Б. НАЙДАЛАА: МАН, АН, ТЭДНИЙ 76 ГИШҮҮНЭЭР МОНГОЛ УЛС ДУТАХГҮЙ

2018-10-04  
Комментатор нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ц.Энхбат "ХҮН" намын дарга Б.Найдалаатай нийгэм, улс төрийн сэдвээр хөөрөдсөнийг толилуулья
 
 
-ХҮН нам сүүлийн хоёр жил чимээгүй байлаа. Энэ хооронд эрх баригч нам солигдлоо. Амьдрал дээшилсэнгүй. Хавар эмч сувилагч нар суулт хийсэн бол намар багш нар ажил хаясан. ХҮН нам энэ бүхэнд ямар дүгнэлт өгч байна вэ? 
 
-Тулгамдсан асуудал их байна. Асуудлаа шийдэж чадахгүй байгаа Монгол Улсын өнөөгийн дүр төрх гэж харж байна. Багш нарын жагсаал, тэмцэл нь Монголын төрд гарсан улс төрийн намууд Монгол хүнээ гээж, боловсролыг уландаа гишгэсний илрэл. Тэд боловсролоо хөгжүүлэх тал дээр ахиц гаргасангүй гэдгийн нотолгоо нь багш нарын эсэргүүцлийн жагсаал болсон. Монголын төр багш нараа мартаж, гээсэн. Эргэж саная. 2007 онд монгол хүний дундаж цалин 246000 мянган төгрөг байсан. Багшийнх 252000 мянган төгрөг буюу ялимгүй өндөр байсан. Тэгвэл өнөөдөр монголчуудын дундаж цалин 949000 мянган төгрөг. Төрийн албан хаагчийнх 739,00 төг. Багш нарынх 656000 мянган төгрөг. Ингээд харьцуулаад үз дээ. Монгол багшийн үнэлгээ хамгаас дор. Багш нараа дундаж орлоготой иргэдээс доогуур тавьчихаад хүүхдээ мундаг хүн болгохыг, боловсролыг дэмжихийг шаардах нь утгагүй явдал. Боловсролын талаар, багшийн тухайд төрийн бодлого алдагдчихсан. Хачирхалтай нь, Монгол улсын эдийн засаг сүүлийн 10 жилд хамгийн өндөр, хамгийн өсөлттэй, хамгийн мөнгөтэй байлаа. Түүхэнд хамгийн их мөнгөтэй байсан үе. Зам барихаас илүү багш , эмч нарыгаа дэмжих бүрэн боломж байсан. Жагстал нь багш, эмч нарынхаа тэсвэр тэвчээрийг барсан. Энэ бол бодлогогүй төрийн алдаа.
 
-Монгол багш дэлхийн хамгийн ядуу багшийн тоонд орсон. Гэтэл бусад улс оронд хамгийн өндөр үнэлэгдэж, хамгийн өндөр цалин авдаг хүмүүсийн тоонд багш нар багтдаг. 
 
-Багшийн үнэлэмжийг дээшлүүлж, хамгийн өндөр цалинг өгч чадахгүй ч, монгол иргэний дундаж цалингийн түвшинд нь   ойрын үед хүргэх шаардлагатай. У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газарт бүх бурууг бас үүрүүлж болохгүй. Улс орны маань байж байгаа байдал, өнөөгийн төсөв мөнгө, өр ширэндээ баригдчихсан байдал нөлөөлж байна. Тэгэхээр хариуцлагыг хэн үүрэх ёстой юм бэ? гэдэг асуулт үүснэ. Хариуцлагыг нь сүүлийн  10 жил буюу, 2008 оноос төр, засгийн эрхийг барьсан, оролцсон АН, МАН, МАХН зэрэг улстөрийн намууд давхар хүлээх ёстой.
 
-Сүүлийн 28 жил Монголын улстөрийг үндсэндээ хоёрхон нам ээлжлэн барилаа. Дээр нь үе үе Засгийн газарт хамтарч, нэгдэж байсан МАХН, ИЗНН-ыг нэрлэж болно.
 
-Тийм. Боловсролын салбарыг дурдаж байгаа ч, Монголын нийгмийн бүх салбарт адил дүр зураг бий болсон. Боловсролтой адил хүндэрсэн салбарын нэг бол эрүүл мэнд. Мөн л эмч, сувилагчдын үнэлэмж хурцаар яригдаж буй. Цалин нэмэх тухай шаардаж, шахахаар Засгаас ганцхан л тайлбар хийдэг. Төсөв байхгүй гэх. Гэтэл багш, эмч шиг чухал мэргэжилтэн байхгүй. Хүүхдээр хүн хийдэг нь багш. Тэр хүнийг эрүүл саруул байлгадаг нь эмч. Гэтэл энэ хоёр хүнээ Монголын төр орхисон. Ингэснээр хүн рүү чиглэсэн бодлого алдагдсан.Ер нь урт хугацааны бодлого гэдэг зүйл бүрэн орхигдсон.
 
-Шүүмжлэх амархан, хийх хэцүү л гэдэг.  ХҮН нам 2016 оны сонгуулийн өмнөхөн анх ил гарч ирсэн. Төсөөлье. 2016 оны УИХ-ын сонгуульд ХҮН нам ялчихсан байж гэж бодъё. Нам чинь төрийн эрхэнд гарч, та Хүрэлсүхийн оронд ерөнхий сайд болчихсон байна гэж саная. Тэгвэл Та юуг нь хийгээд, юуг нь хийхгүй байх байсан бэ?
 
-Улс орны хөгжил ярих гэж байгаа бол хамгийн түрүүнд улс төрийн лидерүүд, улс төрийн намууд  Монгол улсын хөгжлийн төлөө нэгдэх хэрэгтэй. Намууд үзэл баримтлалын хувьд өөр өөр ч, эцсийн дүнд Монгол Улсыг хөгжүүлэх, нөгөө багш, эмч нарын цалинг нэмэх, хүүхдээ боловсролтой иргэн болгох, 15-20 жилийн дараа өөдлөн хөгжчихсөн, улс шиг улсад амьдрах гэсэн   үзэл баримтлал дээрээ нэгдсэн байх ёстой юм. Улстөрийн лидерийн, улстөрийн намын үүрэг бол зөвхөн сонгуулиар эрх мэдэл авахын төлөө өрсөлдөхөөс гадна  өрсөлдөгч намынхантайгаа үндэсний зөвшилцөл хийх үндсэн үүрэгтэй байх ёстой. Үүнийг хийж чадаагүй ерөнхий сайд бол зүгээр нэг байдаг л өрсөлдөгч , бие биенийхээ  жижиг алдааг хайсан сөрөг хүчин төдий. Манайхны ээлжилж улстөр гэж тоглоод  байгаа байдал ийм өчүүхэн, жижиг хэмжээний л түвшинд л өрнөж байна. Ялангуяа, Төр, Засгийн эрхийг барьж буй Ерөнхий сайдын түвшний, Ерөнхийлөгчийн түвшний улстөрчид бол нэгдүгээрт, хөгжлийн том хараагаа тодотгож, хоёрдугаарт, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд бусад улстөрчидтэй хэрхэн яаж эвлэх вэ? гэдгээ л тунгаах, шийдэх учиртай. Энэ л эрх барьж буй намын дарга, ерөнхий сайд хүний хийх эхний алхам, үндсэн үүрэг. Гаднаас зээл мөнгө босгох, зам гүүр барих, ийм тийм хийн хоолой барих нь дараагийн асуудал. Эхний буюу, улс төрийн лидерүүдийн зөвшилцлийг хийж чадахгүй, дотооддоо эвлэж чадахгүй байж гадаад ертөнцтэй эвлээд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, зээл авна гэж байгаа нь шулуухан хэлэхэд үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх том аюул.  
 
