Б.ЦОГТГЭРЭЛ : "МОНГОЛЫН ТӨРД ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ХЭРЭГТЭЙ"

2018-06-11  
"Өглөөний сонин" Монголын анхны олон нийтийн цахим телевиз болох Control TV-ийн "Комментатор" нэвтрүүлгийн ээлжит ярилцлагыг уншигч Танаа хүргэж байна. Эл дугаарт Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, уг нэвтрүүлгийн хөтлөгч Ц.Энхбат Монгол Үндэсний Ардчилсан Намын дарга Баянжаргалын Цогтгэрэлтэй ярилцжээ.
 

-Та сайхан зусаж байна уу?

-Сайхан зусаж байна. Таны амрыг эрье.

"Комментатор" нэвтрүүлэгт анх удаа улс төрийн намын дарга оролцож байна. Энэ завшааныг ашиглан улстөрийн өнөөгийн тогтолцоо Монгол улсын маань нийгмийн хөгжилд хэрхэн нөлөөлж байгаа талаар сонирхоё гэж бодлоо. Та улс төрчийн хувьд, 1990 оноос хойш Ардчиллын үйл явцад шууд болоод шууд бусаар оролцож байсан. Сүүлийн 30 орчим жилийн үйл явцад иргэд багагүй шүүмжлэлтэй хандах болсон. Нийт ард иргэдийн амьдрал тааруу,  санаа сэтгэл гундуу, 1990 онд дэвшүүлж байсан дэвшилтэт уриа лоозон хоосон тунхаглал төдий үлдсэн. Таны хувийн дүгнэлт? 

-1990 оны цагаан морин жилийн хувьсгал бол Монголын бүх ард түмний хүсэл эрмэлзэл байсан. Нийтээрээ диваажинд очих, хүсэл цэнгэлийн манлайд хүрэх юм байна гэсэн горьдлого тээгээд, бүгд л ардчиллын төлөө тэмцсэн. Өнөөдөр эргээд харахад, нэг талаас ардчилал гэдэг өөрөө Ардчилсан намын үйл хэрэг ч юм шиг, нөгөө хэсэг нь Ардчиллын эсрэг байсан ч юм шиг тийм нэг суурь ойлголтыг улс төрийн өрнөл өгсөн. Гэтэл үнэндээ, тэр үеийн ардчиллын үйл явц бол монголын ард түмний нийтлэг хүсэл зорилго байсан гэдгийг давтан хэлье. Монголын улс төрийн сонгууль дөрөв дөрвөн жилийн циклтэй ч, энэ сонгуулийн 4 жилээр нийгмийн хөгжлийг дүгнэх ямар ч боломжгүй. Харамсалтай нь, 28 жилийн дараа эргээд харахад нийгмийн амьдралд чанарын ямар ч өөрчлөлт гараагүй байна.

-Чанарын өөрчлөлтийг яаж хэмжих вэ?

-Аливаа нийгмийн хөгжлийг оюун санаа, соёл, нийгэм, эдийн засаг, иргэний нийгэм, ардчиллын хөгжил гэх зэргээр иж бүрнээр авч үзэх ёстой. Зөвхөн өндөр сайхан барилга байшин, гоё ганган машин, үнэтэй брэндийн дэлгүүр нээгдсэнийг хөгжил гэх нь өрөөсгөл ойлголт. Энэ тансаглал бол нийгмийн 2-5 хувьд л нялздаг эд. Тиймээс нийт ард түмний амьдрал ахуй, амьжиргааны түвшин ямар байна гэдэг дээр анализ хийх хэрэгтэй. Сүүлийн 30 орчим жилийн улс орны туулж ирсэн нийгмийн амьдралыг дүгнэхээр, хүссэн хүсээгүй бодлого нь зөв байж уу?үгүй юу?, бодлогыг хэн хөтөлж, улс орныг хэн удирдав гэдэг асуудал яригдана. Дэлхий нийтээр улс орны төрийг улс төрийн намууд нь удирдаж буй. Тэгэхээр улс төрийн намуудын хөгжил, дэвшил, төлөвшил гэдэг нь өөрөө улс орны хөгжлийн нэг түлхүүр болчихсон байгаа юм. Өнөөдөр бид нийгэм хөгжөөгүй байна, олон салбар ухралтанд орсон байна гэдгийг дээр доргүй зөвшөөрсөн. Мэдээж өнгөтэй, өөдтэй зүйл бас байгаа боловч цогцоор бүхэлд нь ирээдүйгээ харах юм бол Монгол маань нэг л гундуу байна шүү дээ. Залуучууд нь харийн орон луу мянга мянгаараа дүрвээд л, үлдсэн хэсэг нь ажил төрөл эрхэлсэн ч олигтой цалин хөлс авахгүй байгаа дүр төрх нийтлэг. Монголын нийгмийн амьдрал, ирээдүй  гэрэл гэгээ багатай л харагдана. Энэ бол намууд улсаа удирдаж чадсангүй ээ гэдгийг тод нотолгоо.

