С.ЭРДЭНЭ: СҮҮДРИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ БОДИТ УТГААР НЬ БИЙ БОЛГОЖ ЧАДСАН

2018-08-29  
Контрол цахим телевизийн Комментатор нэвтрүүлгийн зочин УИХ-ын гишүүн, Парламент дахь сөрөг хүчин болох АН-ын дарга С.Эрдэнэтэй тус нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ц.Энхбат ярилцсаныг буулган уншигчдадаа хүргэж байна.
 
-Та сайхан намаржиж байна уу? Нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлсэн. Ажил алба ихтэй л харагдана.
-Зуны сар зургаа биш, гурав юм. Намрын сар эхэлчихлээ. Зуны хувьд амрахаасаа илүү ажиллалаа. Намын шинэчлэлийн бодлогын хүрээнд гишүүдээ чадавхжуулах зорилгоор бүсчилсэн сургалтыг Баян-Өлгий, Өвөрхангай, Сэлэнгэ аймагт зохион байгууллаа. Зуныг завсаргүй, зав чөлөөгүй үдлээ.
-Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгууль бол өнгөн дээрээ нэг суудлын төлөө харагдавч, нэдэр дээрээ чухал ач холбогдолтой гэж улс төрийн 3 дахь хүчнийхэн үзэж буй. 
-Уг нь бол их ач холбогдол өгөхөөр сонгууль огт биш.
-Ганц суудлын хувьд онцын өөрчлөлт авчирч чадахгүй байх тал бий. 
-Сонгогдсон Гантулга гишүүн өндөр ухамсартай, хариуцлагатай байж бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Нэгэнт нөхөн сонгуулийг зарласан тул оролцохоо илэрхийлсэн байсан.
-Гуравдагч хүчний улс төрийн нам энэ нөхөн сонгуулийг эрх баригчдаас илүү сонирхсон. Ач холбогдол ч их өгсөн. МАХН, МҮАН тухайлахад. Хариуцлагын тогтолцоог парламентад бий болгоно гэж байр сууриа илэрхийлсэн.
-Нөхөн сонгуулийн нэг тойрогт ялалт байгуулснаар парламентад хариуцлагын тогтолцоог бий болгож чадахгүй. УИХ-ын сонгуульд үнэмлэхүй суудал авч, ялалт байгуулж, олонхи болж, багаараа зүтгэж байж л өөрчлөлтийг хийж, хөтөлбөрөө хэрэгжүүлнэ шүү дээ. Нэг хүн ороод өөрчилчихдөггүй гэдгийг өнгөрсөн 30 жилийн түүх батлан харуулсан. Нэг хүн өөрчилдөг юм бол тийм төлөөлөл болсон Жавхлан, Баасанхүү нар одоо ч парламентад байна шүү дээ. Олон түмний, иргэдийн хүсэн хүлээгээд байгаа шийдвэрийг парламентийн түвшинд гаргахад нөлөөлж чадахгүй. Энэ бол институц биш юм. Тиймээс парламентад олонхи цөөнх болсон улс төрийн намуудын хийж чадахгүй байгаа тэр өөрчлөлтийг нэг, хоёр хүн хийчихнэ гэдэг үнэндээ боломжгүй зүйл. Тогтолцоог өөрчлөнө гэдэг яриа бол сонгуулийн улиг домог болсон хий хоосон амлалт.
-СЕХ-ны нарийн бичгийн дарга Болдсайхан- " ҮХЦ-ийн шийдвэрээс сонгууль болох эсэх нь хамаарна гэж хэлсэн. Шийдвэр нь ч гарчихлаа. Сонгуулийг хориглоогүй ч, түдгэлзүүлсэн. 
-Гишүүн Баасанхүү болон бас бус хүмүүс зарим нэг шалтгаанаар нөхөн сонгуулийг хууль бус зарласан гэж ҮХЦ-д гомдол гаргасан. Төрийн албан хаагчдыг сонгуульд оролцох боломжоор хангаагүй гэдэг үндэслэлийг иш болгосон. Нөхөн сонгууль явуулах УИХ -ын тогтоолыг би нэг талдаа хууль зөрчсөн үндэслэлтэй гэж харж байна. Нөгөө талдаа улс төрийн зорилго ч бас агуулагдаж байгаа юм болов уу гэж хардаж байгаа. Эрх баригчдын сонирхол бол нөхөн сонгуулийг аль болох явуулахгүй байх, хойшлуулах. Дээр нь шулуухан хэлэхэд, Баасанхүү гишүүний өөрийнх нь нам доторхи зөрчил нөлөөлж, хэн нэгэн хүний нэр дэвших нөхцөлийг хаах сонирхол байх шиг байгаа юм. Эдгээр олон сонирхлууд нийлчихлээ гэж харж байна.
-Хоноц хоноцдоо дургүй, хонуулсан хүн хоёуланд нь дургүй гэдэг шиг юм болж байна гэж үзэж болох нь ээ дээ. 
-Яг тийм. 42-р тойргийн сонгогчид үлдсэн хугацаанд төлөөлөлгүй байж болохгүй. Тэд сонгогчдын нэг хэсэг яах аргагүй мөн. Нэг хариуцлагагүй этгээдээс болоод бүтэн хоёр жил УИХ-д төлөөлөлгүй байна гэдэг хохиролтой. Төлөөлөлтэй байх учиртай. Гэвч тэр суудлыг заавал хэсэг бүлэг хүний сонирхлыг хангасан хүн очих ёстой юм шиг үзээд тэр нь бүтэхгүй маягтай болохоор танайх ч байхгүй, манайх ч байхгүй гэдэг зарчим л барьж, ҮХЦ-д хандсан боллоо л гэж тайлж сууна.
-Сонгуулийн хуулийг сонгуулийн өмнөх жил засаж, өөрчилдөг зуршил УИХ-д тогтчихсон. Сонгуулийн хуулийн хамгийн дэвшилтэт заалтыг өнгөрсөн парламент сонгуулийн хуулиас хассан. Иргэдийн санал бодит тусгалаа олдог пропорциональ системийг бүрмөсөн халсан. Тэгснээрээ маш том алдаа гаргасан гэж Сант марал сангийн захирал, улс төрийн барометрийг хэмжигч, мэргэжилтэн ,судлаач Сумати дүнэсэн. Сонгогчдын саналыг тэнцүү  хуваарилдаг байсныг бүрэн эвдэж, гажуудуулсан гэж тэр үзсэн. Тэгэхээр сонгуулийн хуулийг дахин өөрчлөх шаардлагатай гэж та харж байна уу.
