ОЮУТНУУД БЭЛГИЙН ИДЭВХТЭЙ АМЬДРАЛ, ХОРТ ЗУРШИЛД ХЭТ АВТАЖ БАЙНА

2018-09-15  

Хичээлийн шинэ жил эхэлж оюутан сурагчдын амьдрал идэвхжлээ. Жил бүр оюутнуудын эрүүл мэндийн асуудал хурцаар яригддаг бөгөөд ялангуяа тэдний бэлгийн амьдрал нь нийгмийн гол асуудлын нэг байдаг билээ. Тиймээс бид НЭМҮТ-ийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Гэрэлмаатай оюутнуудын эрүүл мэндийн асуудлаар ярилцлаа.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Оюутнуудын эрүүл мэндэд тулгамддаг ямар асуудлууд байдаг вэ?

Ер нь  оюутан залуусын эрүүл мэнд маш чухал. Өмнө, одоо, хойч үед ч гэсэн чухалд тооцогдох асуудал. Манай улс 2016 оны ОУ-ын судалгаанд залуучуудын хөгжлийн индексээрээ 71-р байранд жагссан гэсэн үзүүлэлт байдаг. Тэд IQ-ийн хувьд өндөрт жагсдаг ч эрүүл  мэндийн үзүүлэлтээрээ уначихдаг. Өсвөр үе, залууст  эрүүл мэндийн тулгамдсан олон асуудал байна. Оюутнууд бол эрүүл бүлгийнхэн байх ёстой.  Тэдэнд тулгамддаг гол асуудлын нэгдүгээрт хорт зуршлын хэрэглээ, хоёрдугаарт бэлгийн идэвхтэй амьдрал. Гэрлээгүй боловч бэлгийн замаар халдвар авах, хүсээгүй жирэмслэлт үр хөндөлтийн тохиолдлууд  элбэг байдаг. Архи тамхины, мансууруулах бодисын хэрэглээ өндөр учраас осол гэмтэлд орох, гадны шалтгаантай нас баралтууд тэргүүлж байна. Энэ нь цаашлаад амиа хорлолт ч үүсэх эрсдэлтэй.

Ийм насныхны дунд явуулсан судалгаанаас дурдаач?

Хамгийн наад захын жишээ татахад л өнгөрсөн онд нийт 17.530 үр хөндөлт бүртэгдсэний 5.3 хувь нь 20-иос доош насныхан байсан юм. Харин 20-24 насныхан 70 хувийг нь эзэлсэн байна. Өмнөх онтой харьцуулахад 20-иос доош насныхны дунд үр хөндөлт 0,3 хувиар өссөн байгаа юм л даа. Үүнд  нэг талаас мэдээллийн хомс байдал нөгөө талаараа санхүүгийн байдал нөлөөлж байгаа. Тэгэхээр бид сэргийлж болох асуудлаас сэргийлж чадахгүй байна гэсэн үг.  Ийм  учраас  эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих орчин чухал. Энэ хоёр нийлж  байж  эрсдэл  буурна. Гэтэл 5.3 хувь дээрээ зогсчихоод байгаа юм. 

Тухайлбал 14 насандаа архи согтууруулах ундааг хэрэглэж үзсэн гэсэн сурагчдын тоожил ирэх тусам нэмэгдсээр байгаа. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тохиолдлын бэлгийн хавьталд орох нь  ч нэмэгдсэн байдаг.  Үүнийг дэмжлэгч орчин нь бүрдүүлчихээд байгаа юм. Сургуулийн орчин, дотуур байрны орчин караоке, паб зэрэг. Саяхны нэг мэдээ гарлаа шүү дээ. Архи согтууруулах ундаа зардаг цэгүүдийн тоогоороо дэлхийн олон арван орноос Монгол тэргүүлж явна. Маш харамсалтай үзүүлэлт. Архины зардаг газар хоорондоо ойрхон байх тусам авч хэрэглэх сэдэл ихсэж байдаг.  Гадны орнуудад 3-5 километр  зайд энэ худалдаа үйлчилгээ хийгддэг. 5 километрийн  хол байвал хүн хойш татгалзаж болно.  Гэрийнх нь гадаа байвал шууд  гараад л авдаг. Үүнийг  цэгцлэх цаг ирсэн.

