С.ЕРӨӨЛТ: ХОЛБООД ШҮҮХДЭЛЦЭГ Л ДЭЭ, БАРИЛДААНАА ХИЙГЭЭД ЯВЖ БОЛМООР ЮМ

2018-10-11  

Монголын Үндэсний бөхийн холбоонд үүссэн нөхцөл байдлын улмаас бөхчүүд өчигдөр хуралдсан юм. Бид хурлыг зохион байгуулагч Дархан-Уул аймгийн харьяат аймгийн арслан С.Ерөөлттэй ярилцлаа

-Монгол бөхийн өргөөнд тогтмол зохион байгуулагддаг барилдаанууд цуцлагдсантай холбоотойгоор бөхчүүд хуралдсан гэсэн. Ямар шийдэлд хүрсэн бэ? 

-Холбоодын тэмцэл хэрүүлээс шалтгаалж өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш “Монгол бөхийн өргөө”-нд нэг ч барилдаан зохион байгуулсангүй. Үүнтэй холбоотойгоор нийт 11 аймгийн бөхийн төлөөлөл хуралдлаа. Улсын арслан Э.Оюунболд, Ц.Содномдорж, улсын харцага О.Хангай нарын тэргүүтэй бөхчүүд оролцсон. Тэргүүний төлөөх хэрүүлээс шалтгаалж бөхчүүд, бөхөө үзэж сэтгэлийн цэнгэл эдэлдэг ард түмэн хохирох ёсгүй шүү дээ. Иймээс холбоод хэрүүл маргаанаа больж нэг талдаа  гарах шаардлагатай байна. Бид энэ талаарх хүсэлтийг хоёр холбоонд болон шийдвэр гаргахгүй гацаагаад удаагаад байгаа Баянзүрх дүүргийн шүүхэд хүргэнэ.     

-Бөхчүүд холбооны хэрүүл тэмцлийн гарц гаргалгааг яаж харж байна?

-Эд нар шүүхдэлцээд л явж байдаг юм байгаа биз. Хажуугаар нь барилдаанаа зохион байгуулаад явж болно шүү дээ. Эвлэж нэгдэж чадахгүй бол  хоёр холбоод тус тусдаа үйл ажиллагаагаа явуулаад байж болохоор л санагдах юм. Байрныхаа мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг залуус олон байгаа. Яаж амьдрах юм болж байна. Энд дан ганц бөхчүүдийн асуудал хөндөгдөөгүй. Бөхчүүдийг ивээн тэтгэгч компаниуд чинь нүүрээ бууруулаад эхэлж байна шүү дээ. Ивээн тэтгэгчээ алдана гэдэг монгол бөхийн  том хохирол шүү.

-Энэ маргаан цааш  удаан хугацаанд үргэлжилбэл ямар арга хэмжээ авах вэ?

-Бөхчүүдийнхээ гарын үсэг цуглуулж яаралтай өргөөг нээлгэж барилдаан зохион байгуулах шаардлага хүргүүлнэ дээ. Бүр болохгүй бол онц “Их Эе” хуралдуулж тэргүүнээ шинээр сонгоно. Харин энэ үйл ажиллагаанд өнөөгийн холбоод ямар нэгэн байдлаар саад  хийж болохгүй.

-Бөхчүүдийн ганц өмч “Монгол бөхийн өргөө”-г төрд авах талаар хүртэл яриа гараад эхэлжээ. Өргөөгөө хураалгачихвал  том өв соёл монгол бөх мөхөл рүү дөхнө. Энэ тал дээр бөхчүүд ямар байр суурьтай байна?

-Төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд төр оролцоод байх ийм ээдрээтэй үед илүүц л дээ. Ерөнхийлөгч нь хүртэл төрийн мэдэлд авах санал хүргүүлээд оролцоод байж болохгүй шүү дээ.  Төр оролцвол зөв  талаас нь дэмжих хэрэгтэй. Шүүхийн байгууллагад асуудлыг яаралтай шийд гэх ч юм уу тэр талаас нь үүрэг өгч болно. Монгол бөхийн өргөө Монголын Үндэсний бөхийн холбооны өмч байх ёстой. Бөхчүүд өргөөгөө хураалгачихвал мөхөл рүү ойртоно шүү. Манай бөхчүүд би л болж байвал гээд дуугүй яваад байдаг арчаагүй зангаа хаямаар байна. Дуу хоолойгоо нэгтгэж эрх ашгийнхаа төлөө тэмцэх хэрэгтэй шүү дээ.   

-Бөхийн өргөө нээхэд очоод эмх замбараагүй байдал үүсгээд түгжүүлчихдэг  дархан аварга Х.Баянмөнх, А.Сүхбат нарын талаар?

 -Нас эрэмбээ бодвол энэ их аваргуудаа бид шүүмжлээд байх нь зохисгүй л дээ. Гэхдээ юманд хэмжээ гэж бий.  Бөхийн өргөө нээгээд барилдааны тов зарлахад л хэдэн залуучуудыг хөлсөлж дайраад хаалга үүдийг нь эвдээд байгаа дархан аварга А.Сүхбат, улсын гарьд Б.Гантогтох, яруу найрагч Ү.Хүрэлбаатар нарын хүмүүсийг  ойлгохгүй байгаа. Заавал тэгж 20-30 залуу хөлсөлж очих хэрэг байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Өөрсдөө очоод хэлэлцээрийн ширээний ард сууж болно биз дээ. Тэгвэл өнөөдөр Монгол бөхийн өргөө нээлттэй байх байсан. Өөрсдөө барилдаж явсан улс бөхийн жаргал зовлонг гадарлаж баймаар. Бөхийн төлөө сэтгэлгүй байна л даа.  

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга