М.ЗОРИГТ: ЯВАХЫН ХЭРЭЭР МОНГОЛЧУУД БИД ИХ ЧАНАРЛАГ ҮНДЭСТЭН ЮМ БАЙНА ГЭДЭГ НЬ МЭДРЭГДЭЭД БАЙГАА

2018-08-07  

Зам тээврийн сайд асан М.Зоригттой ярилцлаа. Сайдын суудалд байхдаа л гэрэл зургийн аппараттай Төрийн ордон, яам гээд хаана л явна газар бүрээ зурагжуулж, цахим сүлжээнд нийтлэн олныг шуугиулчихдаг байв. Сайдын ажлаа өгсний дараа улс төрөөс алгуурхан холдож, “Бидний цөөхөн монголчууд” хэмээх төслийг барьж аван, Монгол орны сум суурин бүрт хүрч, хилийн чанд дахь монголчуудын ахуй амьдралыг ч дүрсжүүлэн, бидний түүхийн нэгээхэн онцлог үеийг “онилж” чамгүй архивыг бүтээгээд амжжээ. Тэрбээр “Улс төргүй амьдрал сайхан байна” хэмээн өгүүлсэн юм. Ингээд ярилцлагаа хүргэе.


-Алтан овооны наадам саяхан боллоо. Таны нутаг шүү дээ. Наадамд очоод ирэв үү. Урьд өдөр нь Буриадад байгаа харагдсанаа маргааш нь наадамлаж яваа зургаа оруулж байсан. Нэг газраас нөгөө газрын хооронд давхиад л явах шиг байна. Сүүлийн үеийн аян замын сонин сайхнаасаа бидэнд хуваалцахгүй юу?

- Алтан овооны тахилгын 105 жилийн ой юм, энэ жил. Дунд нь тахилга хийгдэлгүй завсарласан байсан. Хүмүүсийн хүлээлт байсан болтой, энэ жил сайхан тахилга боллоо. Буриадад биднийг явж байхад Алтан овооны тахилгын өдөр тулчихсан учраас Улаанбаатарыг нэвт гараад шууд Сүхбаатар явсан юм. Ер нь энэ цагийн монголчуудын аж байдал, байгаа өнгө төрхийг ерөөсөө байгаагаар нь, техникийн дэвшлийг ашиглан авч үлдэхэд л манай ажил оршиж буй юм. Гэрэл зураг, яриа, дуу, видео дүрс энэ бүгдийг цогцоор авахад чиглэдэг. Бид Монголоороо есдүгээр сарын нэгнээс зургаадугаар сар хүртэл явдаг л даа. Өвөл, намар, хавар явна гэсэн үг. Зундаа амарна. Яагаад гэвэл сургууль, цэцэрлэг амарчихдаг учраас сумын төвүүд эзгүй болчихдог. Айлууд нь зусландаа гараад явчихна. Тэгэхээр Монголд зуны гурван сард яваад хүн олдохгүй. Өгөөж муутай гэх юм уу даа. Зуны гурван сар бидний хувьд амралтын хугацаа. Гэхдээ ажилтай, баримтат кино, ном хэвлүүлж гаргах, гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргах, тайлангаа тавих гээд л. Мөн амжиж гадаадад байгаа монголчууд дээрээ очихыг зорьдог.  

Бид дэлхийн монголчуудаа хамруулъя гэж бодож байгаа учраас Халимаг, Буриад, Тува, Өвөр Монголоор явах ёстой. Шинэ цагийн нүүдлийн төвлөрөл болох Япон, Солонгос, Америк, Европын орнууд, Австрали руу бас явж эхэлж байна. Тэгэхээр өнөө жилийн хувьд зургаадугаар сарын нэгнээс хойш Японд ажиллалаа. Японыг нэг аймаг гэж ойлгоод Токио, Осака, Хоккайдо, Нагояаг нэг сум гэж үзээд, тэнд амьдардаг монголчуудаа очиж харлаа. Ирээд онгоцны буудал дээр буугаад л гурван машин бэлэн байсан. Машиндаа сууж аваад л Буриад руу шууд явсан. Тэгж шахуу явах шалтгаан нь Буриадад аялал жуулчлалын фестиваль зохион байгуулагдсан юм. Фестиваль дээр Буриадын ардын авьяастнууд, үндэстнийхээ өв соёлыг тээгчид бүгд ирж, арга хэмжээ хийсэн учраас бидэнд үнэ цэнтэй байлаа. Гоё арга хэмжээнүүд байсан учраас явсан, тийшээ яваад зүгээр байхгүй. Ер нь манай төсөл Буриадад яаж хэрэгжих вэ гэсэн асуудлыг Буриадын тэргүүнтэй ярьж амжсан.  

-Халимаг, Өвөр Монгол, Буриад, Тува гээд монгол туургатны монголчуудын аж байдал, Монгол гэсэн ердийн өнгө төрх нь ямар харагдаж байна вэ?

