Ж.ЭРДЭНЭЧИМЭГ: ЁС СУРТАХУУН, ЁС ЗҮЙГЭЭ ГЭЭСЭН АРД ТҮМЭН МӨХЛИЙН ИРМЭГТ ОЧДОГ

2018-10-11  

Комментатор нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ц.Энхбат Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Эрдэнэчимэгтэй хөөрөлдсөнийг буулган уншигч танаа хүргэе.

-Монголын Эмэгтэйчүүд энэ өдрүүдэд чуулж байна. "Ёс зүй, ёс суртахуун" гэдэг сэдвийг Монголын эмэгтэйчүүд чуулганаараа хэлэлцэх болсон байна. Яагаад " хөгжил дэвшил биш", " ёс зүй, ёс суртахуун" сэдвийг сонгов гэдэг нь анхаарал татлаа.

-Монголын эмэгтэйчүүдийн байгууллага чуулганаа угтаж түүвэр судалгааг 7000 орчим иргэдийн дунд явуулсан. Энэ судалгааны дүнд " Ёс зүй, ёс суртахуун "-ы доройтолд нийгэм автжээ гэсэн дүгнэлт гарсан нь биднийг түгшээсэн. "Ёс зүй, ёс суртахуун" бол хүний нийгмийн дээд хэмжүүр. Энэ нурж унаж байна. Тиймээс эмэгтэйчүүдийн хувьд төдийгүй, монголын нийгмийн хамгийн тулгамдсан асуудал бол " Ёс зүй, ёс суртахуун" болжээ гэдгийг тодорхойлсон. Энэ асуудлыг өргөнөөр хэлэлцэхээр Монголын өнцөг булан бүрийг төлөөлж 3000 эмэгтэйчүүд хүрэлцэн ирж, чуулж байна. 

-Чуулганаас бүтэц зохион байгуулалтын асуудал хэлэлцэнэ. Оролцож буй 3000 төлөөлөгчийн дөнгөж 160 нь Монголын эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч, дээд удирдлагыг сонгоход санал өгнө. Бусад нь оролцохгүй. Үүнийг зохион байгуулалттайгаар эсэргүүцэх нэг хэсэг ил болсон байна.

-Хоёр чуулган зэрэгцэж буй тул тодотгож өгөх нь зөв, уншигчдадаа. Эхнийх нь Монголын эмэгтэйчүүдийн нэгдсэн чуулган. Энэ чуулганыг Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо анх 2006 онд санаачилж анхны Нэгдсэн чуулганаа хийсэн. Түүнээс хойш 5 дахь удаагийнхаа чуулганыг хийж байна. Энэ Нэгдсэн чуулганд МЭХ-ны гишүүнээс гадна, гишүүн бус эмэгтэйчүүд ч оролцдогоороо онцлогтой, нээлттэй. Тулгамдсан асуудлаа хэлэлцдэг. Шийдвэрлэх арга замаа тодорхойлдог. 

Нэгдсэн чуулганыг угтаж өнгөрсөн зуны хоёр сарын турш 10 багц 56 зүйл санал асуулгыг улс орон даяар явуулсан. МЭХ-ны 58 гишүүн байгууллага оролцож , санал асуулгад 6777 иргэн хамрагдсан. Судалгаанд хамрагдагсдын 90 хувь нь монголын нийгмийн ёс зүй, ёс суртахууныг дунд ба муу гэж дүгнэсэн . Энэ л тулгамдсан асуудлыг Нэгдсэн чуулган хэлэлцэнэ. Өмнө нь ингэж 4 удаа Монголын эмэгтэйчүүд нэгдэж чуулсан. Нэгэнт 3000 төлөөлөгч улс орны өнцөг булан бүрээс ирж оролцож буй учир залгуулаад МЭХ-ны чуулганаа энэ жил хийж буй. Нэгдсэн чуулган, МЭХ-ны Чуулган цуваад үргэлжилж буй учир хоёр чуулганыг, хоёр чуулганы төлөөлөгчийг нь өөр хооронд нь санаатайгаар хольж хутгах оролдлого ажиглагдаж байна. Нэг нь Монголын эмэгтэйчүүдийн Нэгдсэн чуулган,хоёрдахь нь Монголын эмэгтэйчүүдийн ууган байгууллага болох МЭХ-ны чуулган.

-Тийм байна. Мэдээж Чуулган болж буй учир өрсөлдөгч талууд гарч ирнэ. МЭХ-ны чуулганд нөлөөлөх, өөрийн нэр дэвшигчийг гаргах үүднээс сөрөг сурталчилгаа эхэлжээ дээ, янз нь.

-Монголын эмэгтэйчүүдийн Холбоо өөрийн гишүүнчлэлтэй байгууллага. МЭХ-ны эрх барих дээд байгууллага нь Чуулган гэж дүрмэндээ заасан. Чуулганыг таван жил тутамд хийдэг. Холбооны дээд удирдлагыг сонгох, сонгогдох өөрийн дүрэмтэй. ТББ-ын дүрмээр гишүүн байгууллагын төлөөлөл болсон төлөөлөгчид МЭХ-ны ерөнхийлөгчийг МЭХ-ны чуулганаас сонгоно. МЭХ-ны 12 дахь Чуулган 2018 оны 10 -р сарын 12-ны өдөр болно. Монголын эмэгтэйчүүдийг төлөөлж тэрхүү мандат бүхий 160 төлөөлөгч л санал өгөх эрхийг эдэлнэ. Монголын 3 сая иргэнийг 76 гишүүн, нийслэлийн 1 сая гаруй иргэнийг ИТХ-ын 40 гишүүн л төлөөлдөгтэй ижил. Мандат авсан төлөөлөгчид л төлөөлнө.