-1990 онд монголчууд сэтгэлийн дуудлагаар жагсссан. Ард иргэд цөөхөн зүйлийг хүсэж, түүндээ итгэж найдсан. Улс нь ч баян, иргэн нь ч баян. Нэг намын дарангуйллыг устгаж, намын дээр төрөө гаргая. Хамгийн гол нь, харь улсын хараат байдлаас гарч, тусгаар тогтнолоо бэхжүүлэх. Үүнийг л хүссэн шүү дээ. 

-Яах аргагүй тэр үед бид нар нэг намын дарангуйлалаас салахыг эрмэлзсэн. Тэгвэл өнөөдөр бодит байдал ямар байна гэхээр нэг нам биш нэг хэсэг нам төрөө зайдагнадаг болчихсон. Үүнийг төрийг эзлэн түрэмгийлэх, төрийг булаах гэж яриад байгаа юм. - Дэлхийн олон орон ардчиллын мухардалд орсон. Тэр тусмаа Пост коммунист орнуудын ардчилал мухардалд орсон гэсэн дүгнэлтийг Европын эрдэмтэн судлаачид хийх болсон. Энэ дүгнэлтэнд нь Монгол орсон. Монголд ардчилал зүгээр нэг гажуудах биш , бүр хэт гажуудал гэдэг зүйл рүү хэлтийгээд орчихлоо гэсэн үг. Хойд Европын орнуудад картель намууд бий болсныг уг судалгаанд тодотгосон байдаг. Улс төрийн намууд нь төрөө эзэгнэдэг, хоорондоо үгсэн тохирчихдог гэсэн ойлголт. Манай Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрынхан   "картель " гэж яриад байдаг шүү дээ. Шатахуун импортлогч Монголын компаниуд өөр хоорондоо үгсэн тохиролцоод, үнэ ханшаа нэг зэрэг нэмсэнийг та бид санаж буй. Энэ бол картелийн ойлгомжтой жишээ. Монголын улс төрийн нам бол картель болсон. Тэд өөр хоорондоо үгсэн эвсдэг болсон. Тэгвэл, Төв Европын орнуудад  клиентелист намууд төлөвшсөн байна. Энэ нь өмч хувьчлалаар хөрөнгөжиж баяжсан хүмүүс болон эдийн засаг, эрчим хүчний нөөц, гол гол баялгийн эзэд, далд эдийн засгийн эздийн захиалгаар төлөөний хүмүүс нь хүмүүс тухайн улсын төрийг "эзэлчихсэн". Өөрөөр хэлбэл өөрсдийгөө хамгаалж байхын тулд төрд хүнээ томилж, шургалуулж байна гэсэн үг. Харин зүүн Европын орнуудад бол Олигархи төр тогтсон. Төр бизнес нь холилдсон, дээрэмчдийн, гэмт хэргийн бүлэглэл хүртэл байдаг. Ялангуяа, Болгарь, Украйнд.

-Монголд ч төстэй зураг харагдаж байна.

-Манайх их гибрид /холимог/ шинжтэй. Их өвөрмөц, Монголд бол яг энэ олигарх шинж нь давамгай, дээрээс нь клейнтелист шинж нь маш хүчтэй, тэгээд МАН, АН хоёр нь үгсэнэ.