-Бид эндээ амьдраад байдаг. Хилийн урд Өвөр монголчууд, хойшоо Буриад, Тува гээд хилээр хязгаарлагдаж амьдраад байдаг. Гуравдагч орон жишээлбэл, Японд очихлоор нөгөө Халимаг, Тува, Буриад, манай Ар Монгол, Өвөр Монголын бид чинь бүхэлдээ нэг Монгол болоод хувирчихдаг. Баяр жаргал, зовлонгоо хуваалцдаг юм байна. Тэнд бас монгол ёсоороо аж төрж яваа хүмүүс байна. Хүүхдийн үсний даахийг хөндөнө. Найр наадмаа хийнэ гээд бүх монголчууд цугладаг. Хил дээсгүй.

Сая Буриадад очиход, буриад үндэстэн Орост бол цөөнх шүү дээ. Тэр тусмаа цөөнхүүд өөрсдийгөө боловсруулдаг болчихож. Боловсрол эзэмшдэг болж. Орон нутагт амьдарч байгаа оросууд, Буриадад амьдарч байгаа хүмүүс хоорондоо ялгаатай болж эхэлж. Монгол гэдгээ мэдэрч, түүгээрээ бахархдаг. Урлаг соёл, хувцаслалт, гадуур явж байхад тэр өнгөлөг байдал, ёстой зун цагийн цэцэг шиг л байна. Хэдийгээр энэ дэлхийд монголчууд бид цөөхүүлхнээ ч гэсэн чанарлаг үндэстэн юм аа гэдэг нь илүү мэдрэгдээд байгаа юм.

Явахын хэрээр монголчуудаа мэдэрч байна. Ер нь монголчууд энэ дэлхий дээр өөрийн гэсэн үүх түүхтэй, нүүдэлчин түмний үнэт соёл гэдэг дэлхийд хосгүй соёлтой. Үүнийг авч яваа байдал нь их үлгэр жишээч мундаг. Дээрээс нь монголчууд бусад үндэстэн, улсаас анхны байгалийн өгөгдөл нь аягүй мундаг, чанарлаг. Бие хаа, нуруу цэх, хамаагүй эрүүл. Сийрэг ухаантай, сэргэлэн цовоо. Тэр нь байнга мэдрэгддэг. Төв суурин газраас холдохын хэрээр монгол хүн илүү өндөр, цэх, чийрэг, тэнхээтэй, бяртай, илүү үзэсгэлэн төгөлдөр болоод байдаг юм байна лээ.

-Японд очсон, тэнд суурьшсан монголчуудын маань амьдрал ахуй ямар байна вэ. Нийгэм нь дээд түвшинд хөгжсөн газар шүү дээ. Манай сумочид гэхэд түүхэн амжилтуудыг нь эвдээд эзэгнэж явна. Тэгэхээр монгол хүний өрсөлдөх чадвар тэнд сайн байна гэж дүгнэж болох уу?

-Японд очсоны дараагаар монголчуудаараа илүү бахархдаг болоод байна. Яагаад гэхээр тэр өндөр хөгжсөн орны тогтолцоо нь өөрөө хүмүүсийг бүрэн өөрийг нь дайчлуулж чаддаг тийм тогтолцоо юм байна. Жишээ нь, Японд хүн авьяас чадвараа гаргахгүй, тэр их тэвчээр хатуужил, хөдөлмөрч чанараа эрэлхийлэхгүй бол амьдрах арга байхгүй. Цаг, минут тутамд алхаа гишгээ, амьсгаа болгон төлбөртэй. Монголчууд ажил хийж байна. Хийхдээ очсон газар болгондоо манлай байж чаддаг. Барилгын компани дээр очиход, япончуудаас гадна индонези, вьетнам, лаос, хятад гээд олон үндэстний хүмүүс ажиллаж байхад манлайлагч, мундаг нь монголчууд л байдаг. Аравт, хорьт, тавьтын дарга гээд удирдах хүмүүс нь монгол. Өөрийнхөө сайн чанараараа цохиод гараад ирж байна. Мал аж ахуйн компани дээр очсон ч тийм юм ажиглагдах юм. Газар тариалангийн компани дээр очсон ч ялгаагүй. “Тоёото” компанийн үйлдвэрийн гурван хэлтсийн дарга нь монгол залуучууд болчихсон сууж байна. Эсвэл нэг том телевизийн найруулагч, сэтгүүлчээр монгол бүсгүй ажиллаж байх юм. Дэлхий дээр одоо мэддэг болсон “Эриксон” гээд компани бий. Дэд ерөнхийлөгч нь монгол бүсгүй ч юм уу. Ингээд би олон жишээ ярьж болно л доо. Японд 100 хүн байлаа гэхэд 80 нь миний хэлсэн тодорхойлолтод багтаж чадаж байна шүү дээ.