-Дээд,доод танхим гэдэг шиг зохион байгуулалттай юм байна гэж ойлгогдлоо. Эргээд тулгамдсан асуудал руу орьё. "Ёс зүй, ёс суртахууны доройтол" бол Монголын эмэгтэйчүүдэд төдийгүй, Монголын нийгмийн тулгамдсан асуудал болсон байна гэж Та түрүүхэн хэлсэн.

-Ёс суртахуунаа алдаж, ёс зүйгээ уландаа гишгэсэн ард түмнийг мөхөж буй ард түмэн гэж мэргэд тодорхойлсон байдаг. Тэгэхээр ёс суртахууны төлөвшил бол хамаг юмны үндэс суурь байдаг байх нь.   Ёс суртахууны төлөвшлийг орхигдуулснаар улс төр, эдийн засгийн улбаа бүхий аливаа асуудлын гогцоо, ээдрээг тайлж чадахгүй. Улс орны хямралын суурь шалтгаан нь Ёс суртахууны доройтол   өөрөө. Улс үндэстэн мөхөх, сэхэх асуудлыг хэлэлцэнэ.

Эх хүн их зөн совинтой. Үнэндээ ч, оюунт хүн төрөлхтөний эрт дээр үеэс бий болгосон амьдралын хэм хэмжээ бол ёс суртахуун. Түүний дотор нэр төр, нинжин сэтгэл, үнэнч шударга байдал гэх мэт гол хэмжүүрүүд ч багтдаг. Үүнийг л эхчүүд, эмэгтэйчүүд нэхэж байна. 

-Ёс суртахуун, ёс зүй бол хүний, хүн төрөлхтөний дээд хэмжүүр. Үүнийг хүнээс өөр хэнээс нэхэх билээ. Үүнийгээ хүн төрөлхтөн гээж гэмээнэ, амьтан, араатнаас өөрцгүй болно.

-Ёс суртахуун нь хүний оюун санаанд ч биш генд суусан байдаг гэж зарим эрдэмтэд үздэг. Эхчүүд ирээдүй, үр хойчийнхээ төлөвшилд санаа түгшиж буй нь судалгаагаар ил болсон. Ёс суртахууны доройтлоос болоод улс орны тусгаар тогтнол ч суларч, ганхах талаар санаа зовсон.

-Яруу найрагч Ш.Сүрэнжавын хэлснээр, - "Жолоочоос жолоодогчийг хүртэл" эмэгтэйчүүд хийж байна даа. Ийм л эмэгтэйчүүдийг Монголын эмэгтэйчүүдийн Холбоо нэгтгэдэг. Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо бол Монголын хамгийн анхны олон нийтийн байгууллагын нэг. Арвин ч түүхтэй.

Монголын том сэхээтнүүд МЭХ-г тэргүүлдэг байсан. С.Удвал, Пагмадулам, Мөнхөө, Гэрэлсүрэн гээд яах аргагүй шалгарсан удирдагчид байжээ, эргээд харахад. Та Гэрэлсүрэн даргыг залгамжилсан.

-Манай байгууллага "бүсгүйчүүдийн тасаг" нэртэйгээр анх үүсэн байгуулагдсан байдаг. Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадулам энэ тасгийг удирдаж байсан түүхтэй. Түүгээрээ ч Монголын Эмэгтэйчүүдийн Байгууллагын анхны дарга гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Ардын хувьсгалын их удирдагч Сүхбаатарын гэргий Янжмаа гуай хоёр дахь дарга нь. Ийм алдартай, мэдлэг, чадвартай эмэгтэйчүүд суурийг нь тавьсан. Миний хувьд МЭХ-ны үе үеийн удирдагчдаас Д.Мөнхөө, Г.Дашаа, Гэрэлсүрэн даргатай хамт ажиллах хувь тохиосон. Түшиг, тулгууртай ийм хүмүүсээс ажлын, амьдралын их мэдлэг, туршлагыг өвлөсөн. Энэ сайхан хүмүүсийн бүтээсэн үйлсийг үргэлжлүүлж, өндөрт өргөж яваагаа тэдний л ач тус гэж санадаг. Эмэгтэйчүүдийн байгууллагынхаа түүхийг бүтэн үлдээх зорилгоор "Удмаа дээдлье” ТББ-ын санаачилгаар үе үеийн удирдагчдын намтар түүхийг өгүүлсэн ном хэвлүүлсэн. Тэр номоороо бусад удирдагчтай нь ойртсон.

-Хувь хүн гэдэг тухайн цаг үе, түүхийн залгаас болдог гэдэг. Тайлах түлхүүр код ч гэж зүйрлэж болох.