Яагаад гэхээр, Уул уурхайн томоохон компани, дээр нь мөнгөтэй, нөлөөтэй Зам тээвэр, эрчим хүчний томоохон компаниуд өөр өөрсдийнхээ төлөөллийг төрд оруулчихдаг. Ингээд олон жил дээр доороо орж, төрийг ээлжлэн барих явцдаа улс төрийн элитүүд хоорондоо дотносож, сүүлдээ картель хэлбэрт орчихдог. Өөр хоорондоо нам нь үгсэн хуйвалдах, дээрээс нь далд эдийн засаг буюу оффшорчдын захиалгын хүмүүс, мөн гэмт хэргийн бүлэглэлүүд, бизнесийнхэн зэргийн нийлэмж-хам шинж нь монголд байна гэж байгаа. Энэ бол байж болох хамгийн гаж хэлбэр. Чехийн Микель Килма гэдэг судлаачийн судалгаа дүгнэлт хийсэн ном бүтээлтэй танилцсан. "Ардчилал болоод Пост коммунист орнуудын дүгнэлт " гэсэн тэр номд тавьсан оношоор бол Монголд Ардчилал бүрэн устсан.  Жишээ нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа бол тэрний ард ямар нэг олигарх зогсож байгаа, олигархгүй бол хүчтэй явах ч үгүй. Нөлөөтэй олигархи бүхэн дор бүрдээ телевизтэй, өдөр тутмын сонинтой. Түүнд нь иргэний нийгмийн байгууллагууд зусардаж зохицож амьдардаг болсон. Энэ маш ноцтой. Өөрөөр хэлбэл тийм зусар хоосон дүр эсгэсэн ардчилал гэдэг чинь яг ингэж тогтдог юм байна. Бид ардчилсан оронд амьдарч байна гэвэл эндүүрэл. Бид дүр эсгэсэн ардчилсан нийгэмд амьдарч байна гэж хэлж болно.

-Тэгвэл өнөөгийн улс төрчид л тэр дүр эсгэсэн ардчилалыг сүүлийн 30 жилд бий болгосон байна, тийм үү? Нөгөө ардчилагчид, нөгөө пост коммунистууд?

-Ардчилал өөрөө хөгжлийг тодорхойлдоггүй. Эдийн засгийн хөгжил өөрөө ардчиллыг нөхцөлдүүлдэг. Эдийн засаг, нийгэм ямар байна гэдгийг нийслэлийн захын гэр хорооллоор яваад үз л дээ. Би улстөрчдийг Улаанчулуутын хогийн цэг дээр, Налайхын нүүрсний уурхайд очиж, эсвэл Баянхонгор, Заамрын гар ажиллагаа бүхий уурхайн талбай руу, газар дорхи нь цооногууд руу орж үзээсэй гэж бодож байна. Тэнд хаа ч бүртгэлгүй, данснаас хасагдсан монгол иргэдийн "хүн сүрэг" байна. Эрүүл мэнд, ахуй амьдрал, байгаа орчин нөхцөл авах юм байхгүй.  Энэ бол төрийн бодлого, дархлагдсан хоёр нам, далд эдийн засгийн үр дагавар юм. 

Тэгэхээр одоо яаж үүнээс салж хагацах вэ?

-Энгийнээр зүйрлэе л дээ. Бид чинь хөзрөөр "муушиг" тоглохдоо, хуучирсан, нугларсан, араас нь танигдах болсон хуучин хөзөрөө сольдог шүү дээ. Хуучныг нь актлан хаяж, шинэ хөзөр гаргадаг. Үүнтэй л төстэй. Нийгмийнхээ бүх амьдралыг цоо шинээр, гэгээн цагаанаар эхлэх энэ боломж бол үндсэн хуулиа өөрчлөх юм. Яагаад гэвэл бид 70 жил социалист үндсэн хуулиар, сүүлийн 28 жил нь капиталист үндсэн хуулиар явчихсан. Бидэнд ямар хууль хэрэгтэй гэвэл Монгол үндсэн хууль хэрэгтэй. Үүнийг бид нар биш нөгөө ардчиллын багш болох барууныхан чинь хэлж сургаж байна. -Бидний бичсэн энэ хууль улс бүрд тохирохгүй, зөвхөн манайд л тохирох хууль байна гэж тэд өөрсдөө зөвшөөрч байна. Үнэндээ, өөр өөр орчин нөхцөл, соёл, зон олонд,  өөр өөр ахуйн хэвшилд нутагшиж, соёолж чадахгүй л байна. Бид дурын ургамлыг тал талаас авчраад ургадаггүй шүү дээ.

-Монголдоо л гэхэд, урд уулаас ургаа мод булгалаад талд суулгахад үхдэг шүү дээ. 