-Нэг хэсэг манай төрийн бодлогын түвшинд хүртэл дэлхийн монголчуудаа Монголдоо татъя гэх яриа яригдаж л байсан. Тэгэхээр таны харж байгаагаар эргээд бидэнд нэгдэж нийлэх цаг үе тохиох нь уу. Яг юугаараа сүлэлдэн нийлж холбогдож болохоор байна вэ?

-Монголын нийгэм, тогтолцоо нь өөрөө хүрч ирээд амьдрах түвшин, нөхцөлд хүрээгүй. Ямар сайхан чадвартай, мундаг монгол ирээд тэр чадваруудыг ашиглах нөөц нь байхгүй. Монголчууд хаана чадаж, хаана амжилттай байна тэр газраа амьдарч байх ёстой юм шиг байгаа юм. Бүр эсрэгээрээ. Энд байгаа монголчуудаа өндөр хөгжсөн газар руу харин ч явуулах хэрэгтэй. Түрүүнд хэллээ шүү дээ. Одоо Японд бол бүх салбарт монголчууд манлайлж байна. Ганц сумо дээр л “атаман” гэж ойлгогддог. Үгүй. Японы балетын бүх супер одууд Монголын залуучууд байна. Зургаан залуу. Зургуулаа Японы балетын их театр, компанид бүжиглэдэг. Дандаа гол дүрүүдийг тэд авч хийдэг. Хоёртой нь уулзсан. Тэгээд уулзаж, ярилцаад юу ойлгосон бэ гэхээр байгалиас өгсөн өгөгдөл нь өөрөө монгол хүмүүс бидэнд чанартай байдаг учраас тэр чадвараараа юмыг амархан сурдаг, угаасаа авьяас билигтэй учраас манлай шилдэг нь болж чаддаг. Японы балетыг үздэг хичнээн сая хүн байдаг юм. Тэднээс гарын үсэг авах гээд дугаарладаг, оочирлодог гэсэн. Сонирхолтой нь, тэд бүгдээрээ Хөгжим бүжгийн дундыг төгссөн, нэг багшийн шавь гэж байгаа юм. Японы балетын супер одууд, сумогоос илүү одууд нь болжээ.

Мөн Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын уугуул Аварзэд гуай байна. Аварзэд гуай Хөдөө аж ахуйн их сургуулийг төгссөн. Хөдөөдөө малын эмчээр ажиллаж байсан. Японд очоод өвсний селекц, сайн үүлдрийн үхэр бий болгох чиглэлийн мэргэжлийг эзэмшиж. Тэгээд нэг фермд ажилд орж. Хамгийн хар бор ажил үхрийн баас малтахаас өгсүүлээд хийсээр яваад өнөөдөр өөрийн гэсэн 100 хувийн эзэмшлийн фермтэй болчихсон байна. 10000 гаруй үхэртэй. 700 га хувийн эзэмшил газартай болж чаджээ. Аварзэд гуайн газрын зах хаяа нь цэлийж байгаа юм. Тийм хөдөлмөрч, авьяаслаг. Энэ бүхэн Монгол хүнээс л гараад байна. Газаргүй шахуу гэж ярьдаг Япон улсын нутаг дээр тийм том уудам газартай болчихсон байгаа биз. Миний хувьд сэтгэл хөөрлийн нэг дээд хэлбэр болсон доо, тэрийг хараад.  

Булган аймгийн уугуул бас нэг залуугийнд очлоо. Тэр залуу намайг ачааны жижиг машинтай ирээд авсан. Цүнхийг маань тэвшин дээрээ ачлаа. Ачихаасаа өмнө шуудай дэвсээд л. Би энэ одоо юу л болж байна даа гэж бодлоо. Суугаад явлаа. Очсон, тэр залуу Японы тариалангийн талбайд 10 жил ажилласан байсан. Сайн ажиллаад бүх юмыг нь мэддэг болсон учраас урам өгөөд, компаниа байгуулах эрхийг өгч. Эзэн нь. Одоо компаниа байгуулчихсан, өөрийн гэсэн эхний арван га газрынхаа тариалалтыг хийж байна. Асар их хөдөлмөрч. Эрдэнэтэд насаараа токарьчин хийсэн аав нь хараад толгой сэгсэрч байна гэсэн.  Үүгээр би юу хэлэх гээд байна гэхээр монгол хүн чинь ийм л байдаг юм байна. Тэр залуучуудыг Монголын нийгэм, тогтолцоо тэгж ажиллуулж чадахгүй байгаа байхгүй юу. Япон бол ажиллуулж байна.

Хоккайдод газар тариалан эрхэлж буй Энхтүвшин.