-Хууль болгон төгс төгөлдөр байна гэж байхгүй. Сонгуулийн аль ч хууль өөрийн сайн, муу талтай. Нэг л зүйл дээр эмзэглэдэг. Сонгууль болгоны өмнөх жил албатай юм шиг сонгуулийн хуулиа өөрчилдөг. Тэгсэн хэрнээ сонгогчдын улстөрийн боловсролын түвшинг дээшлүүлдэггүй, харанхуй чигээр нь сонгуульдуулдаг.
Бараг нэр дэвшигчид нь өөрсдөө сонгуулийн хуулиа бүрэн ойлгоогүй дэвшиж байх жишээтэй. Сонгуулийн хууль тогтвортой байх ёстой. Тэгэж байж хуулийн нарийн ширийнийг сонгогчид сайн мэдэх боломж бүрдэнэ. Яаж сонгуулиа өгөх ёстой юм, үр дүн ямар гарвал надад яаж нөлөөлөх зэргийг бүгдийг мэддэг байх ёстой, иргэд. Нарийн ширийн ойлголтгүй сонгууль өгдөг. Энэ нь өөрөө маш олон сонгогчдын эрхийг  зөрчиж байгаа хэрэг. Тиймээс болдог бол сонгуулийн хууль тогтвортой, ядаж хоёр юм уу гурван сонгууль өнгөрөөчихдөг байх шаардлагатай. Өөрчлөх шаардлагатай гэж үзвэл, хоёроос доошгүй жилийн өмнө өөрчлөөд дараа нь сонгогчдод маш сайн ойлгуулах хэрэгтэй. Нэг үгээр сонгогч сонголтоо хийхэд бэлэн болсон цагт сонгууль явагддаг ийм тогтолцооруу явах шаардлагатай гэж харж байна.
-КАС( Конрад Аденаурын сан) -ийн сонгуультай холбоотой семинарын үеэр сонгуулийн хуулийг өөрчлөхдөө дараагийн парламентаас мөрдөж эхлэх нь зөв гэдэг зөвлөмжийг манайханд нэг бус удаа өгсөн. Өөрсдөө баталчихаад өөрсдөө тэр хуулиараа бусад нам, тэдний нэр дэвшигчидтэй өрсөлдөх нь шударга бус юм гэж тайлбарлаж байсныг санаж байна. 
-Зөв л дөө. Өндөр хөгжилтэй орнуудад бол аливаа хууль батлаад тэрийгээ өөр дээрээ хэрэглэдэггүй л байхгүй юу. Манайх л үүнийг зөрчдөг.
-Ардчилал гэж юу юм бэ? Энэ бол засгийн эрхийг ээлжлэн барих. 
-Ардчиллын мөн чанар л тэр шүү дээ. Хувь хүний эрх чөлөөг орхигдуулж болохгүй. Хуулийг өөртөө зориулж өөрчилж, батлаад тэрийгээ мөрдөнө гэдэг бол маш бүдүүлэг явдал. Манайд бол хэвийн болчихоод байна, харамсалтай нь. Одоо шинэчлэн батлахаар бол 2024 оны сонгуулиар мөрдөх учиртай. 
-Манай цахим телевизийн үзэгчдийн зүгээс УБТЗ буюу осолдсон вагоны талаар, ЗТХЯ- буюу төрийн албан хаагчийн амийг бүрэлгэсэн талаар, Туркийн багштай холбоотой асуудлуудаар танай намын байр суурийг сонсох хүсэлтээ илэрхийлсэн. 
-Ардчилсан улс орны үндсэн хэм хэмжээ бол хувь хүний үндсэн эрх, эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх гэх мэт үндсэн зарчмууд. Энэ эрхээ эдэлснийхээ төлөө ямар нэг дарамт, шахалтанд орох, эрүүдэн шүүгдэх гэх мэт амь насанд нь хохирол, бие болон сэтгэлийн хохирол туулах учиргүй. Монгол улс үнэхээр ардчилсан улс орон мөн л юм бол Турк багш, хятад ажилтан, Орос бизнесмэн хэн ч бай хүний эрхэнд халдсан аливаа үйлдэлд өртөхийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Энэ бол Ардчилсан улсын хамгийн том зарчим.
НҮБ-ын хүн амын сангийн ч акт бий. Үзэл бодлоо илэрхийлсний төлөө хэн нэгэнд эрүүдэн шүүлт тулгах, амь насанд нь аюул заналхийлэх нөхцөл үүссэн тохиолдолд тэр хүнийг заналхийлж буй талд шилжүүлэн өгөхгүй байх ОУ-ын конвенцид бид нэгдсэн. Аль талыг ч бодсон МУ-ын тусгаар тогтнол, хил гаалийн дархан байдал гэх мэт маш олон хүчин зүйлийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл болсон.
-Хил давуулан авч гарах гэсэн оролдого хийсэн байсан.
Энэ тухай мэдээлэл авангуутаа УИХ-ын гишүүнийхээ хувиар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Бас холбогдох яамдууд руу утас цохиж, хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан. Энэ шаардлагын дагуу ТЕГ-ын тамгын газар, ГХЯ, ЗГХЭГ зэргээс хариу ирсэн. Ямар нэгэн оролцоогүй гэдэг байр сууриа МУ-ын ЗГ илэрхийлж, үйл явдлыг хянаж, шалгаж байна гэсэн хариуг ирүүлсэн. Ямар ч байсан тусгай үүргийн онгоцыг нисгэхгүй байх, тэр турк багшийг онгоцонд суулгасан гэсэн мэдээллийг авсан учраас хөөргөж болохгүй гэсэн шаардлагыг тавьсан.ГХЯ мөн энэ чиглэлд ажилласан.  Би яг нарийн ширийнийг мэдэхгүй байна. Зам тээврийн дэд сайд байгаад огцордог Цогтгэрэл гэж нөхөр бол энэ онгоцонд нэг ч хүн суугаагүй, буугаагүй, нэг ч юм ачаагүй, ганцхан түлш л авсан гэсэн юм жиргэж байсан. Тийм юм бол яах гэж тэр онгоц ирсэн юм. Ямар зорилготой ирсэн юм. Тэр багш өглөө хулгайлагдаад орой эрүүгийн цагдаагийн газар очих хүртлээ хаана ямар хүмүүстэй байсан юм. Тэр онгоцонд байсан уу, үгүй юу. Энэ олон зүйлийг тодорхой болгож өгөөчээ гэсэн шаардлагыг дахин асуулга болгон тавьсан. Одоо болтол надад албан ёсны хариу ирээгүй байна. УИХ-ын гишүүний тавьсан асуулгад гүйцэтгэх засаглал бол үг дуугүй хариулах ёстой. Өргөдөл гомдлын хуулиараа 30 хоног хүлээлгээд байгаа юм уу ямар ч байсан ирэх байх гэж найдаж байна.