-Орчин нь тохирохгүй байгаа хэрэг. Монгол хүний ёс заншил, түүхэн уламжлал дээр суурилах ёстой. Чингисийн төрт ёсны загвар байна шүү дээ. Үүнийг Монтескью судалж байсан. Дэлхийн том удирдагчид, Гитлерээс өгсүүлээд,  Америк, Европ, Азийн үе үеийн ерөнхийлөгч Чингисийн үеийн удирдлагыг судалж байсан байгаа юм. Өнөөдөр бид өөрсдөөсөө харах юмгүй мэт барууны л юм үнэн зөв гээд байх юм. Тэр нь тохирохгүй, амьдрахгүй байна. Харьцуулах, судлах бүх зүйл нь бэлэн нээлттэй байна. Манай улстөрчид ч судалчихсан. Өнгөрсөн 20 гаруй жилд бүх дэлхийг л тойрч судаллаа шүү дээ. Харьцуулсан судалгаа хангалттай байна. Гагцхүү иргэний зориг, хүсэл эрмэлзэл л хэрэгтэй байна. Гэтэл эрх мэдэл чинь ийм хүсэл эрмэлзэл төрүүлдэггүй юм байна л даа. Эрх мэдлийг хангадаг ганц зүйл нь хязгааргүй эрх мэдэл. Тиймээс одоогийн эрх мэдэлтнүүдээс сайн сайхныг хүлээх нь утга учиргүй хэрэг. Зүгээр л шинэ үндсэн хууль баталж, Монгол Төрөө шинээр урлан бүтээж, их цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Машинаар зүйрлэвэл, нийгэмд иж бүрэн ээлж хийх шаардлага тулгарчээ.

-Ээлж хийх хугацаа боломж бол байна, тийм үү?

Байгаа. 1992 оны МУ-ын үндсэн хууль тухайн үедээ салан тусгаарлах буюу төвөөс зугтах хүчний үйлчлэлээр батлагдсан хууль гэж үздэг юм. Гадныхан ч тэгж дүгнэсэн нь байдаг. Таниас асууя, Энхбат аа. Тэр үед хууль баталж байсан хүмүүс өнөөдөр 28 жилийн дараа УИХ-д дандаа тэрбумтнууд сууж байна гэж урьдчилан харж байсан болов уу, 20 гаруйхан настай залуу 400 гаруй сая доллароор улс орныг 40 жил тэжээсэн Эрдэнэт үйлдвэрийг авчихсан байна гэж таамаглах боломж байсан уу. Машинууд нь багтахгүй, хүн амын тал нь Улаанбаатарт бөөгнөрчихсөн утаа, тоосондоо багтраад байж байна гэж төсөөлж байсан уу.  Хөнгөн үйлдвэрүүдээ хувьчилж, түрээсийн лангуу болгоод, улс даяараа 10000 архины дэлгүүртэй улс болно гэж хэн нэгэн харж байсан болов уу ?

Үгүй , үгүй. 200000 залуус эх орноо орхих юм гэж хэн ч төсөөлөөгүй.

-Энэ юу хэлэв гэхээр өнөөгийн нийгэмд шинээр үүсэх эдгээр харилцаануудыг тэр үед урьдчилан харах бололцоогүй байсан. Үүнийгээ л хүлээн зөвшөөр. Тэнд байсан 430 депутат мундаг хүмүүс байсан. Чинхүү  үнэн сэтгэлтэй, идэх уух, ахуйн шуналгүй. Энэ материаллаг ертөнцийг мэдэхгүй улсууд өнөөдрийн энэ капиталист нийгмийг төсөөлж чадахгүй байх нь аргагүй. Түүнийгээ хүлээн зөвшөөрчихвөл энэ нийгэмд нь тохирох тийм харилцаа хэрэгтэй. Үнэхээр ардчиллыг хүсч байгаа бол тэр ардчилсан нийгмийн норм, институтыг бий болгож чадах үндсэн хууль хэрэгтэй байгаа. Үүнийг л иж бүрэн харж байгаа гэж үзээд манай нам 2006 оноос хойш үндэсний үзлээр шүүн тунгаасан Монгол Үндсэн хуультай болъё гэж ярьсан шүү дээ.

Та үндсэн хуулийн ажлын хэсгийн гишүүн. Сая хэд хэдэн хэлэлцүүлэг хийлээ. Үүн дээр та монгол төрийн тухай сонирхолтой илтгэл тавьж байсан. Үүнийгээ тодруулж яриач?