-Үнэн үнэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг БНХАУ-д  айлчилж байхад Хятад улсын дарга Ши Жиньпин хүлээж авахдаа; -Та нар  надаас юу ч хүсч болно, ямар ч санал тавьж болно. Өөр хоорондоо л эхлээд учраа ол гэсэн гэдэг. Өөрийн чинь хэлсэнтэй агаар нэг үгийг хэлсэн байгаа биз.
 
-Ердөө л энэ. Хэрвээ жижигхэн хувийн сонирхол, жижигхэн намын, бүлгийн сонирхлыг яриад хэн нэгэнтэй яриа хэлцэл хийвэл тэр хуйвалдаан төдий болно. Яагаад гэвэл зорилго сонирхол нь жижигхэн юм чинь.  Алсын зорилгоо тавиад томхон эрх ашгаа өндөр тавиад ярилцах юм бол тэр бол зөвшилцөл.  Зөвшилцөл хийх нөхцөл, зөвшилцөл хийчих улстөрч Монголд үгүйлэгдэж байна. Зөвхөн өөрийн намын ч юм уу, бүлэглэлийн эрх ашгийг өмнөө бариад хэн нэгэнтэй хэлцэл хийхээр зөвшилцөл биш хуйвалдаан болоод хувирч байгаа гэдгийг дахин тодотгоё. Улс төрчид, лидерүүд маань энэ л чөтгөрийн тойргийг давж гарах хэрэгтэй. Энэ бол манай нийгмийн улстөрчдийн өмнө тулгарсан үндсэн асуудал.  Ард нь гарч чадвал, авьяаслаг эрүүл саруул, хүсэл тэмүүлэлтэй, баялагтай Монгол шиг цомхон улс орон маш богино хугацаанд хөгжинэ.
 
-Монголын улстөрийн гажуудлын илрэл  ард иргэдийн амьдрал ахуйгаар илэрч байна. Монголын 1 сая хүн нэн ядуу бүлэгт багтсан. Монголын баялгийг хүн амын 3-хан хувь эзэмшиж байна гэсэн статистик үзүүлэлт гарсан. Ард иргэд төр засагтаа итгэх итгэл алдарсан. Энэ туйлдаа хүрч байсан 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Монголын улстөрийн түүхэнд нэгэн шинэ өнгө төрх гарч ирсэн. Тэр шинэ өнгө төрхийг харуулсан нам бол ХҮН нам болж харагдаж байсан л даа. Богино хугацаанд боловч олны санал асуулгаар нилээн өндөр хувь эзэлж байсан. Их сонин үзэгдэл болох нь гэж харж байтал  сарниад алга болсон.
 
 
-Үүнд хариулахдаа улс төрийн нам гэдгээс эхэлье. Улс төрийн нам гэдэг өнөөгийн ойлголт нь нам ажиллуулж байгаа хоёр гурван том намын байж байгаа байдал , хийж байгаа зүйлээс тэс  өөр зүйл.
 
Намыг нийтээрээ буруу ойлгосон. Бүр 100 хувь буруу ойлгосон шүү. Өнөөдрийн улс төрийн намыг авч үзье. Энэ том намууд бол коммунист намын суурь юм. Куммунист нам бол хагас цэрэгжсэн байдалтай, гишүүдээ олон болгож байгаад хувьсгал хийж, засгийг аваад  нийгмийг хүчирхийлж байж байгуулна гэсэн үзэл баримтлал номлолтой. Тэгэхээр манай хуучин буюу Ардын нам яг энэ суурин дээр байгуулагдсан нам юм. Энэ арга барил нь өнөөгийн МАН -д одоо ч анзаарагддаг. Түүнийг нь Ардчилсан нам бас өвччихсөн. Хатуу гишүүнчлэлтэй,тэдэндээ хариуцлага тооцдог, өөр нам руу орохыг урвагч гэж үздэг. Ийм жижигхэн үзэлтэй, тулаанч байлдаанч , хувьсгалт маягийн дүртэй. МАХН ч мөн адил тэрийг дагаж явна. Бүтэц нь өөрөө буруу болчихоод байгаа юм. Ийм намын хандлага яадаг  гэхээр аливаа юмыг хүчээр дарахыг оролддог. Буу бариад хувьсгал хийхгүй ч гэсэн, ажиглагдана, анзаарагдана. Ямар нэгэн юмыг хоролдог ч юм уу , дайрдаг ч юм уу, арга барил нь ерөөсөө тийм. Намын энэ арга барилыг устгах хэрэгтэй  юм. Ийм арга барилтай Нам нийгэмд оршин тогтнож байх юм бол, энэ тогтолцоо устаж үгүй бололгүй үргэлжилж байсан цагт бид хичнээн ч шинэчлэл яриад нэмэргүй. Шинэ хүмүүсийг намдаа элсүүлээд, гоё хувцасласан, нэр хүндтэй сургуулийн диплом өвөртөлсөн хичнээн ч шинэ хүмүүсээр гоёод өөрчлөлт хийж чадахгүй.
Тэгэхээр би хоёрхон зүйл хэлье. Нэгдүгээрт,  тус улс төрийн нам улс төрийг яаж авч явах юм. Хоёрдугаарт, нийгмийн асуудлыг хэрхэн хэрхэн шийдэх гэж байна вэ? гэдэг талаар бодлого, төлөвлөгөөтэй байх учиртай. Багш нарын цалинтай адилхан, шийдвэрлэвэл зохих түмэн асуудал нийгэмд байгаа. Бүгд өөр хоорондоо уялдаатай. Толгой эргэмээр олон асуудал боловч, задлаад үзвэл амархан. Хэдхэн зүйл бий. Зуу зуун хуудас юм төлөвлөөд бичээд байх шаардлагагүй. Зарчим байхад л хангалттай. Түүнийгээ буулгахад 2 хуудас цаас л шаардагдана. Бодлого, концепци нь бэлэн байх хэрэгтэй. Сонгуульд орохдоо түүнийгээ л зарлана. Манай улс төрийн намуудад тийм зүйл байна, тэгж байна уу? гэж асууя. Үгүй л гэдэг хариулт гарна. Сонгогчдын сэтгэлийг татах, таалагдах тийм санааг хайгаад  байдаг. Яавал таалагдах, яаж санал авах гэдэгт л толгойгоо гашилгадаг. Хоёрдугаарт, бодлогыг хэрэгжүүлэх итгэл үнэмшилтэй тууштай дагаад явах чадвартай боловсон хүчинг нийгмээс сонгон шалгаруулж төрийн албанд,  засагт оруулах шаардлагатай байна.  Ийм хоёрхон үндсэн үүрэг байгаа юм. Энэ хоёр үүргийг эрх барьж байгаа хоёр гуравхан нам  хийж чадалгүй ирлээ. Ард түмэн тэнэг биш үүнийг мэдэрч , ажиглаж байгаа. Тухайн үед, сонгуулийн өмнө, манайх шиг улс төрийн, ийм маягийн шинэ хүчний эрэлт хэрэгцээ байсан. Тэр орон зайн дээр л ХҮН нам гарч ирсэн. Бидэнд юу байсан гэхээр улс орныг хөгжүүлэх тодорхой алсын хараатай зарчмууд байсан, одоо ч байгаа. Түүнийгээ хөгжүүлсээр явж байна. Бидэнд боловсон хүчин ч байсан. Манай намын онцлог бол улстөрд явж байгаагүй шинэ хүсэл тэмүүлэлтэй, өөдрөг үзэлтэй,  боловсролтой, ажлын туршлагатай, залуудахгүй, яг идэр насны залуучууд байсан, одоо ч байгаа.  Монгол үндэстэн монголын нийгэм өөрөө хүсч байгаа болохоор дэмжсэн юм. Гуравдагч хүчин хэмээн олон намууд пиар хийж элдвээр зөндөө оролдсон.  
 