-Яг ийм үйл явдал Казахстан, Грек зэрэгт их болдог гэж мэргэжлийн хүмүүс хэлээд байгаа. Сул засаглалтай, хариуцлагагүй, авлигад идэгдсэн  улс оронд ийм үйл ажиллагааг Туркүүд нэг бус удаа хийсэн гэдэг. Монголд бол бараг л болох шахсан.
-Тухайн үедээ олны анхаарлын төвд ороод олон нийтийн ачаар асуудлыг зогсоож чадсан л даа. Гэхдээ цаашид ийм явдал гарахгүй гэсэн баталгаа алга гэж ойлгосон. Хил гааль тусгай үүрэгтэй байгууллагын сонор сэрэмж гэх мэт маш олон зүйлд бид анхаарал болгоомжтой явах хэрэгтэй. Би өөрөө УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны гишүүний хувьд хүчний байгууллагуудын үйл ажиллагаанд цаашид анхаарах шаардлагатай байгаа гэдгийг ойлгосон. Ямар ч байсан Монгол улс хэн дуртай хүнийг өгөөд явуулчихдаггүй юм байна, аль нэг улсын хүмүүс орж ирээд дураараа авирлаж болдоггүй юм байна гэдгийг нэг удаа ч гэсэн харуулж чадсан.
-Монгол улс дэлхий нийтийн тавцанд нэр төрөө унагалгүй авч гарчээ. 
-Тийм. Хоёрдугаарт, Зам тээврийн яаманд гарсан төрийн албан хаагчдын үйлдлийг төсөөлж чадахгүй нь. Монголын төрд байх нь бүү хэл, ийм зүйл байдаг гэж бодож, сэтгэж ч болохооргүй зүйл боллоо. Монгол төрийн ялзрал дээд цэгтээ хүрсний илрэл, дампуурал гэж дүгнэж байна. Нэг яамны, төрийн өндөр алба хашиж буй албан тушаалтнууд бие биенийхээ аминд хүрнэ гэдэг жигшүүртэй үйлдэл. Хамгийн их гайхал төрүүлж байгаа зүйл бол хоёулханаа биш, тавуулаа байж, нэг нь нөгөөхийгээ үхтэл зодож байхад нөгөө гурав нь юу хийж байсан юм? Яагаад салгадаггүй юм? гэдэг маш том асуудал. Гэмт хэргийг таслан зогсоох иргэний үүргээ ч биелүүлсэнгүй. Бас дэргэд нь төрийн яам төрийн тусгай хамгаалалттай. Тэр төрийн тусгайн албаны ажилтнууд нь ч хаа байсан юм бэ? Яагаад тэр зэрлэг үйлдлийг таслан зогсоосонгүй вэ? Амь насаа алдсан хойно нь түргэн, цагдаа дуудах үүрэгтэй хүмүүс үү? Ингээд бодохоор шат шатандаа, тэнд байгаа бүх хүн энэ асуудалд хариуцлага хүлээх ёстой.  
-Зөв биш хүмүүс гэж хамгийн наад зах нь бодогдож байгаа юм л даа.
-Эрүүлээр бодоход л төрийн эмгэнэл. МАН-ын ялзрал намын дотоод зөрчил төрийн ялзрал болж хувирч байна. Хэт улстөржсөн, хэт талцуулсан нь ийм байдалд хүргэж буруу хэлбэрээр илэрч байна уу гэж харж байна.  Монголчууд цөөхүүлээ мөртлөө хуваагдах дуртай, бидэнд жалга дов, ах  дүүгээрээ талцдаг гашуун туршлага бий шүү дээ. Одоо дээр нь улс төрийн намаараа ингээд эхлэхээр улс орон нэг цул байх гээд л олон асуудал эмзэг болж байна. Бидний судалгаагаар 2016 оноос хойш ардчилсан намын хаягтай, гэмгүй олон төрийн албан хаагчид АН-ын үед ажиллаж байсан гэдгээрээ халагдсан. 30 мянган хүн халагдаад энэ дотроос маш олон хүн шүүхийн байгууллагаар эргэж ажиллах нь тогтоогдсон. Гурван шатны шүүхээр тогтоочихоод байхад ажилдаа орж чадахгүй байгаа хүмүүс байна. Хууль хэрэгжүүлдэггүй. Ийм нөхцөл байдлыг өөгшүүлсний гай л гарч байна. Шулуухан хэлэхэд нөгөө л 60 тэрбумын схем. Тэр мөнгөөр монгол төрийг худалдсан ч бай үгүй ч бай төрийн албыг хэт улстөржсөн байдлаар арилжсаны л гай.
-Үнэт зүйл устаж, байхгүй болж байна.
-Төр гэдэг үнэт зүйл байхгүй болчихсон. Жишээлбэл төрийн албан хаагч ямар нэгэн намын харьяалалгүй байх ёстой. Аль нам гарч ирээд ямар бодлого хэрэгжүүлэх гол нь биш, монгол  төрийн албан хаагч төрийн ажлаа л хийгээд явах ёстой шүү дээ. Үндсэндээ төрийн алба намын алба болж хувирлаа шүү дээ. Ийм байж улс оронд шинэчлэл хөгжил ярих нь явуургүй. Манай намыг танайх ч гэсэн ялгаагүй тэгдэг шүү дээ гэж хэлж магадгүй. Тодорхой түвшинд улс төрийн зорилгоор халаа сэлгээ хийх хэмжээ гэж нэг юм бий. Түүнээсээ хэтрээд ирэхээрээ л утгаа алддаг. Бодлогын тодорхой түвшинд баг бүрдүүлэх, зарим нэг удирдлагыг өөрчлөх асуудал байдаг. Гэтэл цэвэрлэгчийг нь хүртэл өөрчилж, халж байна. Энэ бол өөрчлөлт биш солиорол. Эрх баригчдын алдаа эндээс улбаатай. Улстөрд чанагдсан хүний хувьд, МАН-ыг анх олонх болоход туйлаас гайхсан. Яагаад ? Юу хийж бүтээлээ гэж ингэж олонхи болчихов? гэж өөрөөсөө асуусан. Луйвар булхай явчихав уу? гэж сэжиглэсэн. Нөгөө талдаа олонхи болсон энэ хүмүүсийн өмнөөс айж байсан. Аливаа юманд даац гэж бий шүү дээ. Жишээлбэл та бид хоёр яаж ч чихээд 200 хилээс давах юм бол араг яс нураад унана биз дээ. Машинаар бол 10 тонныг даацтай машин дээр 40 тонныг аччихвал хэмхэрээд унана биз дээ. Яг тэрэн шиг өнөөдрийн эрх баригчдын тэр даац хэтэрсэн.