-Ямар хүчин зүйлүүд хөгжилд нөлөөлдөг вэ? Хамгийн чухал нь зөв бодлого. Дээр нь , бодлогоо хэрэгжүүлж чадах тогтвортой институттэй байх. Манайд аль нь ч алга. 28 жилийн дотор 20 орчим засаг сольсон. Дунджаар 1,6 -1,8 жилийн настай Засгийн газар юу ч хийж чадахгүй. Зэс хайлуулах, төмөрлөгийн үйлдвэр, газрын тосны үйлдвэр, 5-р цахилгаан станц, улсын музей, цэвэрлэх байгууламж, спорт комплекс, зориулалтын театр гээд л энэ бүгд болохгүй байгаа биз. Эдгээрт хугацаа хэрэгтэй. Ялангуяа том үйлдвэрүүдэд 5-8 жил шаардагдана. Ажил хийх ийм боломж , хугацааг өгөх хэрэгтэй. 

Нэг жишээ татья. Нийгэмд хамгийн ойрхноор нь Хүнс, хөдөө аж ахуйн яамыг сонгоё. Энэ яаманд судалгаа хийхэд 1992 онд Хүнс хөдөө аж ахуйн яам гэж байсан. Дараа нь 1996 онд Хөдөө аж ахуйн яам болсон. Удалгүй, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болчихсон. Тэгээд 2012 оноос Үйлдвэр хөдөө аж ахуйн яам болсон. Одоо Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болсон. Энэ цөөхөн жил ямар их нэрний, бүтцийн өөрчлөлтийг зөвхөн нэг яаманд хийгээ вэ. Энэ өөрчлөлт бүрт бодлого бүрэн өөрчлөгдөнө. Боловсон хүчин бүрэн тарамдана. Бүтэц нь, газар нь татан буугдана. Хэтийн төсөл, хөтөлбөр, гаднын хөрөнгө оруулагчидтай ярьсан хэлэлцсэн бүх зүйл тэгээс эхэлнэ. Тэгээд энэ шинэ яам, шинэ бүтэц гарч ирээд яадаг вэ , цэвэрхэн хоосон ширээ, цэвэрхэн өрөөг л хүлээж авдаг. Үүнийгээ ажлаа сайхан хүлээлгэж өгч, хүлээн авч байна гэж санадаг. Энэ бол хоосон хэлбэр. Чанар байхгүй. Зүй нь, хавтас дүүрэн баримт бичиг гардуулаад, - Энэ бол монгол төрийн хар хайрцагны бодлого, энэ бол манай урт хугацааны хөгжлийн бичиг баримт, энэ дунд хугацааных нь гээд бүх ажил хэргээ танилцуулаад хүлээлгэж өгөх ёстой. 

-Залгамж чанар гээгдсэн. 

-Тийм юм байхгүй болсон.

Социализмын үед  Эрдэнэт үйлдвэр, Бага нуур, Шарын гол, Бор өндөр, Бэрхийн жоншны уурхай зэрэг арав гаруйхан уурхайг ажиллуулж байсан. Болж байсан. Одоо ам болгонд шахуу уурхай ажиллаж, баялаг олборлож буй хэр нь улсын эдийн засаг өсдөггүй, сан хөмрөгт юм орж ирдэггүй, баялаг бол гадагшаа их гарсан шинж чанартай. Үүнийг та яаж харж байна?

Эрдэнэт үйлдвэр ганцаараа улсын төсвийн тал хувийг нуруун дээрээ авч явж байсан үе байдаг. Гэтэл одоо Эрдэнэтээс 4 дахин том Оюутолгой, Болд төмөр Ерөө, Баргилт, Фокус майнинг зэрэг төмөрлөгийн үйлдвэрүүд , Хөшөөт, Цайрт минералс,  уурхай ажиллаж байна. Тэр үед олборлогддоггүй байсан алт л гэхэд жилд 20 тонноороо олборлогдож байна. Олон сая баррель нефть экспортлож байна. Гэтэл иргэдийн амьдрал дээшилдэггүй ээ. Бахь байдгаараа байгаад байна. Нэг хүнд ногдох ДНБ- 3700 ам,доллар гээд байгаа гээд байгаа. Гэхдээ энэ чинь хүн болгонд очоод байгаа ч юм үнэндээ бол биш. Улсын хэмжээнд байгаа зүйлийг л хуваагаад үзэхээр тийм тоо гараад байдаг. Жирийн айлд бол сая төгрөг ч очихгүй л байна. 10 гаруйхан уурхай улс орныг аваад явж байтал 1500 лиценз хэдэн зуун уурхай энд тэндгүй бужигнаад, Торонто, Хонконг, Австралийн бирж дээр хэдэн турбум ам.доллар босгоод байдаг. 

