ПАВЕЛ ШЧАБ: ИРЭХ БҮРД УЛААНБААТАРЫН БҮХИЙ Л ЗҮЙЛС ӨӨРЧЛӨГДСӨН БАЙДАГ

2018-07-24  

Соёл урлагийн их сургууль нь сургалт, эрдэм шинжилгээ, уран бүтээлийн чиглэлээр олон улсын хурал, чуулган, фестиваль зохион байгуулдаг. Энэ удаад Монгол улсын СУИС, Олон улсын Монгол судлалын холбоотой хамтран монголч эрдэмтдийн чуулганыг хийлээ. Энэхүү чуулган нь гадаад, дотоодын Монгол дахь соёл, урлаг судлалыг идэвхжүүлэх, түүний үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Мөн Монголын соёл, урлаг судлалаар мэргэшсэн залуу судлаачдыг дэмжих, залгамж халааг бэлтгэх зорилгоор Олон улсын монголч эрдэмтний хурлыг долдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж байна.

Энэхүү Олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Монгол улсын эрдэмтдээс гадна ОХУ, Герман, БНХАУ, БНСУ, ТУРК, УНГАР, ФРАНЦ, ПОЛЬШ, АНУ, АВСТРИ зэрэг улс орнуудын эрдэмтэд оролцлоо. Тус хурлын явцад Унгарын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулын Монголч судлаач, эрдэм шинжилгээний ажилтан Ракош хэлэхдээ “Монгол бол өнөөгийн цагт дэлхий дээр нүүдэллэж амьдарч байгаа цор ганц улс. Эртний сайхан баялаг, дахин давтагдашгүй түүхтэй улс. Харин орчин үед үүнийг эрдэмтэд маш ихээр судлах болсон. Тиймээс өөр олон улс, үндэстэн Чингис хааныг өөрийн баатраа болгож, үндэстнээ тодорхойлох гэсэн оролдлогууд их байгаа нөхцөлд түүний дүрийг тайз дэлгэц, дүрслэх урлагт хэрхэн буусныг судлах нь чухал юм”  гэж хэллээ. Чуулганы үеэр Польш улсаас ирсэн монгол судлаач Павел Шчабтай уулзаж, ярилцлаа. Тэрбээр монгол хэлийг гойд сайн эзэмшсэн ажээ.  

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

 -Баярлалаа. Сайн байцгаана уу. Польш улсын Варшавын их сургуулийн Монгол судлаач, докторант. Танай уншигчдад өөрийгөө танилцуулж буйдаа таатай байна.

-Та яагаад монгол судлал руу орох болов. Энэ чиглэлээр судалгааны бүтээл хийхэд юу нөлөөлсөн бэ?

-Миний хувьд ихэнх хүмүүсийн адилаар бага байхаасаа эсхүл ахлах ангид байхдаа Чингис хааны түүх, Монголын аж амьдралыг  сонсоод сонгох шалтгаан болсон гэх гэгээлэг хүсэл эрмэлзэл байхгүй л дээ (инээв). Гэхдээ энэ мэргэжлийг тохиолдлоор сонгосон юм. Мэдээж их сургуульд элссэн хэн бүхэн суралцах шаардлагатай учраас заавал мэргэжлээ сонгоно. Уг нь би аль хэдийн өөр мэргэжлийг сонгочихсон байлаа. Харамсалтай нь шалгалтын оноо минь үндсэн шалгавраа даваагүй болохоор оноо аль мэргэжилд тэнцэх боломжтой байна, тэрийг л сонгохоор шийдсэн юм. Тэгээд л монгол судлаачийн ангид  тэнцсэн. Харин өнөөдөр энэ чуулганд хүрэлцэн ирж, илтгэл тавихаар Монголын сайхан оронд ирсэндээ баяртай байна шүү.

-Анх Монголд хэдэн онд ирж, судалгаа, шинжилгээ хийж эхэлсэн бэ. Ямар чиглэлээр, юуны талаар судалгааны ажлаа голлон хийв?

-Би анх 2008 онд хоёрдугаар курсээ төгсчихөөд Монголд хэлний бэлтгэлээр нэг жил суралцахаар ирсэн. Тэр үед хэлний түвшин ч муу байсан болохоор олигтой судалгаа хийж чадаагүй. Гэхдээ өөрийгөө дайчлаад мэргэжилдээ туйлын дуртай байж чадсанаар олон хүмүүстэй танилцаж, судалгаагаа эхлүүлж, хийж чадсан даа. Онгоцноос буухад л Улаанбаатар хот сэтгэлд ойр, илүү дотно санагдсан. Тэр мөчөөс эхлээд Улаанбаатарт бүр ч илүү хайртай болж эхэлсэн дээ (инээв).  Ер нь гадаадын ихэнх монгол судлаач Монголын эртний түүх, зан заншил, соёл иргэншлийг түлхүү судалдаг. Минийх ч мөн адил бусад талаараа холбоотой. Гэхдээ судалгааны ихэнх хэсгийг Улаанбаатар хот, газар ус-гудамж талбайн нэр хэрхэн нэрлэгдсэн, өв уламжлалаа яаж шингээж тодорхой нэршлийг өгсөн талаар түлхүү судалж, ажилласан. Өнөөдрийн илтгэл тавих сэдэв ч энэ судалгааны талаар тавигдана.

-Та хэллээ шүү дээ, Улаанбаатар хотыг ерөнхийд нь судлах дуртай гэж. Тэгвэл судлах явцад юу ажиглагдсан бэ?

-Миний хувьд бол Улаанбаатар хотод нийт 10 удаа ирсэн. Тиймдээ ч ирэх бүрт гудамж талбай, хотын нягтаршил гээд бүхий л зүйлс тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн байдаг. Мэдээж сайн, муу гэсэн хоёр талаараа шүү дээ.

Хот бол хүний гараар бүтээгдсэн байгалийн амьд организмын нэг хэсэг гэж би үздэг. Би хувь хүнийхээ үүднээс Улаанбаатар хотыг муулж, үнэлэлт дүгнэлт өгөх дургүй юм. Гэхдээ сайн талаараа бол өнгөрсөн хугацаанд хүмүүс нь өдөр ирэх тусам илүү хотдоо хайртай цэвэрч нямбай, цэмцгэр болж байгаа. Харин сул талаараа бол барилга их хэмжээгээр баригдаж, хотын ерөнхий зохицуулалт, газар өмчлөлийн норм маш ихээр алдагдсан дүр зураг түлхүү ажиглагдсан. Мөн ногоон байгууламж тааруу байгаа зэргээрээ л сулхан байна даа.

-Залуу монгол судлаачийн хувьд монгол залууст түүх соёлоороо яагаад бахархаж явах талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Нийгмийн амьдрал өдөр ирэх тусам хувьсан өөрчлөгдөж байна. Түүнийг дагаад залуус хүртэл юмыг өөр өнцгөөс харж ойлгож байгаа болов уу. Би Монголын залуусыг уламжлалт соёлоороо бахархахгүй байгаа гэж үзэхгүй байгаа. Харин ч тэдгээр хүмүүс арай өөр өнцгөөс Монголыг илүү өвөрмөцөөр танилцуулж, мэдээллийг хүргэж байгаа гэж бодож явдаг. Тийм хэвээрээ байгаасай ч гэж би хувьдаа хүсэж байна.

 

Б.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Мандах:Энэ Павел Улаанбаатар судлалаар тодорхой ажил хийгээд явж байгаа залуу. Биднийг, хотыг маань их өөрөөр хардаг нь ярианаас нь ажиглагддаг. 2018-07-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?