-Нямдорж гишүүн хэлж байсан. Өнөөдөр яллаа, маргаашнаас бид ялагдаж эхэлнэ гэж.
-Би бас тэр үед тэгж л бодож байсан. Энэ их зовлогыг үүрэх араг яс эдэнд байгаа л байгаа даа гэж нөхдөдөө би хэлж байсан. 1996 онд арчилсан холбоо эвслийн ЗГ 50 суудал аваад тэр үед хөөрч байсан. Маргаашнаас нь л тэд маш олон алдаа руу явж эхэлсэн. Хэт олонхдоо бяр нь амтагдаад биенээ сонсохоо больсон, эв нэгдэл нь задарч эхэлсэн бүлэгт хуваагдаж эхэлсэн. Яг тэр зовлонг л өнөөдрийн эрх баригчид туулж байна. 2000 онд МАН бас л ингэсэн шүү дээ. 
-Нөгөө талд нь Гүндалай гишүүн тодорсон.
-Манай талийгаач Наранцацралт, Гүндалай хоёр л байсан шүү дээ. Иймэрхүү нөхцөлүүдээс харахад эрх баригчдын хэт бодлогогүй зохион байгуулалтгүй, ялж л байвал ямар ч аргаар хамаагүй гэдэг төсөөлөөгүй ялалт нь өөрсдөд нь эргээд гай болж  байна. 2016 онд дэвшүүлсэн эрх баригчдын амлалтаас нэг нь ч биелсэнгүй. Хоёр жил гарангийн хугацаа өнгөрөөд байна. Бүрэн эрхийн хугацаа тал хувиасаа хэтэрчихээд байхад МАН-ын мөрийн хөтөлбөрийн нэг ч үйл заалт хэрэгжээгүй.
-Би л лав гол 4 зүйлийн амлалтыг санаж байна. Улс орны улс төрийн тогтвортой байдлыг хангана гэсэн. Тэгснээ өөрийн намын засгийн газраа унагасан. Хоёрдугаарт сонгуульд ялах л юм бол маргааш нь Эрдэнэтийн 49 хувийг төрд авна гэсэн. Тэр сураггүй. Мэргэжлийн засгийн газар байгуулна гэсэн бас ч хоосон уриа байсан. Татварын дарамтаас чөлөөлнө гэсэн эсрэгээрээ нэмсэн.
-Шинэ өр бий болгохгүй. Өрийг өрөөр дарахгүй. Хүүхдийн мөнгийг ялгахгүй өгнө. Оюутны мөнгийг үргэлжлүүлж олгоно. Цалин тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлнэ. Гадаад өрийг бууруулна. Татварыг үе шаттайгаар бууруулна. Ийм л амлалт өгч байсан. Гэтэл юу болов? Эсрэгээрээ 7 төрлийн татвар нэмлээ. 9 төрлийн татвар нэмэх гэж байсныг сөрөг хүчин эсэргүүцэж байж хоёрыг нь болиулсан. 2016 онд  22.5 тэрбум ам доллар байсан гадаад өр 27 тэрбум ам долларт хүрлээ. Зөвхөн ЗГ-ын өр гэхэд л 3 тэрбум ам доллараар нэмэгдсэн. Зөвхөн гадаад өр. Энэ мөнгөөр юу хийж, ямар бүтээн байгуулалт босгов? Цалин нэмсэн үү, иргэдийн бодит орлого нэмэгдсэн үү? Үгүй. Энэ мөнгө хаашаа оров? АН-ын эрх барих ЗГ-ын үед Чингис Бондын 1.6 тэрбум доллар, Самурайн 600 сая доллар, Дэв сан бондын 300 сая доллар гээд 2.5 тэрбум долларын зээл авсан. Гэхдээ Дэв сан бондын 300 сая долларыг МАН-ын Эрдэнэбат сангийн сайд байхдаа авсан байдаг. Гэтэл үүгээр юу хийсэн бэ? гэдгээ  бид тайлагнасан. Жишээ нь 3000 гаруй км хатуу хучилттай зам тавьсан. 82000 айлын орон сууц барьсан, 1080 төсөлд зээл олгосон. Бүгдийг тайлагнасан. Гэтэл өнөөдрийн эрх баригчид бидний тооцоолсноор 3.6 орчим тэрбум долларын зээл авч Бонд босголоо. Энэ мөнгөөрөө юу хийсэн бэ? Нэг том төсөл босгов уу?Нэг км зав тавив уу? Нэг үйлдвэр ашиглалтанд оруулав уу? Үнэхээр ажлын байр нэмэгдэв үү? Үгүй .
Тэгсэн хэрнээ сав л хийвэл эдийн засаг сайжирч байна гэж л ярих дуртай. Жишээ нь, Зам тээврийн Яаманд гарсан хүн амины хэрэгтэй холбоотойгоор Ерөнхий сайд ард түмнээсээ уучлалт гуйхдаа ч хүртэл эдийн засаг өслөө гэж ярихыг бид сонслоо шүү дээ. Уучлалт гуйсан нь сайн хэрэг. Гэхдээ эдийн засаг өсч байгаа, манай засгийн газар сайн ажиллаж байгаа гэдэг рекламаа өөр цагт хийх ёстой.
-Ердийн хүмүүс ч таатай хүлээж аваагүй дээ. 
-Энэ оны төгсгөлд эдийн засгийн өсөлт 8 хувьд хүрнэ гэж дурдлаа. Түүнийг хоосон яриагаар биш, иргэдийн гар дээр очих бодит орлогоор хэмжих хэрэгтэй. Шатахууны үнэ яагаад 5 удаа өсөв? Нэг литр тутамдаа 300-350 төгрөгөөр өссөн. Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өссөн.