-Тэгтэл улсын өр өсөөд л байдаг. 

-МУ-ын өр 30 тэрбум долларт хүрлээ. Энэ чинь буруу бодлогын гай. Энэ бирж дээр босгоод байгаа мөнгө, хэлээд байгаа хөрөнгө оруулалт Монголд орж ирж байна уу гэдэг асуудал. Бичилт нь монголд хийгдээд байдаг. 100 долларын 80 доллар нь урсаад гараад явчихдаг, 20 доллар нь үлдэх үү?, үгүй юу? гэдэг туйлын эргэлзээтэй. Тэгвэл үлдсэн тэр 20 доллараараа нөгөө 100-доллароо хүүтэй нь төлнө шүү дээ. Төрийн хүчин чадал мөнгөнд л байгаа шүү дээ. Монгол төгрөгийн хувь заяаг Монголбанк л мэддэг. Би монгол банкинд маш шүүмжлэлтэй байгаа, 20 гаран жил. 1990 онд монгол төгрөг, доллар хоёр уулзахдаа 2:1 харьцаатай уулзсан л байхгүй юу. Тэгвэл өнөөдөр 2400 :1 гэсэн харьцаатай болчихсон. 1000 дахин уначихсан байхгүй юу.

-МҮАН-аас хөгжлийн хүрдийг эргүүлцгээе гэсэн цогц бодлого гаргасан нь сонирхол татсан. Та Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам гэж байхад сайдаар ажиллаж байсан. Монголын хөдөө аж ахуйн биржийг эхлүүлсэн. Үйлдвэржилтийн бодлого гэдгийг бас гаргаж байсан.  Одооны хийж байгаа хөгжлийн хүрдийг эргүүлцгээе гэсэн бодитой цогц зүйл байна. Үүнийгээ товч танилцуулаач.

-Ганцхан нүүрэн дээр монголчууд бид 365 хоногт, шар наран бор хоногт юу хийдгийг харуулсан юм. Үүнийгээ ахуй амьдралын хүрд гээд байгаа. Үүнийгээ сайн эргүүлж чадвал хөгжилд хүрэх юм.

Монголын нэг өдөр гэдэг зураг шиг юм байна, тийм үү

-12 сар, 365 хоног байна. Хавар нь мал төлөө авна. Зун нь цагаан идээ сүүгээ авна. Намар нь тариа будаагаа хурааж, арьс ширээ бэлдэнэ, ан гөрөөгөө хийнэ. Өөрөөр хэлбэл сүү, мах, тариа ногоо, ан гөрөө гэсэн зүйлүүд нь  хүнсний үйлдвэрүүдийнхээ бүтэн жилийн үйлдвэрлэлийн болоод иргэдийнхээ хүнсний хэрэгцээг хангах ёстой шүү дээ. Арьс шир, ноос ноолуур, мод нь хөнгөн үйлдвэрүүд рүүгээ орно. Үүний цаана алт, нүүрс, төмөр, зэс гээд уул уурхайн үйл ажиллагаа байгаа. Энэ бүгдийг ухаантай явуулах, үнэ цэнийн хэлхээг яаж хөгжүүлэх вэ гэдэг ухааныг л олж чадахгүй байгаа юм. Энэ хүрдний дотор тал нь ундардаг баялаг, гадар тал нь дундардаг баялаг. Энэ дундардагаасаа олдог орлогыг ундарч байгаа руугаа оруулахад монголын хоёр сая байтугай 20 сая хүнийг ажлын байраар хангана. Маш энгийнээр хэлэхэд хоёр тэрбум доллар оруулахад зургаа болно, гурвыгаа оруулахад ес болно. Экспортоо нэмэгдүүлээд, бренд хөгжүүлээд ирвэл 20-30 тэрбум доллар өлхөн болно.

Үүнийг одоо хэрэгжүүлж болохгүй юм уу?