-Хувь хүмүүсийн амьдралыг дэлгэснээр, тэр толинд нь байгууллагын түүхэн хөгжлөө давхар тольдсон. Хувь хүний намтар гэдэг бол тэр чигээрээ түүх юм гэдэг үг их үнэн юм.

-Төрийн бус байгууллага удирдаж авч явах амаргүй. Ялангуяа нийгэмд үйлчлэх зорилготой бол. Гэтэл МЭХ-г Та хүнд цаг үеэс нь өдий хүртэл өргөж явж ирлээ.

-Төсвөөс санхүүждэг явдал зогссоноос болж олон нийтийн байгууллагууд уналтанд орсон. Санхүүгийн тогтвортой байдал алдагдсан нь ноцтой байдлыг үүсгэсэн. Зах зээлийн шуурганд нэрвэгдсэн. Хэлбэрээ өөрчилж, нэрээ солих тухай ч асуудал тулгарч байсан. Гэхдээ 94 жилийн түүхтэй энэ байгууллагын нэрийг солилгүй, дүрсийг нь хувиргалгүй, гал голомтыг унтраалгүй авч явахыг эрхэмлэлээ. 1990 онд ТББ-ын хуулийн дагуу дүрмэндээ өөрчлөлт оруулж, үүссэн шинэ нөхцөлд Монголын Эмэгтэйчүүдийн Холбооныхоо уламжлалыг хадгалж, шинээр хөгжүүлнэ гэж дүрмэндээ тусгаж, их зориг шулуудсан. Түүндээ хүрч чадсандаа сэтгэл өндөр байна.

-Монголын эмэгтэйчүүд тууштай. Холбиромтгой зан чанаргүй. Нэг итгэвэл гүйцэд итгэнэ. Танд хувь заяагаа даатгасан шахуу юм уу даа. Сүүлийн 18 жил та МЭХ-г удирдлаа. Ингэхэд анх яаж яваад Та эмэгтэйчүүдийн байгууллагатай хувь заяагаа холбочихов?

-2000 оноос хойш сүүлийн 18 жил МЭХ-ны залуурыг атгаж, хөгжлийг тодорхойлоход гар бие оролцлоо. Намтрын нэг бяцхан ухралт хийе. Ерөнхийлөгчөөр сонгогдохоос 10 жилийн өмнөөс буюу 1990 онд МЭХ-нд орж ирсэн. 1990 онд Москвагийн Нийгмийн ухааны институт буюу Намын дээд сургуулийг төгслөө. Дипломын сэдвээ олон нийтийн байгууллагын удирдлагын зарчимаар хамгаалав. Яг намайг төгсөж ирэхтэй давхцаад УБ хотын эмэгтэйчүүдийн зөвлөл шинээр байгуулагдав. Тус байгууллагын даргад 5 хүн нэр дэвшин өрсөлдсөн. Тухайн үеийн МЭХ-ны Мөнхөө дарга намайг дуудаж тэр сонгуульд оролцох саналыг дэвшүүлснийг хүлээн авч, өрсөлдөн, улмаар УБ хотын эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар сонгогдсон. Миний үндсэн мэргэжил бол газар зүйн багш. Залуу ч, эрч хүчтэй ч байж. Зах зээлийн шинэ нийгэм, шинэ тогтолцоо эхэлж байсан тэр үед цоо шинэ ТББ-ыг толгойлох, удирдлага менежмэнтийг хэрэгжүүлэх хүндхэн үүрэг ингэж надад оногдсон юм. Нэг талаас маш том сорил байсан. 1990 оны хувьсгал бол төрийн болон төрийн бус байгууллагыг жинхэнэ утгаар нь ялгаж өгсөн л дөө. Тэгэж байтал, төр бол эмэгтэйчүүдийн механизтай байж болно гээд 1992 онд Хүн амын яамны хөдөлмөрийн бодлогын газарт "эмэгтэйчүүдийн тасаг" гэж байгуулагдаж, намайг хотын зөвлөлийн даргаас чөлөөлж даргаар нь томилсон.

-Төрийн бус байгууллагаас төрийн албан хаагч болжээ дээ? Сонирхолтой нь МЭХ Ардын Засгийн үед анх бий болохдоо " Бүсгүйчүүдийн тасаг" нэртэйгээр бий болсон тухай та дурдсан даа.Тэгтэл 1992 онд "эмэгтэйчүүдийн тасаг" бий болжээ.

-Маш сонин давхцал. Тэндээ 2 жил ажилласан. 1993 оны, МЭХ-ны ээлжит Их хурлаар Гэрэлсүрэн дарга сонгогдсон. Тус Их Хурлаар холбооны дүрэмд өөрчлөлт орсон. Дэд ерөнхийлөгчид Ренцэн-Амгалан бид хоёрын нэрийг заалнаас дэвшүүлсэн. Тэгэхэд Гэрэлсүрэн дарга, -Хоёулаа хамтарч ажиллавал чи юу гэж бодож байна гэсэн санал тавьсан. Ингээд би Яамныхаа газрын даргаас зөвшөөрөл авч, холбооны дэд ерөнхийлөгчид өрсөлдөн сонгогдоод 2000 он хүртэл Гэрэлсүрэн даргатай хамтран зүтгэсэн. Гэрэлсүрэн даргыг УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш би МЭХ-ны ерөнхийлөгчээр үлдсэн. 2003, 2008, 2013 он тус бүрд нь 4 удаа ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа хүн л дээ.