-Тэр дунд нийгэмд танигдсан улстөрийн лидерүүд ч харагдаагүй.
 
-Тийм ээ. Монголчуудын хүсээд байгаа юмыг л бид өгөхийг зорьсон. Үүнийг бид хийж байж монгол үндэстэн өнөөгийн лаг шавраас сална. Түүнээс зүгээр л нэг улстөрийн тоглоом хийгээд, нэгийгээ ялах гэж оролдоод, ялгарах гэж өрсөлдөөд байх юм бол түүхэнд байдаг шигээ бутарсан чигээрээ үлдэж, хэн нэгний гарт орно. Намаас дээгүүр харсан хөгжлийн концепци гаргаж, бусад улс төрийн намуудтай ойлголцож, нэгдсэн бодлогоо гаргаж, үндэсний зөвшилцөлд хүрэхийн төлөө хүчин чармайлт гаргах цаг болсон. Таны асуултанд хариулахад бид үүнийг хийсэн, үүнийг хийсэн үүргээ ухамсарлаж байсан болохоор ард түмэн дэмжсэн. Мэдээж эрх мэдлээ алдах гээд байсан учраас эрх баригч болон, эрх барьж байсан хоёр намын зүгээс тээг тавьсан, явуулга хийсэн л байх.
 
 
-Тухайн үед ХҮН  намыг захиалгатай нам гэж байсан. МАН-ын дарга М.Энхболд оролцжээ, Ардчилсан намын дарга З.Энхболд ч хамааралтай юм байна . Энэ хүмүүсийн гар хөл болох нь гэж байсан. Хэрвээ ялагдах юм бол өөрсдийн бэлдсэн энэ сувгаараа эрх мэдлээ хадгалах нь гэсэн таамаг яриа ,хардалт дэлгэрсэн. Одоо ч энэ яриа замхраагүй.
 
-Ийм яриа үнэхээр их байсан. Олон хүний хамааралтай нам, олон халааснаас санхүүжиж байна, тэрний хөрөнгө оруулалттай, ийм тийм нам гээд л  ярьсан, бичсэн. Одоо ч гэсэн ярьсаар л, үнэмшсээр л, асуусаар л байгаа хүмүүс маш их байна. Үнэнийг хэлэхэд хэн нэгний хатгаасаар бид бий болоогүй, ажиллаа ч үгүй. Бүх зүйлээ бид өөрсдөө зуун хувь санаачилсан. Тиймээс тэр олон залуучууд итгэж нэгдсэн юм. Тэр залуус хэн нэгний халаасанд орчих тийм хүмүүс огт биш. Мөнгөөр худалдагдсан бол одоо ил болсон байх учиртай. Мөнгө авсан, албан тушаалд дэвшиж, томилогдсон нэг ч хүн байхгүй, бидний дундаас. Бид бүгд эрсдэлээ үүрч  ажил албанаасаа ихэнх нь больсон ийм байдалтай байна. Гэхдээ үйл ажиллагааны зарчмаа бариад тэмцсэн хэвээр. Хоёр намын зүгээс ямар нэгэн явуулга явуулсан байж магадгүй ч, бид тэр бүхэнд буруугаа тохоод зүгээр суугаагүй. Ийм л бүхнийг чөдөрлөсөн намын бүтэц Монголн нийгэмд бат бөх оршин тогтнож байгаа нөхцөлд бид өөрсдийгөө ч, намаа ч хамгаална. Олны итгэл байгаа цагт бид энэ бүхнийг давж гарах үүрэгтэй. Та санаж байгаа бол сонгуулийн өмнөхөн манай нам дээр маргаан гарч байсан шүү дээ, удирдлагын. Тэр маргааныг шийдвэрлэх хоёр арга тухайн үед байсан. Эхнийх нь, маргаан гаргаж байгаа талтай  эвлэрээд, одоогийн улстөрийн аргаар тохирч  наймаалцахыг хүмүүс зөвлөж байсан. Тохирчихооч гээд л...улстөр ийм л байдаг. Та нар шууд л УИХ гишүүн болчихооч гэж байсан. Энэ бол эхний хувилбар. Бид нар нухацтай бодож байгаад "үгүй" гэж шийдсэн. Яагаад гэвэл ХҮН нам олон хүний итгэлийг хураасан байсан. Хүмүүс одоогийн байгаа намаас өөр нам, өөр зарчмыг хүсэж байсан. Иргэд үүнийг л хүсч дэмжиж байсан болохоос зүгээр л нэг гуравдагч хүчнийг дэмжээгүй юм. Иргэдийн тэр сэтгэл зүтгэлийг эвлэрэл нэрийн дор худалдаад, өөрсдөө сонгогдоод, итгэлийг нь уландаа гишгээд,  хуураад өнгөрөх үү ?, эсвэл шударгаар тэмцэлдээд, өнөөдөртөө алдсан ч, урт хугацаандаа олны итгэлийг даагаад  гарах уу? гэдэг хоёр зааг дээр бид тулж очсон. Бид тухайн үедээ өөрсдөдөө хохиролтой ч, хоёрдахь замыг сонгосон.  Иргэд, дэмжигчидээ бид хүндэлж, тэдэнтэйгээ хамт үлдсэн. Ирээдүйгээ харсан. Үнэхээр бид намаараа сонгуульд орж чадаагүй. Увайгүй, дүрмээ зөрчсөн хүмүүстэй хатуу тэмцсээр байгаад бид хамтдаа унасан ч, намаа цэврээр нь авч гарсан. Зүйрлэвэл олны итгэл зүтгэлээр аятайхан онгоц бүтээчихсэн  чинь жолоодлого удирдлагыг маань булаацалдсан хэрэг юм. Монгол Улсын шийдэл ч байж магадгүй тэр онгоцыг буруу зорилготой хүмүүс аваад хөөрчихвөл монголын ард түмэн цаашид юунд итгэх вэ? Итгэл найдвар нь нурна биз дээ. Үүнийг хадгалах нь бидний түүхэн үүрэг гэж бодсон учраас тэмцэж гарсан.Тууштай туулаад  гарсандаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Та анзаарсан бол   тэр маргаж байсан хүмүүс одоо хаана байна. Одоо яагаад маргахгүй  байгаа юм бол.
 
