ЗӨВХӨН 2017 ОНЫ БАЙДЛААР 34 ИРГЭН ХҮНИЙ НАЙМААНЫ ЗОЛИОС БОЛЖЭЭ

2018-06-27  

Ямар ч нийгмийн хамгийн гол асуудал бол хүний эрхийн асуудал. Тэгвэл ардчилсан гэгдэх манай улсад хүний эрх уландаа гишгэгдэж, хүчирхийллийн дуу тэнгэрт хадаж байна. НҮБ-ын Хүн амын сангийн манай улсад явуулсан “Хүчирхийллийн нүцгэн үнэн” судалгаанд хамрагдсан 10 эмэгтэй тутмын 6-нь хүчирхийлэлд өртсөн гэсэн үзүүлэлт үүнийг баталж байгаа юм. Бид хүчирхийллийн хажуугаар нүдээ аньж өнгөрсөөр хэчнээн хүний амь амьдрал орвонгоороо сүйрч байгааг мэддэггүй. Өнгөрсөн онд л гэхэд Хүйсийн тэгш эрхийн төвд нийт 68 хохирогч хандсанаас 34-нь хүний наймааны хохирогч байжээ.

Тэгвэл бид хүний наймааны талаарх ойлголт болон бодит тохиолдлуудын талаар Хүйсийн тэгш эрх төвийн тэргүүн Г.Ганбаясахтай ярилцлаа.

Хүмүүс хүн худалдаалах гэхээр эд эрхтэнг нь огтолж аваад зарчих тухай л төсөөлөлтэй байдаг. Ийм тохиолдол ер нь бүртгэгдэж байсан уу?

-Ийм тохиодол бүртгэгдэж байгаагүй. Энэ бүртгэгдээгүй гээд байхгүй гэсэн үг биш. Хохирогч барагтай бол амьд олддоггүй гэж үздэг. Тиймээс үйлдэгддэггүй гэж хэлэхгүй. Гэхдээ маш аймшигтай тохиолдлуудыг би яримаар байна.

Хүн худалдаалах гэмт хэргийн ямар хэлбэрт манай монголчууд их өртдөг вэ?

-Хүний эрхийн үндсэний комисс дээр бүртгэгдсэн хэргүүдээс харвал 3 төрөл давамгайлж байна.

Нэгдүгээрт, бэлгийн мөлжлөг. Үүний 70 орчим хувь нь хохирогч. Дотоодод насанд хүрээгүй 13-18 хүртэлх насны охидыг зохион байгуулалттайгаар биеийг нь үнэлүүлж байна. Хилийн чанадад 18-35 насныхныг хуурч мэхэлж аваачаад хүчээр биеийг нь үнэлүүлж байгаа асуудал гардаг.

Хоёрдугаарт, хөдөлмөрийн мөлжлөг, албадан хөдөлмөр эрхлүүлэлт. Үүнд дотоодын болон гадаадын иргэд аль аль нь хамаарадаг. Түр ажиллуулдаг, шалгаруулж авах нэрээр 3-7 хоног ч юм уу түүнээс их хугацаагаар цалин хөлсгүй ажиллуулдаг зөрчлүүд байна. Эсвэл туслах ажил нэрийн дор хөдөлмөрийн мөлжлөг их явуулдаг. Ялангуяа барилгын, газар шорооны гэх мэт ажил хийдэг иргэд хөдөлмөрийн мөлжлөгт их өртдөг. Цалин өгөөгүйгээс болоод амиа хорлоно гээд барилгын кран дээр гарч байсан тохиолдол хүртэл бий.  Албадан хөдөлмөр гэдэг нь тухайн хүн ажлаа орхиж явж болохгүй байдалд оруулдаг. Бүр зарц хамжлагын асуудал буюу орчин цагийн боолчлолын асуудал ч яригдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө эрхшээлд байлгаж, тэр ажлыг хийхээс өөр аргагүй байдалд оруулж байгаа нөхцөл байдлыг хэлдэг.

Гуравдугаарт, зуучлалын гэрлэлт. Тэнд байгаа гадаадыг энд байгаа Монголтой суулгаад дундаас нь ашиг хонжоо олдог асуудал. Гэтэл гол асуудал нь гэрлэж байгаа хүн нь баахан мөнгө төлчихсөн, хохирогч болж байгаа хүмүүс нь гар дээрээ нэг ч төгрөг тавиагүй байдаг. Энэ дундаас ашиг олж байгаа хүмүүсийг хэлээд байгаа юм. Одоогийн байдлаар визтэй хүмүүст л мэдэгдэж байгаа, визгүй хэд гарч байгааг мэдэх боломжгүй байна.

Г.ГАНБАЯСАХ: МАЛАЙЗ РУУ 40 ГАРУЙ ЭМЭГТЭЙГ ХУДАЛДААЛСАН. БИД 5 ЭМЭГТЭЙГ ОЛСОН...