Нэг барилгын компанийн залуу, Полийн дээдийн архитектурын ангийг төгссөн. Барилгын компанид  хамгийн багаас нь эхэлсэн байна. Хэдэн сарын дараагаас хорьтын дарга, тавьтын дарга гэж явсаар байгаад даамал болчихсон сууж байна. Тэгээд монгол хүн чинь гэр орондоо буцахыг хүснэ. За, би одоо буцах минь болчихлоо гэж. Тэгсэн нөгөө компани нь гуйсаар байгаад хоёр жилээр гэрээгээ сунгаж, цалинг нь хоёр дахин нэмье гэж авч үлдсэн гэсэн. Одоо тэгээд хоёр жилийнх нь хугацаа дуусаад бас л харих гээд байдаг. Тэгэхээр нь компанийнхаа хувьцааг санал болгосон гэнэ лээ.  

Ерөнхийдөө бид сая Японд 100 гаруй айлаар орж, гэр оронд нь очлоо. Монголчууд маань хэрхэн амьдардаг юм байна, ханандаа Японы эзэн хааны зурагтай байна уу, эсвэл Чингис хааны зураг байна уу, хүүхдүүд нь монгол хэл сурах нь уу гээд харлаа л даа. Энэ бүгд дээр дандаа монгол хүнээрээ бахархаж явлаа даа. Тэгэхээр одоо бид монголчуудаа дуудах цаг биш ээ.

-Таныхаар бол...?

-Энэ тогтолцоогоо өөрчлөх ёстой. Хүн хийснээрээ амьдарч чаддаг, хийснээрээ үнэлүүлж чаддаг зөв тогтолцоог бий болгохоос нааш тэр залуус ирж чадахгүй. Харин ч энд байгаа залуучуудыг бүгдийг нь тийш явуулаад тав, 10 жил болоод ирэг. Монгол хүн ер нь шал ондоо юм байна ш дээ. Заавал гэртээ ирдэг. Японд 1993 онд оччихоод хараар амьдарч байсан нэг залуу баригдсан байгаа юм. Тэр залуу эхнэр, хүүхэдтэй өнөр гэр бүлтэй болсон байна. Ганц бие байсан залуу хариуцлага сууж байгаа ш дээ. Ийм үед би явж чадахгүй ээ гэдэг өнцгөөс хандаад Японы Засгийн газрыг шүүхэд өгчихөж. Хэдийгээр би хууль зөрчиж амьдарсан ч гэсэн одоо ингээд хөөж гаргаж болохгүй ээ. Японы Үндсэн хууль, үзэл санаанд харшилж байна гээд шүүхэд өгчихсөн байна лээ. Одоо бараг ялж байгаа гэсэн.

Монгол залуучуудыг, хүнийг ингэж сууриар нь задалж өгч чаддаг, сайн чанаруудыг нь ил болгож гаргаж ирж чаддаг тийм нийгэм рүү олноор нь гаргах хэрэгтэй юм байна. Тав, арван 10 жил болоод л ирчихнэ шүү дээ. Тэр залуус буцаж ирээд 40, 50 хүнийг гэр бүлтэй нь ажилтай, амьдралтай болгох манлайллыг хийгээд явах бололцоотой байхгүй юу. Монголд өнөөдөр хөгжиж байна, өөрчлөгдөж байна, зөв нийгэм рүү орж байна л гэдэг. Гэхдээ жаахан цаг хугацаа хэрэгтэй. Энэ цаг хугацааг хожихын тулд энэ залуусыг гадаад руу нь явуулъя аа. Өнөөдөр бид даллан дуудахаас илүүтэй дэлхийгээр тархан суурьшсан монголчууд руугаа монголчуудаа нэмж явуулах хэрэгтэй юм биш үү. Даллан дуудах болоогүй байна аа гэдгийг л хэлээд байна.

-Хаана ч бай арваад жил амьдарчихсан хүмүүс Монголдоо төвхнөе гэж ирээд энэ нийгмийн байдлыг хүлээж авч чадахгүй, тэсэх аргагүй болоод буцаад явж байна гэж яригдах л юм.

-Жаахан цаг хугацаа хэрэгтэй. Ер нь улс маань бидний хүсч байгаа чиг рүү хөгжиж яваа. Сая нэг зүйл дээр баярлалаа. Алтан овооны тахилга дээр биднийг явж байхад хатуу дэглэм тогтоогоод байгаа Туркийн хүчнийхэн Монголд тусгай ажиллагаа явууллаа ш дээ. Их, бага нь хамаагүй. Монголын эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчиллын үнэт зүйл рүү “довтолгоо” хийсэн бололтой байна. Тэрний өөдөөс тэр нам, энэ нам гэхгүйгээр яг хана шиг босож ирлээ шүү дээ, манайхан. Тэгэхээр монголчууд бидэнд хүний эрх, улсын тусгаар тогтнол, хүнээ дээдэлсэн зүйлс ямар үнэ цэнтэй болохыг, тэрийг бүр мах цусандаа шингэтэл ойлгосон гэдэг нь надад харагдсан. Монгол эргэж буцалтгүй энэ зам дээр очсон юм байна гэж харагдлаа. Тэр бол жижиг “халдлага”. Том халдлага байсан ч бид сөрж зогсох юм байна. Дотроо л “авдартай” юмаа нааш цааш зулгаагаад байгаа болохоос биш гадагшаа хандсан юман дээр бат байж чадаж байна ш дээ. Монгол Улс нэгдмэл байгаагийн шинж шүү дээ.