 
-Ашиглая гэсэн хүмүүс байсан юм боловуу ? гэж бодогддог. Тухайн үед ХҮН намын дарга болж байсан А.Ганбаатарыг харахад ХҮН намаар дөрөөлөөд Монгол улсын ерөнхийлөгч болчих санаатай байж. Даргаа гэнэт сольж, ийм бодол санаатай хүмүүсийг намын удирдлагадаа оруулж байсан нь ХҮН намын алдаатай алхам байсан уу?
 
-Одооноос үзэхэд тийм. Нэг жижигхэн нам байгуулаад, жижигхэн зүйл яриад, тэрийгээ наймаалцаад, ганц нэг гишүүн УИХ-д гаргачихаад, засагт орсон болчих бол ХҮН намын эцсийн зорилго огт биш. Монгол Улсад  суурь, зарчмын өөрчлөлт хэрэгтэй байна. Олуулаа нэгдэж байж л үүнийг хийнэ. 3 сая монгол хүний зорилго байх ёстой гэсэн зарчмаар ажиллаж байсан. Тийм байр сууринаас А.Ганбаатар ч бай,  хэн ч бай, нэгдэе гэж байгаа хүмүүсийг бүгдийг нь бид нар уриалгаханаар тосон авч, дарга болгож удирдах зөвлөлийн гишүүн болгосон. Ингэж өргөн хүрээтэйгээр, алсыг харсан. Бид нарын алдаа юу байв, тэгвэл. Шинээр авч буй тэр хүн зарчмаа  барьж байгаа эсэх, тэр хүний зорилго нь юу вэ, биднийхтэй ижил том зорилго мөн үү, биш үү, улс орноо бодож байна уу, үгүй юу, эсвэл  хувийн эрх ашгаа бодов уу? гэдгийг тухайн үед  ялгаагүй нь бидний алдаа болсон. Тийм болохоор бид нарын ярьж байгаа алсыг харсан том зорилго, хүмүүсийн итгэж найдаж байгаа тэр зорилго болон хувь хүмүүсийн жижигхэн сонирхол хоёр зөрчилдсөн юм. Тийм л зүйл үүссэн. Хувь хүний сонирхлоор жижигхэн, нөгөө байдаг л нэг нам байх уу? эсвэл үндсэн зарчмаа бариад богино хугацаандаа унаад ч хамаагүй урт хугацаанд давж гарах уу? гэдгээ бид тодорхойлсон. Бид нар хоёрдахийг нь буюу, урт хугацааны замыг сонгосон. Үүндээ ч одоо баяртай байгаа.
 
-Наймаалцах, арилжих , ёс зүйгүй авирлах үйлдэл нь Монголын улстөрийн хүрээнд хэт хавтгайрчээ. Энэ бол таягдаж хаях ёстой зүйл шүү дээ.
 
-Ёс зүйгүй үйлдэл Монголд хэвийн зүйл болчихсон. Улаан цайм ярьж байна шүү дээ. Улстөр гэж ийм юм байдаг юм. Зүгээрээ, ингээд залилчих, худлаа хэлчих, аргалчих гэж ярьж, хэлж байна. Ил тод. Тодорхой хэмжээнд тийм юм байдаг юм гэж бодоход, аливаад хэмжээ хязгаар бий шүү дээ. Үндэсний эрх ашиг, монголчуудын, бидний ирээдүй болсон үр хүүхдийн, бид бүгдийнх нь эрх ашгийг тэдгээр улс төрчид уландаа гишгэж байна. Бид охорхон ухаан зарж, тухайн үед наймаалцаж, ганц нэг гишүүнтэй болж улс орноо нураахад оролцоогүй. Улс орон гэдэг чинь бид нарын ч юм биш, өмнөх үеэсээ өвлөж аваад дараа хойч үедээ улам  баяжуулж баталгаажуулж үлдээдэг том үүрэг, хариуцлага гэж бид ухамсарладаг.
 
-Монголын улстөрийн намуудыг харахад зүй тогтлоороо хөгжиж буй нь цөөхөн. Голдуу л нэг хүний мэдэлд байх жишиг бий болжээ. УИХ-д нэг удаа суудалтай байж үзсэн Хөрөнгөтний нам гэхэд Б.Жаргалсайханых. Тухайн үед "Эх орон нам" ч УИХ-д суудалтай болж, засаг барилцсан. Эх орон нам бол “Эрэл”- ийн Б. Эрдэнэбатынх. 4 удаа УИХ-д төлөөлөлтэй байсан Иргэний зориг нам бол үнэндээ С.Оюуных л байсан. Ногоон нам О.Бум-Ялагчийнх. МАХН-ч бас өөрцгүй. Тэд бол нэг хүний буюу, хувийн компани шиг хувийн намын шинж чанартай. Намын шийдвэр гэдэг бол тэр хүмүүсийн л шийдвэр болж ирсэн. Энэ бол асуудал дагуулж буй. Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намаас жинхэнэ нам утгаараа оршин тогтнож буй хэдхэн нам байх шиг. Тэдэн дундаас жин багатай ч Б.Цогтгэрэл  даргатай МҮАН-ыг зөв зохисын дагуу явж байгаа нам гэж хардаг. Хамтын шийдвэрээр дарга цэргээ сольдог талаас нь онцолж байна. Янз бүрээр хэлэгдэж байдаг ч гэсэн МАН, АН-ын хувьд даргаа сольдог. Энэ талаасаа хувийн чанар агуулсан дээрхи олон намаас ялгардаг ч бас асуудалгүй биш. Фракц бүлгүүдэд асар их хуваагдсан энэ хоёр намыг сонгомол утгаар нь нам гэж харахад төвөгтэй. ХҮН  намын хувьд ярихад энэ бүхэнд хутгалдаагүй байж болох нам гэж сондгойрч харагдаж байна гэж хэлж болох байх. 
 