-Цахилгааны үнэ бас нэмэгдсэн. Усны үнэ ч бас адил. 
-Дээр нь үл хөдлөх хөрөнгийн худалдааны татвар нэмэгдсэн. Сангийн сайд Хүрэлбаатарын оруулж ирсэн татварын хуулиар бол монгол иргэдийн халаасан дахь орлого хадгалагдах биш, нимгэрэх, гадаадын компаниудын төлөх татвар буурах зохицуулалттай орж ирсэн. МАНдуулна, жаргаана гэж амласан хүмүүс юу хийгээд байна аа? гэдэг асуулт үлдэж байна. Бодит амьдрал дээр иргэдийн амьдрал дээшилж, сайжирсангүй. 2016 онд инфляци 1.2 хувь хүртлээ буучихсан бараг тэг рүү дөхөж байсан. Тэгтэл өнөөдөр эргээд эдийн засгийн өсөлтийнхөө хэмжээнд хүрээд ирлээ. Эдийн засаг өсөөд байгаа юм бол инфляци яагаад ийм өндөр байна вэ? Давхар оронтой тоо руу орохгүй гэх баталгаа алга байна. Манай гол худалдан авагч Хятад, АНУ хоёрын хооронд худалдааны том дайн эхэлчихлээ. Магадгүй нэг талаараа манайд ашигтай ч тусч магад. Нөгөө талаараа маш том эрсдэлтэй нөхцөл байдал бий болно. Хятад улс ган, хөнгөн цагааны үйлдвэр гэх мэт үйлдвэрүүдээ хумиад эхэлбэл, манайхаас авдаг коксжих нүүрснийхээ импортыг багасгана. Манай эдийн засагт л давхар сөрөг нөлөө үүснэ гэдгийг эртнээс тооцох хэрэгтэй. Бэлэн мөнгөтэй болонгуут зөвхөн иддэг, цацдаг, тансагладаг байдлаа өөрчлөхгүй бол Монгол улс хөгжихгүй. Боломж давтагдахгүй. 2016 оноос хойш ОУ-ын зах зээл дээр монголын уул уурхайн бүтээгдэхүүн 4-5 дахин өссөн. Энэ бол асар том боломж. Гэтэл энэ том боломжийг ашиглаад монголд яг юу хийв ээ? гэдэг дээр тун их эмзэглэж буй. ОУ-ын Валютийн санд Монголын Засгийн газар толгойгоо мэдүүлсэн. Юугаар гийгүүлсэн гэж түүнд дөрлүүлж байгаа юм бэ? Валютын сан уул уулхайн бүтээгдэхүүний үнийг өсгөөгүй. Монгол дахь мөнгөний урсгалыг нэмээгүй. Ажлын байр, үйлдвэрлэл нэмээгүй. ОУВС- аас үл хамааран ОУ-ын зах зээл дээр манай гол бүтээгдэхүүний үнэ өссөн. Эдийн засаг өссөн, мөнгөний урсгал сайжирсан гол нөхцөл бол энэ. Энэ өсөлтийг л зөв ашиглах ёстой. Гэтэл гадаад өрөө ч дарсангүй, хуримтлал ч үүсгэж чадсангүй. Адаглаад ажлын байр нэмэгдүүлсэн нэг үйлдвэр ч барьсангүй. Зам, бүтээн байгуулалт зогссон. Бидний үед эхлүүлсэн сайн болгоныг зогсоосон, үгүйсгэсэн. Үнэ тогтворжуулах төслийг АН засаг барих үедээ хэрэгжүүлснээр стратегийн гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогвортой барьж чадсан. (Гурил, мах, бензин гэх мэт) Маш чухал шийдвэр байсан. Тэрний үр дүнд монголчууд юмны үнэ өснө гэдгийг мартчихсан байсан. Гэтэл үнэ тогтворжуулах төслийг үгүйсгэн, зогсоосны улмаас дээрх стратегийн ач холбогдол бүхий барааны үнэ нэмэгдэж, ард иргэдийн нуруун дээр дарамт үүсгэсэн. Шатахууны үнэ нэмэгдэнгүүт л сая цочирч байна, эрх баригчид. Уг нь, аль ч нам гарч ирсэн өмнөх эрх баригч намынхаа зөв зүйтэй бодлогыг таслан зогсоох биш, бүр сайжруулаад аваад явах ёстой  шүү дээ. Гэтэл ардчилсан намын  хаягтайд эмзэглэж, зогсоо, устга гээд. Энэ бүгдийн хор уршиг, эрхэмлэж байх ёстой зарчим алдагдсаны нэг илрэл тэр төрийн албан хаагчдын увиагүй үйлдлээр илэрлээ гэж харж байна. Зөвхөн ЗТЯ-ны энэ хэрэг биш шүү дээ. Маш олон хэргийг би ярьж болж байна. Харамсалтай нь танай шинэ тутам үйл ажиллагаа явуулж байгаа энэ сайхан сувгийг муухай хар  мэдээллээр дүүргээд яахав. Яривал ярих юм их байна.
-Хариуцлагын тогтолцооны асуудал их чухал . ЗТХЯ дээр асуудал үүсэхэд сайд, дарга гээд хэдэн хүмүүс өргөдлөө өгөөд яваад өгч байгаа юм. Баяртайгаар ч юм шиг. Нуруугаа төр лүүгээ, сонгогчид руугаа харуулаад, ёжтой инээгээд. Ажил авахдаа яаж очсоноо санамаар юм. Ажлаа өгөхдөө ч ёс зүйг эрхэмлэх ёстой гэж бодно. Иргэд рүү, төр лүүгээ нуруугаа харуулаад ёжтойгоор инээмсэглээд буй фото зураг жигших сэтгэгдлийг илүү төрүүлсэн. Уг нь зөвхөн албан тушаалыг нь аваад явуулах биш хариуцлага тооцох ёстой юм биш үү. Солонгос зэрэг олон орны жишээ байна шүү дээ. Албан тушаалтанд давхар хариуцлага тооцдог.