-Та бол эмэгтэйчүүдийн холбоог харьцангуй тогтвортой чадвартай ажиллаж ирсэн гэж хэллээ. Онцлог нь юундаа байна вэ? Өнөөдөр МЭХ ямар амжилт, ололтонд хүрэв?

-Бидний хүрсэн амжилт ололт бол яах аргагүй манай холбооны идэвхтэн дэмжигч, эхчүүд , эмэгтэйчүүдийн оролцоо, дэмжлэг юм л даа. Сүүлийн 28 жил МЭХ төрөөс нэг ч төгрөгийн санхүүжилт авалгүй ирсэн. Олон улсын байгууллагаас 2000-аад оноос 2010 он хүртэл олон төсөл хөтөлбөр авч хэрэгжүүлдэг байсан нь дэм тус болж байсан. Хүнд үеийг бид туулсан.

"Мөнгө бол чухал биш. Их, бага байх нь ч ялгаагүй. Хэн зарцуулж байна вэ, юунд, яаж зарцуулж байна вэ гэдэг бол хамгийн чухал". Ингэж, НҮБ-ын "Жэндэрийн мэдрэмжтэй төсөв" гэдэг төсөл дээр ажиллаж байхад гадны эмэгтэй багш бидэнд сургасан. Үүнийг би мартдаггүй. Бидэнд үрж, цацах их мөнгө хэзээ ч байгаагүй, олсон, олдсон хэдийгээ аригласан, зөв зүйтэй зарцуулсан, гамнасан. Алсын хараа, зорилго тээж амьдарч, ажилласан. Өнөөдөр манай байгууллага өөрийн гэсэн орчин үеийн тохилог оффистой. Тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, 600-700 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, хэнээс ч үл хамаарах тогтвортой үйл ажиллагаа бүхий байгууллага болон өсөн дэвжсэн. Том, баян компанид бол миний хэлж буй тоо бол инээдтэй байж магад. Гэхдээ иргэний нийгмийн хувьд өөр тоо сонсогдох байх.

-Та энэ хугацаанд Хувийн компани үүсгэсэн бол нэлээн подхийсэн хөрөнгө чинээтэй болсон байх байсан юм биш үү. 

-Хувийн компани удирдсан бол гэдэг утгаар нь Та хэлэх шиг боллоо. Магадгүй. Гэхдээ би хувьдаа ашиг хөөх биш, байгууллагаа өөд татах үүрэгтэй. Эмэгтэйчүүдийнхээ итгэл, сэтгэлийг даасан бол түүнээс илүү урамшил гэж байхгүй.

Монголын Хэвлэлийн Хүрээлэн гээд Төрийн бус байгууллагыг би олон жил удирдсан. Зорилго маш чухал. Түүнээс дутахгүй зүйл бол мөнгө босгох, өөрөөр хэлбэл ТББ-ын санхүүгийн асуудал. 

-Би Төрийн Бус Байгууллага гэж ярьж, хэлэхийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ улсад төрд хамааралгүй, төрийн анхаарлын гадна нэг ч зүйл байх учиргүй. Засгийн Газрын бус гэж нэрлэвэл өөр. Харин түүний оронд Иргэний нийгэм гэж хэвших нь зүйтэй. Иргэний нийгмийн байгууллагууд хэн нэгнээс санхүүгийн хувьд хамаардаг байсан нь нууц биш. Саяхан, 2010 онд л, МЭХ-ны санхүүгийн 76 хувийг гадаадын төсөл хөтөлбөр эзэлж байсан. Бидэнд хөтөлбөрөөс хямгадаж, дараагийн үедээ бага сага юм үлдээж амь залгуулдаг байсан үе бий. Үүндээ дүгнэлт хийсэн. Эмэгтэйчүүд өөрсдөө байгууллагадаа хөрөнгө оруулах чадавхтай болсон дэвшил гарсан. Заавал толгой баян байхдаа биш. Холбоонд маань тийм хүмүүс олноор ханддаггүй. МЭХ бол ердийн, энгийн эмэгтэйчүүдийн дэмжлэгээр өндийсэн. Одоо манай санхүү 98 хувиа өөрсдөө дотроосоо бий болгодог тогтолцоонд бүрэн шилжсэн. Энэ бол бидний үндэсний чадавхи дээшилсэн гэсэн үг. Тэгэхээр МЭХ донораас хамаарахаа больсон гэсэн үг.

-Маш давуу талыг бий болгожээ. МЭХ хүчирхэгжиж гэсэнтэй агаар нэг сонсогдож байна. 

-Улс төрийн нам, бизнесийн бүлэг, төр, засгаас мөнгө гуйлгүй, үйл ажиллагаагаа бие даан явуулах хэмжээнд хүрсэн. Хувийн компанитай, бизнес эрхлэгч манай холбооны идэвхтэн эмэгтэйчүүд хураамжаа төлөөд үйл ажиллагаандаа идэвхтэй оролцдог. Чадвартай хэрнээ хураамжаа төлөх боломжгүй хэсгийнхээ өмнөөс төлбөрийг бусад нь төлдөг. Тэгээд бодохоор эмэгтэйчүүд хамтарч хөгжиж, бие биенээ дэмжиж, хэнийгээ ч орхилгүй урагшилж байгаа биз дээ.

-Эмэгтэйчүүдийн холбоо Монголын Барилгын Ассоциацтай зохион байгуулалтын хувьд ижил төстэй юм уу гэж анзаарагдлаа. Чиглэлийн компаниудыг өөртөө нэгтгэж чадсан. Тэгснээрээ хувь гишүүнчлэлтэй ТББ-аас нэг шат ахисан юм уу гэж бодогдлоо. Энэ бол дэвшил юм даа.

-МЭХ бол эмэгтэйчүүдийн сайн дураараа өөрсдөө эвлэлдэн нэгдэж байгуулсан сайн дурын буюу төрийн бус байгууллагуудын холбоо. Манайх 70 гаруй гишүүн байгууллагатай. Гишүүн байгууллагууд 2 жил дараалан үйл ажиллагааныхаа тайланг МЭХ-нд ирүүлээгүй тохиолдолд гишүүнээсээ хасчихдаг дүрэмтэй. Одоогоор яг 69 байгууллага байна. 21 аймаг, Улаанбаатар хотын салбар зөвлөл, дээр нь гишүүнчлэл бүхий байгууллагууд. Шат ахисан гэж та хэллээ энэ бол монголын нийгэм тэр дундаа иргэний нийгмийн байгууллага хөгжиж байгаагийн илрэл.

-МЭХ бол дотооддоо хүлээн зөвшөөрөгдсөн, 94 жилийн түүхтэй ууган байгууллага. Гадаад ертөнцтэй хэр харилцаагаа хөгжүүлж байна?

-МЭХ 2007 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд байгууллагад гишүүнээр элссэн. Үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог. 2008 онд, Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд хамгийн анхны 21 эмэгтэй төлөөлөгчөө МЭХ илгээсэн. Чилийн хурлыг л өнжиж, бусад бүх чуулганд оролцож ирлээ. 2008 оноос хойш нийт 392 төлөөлөгч маань Дэлхийн чуулганд оролцсон байна. Малчин эмэгтэйчүүд хүртэл хоцроогүй. Дээд чуулганд дэлхийн шилдэг 1000 удирдагч, Дэлхийн хамгийн амжилттай яваа бизнесийн байгууллагуудын гүйцэтгэх захирал, удирдагчид оролцож мэдээлэл, туршлага солилцдог. Эмэгтэй удирдагчид юуг анхаарах вэ ? гэдэг асуудлын дор өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлдэг. 

Зөвхөн ажил төрөл биш, амьдрал, гэр бүлийн асуудлыг ч хэрхэн шийдвэрлэх тухай ярилцдаг. Энэ бол зүгээр нэг протоколын төдий хурал биш. Маш өгөөжтэй сургалт, танин мэдэхүй, хамтын ажиллагааг хөгжүүлэх эрүүл, амьд талбар болдог. Ухаан, санаа оноо, шийдлийн талбар гэж хэлж ч болно. 

2006 оноос Ази номхон далайн бүсийн Насанд хүрэгчдийн тасралтгүй боловсролын товчооны гишүүн болсон. Энэ байгууллагын хурал зөвлөгөөнд манайхан олноороо биш ч тогтмол оролцдог. Насанд хүрсэн хүмүүс насан туршдаа яаж амьдралд хэрэгтэй боловсролыг  олж авах вэ?гэдэг аргачлалыг тэнд боловсруулдаг. Маш өвөрмөц. Тэгэхээр "Монголжингоо " сониноор дамжуулдаг алсын зайны сургалт, эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд явуулдаг харилцан ярилцлагын сургалт зэрэг бүгд тэр байгууллагын арга технологид суурилдаг юм. Энэ сургалтыг 21 удаа, орон нутагт зохиосон. Анхандаа сургалт байж байгаад аяндаа тойрон аялал болж хөгжсөн. Зуны сургалтын материалыг өврийн дэвтэр буюу гарын авлага болгож хэвлүүлэн, оролцогчдодоо тараадаг. Анх 500 хувь хэвлэдэг байснаа хэрэгцээ шаардлага нэмэгдсэн тул 3500-д хүргэсэн. Энэ бол монголын эмэгтэйчүүдийн зун цагт тэвчин ядан хүлээдэг сургалт болсон.

-Зуны сургалт, тойрон аялал нь хүмүүсийг өөр хооронд маш сайн нягтруулж хамтын ажиллагааг хөгжүүлдэг. Бие биенээ илүү ойр дотно мэдэх , ойлгох , нөхөрлөхөд тусалдаг онцлогтой.

-20 жил зуны сургалт, тойрон аялал хийсэн байна. Түүгээрээ фото альбом гаргасан. Тооцоолж, тоолж үзвэл, давхардсан тоогоор 2600 хүн оролцож, 35000 км зам туулжээ. Эх орныхоо 19 аймаг 88 сумын газар нутгаар аялж, түүхийн дурсгалт 70 гаруй газрыг үзэж сонирхжээ. Энэ тоо бол эмэгтэйчүүдийн хамтын ажиллагаа хөгжсөнөөс гадна, эх орноороо бахархах, үүх түүхээ мэдэх танин мэдэхүйн чухал ач холбогдолтой зүйл болжээ гэдэг дүгнэлтэнд хүрсэн.