-Дахиад хэлье. Улстөрийн нам гэж юу гэхээр хоёрхон зүйл хийх ёстой. Нэг нь хөгжлийн бодлого концепци, нөгөөх нь том үзэл баримтлал байх ёстой. Тэр нь манай улс төрийн намуудад байна уу? Байхгүй. Тухайлбал Ардын нам юу бодож байгааг би мэдэхгүй байна. Тухайн үедээ л шийддэг. Тэр үеийнх нь сайд нь л шийддэг. Ардчилсан нам ч гэсэн яг яах гэж байгаа нь таагдашгүй явж ирсэн. Нийгмийн асуудлыг хэрхэн шийдэхээ одоо болтол тодорхойлоогүй. Тиймээс ч асуудлыг шийдэж ирээгүй. Ардын нам ч адилхан. МАХН  яахыг бас мэдэхгүй. Гэх мэтчилэн бусад нь яахыг бид мэдэхгүй. Ийм намыг хэн хүрээлж, хэн очих вэ? Өөрийнх нь  дагалдагчид, өөрийнх нь ажилчид л очно. Иймэрхүү байдлаас таны хэлсэн хувийн нам үүсч байгаа юм. Хармааны, аялдан дагалдагчид л тэр намаар дүүрнэ. Тэнд дагуулах бодлого гэж байхгүй учир чадалтай боловсон хүчин очихгүй, очсон ч тогтохгүй. Том намуудын хувьд томсгосон болохоос агуулга нь яг ижил.
 
-Том намууд ээлжлээд сүүлийн 28 жил Монгол төрийн эрхийг барьж, жолоог атгалаа. Сүүлдээ фракц, фракцаараа Монгол Улсын салбарыг "хувьчлаад " авчихлаа. 
 
-Том нам чинь олон жижиг фракцын нэгдэл гэсэн үг. Хүннүгийн үед байсан аймгуудын холбоо чинь улс ч биш, юу ч биш байсан. Ийм нам засгийн эрхэнд гарахад юу ч шийдэж чаддаггүй. Тэгэхээр иргэд сонгогчид улс төрийн намаас нөгөө л бодлогыг шаардах хэрэгтэй. Сонгуулийн өмнө улс төрийн намууд засгийн бүтэц, тэнд хэн хэн сайдаар ажиллах, ямар бодлого хэрэгжүүлэхээ ил тод болгох цаг болсон. 2020 оны УИХ-ын сонгуулиар ХҮН нам үүнийг тодорхой болгож, саналаа дэвшүүлнэ. Намын үзэл баримтлал маань тодорхой болсон. Удахгүй товхимол болгоод  оршил дүгнэлттэй нь хэвлүүлнэ. Хоёр үе шаттай нь гаргаж тавина. Үзэл баримтлал тодорхой байна. Хоёрдугаарт, Монгол Улсыг яаж хөгжүүлэхээ салбар салбараар нь тодорхой болгоно. Жишээлбэл, багш нарын цалинг хэрхэн нэмэх тухай тодорхой төлөвлөгөөг боловсруулсан байх ёстой. Ерөнхий сайд, боловсролын сайд, уул уурхайн сайд, гадаад харилцааны сайд, сангийн сайдад хэн хэнийг дэвшүүлж буйгаа 2020 оны сонгуулиар ил зарлана. Нэр дэвшиж буй хүн заавал манай намын гишүүн хүн байх албагүй. Тэр сайдад нэр дэвшиж буй хүн аль намд харьяалагддаг, юу хийх нь тодорхой байх ёстой. Дээрх үзэл баримтлал зарчмыг нь хүлээн зөвшөөрч Монгол Улсын төлөө зүтгэж чадахаар  мэдлэг боловсролтой чадалтай хүн хэн байна, тийм л хүнийг бид олж шигшиж дэвшүүлнэ. Энэ бол улстөрийн намын үндсэн зорилго. Ингэж байж л бид шавраасаа гарна уу гэхээс биш өөрийнхөө хүрээний үнэнч зүтгэлтнийг мэдлэг боловсрол харгалзахгүй томилно гэдэг бол улс орноо сүйтгэж байгаа хэрэг. Монголд ийм л юм болоод байна.Үүнийг зогсоох хэрэгтэй байна.  
 
-Сонгууль дөхөөд ирэхээр улстөрийн гуравдагч хүчний тухайд нэг шүүмжлэл сүүдэр мэт дагадаг. Өөрийн боловсон хүчингүй, эхний хоёр хүнийг нэрлэчихээд цааш явдаггүй гэдэг. Ийм нам улс орныг авч явж чадахгүй гэх юм байна гээд л. Ийм хорыг цацдаг. Таны ярьж байгаа зүйл арай өөр байх шиг байна. ХҮН нам сонгуульд ялалт байгууллаа гэхэд өргөн хүрээний асуудлыг  харж үзэх нь. Кадрын хомсдлын асуудал үүсэхгүй нь гэж ойлгогдлоо. Чадварлаг хүмүүсийг авч сонгож, сонгуулийн өмнө дэвшүүлэх юм байна, тийм үү?
 
-Нэг зүйлийг онцлон хэлэхэд боловсон хүчин байж болно. Гэхдээ тэр хүмүүс  салангад дур зоргоороо, тус тусдаа ажиллах ёсгүй юм. Үзэл баримтлал, концепци ,төлөвлөгөөг маш сайн боловсруулж, тухайлбал Боловсролын сайд болох хүн бол боловсролын салбарыг ингэж хөгжүүлнэ, багш нарын цалин үнэлэмжийг ингэж нэмэх ёстой гэдгээ зөвшөөрч, бид нартай хамтарч үзэл баримтлал, төлөвлөгөөгөө хамтран боловсруулсан тэр хүн  л сайд болох ёстой. Түүнээс биш энэ хүн мундаг хүн байгаа юм гээд шал өөр үзэл бодолтой    хүнийг томилох юм бол дахиад л эв нэгдэл алдагдана. Концепци, зарчим нь нэгтгэнэ. Өнөөдөр Монголын нөхцөлд хүмүүс яагаад нэгдэхгүй, дарга нар яагаад нэгдэхгүй байна гэхээр тэднийг нэг цул болгосон нэгдсэн ойлголт, концепци алга байна. Тиймээс дур дураараа, мэдлэгийнхээ хэмжээгээр, хөнжлийнхөө хэрээр том мөнгө эргэлдүүлэхийг хүсдэг. Энэ бол буруу зүйл юм.
 
-Улс төрийн нам байгуулж улс төрийн сонгуульд оролцоно гэдэг  засгийн эрхийг авах эцсийн зорилго шүү дээ. Хоёр нам( МАН, АН) эрх барьсан олон жил улс орон уруудлаа. Тэд чадахгүй байна гэдгээ энэ он жилүүдэд харууллаа. Иргэд ч харлаа, ханалаа. Тэд улс орны асуудлыг шийдэж чадахгүйг анзаарсан учраас ХҮН нам Монголын Их улс төрд орж ирж байна гэж ойлгож болох уу?
 