Манай улсын иргэн гадаад руу гараад энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, хохирогч болсон тохиолдлуудаас дурдаач?

-Бүх л хэрэг ардаа хүний амь нас дагуулж байдаг учраас нийтлэг тохиолдлуудаас яръя. Биеийг нь үнэлүүлэх зорилгоор Малайз руу 40 гаруй эмэгтэйг нэгээр нь, хоёроор нь, өөр өөр улсуудаар дамжуулж, өөр өөр тээврийн хэрэгслүүдээр авч явдаг. Очсоных нь дараа бүгдийг нь хүчээр биеийг нь үнэлүүлсэн тохиолдол бий. “Та нарыг авчрах гэж 3000 доллар төлсөн, өрөө төл” гэж дарамталдаг. Эсэргүүцвэл хар тамхи тарина гэдэг, маш хэрцгийгээр зоддог байсныг эмэгтэйчүүд хэлсэн. Тэнд Азийн маш олон эмэгтэйчүүд байсан юм билээ. Тэд 8 сарын дундуур яваад 12 сарын сүүлээр манай багтай холбогдсон. Бид 1 сарын 20-нд аврах ажиллагаа явуулахаар Малайзын цагаачлалын албанд хүсэлт гаргаж, тэр шөнөдөө аврах ажиллагаа явуулж 5 эмэгтэйг олсон. Тэднийг гүйдэг хананы завсар хийгээд нуучихдаг байсан юм билээ. Бичиг баримт гэх мэт бүх зүйлийг нь хөөцөлдөж явсаар байгаад 2 сарын 14-нд Монголд авчирсан. Тэдгээр хүмүүс 40 гаруй эмэгтэйг худалдаалсан нь тогтоогдсон.

Шүүх ямар шийдвэр гаргасан бэ?

-Асуудал 4 жилийн турш шүүхээр явсан. Эсрэг талд 5 гэмт хэрэгтэн байсан. Бүх шатны шүүх хурал 13 удаа болж 8 удаа хойшилж 8 жил 6 сарын ял авсан юм. Гэвч прокурор буцааснаас болоод 3-5 жилийн ял л оноогдсон. Ихэнх нь урьдчилан саатуулагдсан хоногтоо дүйцээд шууд суллагдсан гашуун туршлага бий.

ОХИНЫГ ТӨРӨН ТӨРТӨЛ НЬ БИЕИЙГ НЬ ҮНЭЛҮҮЛЖ, ТӨРӨӨД 8 ХОНОСНЫ ДАРАА ЭРГЭН “АЖИЛД” НЬ ОРУУЛСАН...

14 жилийн турш хүчээр биеийг нь үнэлүүлж байсан гэмт хэрэгтнийг 3 жилийн ялаар шийтгэсэн гэж үнэн үү?

-Тийм. Оюун ухааны бага зэргийн өөрчлөлттэй 16 настай охиныг нэг эмэгтэй “Эгч нь ажилд оруулж өгье” гээд авч явсан байдаг. Тэр өдрөөс хойш тасралтгүй 14 жил 7 сарын турш хүчээр биеийг нь үнэлүүлсэн байдаг. Энэ хугацаанд гурван удаа жирэмслэхэд нь анхынх нь хүүхдийг гаргуулаад асрамжийн газар өгсөн байдаг. Охиныг төрөн төртөл нь биеийг нь үнэлүүлж, төрөөд 8 хоносны дараа эргэн “ажилд” нь оруулсан байсан. Эмэгтэй хүнд биологийн хувьд тийм зүйл хийж болохгүй өдрүүд байгаа шүү дээ. Тэгэхэд нойтон салфеткиар чихээс хийгээд өөрийгөө аргал гэж дарамталдаг байсан юм билээ.

Танай төвтэй яаж холбогдсон юм бэ?

-Манай дээр 2016 оны 8 сард таксины жолооч хүргэж ирсэн. Тархиа хагалуулаад, хөх эрээн болтлоо зодуулчихсан ирсэн Түүнийг “300 мянган төгрөг олж ирлээ, бага байна” гэж зодсон юм билээ. Гэрийнхэндээ энэ талаараа хэлэхэд нь хэн ч итгээгүй гэсэн. Шүүхээр яваад 2018 оны нэгдүгээр сард хэрэг нь шийдвэрлэгдсэн. Анхан шатны шүүхээр ороод хуучин хуулийн хүн худалдаалах буюу хүндрүүлэх нөхцөлтэй гэдэг заалтаар 10-аас дээш жилийн ял авах шинжийг бүрэн агуулсан байна гэж үзсэн.  Гэтэл шинэ хуулиар сэжигтэн яллагдагчид ашигтай байдлын заалтаар бэлгийн мөлжлөг гэж үзээд 12.3 аас 3 жил 6 сарын ял авсан. Нийслэлийн шүүхэд давж заалдсан  боловч үр дүн нь ижил гарсан учраас дараагийн шатруу яваагүй юм.