-Би хэн нэгний мууг үзэх гээд байгаа юм биш. Ажиллаж байх хугацаандаа хэрвээ хууль бус үйлдэл хийсэн бол, төрд хохирол учруулсан бол, хувь хүнд ч гэсэн хохирол учруулсан бол түүнийг нь тогтоох учиртай. Гэм буруутай нь тогтоогдвол хариуцлага тооцох ёстой. Эдгээр нөхдүүдийг би ингээд явчихна гэж ойлгохгүй байгаа. Хууль хяналтын байгууллага асуудал үүсгэж шалгах байх, тогтоох байх. Дэд сайд нь 1000 вагоны асуудалд холбогдсон, нас бардаг хүн маань энэ асуудлыг шалгаж байсан гэж яригдаж байна. Хууль хяналтын байгууллага гэж байгаа юм бол энийг шалгаад тогтоогоод буруутан нь тогтоогдвол хариуцлага тооцох ёстой. Ингээд нуруугаа харуулаад, сайн цаг ирэхээр эргээд ирнэ гээд явж болохгүй л дээ.
-Хариуцлагатай төр ирэхээр эргэж ирнэ гэж байна шүү дээ.
-Одоо бол хариуцлагагүй төрөөс явлаа, хариуцлагатай төр ирэхээр эргэж ирнэ гэж юу гэсэн ч үг юм.
-Айраг суман дээр шадар сайд тэргүүлсэн сэргээн босголтын баг ажилласан. Одоогоор 150 сая төгрөгийн зардал гарсан гэж байна. Цаана нь олон вагон, толгой гээд бий. Хохирол хэмжээг бүрэн хэмжээгээр тогтоогоогүй байна. Гэмтэж бэртсэн хүн бий.
-Миний авсан мэдээллээр бол 88 хүн эмнэлэгт хүргэгдсэн юм билээ. 56 хүн анхан шатны туслаж авсан, хоёр хүний биеийн байдал тааруухан байсан гэсэн. 150 сая төгрөгийн хохирол бол улсад учирсан хохирлыг л ярьж байгаа шүү дээ. Гэтэл хувь хүнд учирсан маш их хохирол бий. Намрын ид наймааны үед явж байсан маш олон иргэдийн эд зүйлс усанд урссан. Алдсан цаг хугацаа, алдсан эрүүл мэнд. Энэ бүгдийг үнэлбэл тоймгүй  тоо гарна. Манайхан бол улсад учирсан хохирлын мөнгөн дүнг хохирол гэж хараад хүмүүст учирсан хохирлыг тооцдоггүй. Гэтэл бусад улсад бол эхлээд иргэнийхээ хохирлыг тооцдог. Манайд бол иргэн хоёр гуравдугаарт тавигддаг. Зарчим нь буруу.
-Бодлогын яам гэж байдаг. Түүнтэй адил бодлогын нам гэдгийг бий болговол таны яриад байгаа чадвартай мэргэжилтнийг нам үл харгалзан төрийн албанд ажиллуулах нөхцөл бүрдэх юм биш үү? 
-Ардчилсан намын хувьд өнгөрсөн оны намар бодлогын ерөнхий зөвлөлийг байгуулсан. Хүрэлсүхийн засгийн газрын бүтцийн дагуу 16 салбар бодлогын зөвлөл байгуулсан. Яам яамны чиглэлээр. Үндсэн гол зорилго нь яамны үйл ажиллагаанд дүгнэлт судалгаа хийх. Бодлого боловсруулах чиглэлээр ажиллаж байна. Нам дотроо ч шинэчлэлийг эхлүүлсэн.
Улс төрийн нам гэхээр л засаг захиргааны нэгжээр хувиарлагдсан бүтэцтэй, идэвхтэй оролцдог нэг хэсэг, идэвхгүй байдаг нэг хэсэгтэй. Тэр дунд идэвхтэй хэсэг нь сандал суудал хуваалцдаг нөхцөл бүрдсэн байсан. Цаашдаа ингэж явж болохгүйг тунгаасан. Улмаар үндэсний хэмжээний улс төрийн намын үйл ажиллагаанд ямар сөрөг үзэгдэл байгааг нягталж судалсан. Нэг том алдаа дутагдал бол гишүүдийн оролцоо байхгүй, иргэдийн оролцоо байхгүй, бодлого байхгүй гэдэг нь тогтоогдсон. Бодлогогүй нам гэдэгт өнөөгийн эрх баригч намыг нэрлэж байна. Тиймээс АН дэргэдээ бодлогын ерөнхий зөвлөл байгуулснаар засгийн газрын үйл ажиллагаанд үнэлт дүгнэлт өгөхийн зэрэгцээ , өөрийн намын хэрэгжүүлэх концепцийг боловсруулах эрдэм шинжилгээний томоохон институцийг бий болголоо гэсэн үг. Их хурлын гишүүд байнгын хороонд хуваагддаг шиг бодлогын зөвлөлийн гишүүд маань салбар салбар луу саналаараа хуваагдан ордог. Тэд бусдад үнэлгээ өгөхийн зэрэгцээ өөрсдийгээ үнэлүүлдэг системийг бүрдүүлсэн. Энэ бодлогын зөвлөлд идэвхтэй оролцохгүй бол цаашдаа улстөрийн карьер хөөх боломжгүй болно, гишүүд маань.
-Гишүүдийн оролцоог хангаж буй хэлбэр үү?
-Яг тийм. Өөрөөр хэлбэр бодлогын нам болгож, бодлого боловсруулах оролцоотой байх гэдэг арга руу гишүүдээ шахаж эхэлсэн. Эхэндээ яах бол гэж болгоомжилж байсан ч нийт гишүүд маань дэмжиж, маш идэвхтэй оролцож эхэлсэн. Гишүүдийн өөрсдийн идэвхтэй үйл ажиллагааны орон зай л үгүйлэгдэж байсан юм байна лээ. Эргээд харахад, Бодлогын салбар зөвлөлийг намын удирдлагаас шахах биш гишүүд биднийг шахаж ажиллаж байгаа.
-Намын их бие нэгэнт хөдөлгөөнд орлоо гэж хэлж болох нь ээ. 