-МЭХ-ны гол зорилго бол эмэгтэйчүүдийг хөгжүүлэх?

-Тийм, гэхдээ бид өөрсдөө тийм хөгжчихсөн хүмүүс биш л дээ. Хамт л тэмцдэг, хамт л сурдаг хүмүүс. Тэр дотроосоо бие биенээ хөгжүүлдэг.

-Аливаа байгууллагын Их хурал, Чуулган болохын өмнө хэвлэлээр элдэв цуу тараадаг. Нэгдсэн зохион байгуулалттай. Ийм өрнөл, ийм нэгэн танил тавилт харагдаад байх юм. Таныг төртэй сайн харилцаж чадахгүй байна гэх шүүмжлэл давамгайлсан байна. Зарим нэгэн хэмжүүрээр шүүвэл, таныг эрх баригч намын зүгээс шахах, өөрийн хүнээ лоббидох хандлага байна уу? Гэж бодогдлоо.

-Монголын төр асуудлыг шийдэх гэхээсээ өмнө эмзэглэдэг. Өөрсдийгээ шүүмжлээд байна гээд" атирчихдаг". Ингээд л асуудал буруу тийшээгээ эргэдэг. Төр , иргэний нийгэм холбоотой ажиллах ёстой. Би нэг жишээ татья. Тэртээ 1992 онд Японы Жайкагийн нэг сургалтад би хамрагдсан. Японы Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч нь эмэгтэйчүүдийн асуудал хариуцаж, сард нэг удаа ТББ-ын төлөөллийг хүлээж авч эмэгтэйчүүдэд ямар асуудал тулгарч байгааг сонсдог гэдгийг мэдсэн. Ингэж төр нь иргэний нийгэмтэйгээ амьд эрүүл харилцаанд бодит дүгнэлтийг хийдэг байна. Гэтэл манайхан ингэж чадаж байна уу? Сардаа биш юм гэхэд жилдээ нэг удаа уулзаж, санаа бодлыг нь сонсож байна уу? Японтой ижил эмэгтэйчүүдийн үндэсний механизмаа хүчирхэг, сайн авч явдаг улс бол миний мэдэхээр Солонгос. Яагаад МЭХ төрөөс хөндий байх шаардлагатай байдаг вэ? гэхээр манай төр өөрөө их улстөржсөн, намчирхсан. Тэд нар намынхаа дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагаа хүчирхэгжүүлэх тухай л санаа тавьж, төсөл санхүүжилтээ тийш нь өгдөг.

Намын харьяаллаар ард олныг талцуулж, өөр хооронд нь тэрсэлдүүлж байдаг. Энэ байдал өнөө ч арилаагүй. Иймээс бид байгууллагаа төрөөс хөндий, ариун байлгахыг зорьдог.

-МЭ-ийн байгууллагад монголын эмэгтэйчүүдийн 50 хувь, сонгогчдын 50 хувь байдаг. Энэ бол том тоо. Үеийн үед эрх баригч нам, ерөнхийлөгчийн зүгээс томоохон, нөлөө бүхий төрийн бус байгууллагынхныг эрхшээлдээ байлгах сонирхолтой байсан. Энэ өнцгөөс харвал одоо болох чуулганд эрх баригчид анхаарал тавьсан гэж харж байна. Таны өрсөлдөгч Оюунгэрэл гээд сэтгүүл зүйн салбарын эмэгтэй МАН-ын бага хурлын гишүүн. Ингэхээр намын өнгө аяс шингэжээ гэж хардаж байна.

-Юуны түрүүнд энэ МЭХ гэдэг иргэний нийгмийн байгууллагыг мэдлэг, чадвартай олон залуу эмэгтэйчүүд сонирхож, нэр дэвшиж байгаад талархаж байна. Байгууллага маань бусдад тоогдох хэмжээнд хүрч. Нөгөө талаас улс төрийн хүчнүүд энэ байгууллагыг хараа хяналтнаасаа алдчихвий гэж айж байгаа юм байна. Манай удирдах зөвлөлийн хурал дээр" нэр дэвшигч нь аливаа нэг намын харьяалалгүй байх ёстой гэсэн МЭХ-ны ерөнхийлөгчид тавигдах журмын шаардлагыг хүний эрхийг зөрчиж байна гэж дийлэнх нь үзээд хассан" шийдвэр гарсан нь энэ ойлголтыг баталгаажуулсан. Миний хувьд энэ шийдвэрт түдгэлзсэн. Монголд эрх барих нам л хүчтэй байна. Хүч түрэлт, турхиралтыг тэд өдөөж байна. 3000 төлөөлөгч хураамжийн 108000 төгрөгөө тушаагаад л Нэгдсэн Чуулганд оролцдог. Гэтэл тэднийг хураамжгүйгээр Нэгдсэн Чуулганд оролцуулна гэж саармагжуулж байна. Энэ бол эрүүл саруул сэтгэлгээ ч биш, тэр тусмаа зах зээлийн нийгмийн хөгжил ч биш. Төлбөрөө төлсөн хүн идэвхтэй, итгэлтэй байдаг. Төр Иргэний нийгэмд хөндлөнгөөс оролцож, нөгөө л бэлэнчилдэг сэтгэлгээг дэлгэрүүлэхийг санаархлаа. Энэ бэлэнчлэх сэтгэлгээ, бэртэгчин зан үйлийг бид даван туулсан. Эрүүл саруул Иргэний нийгэмд хүн өөрийгээ хариуцдаг. Өөрийгээ авч явдаг. Өөрийгээ ч хөгжүүлдэг. Түүнийхээ төлөө мөнгөө ч төлдөг. Хураамжийн