-Тийм.Таны хэлж байгаачлан одоогийн намын хийж чадахгүй байгаа, шийдэж чадахгүй байгаа асуудал , мухардсан байдлаас улс орноо гаргахын тулд энэ хоёр намд нь элсэн ороод  намыг нь шинэчлэх асуудлыг бид хөндөөгүй. Шинэ хүн ороод ч шинэчлэгдэхээ нэгэнт өнгөрсөн байна, энэ хоёр нам. Бид асуудалд  цоо шинээр  хандана. Иргэд, олон нийт ч үүнийг хүсэж байна. Энэ л нийгмийн захиалга. Түүнээс биш яг одоогийн намыг шинэчлэх нь бидний зорилго биш. Хэцүү гэж бэрхшээхгүй. Гол нь асуудалдаа зөв хандах, хөгжил гэдгийг зөв харах хэрэгтэй байна. Хөгжил гэдгийг дарга нараас асууя л даа. Тэдний хариулт зам барихыг, хурдны зам, хурдан галт тэрэг гэж хэлдэг. Эсвэл байшин барих ч юмуу. Энэ бол 1990-ээд оны  гэнэн байх үеийн  Япон, Америкийн шилэн байшингуудыг хараад хөгжил гэж бодсон , төрсөн сэтгэгдэл, хоцрогдсон мэдлэг юм. Хөгжил гэж юу юм бэ? гэхээр ХҮН юм. Хандлагаа эрс өөрчлөх хэрэгтэй. Хүн нь өөрөө ажилтай байж орлоготой, амьдрал нь гайгүй болж байж сэтгэл ханамжтай  байх болохоос зам гүүр барьж өргөтгөөд сайхан машин унаад явах чинь хөгжил биш. Зарчмын хандлагын асар том ялгаа бидэнд байна. Анзаарахад, манай дарга нарын ярих төслийн хэмжээ дандаа томордог. Шав тавиагүй газар, яриагүй төсөл гэж алга.  Хандлага нь буруу болохоор бид нарыг, улс орныг улам л өрөнд унагаад байна. Түүнээс ч хүнд асуудал тосож байна. Энэ бол тусгаар тогтнол алдагдахад ойртсон. Том зээл, бүтэхгүй төсөл, бүтэхгүй амлалт нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. Төлж дийлэхгүй өрнөөс болж улс орон санхүү, эдийн засгийн дарамтанд орох нь. Түүнээс үүдэж Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд хортойгоор нөлөөлөх нь. Хамгийн том аюул нь энэ. Бусад улс орноос эдийн засгийн хараат байдалд орно гэдэг чинь тусгаар тогтнол, бие даасан байдлаа алдахтай ижил.
 
 
-Нөхөн сонгуулийн давалгаагаар ХҮН  нам иргэж ирснээ зарлалаа гэж дүгнэж байна. Хэвлэлд бичсэнээр, эрх баригч МАН-ын захиалгаар нөхөн сонгууль эхний удаад хойшиллоо. Алсдаа болохгүй гэдэг нь тодорхой боллоо. Энэ нь ХҮН нам болон бусад намуудыг нөхөн сонгуульд оролцох эрхийг хаасан үйлдэл боллоо. Цаад утгаараа ард нийтийн санал аль нам дээр очиж байна гэдгийг тандуулахгүй нь гэсэн улстөр судлаачдын таамаг байна.
 
-Нөхөн сонгуулийн эргэн тойрон дахь асуудал бол монголын улстөр ямар түвшинд бохирдсон, жижигхэн сонирхолоороо том зүйлийг үл хэрэгсэж чаддаг болсны тод томруун жишээ. Нөхөн сонгууль болдгоороо болж, Хэнтий аймгийн сонгогчид төлөөллөө төрд бий болгож, үндсэн хууль бусад хуулийн дагуу явагдах л ёстой. Гэтэл улстөрийн нэг намын нэг бүлэглэлийн жижигхэн сонирхол юунд хүргэж байгааг бид бодитойгоор харж байна. Сонгогчдын сонгох эрхийг ч давхар зөрчлөө. Хамгийн том зүйл нь Монгол Улсад өнөөдөр үндсэн хуулинд заасан төрийн механизм ажиллахгүй байгааг бид харж байна л даа. Нэг намын улс төрийн өчүүхэн сонирхол, захиалгаар төрийн аппаратыг гацааж чадна гэдэг бол дампуурал. Нэг жишээг дурдая. Эрх баригчид 2016 оны сонгуулийн хуулийг сонгууль  болохоос яг нэг сарын өмнө өөрчилсөн. Ингэж дураараа авирлаж болох уу? Эрүүл саруул нийгэмд бол ийм бурангуй, дарангуй үйлдэлийг хэн ч өөгшүүлэхгүй. Гэтэл манайд энэ бүхэнтэйгээ эвлэрч, дасан зохицсон. Бүр хэвшил болж байна. Энэ байдал гүнзгийрвэл Монголын улстөрд шударга бүхэн устах аюултай.
Шүүх тогтолцоо, шударга ёсыг хангах эрх зүйт төрийг бий болгох хуулийн засаглалыг бий болгох чиглэлээр цаг алдалгүй ажиллах хэрэгтэй байна. Үндсэн хууль, тогтолцоог болохгүй байна гэж ерөнхий шүүмжилж байна. Нарийвчилж үзэх юм бол хууль нь ч , зохицуулалт нь ч бий. Гагцхүү хуулийг хэрэгжүүлж буй эрх мэдэлтэн дарга, улстөрийн намууд л гажуудлыг үүсгэж, өөрсдөө дураараа хууль зөрчиж байна. Тэгэхээр хуулийг шинэчилсэн ч, өнөөгийн увайгүй зан төлөв, хандлагаа өөрчилж чадахгүй юм бол юу ч шинэчлэгдэхгүй. Хуулийг өөрчилнө гээд, хүн хүч, хөрөнгө хаяад байдаг. Дэмий баахан цаг, хүч, хөрөнгө зарчих вий дээ гэх болгоомжлол төрж байна.
 
-Эрх барьж байгаа нам бүх шийдвэрийг өөртөө зориулсан хэлбэрээр гаргаж чадаж байна, ажиглаад байхад.
 
-Үүний шалтгаан нь намын толгойд үзэл баримтлал, бодлого байхгүйд оршино. Эрэмбэлсэн эрх ашиг гэж алга. Үүнийгээ тодорхойлоогүй цагт намын дарга хэн болно, аль фракц хүч түрнэ, тэр фракци, тэр дарга нарын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гарна. Тэгэхээр улс орны эрх ашиг хохирох нь жам. Алсын хараа, улсын хөгжил орхигдож, фракцийн болон хувь хүний эрх ашгийг онцгойлж байна.
 