-Тийм, маш зөв арга барилдаа орж байна. Зам тээврийн яамны осол аваарын асуудал үүсэхэд л энэ салбарыг хариуцсан бодлогын зөвлөл маш идэвхтэй ажилласан. Мэдээллүүдийг маш сайн цуглуулж, судалгааг дор дор нь гаргасан. Түүнийгээ хуралдаанд оруулж хэлэлцүүлээд, цаашлаад намын байр суурь болгож илэрхийлсэн. Өмнөх туршлагаас үзэхэд, "Сүүдрийн засгийн газар" гэж нэг гоё ганган зүйл ярьсаар байгаад бүрэн эрхийн хугацаагаа үр дүнгүй дуусгасан байдаг. Тэгвэл "Сүүдрийн ЗГ-"ыг бодитойгоор бий болгож болно гэдгийг харууллаа. Гишүүд маш идэвхтэй болсон. Бодлогын асуудлыг ярих нь нам өөрөө эрүүл байх, таны яриад байгаа хариуцлагын тогтолцоо, гишүүдийн оролцоо, боловсон хүчнээ зөв бэлдэх тогтолцоог хангах суурь болох нь.
Бодлогын гэдгийг тодотгоё. Нэгдүгээрт, нам өөрөө засаг барих үед хэрэгжүүлэх бодлогыг боловсруулах юм. Дээр нь боловсон хүчнээ бэлдэх, чадавхжуулах.
Манай бодлогын зөвлөлийн мэргэжилтнүүд салбар салбартаа мэргэшиж, бэлтгэгдэж байна.
-Ээлжилж эрх барьдаг хоёр нам манайд байна. Энэ хоёрыг мухардалд орж байна уу гэж харж байсан. АН сонгуульд ялагдсанаар намын шинэчлэлд ашигтай туслаа гэж харж байгаа хүн олон байна. Ялагдал хожил болж хувирлаа гэж үзэж болох нь ээ, АН-ын хувьд. 
-Ялагдал бол өөрөө тийм ч сайхан зүйл биш шүү дээ, уг нь. АН эрх барих хугацаандаа өнөөгийн эрх баригчидтай харьцуулашгүй бүтээн байгуулалтыг хийсэн. Хийж бүтээсэндээ хэт тайвшраад гишүүдийнхээ идэвхи оролцоог хангах асуудлаа орхигдуулсан тал ажиглагддаг. Ялагдлын гол ухаарал бол намын удирдлага гишүүдээсээ хөндийрсэн. Тиймээс намын шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай гэдэг дээр тогтсон. Гишүүдийн оролцоог хангасан бодлогын нам байх шийдвэр. Энэ хүрээнд АН-ын анхан болон дунд шатны дарга нар 100 хувь солигдсон. Энэ бол механик өөрчлөлт биш, бүх гишүүдийн оролцоотойгоор явагдсан процесс. Гишүүдийн итгэл дэмжлэгийг авч сонгогдсон тэдгээр дарга нар өнөөдөр маш идэвхтэй ажиллаж байна. Зөв сонголт хийсэн. Гишүүд яах аргагүй хүнээ зөв таньдаг юм байна. Санаж байвал, Ерөнхийлөгчийн сонгуульд манай намын зарим лидерүүд дахиад сунгаа явуулж болохгүй, нам хагарна гэж ятгаж байсан. Зарим нь ч зөвлөж, зарим нь ч бүр шахаж байсан. Би ганцхан л зүйл дээр байр сууриа хатуу барьсан. Гишүүдийн оролцоотой нам байна. Аль ч шийдвэрийг гишүүдийн оролцоотой гаргадаг байя гэсэн амлалтыг даргын хувьд би өгсөн. Түүн дээрээ л зогссон. Тэгээд бүх гишүүдийн дунд улс даяар 5 нэр дэвшигчийн дунд санал асуулга  явуулснаас одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга хамгийн олон санал авч гарч ирсэн. Баттулгыг гарч ирэхэд маш олон хүн манай намыг ялагдчихлаа даа гэж урьдчилан дүгнэж байсан. Миний хувьд ч гэсэн ний нуугүй хэлэхэд ялна гэдэгт 100 хувь итгэлтэй байгаагүй. Нэгэнт олонхийн саналаар гарч ирсэн хүнээ хөтлөөд л сонгуульдаа орсон. Маш хүнд нөхцөлд ялна гэдэг итгэлтэй сонгуульд орсон, ялсан. Гишүүдийн оролцоотой асуудал шийдэх нь туйлын зөв гэдгийг энэ жишээ л тод илтгэнэ.
-Таны намаа удирдсан эхний ялалт. Ингэхэд парламентад олон нам байх ёстой гэсэн байр суурийг Та хэрхэн үздэг вэ ?
-Парламент чинь өөрөө олон намын, олон ургальч үзлийн л талбар шүү дээ. Би тийм байгаасай л гэж хүсдэг. Гэхдээ мэдээж аль нэг нам нь иргэдийнхээ олонх саналыг авч зонхилж, ачааг голлон үүрсэн бүтэцтэй байвал илүү үр дүнтэй юм болов уу гэж харж байгаа. Аль нь ч олонх болоогүй үеийг бид туулсан. 2016 онд АН олонхи болсон ч дангаараа засаг барих боломжгүй байсан.
"Шударга ёс -эвсэл" буюу өнөөдрийн МАХН, МҮАН-тай эвсэж Засгийн газраа байгуулж, төгсгөлдөө одоогийн эрх баригч МАН-ыг ч оруулж Засгийн газарт хамтарч байсан. Өөх ч биш, булчирхай ч биш. Илүү ихийг хийж бүтээх цаг хугацаа, боломжийг л алдсан.  Нөгөө талаас нэг нам дангаараа хэт олонхи болох нь туйлын буруу сонголт юм гэдгийг өнөөдөр бид харж байна. Зохистой харьцаа байх нь зүйтэй юм болов уу.
-Сонгуулийн хуультай холбоотой нэг хэсэг асуудал бий. Сайжруулах. Илүү боловсронгуй болгох ёстой байх. УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиас гадна, Орон нутгийн сонгууль гэж бий. Орон нутгийн өөрөө удирдах ёсод дөхүүлж, хуулийг өөрчлөх шаардлага бий гэж үзэх мэргэжилтнүүд бий. Орон нутгийн өөрөө удирдах ёсыг улс төрийн намууд мөн л булаасан. 
-Иргэдийн төлөөллийг яаж сонгох вэ гэдгийг зөв болгох ёстой. Хурлын нэр томьёо нь хүртэл тийм ш дээ. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал. Намын төлөөлөл биш. Дундговь аймгийн нийт сонгогчдын төлөөллийг  иргэдийн хуралд яаж сонгох вэ гэдэг нарийн зүйлийг л хуульчилж өгөх шаардлагатай байгаа юм. миний бодлоор дунд шатны буюу аймаг дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хадгалах нь зөв. Намын оролцоо байх уу ? үгүй юу гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. Анхан шатны буюу баг хорооны засаг даргыг томилдог байх ёстой л гэж харж байгаа.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Баянгол дүүрэгт ялалт байгуулж байсан. Ил тод зарлаад манай нам ялбал Одонтуяаг засаг дарга болгоно гээд. Ил тод нэлээд шинэлэг сонгууль болсон.