Энэ бүгдээ эрүүл мэндэд хортой гэж боддог нь цөөхөн шүү дээ. Манайхан ер нь эрүүл мэндийн асуудалдаа хожуу анхаардаг байх аа?

Яг үнэн. Ерөнхий боловсролын дунд сургуулийнханд эрүүл мэндийн хичээлийг саяхнаас л оруулж эхэллээ. Бусад орны хувьд  эрүүл мэндийн хичээл цэцэрлэгийн наснаас эхэлж заагаад 12-р анги төгсөхөд хүүхэд наад захын  мэдлэг эзэмшсэн хүн болдог. Гэтэл манайх эсрэгээрээ. Өсвөр насандаа эрүүл мэндийн үзүүлэлт тааруу гарч байгаа залуус 10 жилийн дараагаар 25-29 насныхан болно. 20 жилийн дараа 35-39 насныхан болно. Тэгэхэд тэд аль хэзээний халдварт бус өвчнөөр өвчлөчихсөн, эсвэл өвчлөхөд маш ойрхон болчихсон байдаг. Ходоодны архаг үрэвсэлтэй, чихрийн шижинтэй, жингийн илүүдэлтэй, хөдөлгөөний дутагдалтай ийм л насанд хүрэгчид болсон байна. Энэ хүмүүс яах вэ?  эрүүл мэнддээ асар их хэмжээний төлбөр төлөх болно.

Ийм учраас эрүүл мэнд гэдэг бүр багаас нь эцэг эхийн гар дээрээс гэр бүлийн хүмүүжлээр олгогдсон байх учиртай. Хоёр наснаас эхлээд цэцэрлэгийн хүмүүжлээр олгож байгаад зургаан нас хүрээд ерөнхий боловсролын сургуулийн багш нарын зааснаар явдаг. Гэтэл манайд тэр тогтолцоо хэр бодит байна вэ? Чанартай хүртээмжтэй байна уу, хүртээмжтэй эрүүл мэндийн боловсрол олгож эхэлсэн үү?  Хичээл зааж байгаа багш нар арга зүйгээр хангагдаж байна уу? зэрэг асуултууд гарч ирнэ. Гэхдээ  бид нар өмнөхөө үгүйсгэх биш улам  сайжруулаад явах хэрэгтэй. Өнгөрсөн 8-р сарын 13-наас 17-ны хооронд ЕБС-ийн дунд сургууль дээр эрүүл мэндийн хичээлийг заах үндэсний сургагч багшаар 90 хүнийг бэлтгэсэн. Өмнөговь аймагт 130 хүнийг бэлтгэжээ. Жил ирэх тусам сайжирч байгаа боловч бид нар тогтвортой барих хэрэгтэй. Хэн нэгний улс төрийн ажилд хавчуулалгүй аль нам, ямар сайд гарсан  хамаагүй хүрд шиг тасралтгүй урсан явж байх ёстой гэдгийг л хатуу барих шаардлагатай байна.

Өсвөр насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд нөхөн үржихүйн талаар илэн далангүй ярилцах нь хэр вэ? Өөрөөр хэлбэл оюутан болоход нь бүх талын бэлтгэлтэй явуулж чаддаг уу?

Судалгаагаар  5 хүүхэд тутмын 1 нь л эцэг эхтэйгээ энэ сэдвийг халти мулти ярилцдаг байна. 4 нь огт ярьдаггүй хаалттай сэдэв. Ярьдаггүй 4 нь хамгийн эхэнд эрсдэлд ордог. Мэдээж  тохиолдлын хамгаалалтгүй  бэлгийн хавьталд орж хоёр эрсдэл хүлээдэг нь хүсээгүй жирэмслэлт, БЗХ өвчинд өртөх. Нэг нэгэндээ итгэж болно. Гэхдээ найз залуу биш, үерхээд удаагүй байж хайртайгаа үнэнч байдлаа илэрхийлж илтгэх гээд  заавал бэлгийн харилцаанд орох шаардлагагүй гэдгийг эцэг эхчүүд охид, хөвгүүддээ хэлдэг байх учиртай. Ирээдүйн эр нөхөртөө энэ бие сэтгэлээ зориулах учиртай гэдгийг ухамсарлуулах чухал.