-Одоогоос 28 жилийн өмнө ард иргэд Сүхбаатарын талбай дээр "Монгол Улс баян байна, ард иргэд ядуу байна" гэсэн уриа лоозон барьж жагссан. Улс баян бол иргэд ч бас баян болох ёстой гэсэн уриалга гаргаж байсан . Тухайн үед Ардчилсан холбоо эвсэл жагсаалыг удирдаж байсан. Энэ жагсаалыг толгойлж байсан Ц.Элбэгдорж АН-ын даргаар 2 удаа, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдож, Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа томилогдсон. Элбэгдоржоос өөр хүнд ийм найдвар өвөрлүүлээгүй. Тэр бол АН-ын том төлөөлөгч. Одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаяр ч мөн адил УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд гурван том албан тушаалыг дамжсан. МАХН-ын дарга. МАН- ын хувьд өнгөрсөн сонгуулиар ард түмэн итгэж найдан 65 суудал өгчээ. Үүнээс үзэхэд үндсэндээ хоёр нам ээлжлэн эрх барьсаар өнөө цагтай золгосон. Өнөөдөр ард иргэд ядруухан амьдарч байна. Гэтэл нөгөө баян орон маань өр зээлэндээ " идэгдчихсэн " байдаг. Нөгөө улс нь ч баян,  иргэн ч баян гэж байсан бол иргэд нь ч ядуу, улс орон нь ч өрөнд тушигдсан байна. Эдийн засгийн тусгаар тогтнолоор дамжаад улс орны  тусгаар тогтнол алдагдах аюул ирчихсэн байна.
 
-Би тэр үед хүүхэд байсан. Гэхдээ  бүх л мэдээллийг уншдаг,  сайн ойлгодог байсан. 1990 он бол гэгээлэг хэрнээ гэнэн үе байсан. Улс орны хөгжил, зах зээл гэдгийг огт мэдэхгүй,  тийм үе.Улс орноо хэрхэн хөгжүүлэх, яаж авч явах талаар мэддэг нь ховор байжээ. Учир нь , Монгол улс ЗХУ-ын шууд нөлөөн дор, зөвлөлтийн технологиор хийчихсэн улс байсан. Түүнийг нь Монголчууд хүлээж авсан ч, цааш нь яаж хөгжүүлэх, яаж авч явахаа мэдэхгүй байсан цаг. Улс орны хувьд түүхэн он цаг гэж бий. 1911 онд Богд хаан тэргүүтэй Монголын ноёдын эхлүүлсэн эрх чөлөөний тэмцэл, 1921 оны Ардын хувьсгал, 1990 оны Арчилсан хувьсгал бол бүгд тусгаар тогтолын төлөө тэмцэл. Өнөө цагт Монгол улсад амьдарч буй Монголчууд бидэнд нэг л үүрэг бий. Монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах. Ийм л үүргийг бид хойч үеийнхээ өмнө хүлээсэн. Тусгаар тогтнолоо цаасан дээр бүртгэж үлдээх биш, хөгжсөн улсыг, хүчтэй, чадалтай иргэнтэй нь хүлээлгэн өгөх учиртай. Энэ үүргээ төр нь ч, иргэд ч дутуу ухамсарлаж байгаа нь асуудал дагуулж байна. Гэхдээ мэдэхгүй байсан, чадахгүй байсан 1990 оны эхэн үеийг би хувьдаа буруутгаж чадахгүй. Улсын маань Ерөнхийлөгч гэхэд л тэнэмэл, залилан хийж явсан гадаадын нэгэн этгээдийн гутлыг нь үдэж өгч байсан цаг шүү дээ. Бүхий л үйлдлүүд нь маш гэнэн байсан. Зах зээлд л орчих юм бол зах зээлийн үе шатаар аяндаа хөгжчихнэ гэсэн гэнэн төсөөлөл давамгайлж ирсэн байдаг. Гэтэл өнөө цагийн Монголын төрийн мэдлийг авсан, засгийг атгаж буй хүмүүс ч дээрхи хүмүүсийн л үргэлжлэл. Энэ л хүмүүс өнгөрсөн 28 жилийн турш тэр л хуучирсан арга барилаараа, тэр мэдлэгийнхээ түвшнөөр улс орноор тоглолоо. Ийм мэдлэг чадвартай хүмүүсээр улс орноо удирдуулчихаад өнөөдөр буруутгах нь нэг талаас утгагүй. Тиймээс өөр шийдлийг олох цаг болсон байна. Улс орны хөгжил, ард иргэдийнхээ ирээдүйгээр тоглож буй тэр хүмүүсийг жолоодлогын тавцангаас буулгаж байж монгол орны хувь заяаг аврана гэдэг итгэл үнэмшил батажсан. Дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлье. Бодлогоо шинээр тодорхойльё. Америк, Япон, Оросыг дуурайн хуулбарлах нь хөгжил биш гэдгийг үзлээ. Гэхдээ хоосон шүүмжлээд суух биш, өөрсдөө гар бие оролцон улс орноо засах хэрэгтэй. Бидэнд маш бага цаг хугацаа үлдсэн байна. Мэдээллийн эрин зуун биднийг хүлээхгүй. Дээр нь манай улсын хоёр хөршийн бодлого ч өөрчлөгдөж, хөгжлөөрөө биднээс хол тасарлаа. Гэтэл Монгол улс 1990 оны түвшиндөө л хоцорлоо. Үүнийг хэн хүсэж байна. Бид хүсэхгүй учраас, хүлээж сууж чадахгүй боллоо.
 
-Өнөөгийн асуудал нэг намын асуудал биш гэдэг ойлгомжтой болсон. Нам дамнасан улстөр- эдийн засгийн бүлэглэл улс орныг залгиж байна. Тэд эрх мэдлээ бүх салбарт тогтоосон.Бүр хэвлэл мэдээлэл, шүүх засаглалыг ч гартаа оруулсан. Хэмжээлшгүй эрх дархтай болсны тод илрэл нь Эрдэнэт Үйлдвэрийн 49 %-ийг хувьдаа авцгаасан үйлдэл. Хэнд ч дийлдэшгүй маш том, хүчирхэг бүлэглэл болсны илэрхийлэл гэж харж байна.
 
-Монголын улс төр, бизнесийн бүлэг хутгалдаж бантан болсон. Бизнесменүүд нь улстөрч болохоор улс төр лүү тэмүүлдэг буруу зуршил тогтсон. Улс төр, эдийн засгийн бүлэглэл өөрийн намтай, өөрийн бүлэглэлийн хэвлэлтэй (телевиз, сонин) болсон нь нууц зүйл биш болсон. Улсынхаа жижигхэн төсвийг бонд босгох замаар цөлмөх ийм хандлага руу тэд орсон. Эрдэнэт үйлдвэрийн тухайд Ерөнхий сайд, засаг нь хуулиа зөрчсөн үйлдэл. Булхайг нь илрүүлнэ, төрд буцаан авна гэж дуугарч байсан Ц.Нямдорж сайд, УИХ-ын гишүүн Батзандан нар хаачив? У.Хүрэлсэх энэ тухай ярьж байж ерөнхий сайд болсон санагдах юм. Тэгэж байтал 51%-ийн асуудал ч сөхөгдсөн. Хоёр жил өнгөрлөө. Шийдэл, үр дүн нь юу болсон гэдгийг Монголын нийгэм ажиглаж, дүгнэлтээ хийж, дүнгээ тавьж байгаа.
 