-Манай төр засгийн байдлыг харахад бүлэглэлийн талцаан, бүлэглэл хоорондын бие биенийхээ дээр гарах гэсэн үзэлцээн болж байна. Та ард түмний амьдрал руу ороод, яваад ирэхээр хуучин чинь өөр болж харагдаж байгаа байх. Улс төр өнөөдөр ямар байдалд орчихоод байгааг хөндлөнгийн өнцгөөс юу гэж дүгнэж байна вэ?

-Ер нь тэгээд шунал. Монголын улс төрд байгаа хамгийн элбэг дэлбэг зүйл нь шунал байна. Шунал дээр суурилсан юм байх ёстой зарчмаасаа хазайдаг. Хэдий чинээ эгэл амьдрал руу орж, хэдий чинээ Улаанбаатараас холдоно, нөгөө монголчуудын хамт олноороо амьдрах чадвар, нийгэмшил, бие биеэ түрж дэмждэг тэр сайхан харилцаа бүгд байна. Тэнд оюуны бяд хамаагүй илүү. Энэ бүхэн чинь байраа солиод, чанарлаг гэсэн зөв бодолтой тэр хүмүүс нь биднийг төлөөлдөг болоод, тогтолцоо нь байрандаа орвол өөр. Ерөнхийдөө том агуулгаар нь харахад Монгол зөв чиглэл рүү, зөв урсгал руугаа хөгжиж яваа шүү. Жаахан цаг хугацаа хэрэгтэй гэдэг нь л үнэн байх.

-Дотроо тэр булаацалдаж байгаа зүйл нь үүрдийнх юм шиг байдаг шүү. Улсаа хэтэрхий туйлдуулж байх шиг санагддаг?

-Хүн л болсон хойно булаацалдах зүйл байлгүй л яахав. Тэр Японд ч, Америкт ч байна. Тэрийгээ зохицуулдаг хууль журамтай болох нь чухал. Одоо Япон, Америк шиг болохын тулд хорин хэдэн мянган хууль, эрхзүйн зохицуулалттай болох хэрэгтэй гэж байна. Их хурлаар явах процедурыг нь аваад үзэхэд л энэ чинь дахиад 20, 30 жил хэрэгтэй байгаа юм. Тэр бүх харилцааг зохицуулахын тулд шүү дээ.

-Та Монголоороо нэлээд “тэнэлээ”. Хамгийн өрсөлдөх чадвартай, хөгжил энд л байна даа гэсэн газрууд хаагуур нь байна вэ?

-Увс нутаг гэхэд байгаль цаг уураасаа л шалтгаалдаг байх. Увсын байгалийн нөхцөл бол эрс тэс. Зундаа +50 хүрнэ. Өвөлдөө -50 хүрнэ. Тийм газар хөдөлмөрлөж л хүн амьдарч давж гарч ирнэ үү гэхээс биш. Тэгэхээр увсынхан багаасаа, хар нялхаасаа хөдөлмөрч байна. Хөдөлмөрөөр дамжиж хүмүүждэг. Тэр хүнд бэрхийг давж гардаг учраас тэсвэр тэвчээр их сууна. Дээр нь нэмээд шулуун шударга болчихдог юм байна. Түрүүн би, монголчуудыг үхрээр бол хамгийн сайн үүлдрийн үхэр гэж хэлсэн. Тэгвэл увсынхан сайн чанарын үхэр дотроо бүр сайн нь гэж хэлэх гээд байгаа юм. Яагаад гэвэл байгалийн шалгарал, байгалийн хүндийг давж гарч ирж байгаагаараа хүний хамгийн сайн чанаруудыг өөртөө тээдэг. Өмнөговийнхон байна. Хамгийн хүнд нөхцөлтэй газар гээд болохоо байсан хүмүүсийг нутаг заадаг байсан шахуу газар. Тэр хүндийг давж гарч амьдарч байна аа гэдэг цаанаа тэр хүмүүсийг хөдөлмөрч болгодог. Хангай нутгийнхан болохоор өөр болоод явчихна. Мал нь өөрөө бэлчээд, өвс усандаа хүрчихнэ. Айраг цагаа сайтай. Эрчүүд нь айлаас айлын хооронд хөхүүр юүлээд явж байдаг. Гэтэл тэрийг харж өсч байгаа хүүхдүүд яаж хүмүүжих үү, адилхан л айлаас айлын хооронд айраг дундалж явдаг хүн болж өснө. Эрчүүд нь морин дээр ингээд айраг ёроолдож давхидаг юм байна. Хүүхнүүд нь ар гэртээ хамаг ажлаа хийгээд үлддэг юм байна гэж хүүхдүүд харж өсдөг. Гэтэл Увсад юмуу Өмнөговьд эр эмгүй, хүүхэд хөгшидгүй ажиллаж байдаг учраас хамаагүй чанарлаг болчихоод байгаа юм. Тэгээд тэр хүндийг хамтаараа давж туулдаг учраас эв хамтач болчихоод байгаа юм. Ер нь Монголын ахуй амьдрал их сонин шүү дээ. Саахалтын зайтай, тус тусдаа гэрээ хатгачихна. Өөр өөрсдийгөө болгочихно. Хэнээс ч хамаарахгүй амьдраад сурчихдаг учраас ерөнхийдөө төвлөрөхдөө тийм сайн биш. Харин байгалийн нөхцөл нь хүнд газрынхан бол хүндийг хамтдаа туулдаг учраас эв нэгдэл сайтай, хамтач байдаг.