108000 төгрөг эргээд эздэдээ очдог. Тиймээс ч түүндээ сэтгэл ханамжтай эмэгтэйчүүд таван удаа чуулганд мөнгөө төлж оролцсон. Монголын эмэгтэйчүүдийг мөнгөөр худалдан авч хүчрэхгүй гэдэгт би итгэлтэй байна. 160 эмэгтэй Монголын эмэгтэйчүүдийг төлөөлж оролцож байна гэж шүүмжлэл өрнүүлж байна. Гэтэл төлөөллийн ардчилал гэдэг чинь өөр зүйл. Монголын 3 сая гаруй хүнийг 76-хан гишүүн төлөөлж байгаа. Энэ эмэгтэйчүүд МЭХ-ны Удирдах зөвлөлийн хурлыг дайрч орсон шигээ 76 гишүүнийг 400 болгоё гэж яагаад дайрч давшлахгүй байгаа юм бэ ? Тэгэхээр энэ эмэгтэйчүүдийг турхираад байгаа нэг хүчин байна л даа. Би бол тэр эмэгтэйчүүдийг залж, удирдаж байгаа хүмүүст хэлсэн. -Энэ бүхэн чинь танай намын л царай, нэр хүнд шүү. Хэрвээ энэ чуулганы үйл ажиллагааг бусниулах үйл ажиллагаа явуулах юм бол та нар л нэр хүндээ алдана, цаашдынхаа карьераа дуусгана шүү гэж сануулсан. 

УИХ-ын сонгууль дөхөж буй энэ цаг мөчид улс төрийн намууд МЭХ-оор оролдоод дэмий л байх.

-Ингэхэд Та дэвшинэ гэж огт дуулдаагүй. Нэг л дургүй, эгдүү чинь хүрсэн байх чинь. Та ямар шийд гаргасан бэ?

-Би уул нь ажлаа өгнө гэсэн шийдвэр гаргасан байсан. Гэхдээ цаг үеийн байдал ороо бусгаа тийшээ хандлаа. Шуурга дэгдлээ. Энэ үед далайд хөлөг онгоцоо жолоодож буй капитан зугтааж болох уу? Ийм асуудалтай тулгарсан. Нөхөд, гишүүд маань намайг дахин дэвш гэж тулгасан. Тэгэхээр эмэгтэйчүүдийнхээ итгэлийг дааж МЭХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөх шийдвэр гаргасан. Шударгаар өрсөлдөнө. Шударгаар өрсөлдөхийг ч бусад нэр дэвшигчдэдээ уриалж байна. Чуулганы наана надтай биечилж уулзах гээд, дараа нь тэгнэ ингэнэ гэж ярих гээд байх шаардлагагүй. Олон удаагийн утасны дуудлага яриа хөөрөө хийе гэсний эцэст ,-“Та нар залуу хүмүүс байна. Улс төр нийгмийн ажилд шудрага өрсөлдөөд үз. Би та нарыг хэзээ ч луйвардахгүй" гэж хариулав. Хийх ёстой юмаа хийлээ, энэ байгууллагыг хөл дээр нь зогсоолоо. Ганцхан зөв л хүнд байгууллагаа өвлүүлэн үлдээх үүрэгтэй. Нэр дэвшигчийг би муу хүн гэж хэлэхгүй. Анкетийг нь уншаад үзэхээр энэ байгууллагыг хүлээлгээд өгчих арга алга. Хэрвээ хурлын төлөөлөгчид улс төрийн намын залуу хүнийг дэмжье, намаа түшье гэвэл би гомдохгүй. Энэ бол олон түмний сонголт. Тодорхой хэсэг хүмүүс намайг нэрээ битгий нэрээ тат гэж тулгасан. Би нэр дэвшлээ.

-Ерөнхийлөгчид нэр дэвших шаардлагадаа улс төрийн намын сонгуультай хүнийг дэвшүүлж болохгүй гэсэн заалтаа хассан гэж байна. Өнгөрсөн онд болсон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хурал ч мөн л энэ сценариар өрнөсөн.Улс төрийн хүчнийхэн нөлөө бүхий төрийн бус байгууллагыг эрхшээлдээ оруулах сонирхолтой байгаа нь эндээс харагдсан. 

-Сонирхол төдийгүй, том баг ажиллаж байна гэж надад мэдээлсэн. Чуулган дээр ороод МУ-ын ТББ-ын хууль, МЭХ-ны дүрмийг зөрчих ямар нэг үйл ажиллагаа гарч ирж  магадгүй юм шиг байна лээ. Тэгэхээр би ерөнхий зөвлөлийн гишүүддээ хуулиа баримтлана шүү л гэж хэлсэн. Тооллогын комисс үнэнч шударга ажиллах байх. Ер нь эхчүүд маш ариун үүрэг хариуцлагыг нуруундаа үүрдэг. Та ч хэлж байсан монголын эмэгтэйчүүд их ачаа үүрч байна гэж. Тэгэхээс ч өөр аргагүй юм. Амьдрал мөнгөн дээр тогтдог ч гэдэг хүн бий хайр дээр ч гэдэг хүн бий. Харин хариуцлага дээр тогтдог.