-Ийм эргэж буцсан бодлоготой, ийм тогтворгүй засагтай байхад чадахгүй. Би яаманд байхдаа өчнөөн хүнд ярьсан. Бүгд ойлгодог, зөв байна гэдэг. Даанч яаж хэрэгжүүлэх юм бэ л гэдэг. Төрийн бодлогыг фракцаар, клиентээр хувааж авдаг, олигархиуд төрийн мөнгөө хуваагаад идчихдэг болохоор  энэ үндсэн хуулийн хүрээнд үүнийг цогцоор нь хэрэгжүүлж чадахгүй.

Манайхан бүх салбараа хувьчлаад авчихсан, дов довоо шарлуулсан. 2020 онд сонгууль болно. Иргэд улс төрийн намууддаа дүн тавьдаг, тооцоо хийдэг 4 жилд ганц тохиодог боломж. Ардчилал гэж юу юм бэ гэж би хүмүүсээс асуудаг. Төрийн эрхийг ээлжлэн барих гэж гэдэг бол ардчилал гэсэн хариулт бас бий. Манайд ардчилал байхгүй шинж тэмдэг нь  төрийн эрхийг хоёрхон нам 28 жил барьчихсанд байх шиг. 2020 оны сонгуулиар энэ 2 намаас татгалзъя,  өөр хүчин сонгоё гэж саная. Сант маралын судалгаагаар нийт иргэдийн 83 хувь нь энэ 2 намд итгэхгүй байна гэж гарсан байна. Энэ бол том тоо.

Үндсэн хууль өөрчлөгдөж, төр тогтвортой байх суурь бий болчихсон тохиолдолд хөгжлийн хүрдийг эргүүлж болно. Маш богино хугацаанд хэрэгжинэ. Гол нь ард түмэн хүлээснээсээ өөрсдөө чөлөөлөгдөх хэрэгтэй. Манай иргэд өөрсдөө хувьчлагдчихсан. Манай 2 нам ард түмнээ нэг нь дээрээс нь нөгөө нь доороос нь хувьчлаад авчихсан байдаг юм байна. Үүнээсээ чөлөөлөгдөх ёстой. Чөлөөлөгдөх нэг хэлбэр нь орон нутгийн сонгуульд нам оролцохгүй болох. Орон нутгийн удирдлага гэдэг чинь аж ахуйн амьдрал байхгүй юу. Тэр лүү нам орчихсон. Үүнийгээ болих хэрэгтэй. Дэлхий даяар намгүйжүүлэх хөдөлгөөн өрнөж байна. Намчирхал улс орны хөгжилд маш хортой юм байна. Тэгээд их цэвэрлэгээ хийх ёстой.

Нийгмийн хүн амын зүй зохис бол яг өндөгний хэлбэртэй ижил байдаг гэнэ. Дээд талын хэсэг нь нэлээд өргөн, энэ нь баян хүмүүс. Ядуу бас байгаа. Энэ нь хамгийн бага зайг эзэлдэг байх буюу өндөгний доод хэсэг шиг. Харин дунд хэсгийг нь чинээлэг, дундаж давхарга хоёр эзэлдэг байна. Энэ хоёр нь нийгмийг хөдөлгөгч хүч. Манай нийгэмд бол энэ зүй зохицол алдагдсан гэж би хараад байгаа. Та юу гэж харж байна.

-Их гоё загвар. Гэхдээ энэ өндөг бол манайтай харьцуулашгүй сайн аж. Манайх А хэлбэрийн тогтоцтой болчихоод байгаа юм. Дээд талын хамгийн нарийхан хэсэг нь буюу нэг хувь нь хязгааргүй баячууд. Дундаж давхарга бараг байхгүй, туранхай А шиг нарийхан болчихсон. Ядуу хэсэг нь цүлхийгээд их болсон. Энэ бол хамгийн муу тогтолцоо. Хөгжингүй орнууд, тухайлбал Норвеги, Австри, Дани зэрэг орон бол таны хөөрөг шиг байдаг. Зөв зохист харьцаа бол баян нь их, чинээлэг, дунд давхарга цүлхийсэн том, ядуу нь зүүний үзүүр шиг нарийхан байх учиртай. Уламжлалт сэхээтэн, элит, чинээлэг, ядуу гээд. Манайд чирж явдаг хэсэг байхгүй бүгд доод хэсэгтээ орчих гээд байна. Манайх маш олон үзүүлэлтээр нэгдүгээрт жагсдаг. Гагцхүү үүнийг зохицуулж чадах төр, тогтолцоо, түүнд бодлого, боловсон хүчнээ бэлддэг улс төрийн нам алга. Их цэвэрлэгээ гэдэг шиг Үндсэн хуулийн реформ зайлшгүй шаардлагатай. Нэгдүгээрт төр тогтвортой байх, намчирхлыг саармагжуулах, эдийн засгийн зохицуулалтууд, Монгол банк, Монгол төгрөг, гадаадын зээл, төсөв гэх мэт юмнуудаа барьж авах хэрэгтэй байна. Баялгийн менежментээ зохицуулах, Ард түмний хяналтын механизмыг хуульчлах шаардлага байгаа.