Саяхан АНУ-д насанд хүрээгүй хүүхдүүдийг фээсбүүкээр зуучилж зарж байсан хүнд 100 гаруй жилийн ял өгсөн. Гэтэл манайд...?

Нэг хүний амьдралыг орвонгоор нь эргүүлчихээд байхад, манай төр сэжигтэндээ үнэгүй өмгөөлөгч өгчихдөг. Хохирогчид хэн энэрэнгүй хандах ёстой юм бэ, хэн өмгөөлөгч гаргаж өгөх ёстой юм.

Ер нь хохирогчийг буруутгадаг үзэл их байна гэж хэлээд байна уу та?

-Тэр чигээрээ л хохирогчийг буруутгаад байдаг. Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэлд өртжээ гэвэл охидоо яагаад хар нялхаас нь замбараагүй явуулаад байгаа юм гэх мэтчилэн. Гэтэл тэр насанд хүрээгүй охидыг хэн худалдаж аваад байгаа юм. Хэн мөнгөө тэр хүүхдүүдэд зараад байгаа юм. Эрэлт байгаа цагт нийлүүлэлт байж л байдаг. Тэгэхээр бид эрэлтийг л зогсоох хэрэгтэй. Ийм гэмт хэрэг үйлдвэл би яг ингэх юм байна гэдэг бодол л тэр хүний толгойд байж байх ёстой. Тэрнээс биш “Охид бузарлавал төр мөхнө” гэж биччихээд гараад 15 настай охин худалдаж авч байгаа цагт бид хэзээ ч энэ асуудлаас салж чадахгүй. Үүний тулд л оновчтой хууль, зайлшгүй бодлого хэрэгтэй байгаа юм.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй манай улс болон олон улс хэрхэн тэмцэж байна вэ?

-Дэлхий даяараа зохион байгуулалттай гэмт хэрэгтэй маш сайн тэмцэж байна. АНУ л гэхэд жил бүр тайлан гаргадаг. Хүний наймаатай тэмцэх чиглэлээр тухайн улсын засгийн газар юу хийж байгааг судалдаг. Өнгөрсөн онд л гэхэд 187 орныг багтаасан байна. Түүнд нь урьдчилан сэргийлэх ямар ажил хийсэн, хохирогчоо хамгаалах тал дээр юу хийсэн, хэргийн шийдвэрлэлт дээр юу хийж байгаа, хамтын ажиллагааг яаж хөгжүүлж байгаа гээд 4 үндсэн үзүүлэлтүүдээр авч үздэг. НҮБ-ын гишүүн орнууд бол ямар нэг байдлаар тэмцээд л байна. Манай улс энэ тал дээр хууль дүрэм, бичиг баримтын хувьд үнэхээр сайн.

Дутагдалтай тал нь юу юм бол?

-Институчлагдсан тогтолцоо дутаад байна. Өөрөөр хэлбэл, нэг хүн хохирогч боллоо гэхэд өөрөө цагдаад хандаж, өөрөө эмнэлэгт үзүүлнэ гэх мэт бүх мөнгийг өөрөөсөө гаргаж хохирсон дээрээ хохироод л яваад байдаг. Хамгийн сүүлд шүүхээр асуудал нь шийдэгдэхээр болбол цуглуулж чадсан баримтуудаар нь л гэмт хэрэгтнээс нөхөн олговор авдаг. Гэтэл нуугдаж хаагдаж байгаа тэр хүн бүх газраас баримт нэхээд явна гэж байхгүй. Өөрийнхөө төлөө өөрөө л гүйх шаардлага гардаг. Маш олон журам байдаг, амьдрал дээр огт наалддаггүй. Энгийнээр бол чи энэ хүнд туслалцаа үзүүл гээд түүнийг нь дээрээс хянаад байж байдаг тийм тогтолцоо байх ёстой. Энэ бол бүх гэмт хэрэгт хамаатай. Ялангуяа хүний наймаа, хүчирхийллийн хохирогчийг насан туршийн хохирогч гэж үздэг. Тийм учраас төр энэ тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Одооны хууль бол 2-8 жил, 10-20 жил гээд хоорондох зай нь маш хол байдгаас ихэнх хүмүүс оносон ялаа авахгүй байна. Энэ жилүүдийг нарийн зүйлчилж хоорондын зайг багасгахгүй бол хүмүүс сайн өмгөөлөгч аваад ял завшаад л байна шүү дээ.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
::үгүй байлгүй дээ 2018-11-28
z:Yamar aimshigtai yum be ene ****en tegeed yalaa edleed shorondoo uhamsraara yvahgui yuga hj hooloigor ni hool davdagbnaazal 2018-11-28
gasan:huuligui mongold torson mini mongolchuud azgui 2018-11-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?