-Шинэ л арга барил л даа. Зарим нэг газраас гарч байсан. Процесс болсон нь л Баянгол болохоос биш аль ч аймаг дүүрэг ингээд явбал зөв байх гэж харсан юм. ялах юм бол манай засаг дарга энэ байна гэж зарлаад тэр нь сонгогчдод таалагдаж байвал олонхийн санал авна. Үгүй бол үгүй. ОУ-ын жишээ байдаг ш дээ. Энэ бол манай ерөнхий сайд гээд зарладаг. Тийм л баймаар байгаа юм. Улс төрийн намууд эр зориг гаргаад эхэлвэл болохгүй юм байхгүй. Ил тод болно, хуулиар сүртэй хориглосон юм байхгүй.
-2020 оны УИХ -ийн сонгуульд ч энэ зарчмаа баримталбал ?
-Сонгуулийн хууль нь ч яаж гарах юм билээ. Ер нь улс төрийн намууд ийм зориг гаргаж, бид сонгуульд ялбал ерөнхий сайдаар, салбар хариуцсан сайд нараар ийм ийм хүнийг томилно гээд өөр өөрийн кандидатаа зарлавал бас болно шүү дээ. Ил тод болно.
-Тэгэж чадвал ард иргэд, сонгогчдод харьцуулах зүйл бий болно. Сонголт хийхэд ч тус болох юм. За, Та бид хоёрын ярилцлаг өндөрлөх тийшээ хандаж байна. Бидний урилгыг хүлээн авч, Комментатор нэвтрүүлэгт зочноор оролцсонд үзэгч, уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.
-Та бид хоёр залуугийн л танилууд. Анх танилцахад л Та хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байсан. Өнөөдөр шинэ хэвлэл мэдээллийг үүсгэн байгуулаад, түүндээ намайг урьж, миний үзэл бодол, байр суурийг үзэгчдэдээ хүргэсэнд талархая. Мэдээллийн шинэ технологи, техникийн боломж хөгжлийн шинэ шинэ боломжийг бий болгож байна. Удаан жилийн түүхтэй, олон зуун хүн хүч, техниктэй нүсэр телевиз болон шинэ мэдээллийн хэрэгслийн зааг ялгааг интернет, мэдээлэл технологийн давуу тал ойртуулан багасгажээ. Танай мэдээллийн шинэ суваг, танай баг хамт олонд амжилт хүсье.
-Баярлалаа. Таны ажил үйлс өөдрөг байг. 
 
Эх сурвалж: Зууны мэдээ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ХИХИ:Эрхэм танд хийж бий чадаагүй юм байна уу? Хүнтэй харицах анхны мэдмэг бөайхгүй . Нэг дүгээр ангийн хүүхдээс ялгарах юмгүй бараг улсыг удирдах юм ярина 2018-08-29
Иргэн:АН засаг барихдаа Улс орныг яаж самарч эдийн засгийг авах юмгүй болголоо.харин Ард түмэн сонгуулиар маш сайн дүн тавьж арайхийж бүлэг болох хэмжээний 8 хан гишүүнтэй үлдээсэн.одоо ингэж ярьж байгаа нь арга ядсан зүйл.сонгуулийн үеэр хүртэл ямар муухай санаанд оромгүй арга хэрэглэж байна.огт алдаа гаргадаггүй засаг бүү хэл хүн ч байхгүй.харин алдаагаа хэр олон давтаж бна гэдэг чухал.МАН д 60 тэр бумаас авхуулаад болохгүй юм байгаа ч эдийн засаг сэргэж хүмүүсийн ам нааштай байгаа нь үнэн.харин АН-ын нэр хүндийг унагасан удирд**** өөрсдөө ямар ажил хийв.ямар ч байсан 1400 байсан до**** 2700 хүрсэн нь та бүхний увайгүй шуналын үр харин.бас эрдэнэтийн 49 % -г улсад хэл гэмгүйхэн шиг буцаагаад өгчихөөрэй 2018-08-29
irgen:2012-2016 оуудад болон засаг барьж байсан жилүүддээ АН хэрхэн ажиллаж ард олон маань яаж амьдарч байсныг түүхийн гэрч болох тэр жилүүдийн ямар ч сонингоос харж болно. Тэдний улс төрчдийн ба****ар өнөөдөр зам тээврийн яам гэж арван хэдэн жил Төмөр замаа барьж чадалгүй өнөөдрийг хүртэл цаг хайран мөнгөө алдсаныг хэзээ ч уучилж болохгүй. Өнөөдөр АН гишүүд том ярьж дураараа донгодож байгааг хараад өмнөөс зовмоор бас ичмээр дээ. Хамтарч алдаагаа засаж нийлж эдийн засгаа өөд татах бодолгүй дэндүү аминчхан хүмүүсээ ... 2018-08-29
irgen:2012-2016 оуудад болон засаг барьж байсан жилүүддээ АН хэрхэн ажиллаж ард олон маань яаж амьдарч байсныг түүхийн гэрч болох тэр жилүүдийн ямар ч сонингоос харж болно. Тэдний улс төрчдийн ба****ар өнөөдөр зам тээврийн яам гэж арван хэдэн жил Төмөр замаа барьж чадалгүй өнөөдрийг хүртэл цаг хайран мөнгөө алдсаныг хэзээ ч уучилж болохгүй. Өнөөдөр АН гишүүд том ярьж дураараа донгодож байгааг хараад өмнөөс зовмоор бас ичмээр дээ. Хамтарч алдаагаа засаж нийлж эдийн засгаа өөд татах бодолгүй дэндүү аминчхан хүмүүсээ ... 2018-08-29
Zochin:С.ЭРДЭНЭ СҮҮДРИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮНЭЭРЭЭ 2024 ОН ХҮРТЭЛ АЖИЛЛАХ БАЙХАА. ТАНД АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ.ЭНЭ АЖИЛАА САЙН ХИЙГЭЭД ТЭТГЭВЭРДЭЭ ХЭЛ АМГҮЙ ГАРСАН ДЭЭР ДЭЭ. 2018-08-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?