-Итгэл найдвар гэж бий. Ард түмэн сүүлийн 28 жил найдаж энэ хоёр л намыг сонгосон. АН-д итгэл найдвар алдвал МАН-д, МАН итгэл алдарвал АН-ыг  сонгож ирлээ. Одоо юунд найдах вэ?
 
-Найдах зүйл бий. Монгол үндэстэн бол 2000 жилийн төрт ёсны түүхтэй.  Өнгөрсөн зууны эхээр л гэхэд Чингисийн Монгол мөхнө гэж Английн хэвлэлд бичиж байсан. Дэлхий нийтээр тэр нийтлэлийг хүлэээн зөвшөөрч байсан. Тэгсэн хэдий ч, өвчинд баригдаж, ядууралд идэгдэж, гаднын колончлолд дарлагдсан Монгол үндэстэн мөхөж, устах аюулаас золоор мултарсан. Хувь заяа нь түшсэн аз хийморьтой ард түмэн. Өнөөдөр бид ядуу ч, тэр үеэс ялгаа байна, бас. Эрүүл саруул 3,2 сая хүн ам байна. Дэлхий даяар суурьшсан мянга мянган монголчууд хилийн чанадад амьдарч байна. Өнгөрсөнийг өгүүлэх их хөлгөн түүх, ирээдүй рүү тэмүүлэх хүсэл эрмэлзлэл байна. Ийм байхад яагаад бид итгэл найдвараа алдана гэж. Өнөөдрийн асуудал, хэдэн дарга нарын авилгалыг том утгаар нь харах юм бол цаг зуурын жижигхэн үзэгдэл. Энэ ялзралыг даван туулна. Ийм эрч хүч, зориг, тэмүүлэл Монголын ард түмэнд бий. Тиймээс миний хувьд санаа зовохгүй байгаа. Яг энэ зөв зүйлийг эхлүүлэхээр тэмүүлж, чин хүслээр ажиллаж байгаа  нь Хөдөлмөрийн үндэсний нам юм. Бид нарт ямар нэгэн жижиг эрх  ашиг байхгүй. Бид улс орны төлөөх том зорилгоо улстөрийн жижиг наймаагаар арилжихгүй. Ард олны итгэл. Энэ л хамгийн чухал зүйл. Ард олныг төдийгүй, улс төрийн намууд дотор буй байгаа эрүүл саруул гишүүдийг нь ч сэрээнэ. Тэднийг шинэ хандлагад оруулах нь бидний зорилго. Тэрнээс хэн эрх барих, хэн сайд дарга болох зэрэг дараа дараачийн асуудал. Товчхондоо Монгол улс, монгол үндэстэн мөхөх итгэл найдвараа алдах болоогүй . Монгол дахин сэргэн мандана.
 
-Монголоо гэсэн, монголын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй зөв хандлагатай ийм хүмүүс монголын төрийн өндөрлөгт гарч ирвэл Монгол Улс маш хурдан мандан бадарна гэдэгтэй санал нэгдэнэ
 
- Монгол Улс МАН, АН гэсэн хоёр намаар, энэ хоёр намын удирдлагын бүтцэд ойр байдаг цөөн боловсон хүчин, тэднээс сонгогдсон 76 гишүүнээр дутаагүй. Тэднээс зоригтой салах салья. Тэгэхээр сонголтоо шинэчилье. УИХ-д урьд өмнө сонгогдож байгаагүй гишүүдийг л сонгоод нэг үзье л дээ. Ингэж чадвал нам биш, Монгол улс, монголын ард иргэд л хожно.
 
-Би  Германы  нэг мэргэжилтэнтэй санал солилцоод, - ардчилал гэж юу юм бэ? гэж асуулаа.  Тэрээр хариулахдаа ардчилал гэдэг бол засгийн эрхийг ээлжилж барих гэж хэлсэн юм. Тэгэхээр хоёр намд эрх мэдэл өгөөд бүтэлгүй болсон. Тэгэхээр сонголтоо өөрчилж болно. Чадах хүнд нь саналаа өгч энэ асуудлыг шийдвэрлэж бас болох. 
 
-Сонгууль бүрээр эрх баригч нам солигдож, Монголын төрийн эрхийг олон нам ээлжилж барьж байсан юм шиг дүр төрх харагдаж магад. Энэ бол өнгөц дүгнэлт. Нэгтгээд том зургаар нь харвал үгүй юм. Нэг л хүн. Нэр нь л өөр өөр. Яг л А гэдэг хүнийг Б гэдэг хүнээр сольсонтой ижил. Тэр хоёр хүний мэдлэг чадвар, баримтлах зарчимд ялгаа байгаагүй. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар ялгаа байхгүй гэдэг теоромтой ижил. Гэхдээ та бид Монголын нийгмийг сууриар өөрчлөх , эрс өөр хүмүүсийг сонгож улс орныг удирдуулах тухай ярилцлаа. Бидний үзэл баримтлал өөр, үе нь ч өөр, үзэж харсан нь ч өөр. Суурь нь ялгаатай. Хүмүүсийг ялгахад үнэхээр хэцүү байвал, цоо шинэ гэсэн зарчмаар 2020 онд сонголтоо хийчих. УИХ-д гишүүнээр урьд өмнө огт сонгогдож байгаагүй хүнийг энэ удаа сонгоно гээд зарчмаа барьчих. Тэгээд нөгөөдүүлийн сурталчилгаа, тараах мөнгө төгрөгөнд авталгүй сонголтоо хийчих гэж зөвлөх байна. Сонголт хийх хялбар зөвлөгөө. Ингээд үр хүүхдийнхээ хувь заяаг хамтдаа даатгая. Энэ бол жинхэнэ шинэ сонголт болох болно. Энэ сонголтын эзэн нь ард иргэд, ялагч нь ард иргэд байна. Аль нэг нам биш,  аль нэг хувь хүн биш ард түмэн. Ийм л байх ёстой .
 
-Та бидний ярилцлага өндөрлөж байна. Комментатор нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч ярилцлага өрнүүлсэнд талархлаа. Монгол Улс маань мандан бадраг!
 
-Бидэнд ухрах орон зай, хүлээх цаг хугацаа гэж байхгүй. Монгол орон, монголын ард түмэн биднийг харж байна. 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ахмад настан:Зөв, сайн байна аа, хүүхдүүдээ. Тууштай ажиллаарай. 2018-10-04
Амжилт хүсье! Залуусаа:Бороо ороогүй байхад шуудуугаа сайн татаарай! 2018-10-08
БААТАР:ЯАСАН УРТ ЯРИЛЦЛАГА ВЭ ? 2018-10-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?