Энэ бол өнөөдөр болж байгаа бодит байдал. Хүсээгүй жирэмслэлтэд өртвөл  хүүхдээ авахуулахаас өөр аргагүй байдал үүсдэг. Сургуулиа сонгох уу, хүүхдээ сонгох уу? Үр хөндөлтөөр төгсгөнө гэдэг бол тухайн хүүхдийн ирээдүйд маш том хар толбо. Үүнийг даван туулах ямар арга чарга байна гэдэгт хэнээс ч дэмжлэг авдаггүй. Найз нөхдөдөө хэлвэл муу хүн болно, ээж аавдаа хэлвэл зэмлүүлнэ оюутан болгоод явуулж байхад жирэмсэн болчихсон гээд нууна. Ингэж явсаар байгаад дараагийн эрсдэлтэй нүүр тулна. Иймд эцэг эхчүүд маань  хараа хяналтаа улам сайжруулаасай. 

Эцэг эхийн гараас гарч оюутан болоход багш нар эцэг эхийн үүргийг орлож таарна. Багш хүн оюутныхаа эрүүл мэнд , хичээл сурлагад хэр нөлөөлөгч  вэ? 

Нэгдүгээр курсийн оюутнууд анги даасан багштай хичээлээ эхлүүлдэг. Ангийн багш эхний ээлжинд тэднийг бүх талаар ойлгохыг, нээхийг урьтал болгон ажиллана. Харин дотуур байрны захиргаа, багш нар байрныхаа дотоод журмыг танилцуулан дагаж мөрдөхийг үүрэгдэх боловч эцэг эхийн гар дээр зоргоороо байсан тэд эсэргүүцэл үзүүлж эхэлдэг. Би мөнгөө төлчихсөн юм чинь яадаг юм, гарч найз нөхөдтэйгөө уулзмаар байна, би яасан ч болно, танд хамаагүй зэргээр хүүхдүүд ханддаг байх нь. Тиймээс дотуур байрны багш нарын шаарддагийг эцэг эх шигээ хүлээж авч байх хэрэгтэй. Оюутныг ямар нэгэн эрсдэлд орохоос сэргийлж байгаа тэр хараа хяналтыг ойлгох хэрэгтэй. Эхэндээ барьж цагдаад байгаа мэт боловч дараа нь эрсдлээс хамгаалсан баярлах талархах зүйлийн төлөө л багш нар ажилладаг.

Ихэнх оюутнууд өглөөний цайгаа уудаггүй зуршил тогтчихсон байдаг. Өглөөний цайны ач тусын талаар оюутнуудад ямар зөвлөгөөг өгмөөр байна?

Чухал асуулт байна. Үнэхээр өглөөний цайны тухай ойлголт өгөх хэрэгтэй. Унтаж унтаж байгаад л үсэрч босоод хичээлдээ явчихна. Хоосон явж байснаа гэнэт их иднэ. Хичээлээ хийхгүй явсаар шалгалт ойртоход өөртөө гэнэтийн ачаалал дарамт өгдөг. Өдөр шөнөгүй сууж өөртөө ачаалал өгдөг. Хоол ундгүй явж байгаад дархлаа нь муудаж өвддөг.  Дархлаа суларснаас болж сүрьеэгийн өвчлөл ихсээд байгаа нь ч үүнтэй холбоотой. Өглөө босоод нэг өндөг чанаад идчихдэг байхад л болно доо уг нь. Дасгал хөдөлгөөн гэдэг фитнесс биш. Эрт босч  алхаад хичээл сургуульдаа явдаг болох хэрэгтэй. Ширхэгийн хоолноос аль болох татгалзаж хэвшээсэй. Биед шингэцтэй, шөлтэй устай халуун хоолоо хийж идэж сураарай гэж зөвлөмөөр байна.

Танд ажлын өндөр амжилт хүсье. Цаг үеийн чухал сэдвээр нээлттэй ярилцсанд баярлалаа.

 

 

Ц.ТЭГШБУЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?