-Ер нь эрэгтэй ,эмэгтэй хоёр хүн байхад эмэгтэй нь зөв байвал амьдрал нь зөв явдаг гэдэг батлагдаагүй теором бас сонссон.

Тийм ч ураас энэ асуудлыг эмэгтэйчүүд эхчүүд гаргаж ирлээ шүү дээ. Нийгмийн шаардлагаар энэ асуудлыг эхлүүлж, далд ухамсартаа байгаа тэр ёс суртахууныг сэрээж ариун ёс журамтай байснаараа дээд тэнгэрийн хүчинд ивээгдэж явсан юм билээ л дээ. Тэр хувь заяа монголчуудад байгаа гэдгийг эрдэмтэд хэлээд байгаа юм. Оюун ухааны ген буюу бусад үндэстнүүдэд байдаггүй тэр ген нь монголчуудын тархинд 97 хувь агуулагддаг гэж судлаачид хэлдэг. Монголын эртний сургаалд бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэг хариуцлага генээрээ нөхцөлдсөн байдаг гэж олон юмнаас уншиж байсан. Тэр дотор ёс зүй ёс суртахуун кодыг эмэгтэйчүүд нь авч явдаг гэсэн зүйл байдаг.

Монголын эхчүүд эмэгтэйчүүд оюун ухаанаараа нэгдэж чадах юм бол маш их хүчтэй. Тэр оюун санаагаа ариун байлгах юм бол бид төрөө цэвэршүүлж чадна. Энэ бол нэг ,хоёр сонгуулийн л асуудал. Тиймээс монголыг маш их гэрэл гэгээтэй ирээдүй тосож буй. Энэ асуудлаа л бид чуулганаараа хэлэлцэнэ.

-Сонгууль болохоор хүмүүс асар их зохион байгуулалт, мөнгө тараалт гэж харддаг, болгоомжилдог болчихсон. Одоо бол мөнгө тараалтаар эцсийн шийд гардаг хөг өнгөрсөн.

-Надад Хэнтийн нэг ээж хэлсэн. Бид малаа мэддэг боллоо. Зардаг, иддэг боллоо. Торгон дээл өмсөж , машин барьж үзлээ. Яг хүний амьдралын зорилго бол энэ биш юм байна. Бидэнд нэг л юм болохгүй байна. Одоо бол эдийн засаг мөнгө гэхээсээ илүү улс орны тусгаар тогтнол яримаар байна гэж. Энэ зүгээр л нэг малчин ижийн үг.

-Ядуу зүдүүгийн зовлонг гатлаад, алслаад харсан чинь улс нэг л биш болжээ дээ?

Тийм, алслаад хартал, улс нь ч, хот нь ч, аймаг, сум нь ч, газар нутаг нь ч, ард иргэд нь ч юу болчихов? гэж бодож. Ингээд яриаг нь сонсохоор манай эхчүүдийн дотор  сэрээгүй далд юм байна.

Монгол эмэгтэй хүн гэдгийг та томъёолж хэлээч. Өнөөдрийн монгол эмэгтэйг.

Ёс суртахууны төлөвшлийн хувьд өвөг дээдсээс ирсэн ёс зүйнхээ хувьд тэнгэрлэг ард түмэн байсан. Тайван уужуу сэтгэлтэй, энэрэнгүй, алсыг харсан бодолтой,  хүүхдэд хайртай.  

Би олон л жил эмэгтэйчүүдтэй ажиллалаа. Эмэгтэйчүүд маш их амьдралын ухаантай, тэвчээртэй, зовлон даадаг. Тэгэхээр би монгол эмэгтэй хүнийг эрэгтэй хүнээсээ ялгаатай нэг зүйл нь тэвчээртэй л гэж хэлнэ.

Чуулган эхэлнэ. Чуулганы өмнө чуулганд оролцож чадахгүй байгаа монголын бүх эмэгтэйчүүдэд хандаж үг хэлээч.

Ийм боломж олгосон танай хамт олонд баярлалаа. Нэгдсэн чуулганы материал илтгэл зэргийг бүх эмэгтэйчүүд орон нутагтаа очоод дэлгэрэнгүй ярих байх. Эмэгтэйчүүд, эхчүүд болгон монголын нийгмийг цэвэршүүлэх, ёс зүйн боловсролыг цэгцлэх энэ ажилд манлайлагч байгаарай. Манай өвөг дээдсийн сургаснаар  “Ердийн галд шатахгүй, Ертөнцийн бузрыг оюуны билгийн галаар шатаах их хүчин байгаарай" гэж хэлье.

-Бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт хөөрөлдсөн уншигчдынхаа өмнөөс талархлаа. Чуулганы ажилд амжилт хүсье. Монголын эмэгтайчүүд үргэлж сайхнаараа байг. 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?