаж эрүүл амьдрах вэ?

-Нэн тэргүүнд хүмүүс эрүүл амьдрах хэд хэдэн зүйлийн анхаарах нь зүйтэй. Хоол ундаа зөв тохируул. Их идэж, олон зүйл хольж хэрэглэснээрээ сайн хэмээн ойлгодог нь олон өвчин үүсэхэд нөлөөтэй. Улирлуудын солбилцлуудад хувцсаа тохируулан өмсөж занших, дасгал хөдөлгөөн чухал. 108 мөргөл хамгийн сайн. Хэрэглэж дадаж заншсан шимтэй хоол ундыг багаар идэж хэрэглэх. 1990 оноос хойш өвчний төрөл зүйл олширсон нь импортоор орж ирж буй баталгаагүй хүнс ихээр хэрэглэж байгаатай холбоотой. Тэр нь бидний бие организмд тохиромжгүй.

-Улирлын солбилцол гэснээс хаврын улиралд ямар хоол хүнс хэрэглэвэл зохилтой вэ?

-Одоо бол тэжээлийн цаг улирал. Хаврын сүүл сар, зуны эхэн сар гэх энэ хоёр сард хүний эрүүл орших биеийн тамир багасч, бодисийн солилцооны үйл ажиллагаанд аривдах, хорогдох, хямрах үйл явц болдог. Амархан өвчин авах, архаг өвчин сэдрэх магадлалтай. Энэ үед маш зөв хоололт хийж, амралтаа зохицуулж, өөрийнхөө биеийг тордох хэрэгтэй. Шимтэй зүйлүүдийг идэж ууна, биеийн үйлдлүүдийг хянамгай байлгана. Бэлгийн үйл ажиллагааг хүртэл энэ үед ихээр хийж болохгүй, хорих хэрэгтэй.  

-Хаврын ядаргаанд сайн ямар эм, танг нэрлэх вэ, та?

- Энэ цаг улиралд уламжлалт анагаах ухаанд заасан Мана 4, Сожид, Норов 7, Даманайжог, Агар 8 зэрэг эм танг ууж хэрэглэх нь их сайн. Сүүлийн үед монголчуудад стрессдэх хэмээх өвчин нэмэгдэж байна. Стресс хэмээхийг  бусдаас хайх хэрэггүй өөрөөсөө хайх хэрэгтэй. Энэ ойлголт эрүүл мэндэд асар муу нөлөөтэй. 

-Мөн танайд хандсан хүмүүсийн өвчнийг эх сууриас нь оношилж эмчилдэг юм билээ.  Уламжлалт анагаах ухааны эм эмчилгээг хийхээс гадна засал ном уншлагатай нь хавсарч эмчилдэг гэх юм билээ?

-Өвчний шалтгааныг сэтгэлтэй хамт авч үздэг. Буддизмын сургааль болоод уламжлалт анагаах ухааны онолд өвчин бүгдийн шалтгаан нь ганцхан зүйлтэй холбоотой хэмээсэн бөгөөд тэр нь “би үгүйн утгыг шинжилж, онож мэдээгүй мунхаг сэтгэл” хэмээсэн. Мөн амьтан бүгд амар амгалантай оршиж амьдрахыг хүссэн ч хүний сэтгэлийн уг мөн чанарт аливаа юмс үзэгдлийг төгс төгөлдөр дээд хэмжээнд нь хүртэл шинжилж онож мэдэж чадахгүй мунхаг сэтгэл байдаг тул өвдөж зовдог хэмээсэн. Хүнд 84 мянган муу нисванисын сэтгэл байна гэж үздэг. Тэр 84 мянган муу сэтгэл нь хүсэл тачаал, уур хилэн, тэнэг мунхаг гурван хорын сэтгэлээс эхтэй. Хүний биеийг өвдөж шаналхад гадны нөлөө, нөхцөлөөс шалтгаалсан өвчин эмгэгүүд байдаг. Тухайлбал тухайн хүн ямар жил, ямар махбодтой жилд төрсөн, мэнгэ, суудал, гараг эрхэс, гүймэг, нашидүрсүм, ад тотгор, лус савдагын хорлол хүчин зүйлүүд нь өвдөж зовход баттай нөлөөтэй болохыг буддын сургаал ном, зурхай, анагаах ухааны судар номнуудад бичиж тэмдэглэж бидэнд тэр талын мэдлэгийг үлдээсэн. Түүнээс гадна тэрхүү гадны хүчин зүйлүүдээс урьдчилан сэргийлэх болон эмчилж эдгээдэг арга зан үйл, судар номуудын хийж бүтээж өвчин эмгэг бүрт нь тохирсон заслын уншлага номын зан үйл стандарт байдаг. Түүнийг бид тухайн өвчтөнд шаардлагатай хэмээн үзвэл тэрхүү засал ном уншлагыг хийж өгдөг. Энэхүү судар, тарни ном заслын эмчилгээнд бодитой үр дүн гаргадаг. Ер нь дээр хэлсэн олон хорлол нөлөөтэй гадны хүчин зүйлсүүдээс тухайн хүн алинд нь хорлогдсоныг харин номын мэргэн ухаанаар олж зөв оношлож, зөв гүрэм заслыг нь мэргэжлийн өндөр түвшинд хийх нь үр дүн авчирна.Эмчилгээ хийж, ном заслыг нь ч давхар хийж өгдөг эдгэрэлтэнд ч сайн нөлөөтэй, хүмүүс их сэтгэл өндөр байдаг юм.

Ярилцаж, эрүүл амьдрах зөвлөгөө өгсөн танд баярлалаа.

 

 

ЭХ СУРВАЛЖ : PEOPLE СЭТГҮҮЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
00000:ЭНЭ ХОЁР ЭМИЙГ ХАМАТ ХЭРЭГЛЭЖ БОЛХУУ ХЭЛЭЭЧ ХАВСАРААД ХЭРЭГЛЭНЖ 2018-11-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?