Манай казахууд их мундаг байна. Угаасаа айхтар хөдөлмөрч улсууд юм байна. Нэгнийгээ ядуу, зүдүү байлгадаггүй. Заавал ядарсан нэгнээ татаж, хамтаараа тусалж, авч явдаг. Үнэхээр хөдөлмөрч. Тэгэхлээр Баян-Өлгий аймаг, тэр казах түмэн Монголын хөдөөгийн амьдралаас эрс, тэс, хурдацтай байна. Тиймээс сайн чанараа дагаад малынх нь тоо ч сайн өсөх юм. Манай Өмнөговь бол уул уурхай дагасан газар. Хүнд хэцүү нөхцөлд амьдарч ирсэн хөдөлмөрч зан чанар нь өөд нь татаад явчихаж байна. Эсвэл өөрсдийгөө салшгүй газар нутагтайгаа холбосон Сэлэнгэ аймгийн тариаланчид байна. Тэгэхээр нутаг нутаг өөрийн гэсэн байгалийн сайхан өгөгдөлтэй, энэ аймаг л мундаг шүү гэж хэлэхийн аргагүй юм даа.

-Монгол залуус маань ёс уламжлал мэдэхдээ хэр тааруу болсон. Ахуйгаасаа холдоод эхлэхээр ингэдэг ч болов уу. Нүүдэлчин ахуй соёлыг агуулж хадгалж яваа цөөн хэсэг маань малчид болоод буй. Гэхдээ тэд хөгжлөө дагаад хичнээн өөрчлөгдсөн байгаа бол?

-Өөрчлөгдөлгүй яахав. Гэхдээ сайн тал руугаа. Техник технологийн дэвшил гэрт нь очиж. 4G өндөр хурдны интернэт очсон байна. Хөдөөгийн алслагдсан сумдын цэцэрлэгийн хүүхдүүд суурин газрын хүүхдүүдээс дутахааргүй өндөр хурдны интернэтээр бүх юмыг авч чадаж байна. Олон сувгийн телевиз үзэж байна, ухрааж үзнэ. Малчин айлын гэрт хөргөгч гэж юм хэзээ ч байгаагүй. Одоо хөргөгчгүй айл байхгүй болсон. Индүү байна. Бүсгүйчүүдийн үсээ буржийлгадаг үсний индүү, энэ бүх юм малчин айлын ахуй хэрэглээний салшгүй хэсэг болж.

Сүхбаатар аймаг. Адуун сүргийн тоосонд...

- Монголчууд түүхээрээ бахархах, эх оронч гэх онцгой нэг чанартай ард түмэн гэгддэг. Гэхдээ яг өнөөгийн байдлыг харахаар зан төлөв нь эвдрээд, стресс бухимдал дээд цэгтээ хүрч байна. Нэг нэгнийхээ дээр гарах гэдэг үзэл газар авчихаад, буулт хийж чадахаа байчихаад байх шиг харагдах юм?

-Аргагүй л дээ, саахалтын зайтай амьдарч байсан бүх монголчуудыг нэг орцонд чихээд оруулчихаар таних танихгүй олон нутгийн хүмүүс ороод ирдэг. Тэр нь өөрөө бүрэлдэж, соёл болтлоо тодорхой цаг хугацааг туулна шүү дээ. Орцондоо гаргаад хогоо хаяж байна. Гэтэл хөдөөний айлууд бол хоггүй амьдардаг. Хөдөөгийн монголчууд хогийн асуудлыг бүрэн шийдсэн. Хумсаа яаж авах уу, хэдэн цагт авч болдог уу, хаана хаях уу, хаяж болохгүй вэ гэдгийг нүүдэлчин ахуй соёл бүгдийг зохицуулсан байдаг. Суурин соёлыг бид гаднаас их авчирч байна. Гэхдээ бүрэн авчирч чадахгүйгээс болоод бүрэн хэвшиж чадахгүй байна. Хоёрын хооронд ганц нэг нь юм сурчихаад тэрийгээ бусад нь хийхгүй болохоор оркоор нь дууддаг. Оркоороо нь дуудаж байгаа орк өөрөө хөдөө яваад байгалийг хогоор дүүргээд ирдэг.