Нийгэм, улс төр, эдийн засаг гээд бүхий л салбарт болж бүтэж байгаа юм бага байна. Тэрийг нь хэлж байж л сайжруулна. Манайхан маргааш сайхан болно гэж ярьдаг. Би бол өнөөдөр сайхан байж, маргааш илүү сайхан болно гэдэгт итгэдэг. Өнөөдөр өр ширтэй байж маргааш сайхан болно гэж ярих эрх байхгүй.

Нарантуул зах дээр 20 гаран жил зогсож байгаагаа амьдрал болж байна, эсхүл нүүрсний урт дараалалд машин барьж байгаагаа, гадаадад шал угааж байгаагаа болж байна гэж үзэж хэрхэвч таарахгүй. Энэ бол монгол хүний заяа завагт цөвтэй л юм. Ийм тэнгэрлэг ард түмэн өөрөөр амьдрах хувь зохиолтой. Ийм төртэй болохоор сүүлдээ гутраад нэгэнт өнгөрсөн гээд хаядаг байж ерөөсөө болохгүй. Гутранги үзэлд автбал аюултай. Өөдрөг амьдралын төлөө иргэн бүр эрвийх дэрвийхээрээ л зүтгэх хэрэгтэй. Бидэнд улс орноо аврах нэг их олон сонгууль үлдээгүй байх шүү.

Та бид хоёрын ярилцах цаг өндөрлөж байна. Манай нэвтрүүлэгт зочноор оролцож, нийгэм улс төрийн асуудлаар ярилцсанд талархлаа. Үндсэн хуулиа өөрчлөх, реформ хийх ажилд тань амжилт хүсье.

-Баярлалаа. Монголын сэтгүүл зүйд нэр хүндтэй сэтгүүлч тантай нийгмийн чухал асуудлаар ярилцсандаа талархаж байна. Сэхээтнүүд сэргэж байна . Хуучин зөв гэж найдаж, биширч явсан үзэл санаа нь мухардалд орж, зах зээлийн давалгаанд сэхээтнүүд цохигдон "шоконд" орж, ардчилал, шинэчлэлд найдлага тавин шинэ зүйлийг хүлээн тээнэгэлсэн сэхээтнүүд сүүлийн жилүүдэд ялгаж салган, нэгийг бодож хоёрыг тунгаах болжээ гэж харж байна. Сант Маралын судалгаанд ч сэхээтний орон зай багассан тухай мэдээлэл байсан. Тиймээс сэхээтнүүдийг сэрээсэн нэвтрүүлэг хийж буйд талархаж байна. Ийм буянтай ажил эхлүүлсэн танай цахим телевиз, Control.mn мэдээллийн сайт, хамтран ажиллаж буй "Өглөөний сонин", ТМ телевизийн хамт олонд амжилт хүсье.

- Баярлалаа.

 

 

 

 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ДЭМЖИЖ БАЙНА.: Гайхалтай 2018-06-11
Наран:Товчхоноор хэлье. Ба. Цогтгэрэл бол өвчтэй нөхөр. 2018-07-11
Наран:Энэ өнгөрсөн 28 жил нийгэм хөгжөөгүй байна гэж тэнэгтэх хэрэггүй. Нийгэм асар их өөрчлөгдөж хөгжсөнийг тэнэг хүмүүс ойлгодоггүй. Монгол 1990 онд ямар байлаа. Манай нийгэм туулдаг замаа туулаад ту****г өвчнөө тусаад эмчлээд аажим аажмаар сайжраад явж л байна. Гэнэт сайхан болно гэдэг хаа ч байхгүй. Болдог юмс болдогоороо л болж хөгжөөд явж байна. Нийгмийнхээ сайн сайхан талыг С.Жавхлан Б.Цогтгэрэл шиг ****ийн улс төрчид харж чаддаггүй. 2018-07-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?