Хүн төрөлхтний суурь юмнууд бий. Хүн хүнээ хүндэлдэг байх. Хүн хүнээ зовоодоггүй байх. Хүнд дараа болохгүй амьдрах. Иймэрхүү суурь зарчим дээр тулгуурлаад эхэлбэл цаашаа явна л даа.  

-Хөгжлийнхөө шатыг туулаад явж байгаа юм байна, тийм үү?

-Туулах ёстой зүйлээ туулаад л явж байна даа. Дээр үед капиталист нийгмийг алгасаад социализм, коммунизм руу шууд үсэрч байгаа морь унасан хүний зураг байдаг. Тийм юм амьдралд байдаггүй. Хүн болгон туучих ёстой замналыг туучаад л явдаг. Сэтгэлгээний өөрчлөлт чухал. Сэтгэлгээ чинь өөрөө тэр бүхнийг туулж, мэдэрч, хөтлөгдөж байж бий болдог.

- Та эргээд улс төрд орох уу?

-Манай төсөл 10 жил үргэлжилнэ. Хоёр жилийг нь ардаа хийлээ. Ахиад найман жил байна. Юун улс төр рүү эргэж орох.

-Энэ ажил чинь ашгийн бус уу?

-Борлуулалт хийхгүй яваа. Сая Лондонд Монголыг сурталчилсан нилээн том арга хэмжээ болсон. Тэрэн дээр бидний гэрэл зургууд очсон. BBC радио Ховдын Чандманьд ирж нэвтрүүлэг хийсэн. Түүнд бас бид оролцож хувь нэмрээ оруулсан. Гэхдээ борлуулалт хийгээгүй. 100 хувь зардал гарч байна.

-Тэр зардал болгон дан танаас гардаг уу?

-Яалаа гэж. Бидний энэ төслийг дэмждэг хүрээ бий. Хүмүүс энэ Зоригоо хаанаас санхүүжээд яваад байна. Ер нь их тансаг байна шүү. Япон хүртэл орчихлоо гээд сонирхож эхэлсэн л дээ. Тэгэхээр би сая жиргэсэн. Энэ төслийг олон зуун хүн, байгууллага дэмждэг юм аа гэж. Хамгийн анхны хандив өгсөн хүн бол Гэрлээ гээд залуу бий. Явах замын маань газар нутгийн хэмжээгээр км, метртэй нь тавьж байгаад тооцож үзэн мөнгө хандивлаж байсан. Тэрэнд Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг бэлгэдэж арынх нь тоог өсөх дүнгээр тавьж том болог гэж ерөөж манай төсөлд анхны хандив өгч байсан. Тэр хандив их булган сүүлтэй.

-1000 гэрэл зургийн үзэсгэлэн гаргах гэж байгаа юм байна. Өмнө нь ийм тоо сонсдож байсангүй. Ямар үүц задарч, ямар зургууд дэлгэж үзүүлэх гэж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд бид таван аймагт ажиллажээ. Өмнөговь, Ховд, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл гээд. Тэр аймгуудын зургуудыг оруулаад л мянга болчихож байгаа юм. Том тоотой зураг гаргахдаа биш, дэндүү их үзүүлэх харуулах юм байдаг учраас л тэр. Тэрнийхээ өчүүхэн хэсгийг хүргэх гээд. Яахав мянгаас дээшээ хэлж болно. Арван мянгаар ч хийсэн болно. Даанч тэдгээрийг тогтоох газар байхгүй байна. Тайлангаа тавьж байгаа л нэг хэлбэр.

-Танд  энэ архиваа цаашид яах вэ?

-Ерөөсөө л бид цөөхүүлэхнээ байгаа. Манай урд хөрш болох Хятадын хүн ам тэрбум дөрвөн зуун сая. Эсвэл хойд хөрш оросууд хэдэн зуун сая болчихно. Өмнөд Солонгосыг аваад үзье л дээ. Газар нутгийн хувьд манай Хөвсгөл аймгийн нутгаас илүү гарахгүй. Тэгэхдээ тэнд 58 сая хүн амьдардаг. Гэтэл манай Хөвсгөл аймагт 60 мянга хүрэхгүй байна. Тэгэхээр бид цөөнх байхгүй юу. Дэлхий дээр улс үндэстнүүдтэй харьцуулаад үзэхэд хамгийн бага жижиг шахуу үндэстэн. Дэлхий даяараа монгол үндэстэн 10 сая гаруй л бий.

Өнөөдөр дэлхий дээр зургаан мянган хэл байдаг гэж байгаа. Өдөрт дөрвөөс таван хэл устаж үгүй болдог гэж байгаа. Хэл болгоны цаана нэг үндэстэн байж л байгаа. Тэгэхэд өдөрт дөрвөөс таван үндэстэн шингэж алга болоод байна гэсэн үг юм. Өдөрт дөрөв таваараа алга болох ийм хурдаараа бид явах юм бол 200, 300 жилийн дараа монгол үндэстэн байх уу гэдэг асуудал гарч ирээд байна. Тиймээс одооноос цөөхүүлээ байгаа монголчууд чинь алс ирээдүйгээ харах ёстой юм байна. Энэ монголчууд гэсэн сайхан үүх, түүхтэй дэлхийн ийм чанарлаг үндэстэн байх уу. Үеийн үед монголчууд энэ хорвоо дэлхий дээр байх ёстой шүү дээ. Тэгэхээр цөөхүүлээ гэдгээ нэгдүгээрт ойлгох ёстой. Цөөхөн гэдгээ ойлгосны үндсэн дээр эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Өндөр хариуцлагатай байх хэрэгтэй. Энэрэнгүй байя. Ядарсан нэгнээ өргөөд авдаг, бие биеэ түшээд, түлхээд өгдөг тийм улс байх ёстой. Тэгэхээр бид цөөхүүлээ гэдгийг сануулахын тулд өдөр болгон чамд, өрөөл бусдад хэлэхийн тулд явж байна л даа. Энэ материалуудаа цоожлоод хав дараад байх шаардлага байхгүй. Олон нийтдээ нээлттэй байлгана аа. 

Япон улсад очиж, сумогийн их аваргуудтай уулзах үеэр...

Японы тэргүүлэх ХАА-н компанийг бий болгосон Аварзэд гуай

Буриадын тэргүүн Цыденов.

Буриадад.

Аваргыг гэрэл зураг руу уруу татсан бололтой.

Буриадын өглөө

Ховд аймаг. Нүүдлийн үеэр...

Ховд аймгийн Зэрэг сум. Нүүдэл.

Баян-Өлгийн аймаг.

Увс аймгийн Зүүнговь сум. 17 хүүхдийн ээж.

Ховд аймгийн Дөргөн сум. Дөрвөд ахуй. 

Улирлын өнгө...

Аян замд.

Хурд.

Даншиг наадам.

Улсын нийслэл Улаанбаатар хот.

 

Ярилцсан Ц.БАЯРЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
j:Хятадуудыг бөөндөж ****жүүлэх тэднийг 60тэрбумыг хүрээнд төрд ажилд авах хөтөлбөр эхлээд 2018-08-07
Эрчис:Энэ нийтлэл энгийн хэрнээ цаанаа маш том асуудлыг хөндсөн сайхан ярилц****ар дүүрэн нийтлэл байна. Шулуухан хэлэхэд М.Зорит таныг би ялихгүй улс төрч гэж өнгөцхөн харж, дүгнэж байсандаа хүлцэл өчье. Таны энэ ярилцлагыг унших зуураа таны бодол, эргэцүүлэл болон танай төслийн бодлого цөөхөн монголчууддаа ямар мундаг асуудлыг ойлгох, ойлгуулах гэж эрмэлзэж, зүтгэж байгаад бахархах сэтгэл төрж байна. Та бүхний зорисон хэрэг бүтэмжтэй, явсан аялал олз омгоор дүүрэн байхыг чин сэтгэлээсээ хүсье. Монгол хүний ухаан саруул, үйл нь зөв, удам нь ариун байг. 2018-08-08
Бадамжав:Маш сайхан нийтлэл байна, баяр хүргэж талархал дэвшүүлье! Ийм бүтээлч, том зорилго, агуулгатай үйлсийг дэлгэрүүлэх ажилд нь амжилт хүсье! 2018-08-08
1111:Tand bayarlalaa. Zorigt oo. Uneheer setgel teniim saihan yarilts**** boljee. Ta uuruu ch mundag tom setgedeg khun wm. Tanig bolon ur udmig tani **** uvgudiin ariun tenger tetgej yavah boltha. 2018-08-13
munkhbat :Сайхан юм хийж байгаа юм байна. 2018-08-20
A:Saikhan niitlel bainaa bayarlalaa ajild ni amjilt 2018-09-08
Наранцэцэг:Би хөдөөний хөдөө, бүүр уулын мухрынх. Гэхдээ юугаар ч үнэлж болшгүй, ямар их амар амгалан амьдардаг болох, өөрөөр хэлбэл мөн чанараараа ихээ чанарлаг амьдардаг болохоо мэдэрдэг болжээ. Үнэхээр чанарлаг удам угсаатай даа, бид. Таны үзэл санаатай нийцлээ. Баярлалаа, танд. Амжилт хүсье 2018-11-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
"ТҮМНИЙ-76"-Г ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ТОДРУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ ?