МАНАЙ УЛС УСНЫ СТРАТЕГИЙН БОДЛОГОО ХОЁР ХӨРШДӨӨ НАЙР ТАВИАД ӨГЧИХСӨН

2018-10-30  

Монгол улсад усны салбар үүсч, хөгжөөд өдгөө 80 жилтэйгээ золгож байна. Харин бид энэ 80 жилийн хугацаанд усны ямар бодлого баримталж ирэв, усны хомсдолд орно гэж яригдаж байгаа өнөө үед ямар бодлого баримталж байна,ер нь монгол улсын усны салбарын хөгжил хаана явна гэх мэт асуултуудад хариулт авахаар бид Монгол Улсын усны салбарын зөвлөх, техник,технологийн судлаач,  доктор Л.Жанчивдорж, Усны үндэсний хороон дарга асан П.Бадамдорж нарын мэргэжилтнүүдтэй уулзсан юм. Мөн тэд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байгаагаа ч илэрхийлсэн билээ.

Монгол Улсын усны салбарын зөвлөх, техник,технологийн судлаач,  доктор Л.Жанчивдорж:

ГОВЬ ДАХЬ ЭРТНИЙ БУЮУ ДАРАГДМАЛ УСАА  ХОВХ СОРООД ДУУСГАВАЛ ТЭГЭЭД Л АРАБЫН ЦӨЛ БОЛНО

Усны салбар 80 жилтэйгээ золгожээ. Гэвч  80 жилийн настай усны салбарт өнөөдрийг хүртэл бодлого алга гэж шүүмжлэх, ярих хүн олон. Таны бодол?

Би усны салбарын техник технологийн бодлого цэгцэрч эхэлсэн 1972 оноос ажиллаж эхэлсэн хүн л дээ. 1971 онд Усны аж ахуйн газар байгуулагдаж байсан. Бодлогогүй явж ирсэн гэхээсээ илүү усны бодлого маш олон газарт тарж хуваагдсан гэдэгтээ санал нийлнэ. 1990 он хүртэл бодлогын үе байсан. Дараа нь усны бодлого есөн яаманд хуваагдсан. Яам болгон мөнгө угаах бодлого хийсэн. Барилга хот байгуулалт нь цэнгэгжүүлнэ гэж хэлээд л зөөлөн устай газар цэнгэгжүүлэгч тавьж мөнгийг нь идэх жишээний.

Усны төлөвлөлт, зохицуулалт,ашиглалтыг хийж чаддаг болж байж сая соёл иргэншлийн дэд бүтцийн сууриа тавилаа гэж үздэг юм. Гэтэл тэрнийгээ бид хийгээгүй л байна,өнөөдрийг хүртэл.

Өнөөдөр монгол улс усны нөөцөө яг тогтоосон уу? Нэг хэсэг нь усны нөөц дуусна л гэх, нөгөө хэсэг ус дуусдаггүй гэнэ. Бас зарим нь говийн усгүйдэл хангай руу чиглэж байна гэх зэргээр ярьдаг. Манай улс яг хэдэн жилийн усны нөөцтэй байна вэ?

“Усны нөөц дуусах гэж байна” гэдэг энэ ойлголт бол буруу өнцгөөс тайлбарласан яриа.

ОХУ, БНХАУ зэрэгтэй харьцуулбал Монгол орон усны нөөц бүрдэх боломж муу юм. Яагаад гэвэл далайн түвшнээс дээш өндөрт өргөгдсөн учир. Гималайн нурууны дараагаар манай Алтайн нуруу ёрдойгоод байж байдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл, өндөрлөг газарт тунадас дэлхийн дунджаас 4-8 дахин бага ордог юм. Тиймээс доорх усаа тэжээх тэжээмж бага байна гэсэн үг.

Гэтэл манайхан 2030 он гэхэд усны нөөц дуусна гэдэг нэг тоо яриад байдаг л даа. Үүнийг тэгвэл хэрхэн тайлбарлах юм бэ?

Туул голын сав газар нийт нутаг дэвсгэрийн 19%-ийг эзэлдэг боловч нийт хүн амын тал хувь нь энэ сав газарт амьдарч байна. Тиймээс хэт ачаалалттай Туулын тухай ярьсан яриа л даа, энэ бол. Туулын сав газарт зун нь бүрдсэн жаахан усыг өвөл нь сороод авчихдаг. Тэгээд усны түвшин доошилчихдог. Ингэхээр тэжээмжийнх нь хэмжээ дутах гээд байна л гэсэн үг.

Монголчуудад нэг гоё үг байдаг юм. “Хүний буян, худгийн ус хоёр хэмжээтэй” гэж. Монголын маш том фиолософи. Энэ бол тэр тэжээмжийн тухай яриа юм.

Говь тэжээмж бараг байхгүй бүс байх. Гэтэл асар их ус ашигладаг шүү дээ. Тэр тэжээмж нь дуусах гэж байх уу?

Говь 50-100 хан мм тэжээмтэй.Түүний нэгхэн мм нь тэжээмж болдог. Тэр онцлогоос болоод говьд эртний буюу дарагдмал ус гэж байдаг юм. Тэр усыг ховх сороод авбал тэгээд дуусаа. Тэнд дахиж ус бүрдэхгүй. Тэр нь 35 мянган жилийн өмнө бүрдсэн уснууд байдаг юм. Түүнийгээ бүгдийг соруулж аваад дуусгавал тэгээд Арабын цөл болно гэсэн үг.

Манай уул уурхайнхан усыг асар ихээр ашиглаж бас бохирдуулж байна л даа...

Энэ чинь технологийн бодлого алдагдсантай л холбоотой. Үйлдвэрийн хэрэгсэл нь ус. Үйлдвэрийн хэрэгсэл ус нь үнэгүй шахам байна. Гэвч үүнийг үнэтэй болгох ёстой юм. Тэгж байж гэмээнэ алт угаасны үнэ цэнийг мэдэрдэг болох юм.

Гэвч ус бохирдуулсны төлбөрийг авахгүй зургаан жил болчихсон байна шүү дээ.

Зургаа байтугай болсон. Яагаад гэхлээр, дээрээ нөгөөдүүл чинь/уул уурхайтай, алттай хүмүүс/ сууж байгаа ш дээ. Тэгээд л хуулиа хэрэгжүүлдэггүй.

Харин өнөөдөр огтхон ч хэрэгжүүлээгүй хуулиа шинэчилж найруулаад усыг хамгийн ихээр ашигладаг уул уурхайгаас ус бохирдуулсны төлбөр авахгүй харин малчид тариаланчдаас ус бохирдуулсны төлбөр авах тухай яригдаж байна л даа?

Энэ бол маш буруу концепци. Хэрэглэсэн л бол бохирдуулна, бохирдуулсан л бол төлбөр төлөх ёстой. Энэ бол дэлхийн зарчим. Бохирдуулсан хэмжээнд нь таарсан дүрэм гаргах хэрэгтэй. Түүнээс биш Монголын амь амьдралын суурь болсон мал аж ахуй гүйгээр Монголыг төсөөлөх аргагүй. Мал ахуйгаас төлбөр татаас авах дээрээ тулбал малын хөлийн татаас гэх мэтээр авч болно. Түүнээс биш алт угааж бохирдуулагчдын толгойг илээд байж болохгүй л дээ.

Усны үндэсний хорооны дарга асан, зөвлөх инженер П.Бадамдорж:

МАНАЙ УЛС УСНЫ СТРАТЕГИЙН БОДЛОГОО ХОЁР ХӨРШДӨӨ НАЙР ТАВИАД ӨГЧИХСӨН

Усны салбарын бодлого ямар түвшинд байна гэж харж байна вэ та?

Усны салбарын 80 жилийн 40 жилтэй нь би салшгүй холбоотой юм. Энэ хооронд усны салбар хоёр удаа яамтай байж байгаад 1986 онд татан буугдсан байдаг. Түүнээс хойш дэгэнтэй, догонтой л байна. Усны яам байсан, газар байсан, хэлтэс байсан бүгдийг татан буулгасан. 1986-1996 оны хооронд. Ингээд усны салбар Монголд огт хэрэггүй юм шиг болчихсон.

Тэгэнгүүт хэрэв Монголд усны салбар хэрэггүй юм бол бид хоёр аваад явъя гэсэн байдалтайгаар/П.Бадамдорж: та нар зөвөөр бичихгүй юу/ хоёр хөрш маань монгол улстай “Хилийн усны хэлэлцээр” гэгчийг байгуулчихсан байдаг юм. Энэ “Хилийн усны хэлэлцээр” өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр. Энэ бол манай улс усны стратегийн бодлогоо хоёр хөршдөө найр тавиад өгчихсөн хэрэг.

Ингээд харахаар Монгол улсын усны бодлогын стратеги нь Бээжин, Москвад байна гэж ойлгож болно. Гэхдээ Москвад гэвэл илүү оновчтой болох байх. Харин усны дотоодын бодлогоо олигархиудад алдчихсан. Том том ус ашиглаж байгаа уул уурхай, алт олборлож байгаа эрх мэдэлтнүүдэд.

МАНАЙ УЛС ТИВ ДАМНАН УЛС ЭЗЭЛЖ, ХОТ БАЙГУУЛЖ БАЙСАН Ч ТҮҮХЭНДЭЭ ГАНЦ Ч УДАА НУУР БАЙГУУЛЖ БАЙГААГҮЙ ЮМ

Бид тив дамнан улс эзэлж, хот байгуулж байсан ч түүхэндээ ганц ч удаа нуур, цөөрөм байгуулж байгаагүй юм. Харин бид газрын зураг дээр тэмдэглэгдэхүйц нуур цөөрөм байгуулсан нь Дөргөн, Тайширын цахилгаан станц. Хэдийгээр эрчим хүч гаргах гэж байгуулсан ч Монголынхоо газар нутаг дээр усны нөөцийг бүрдүүлсэн, нуур бий болгосон. Энэ бол 80 жилийн түүхтэй манай салбарынхны бахархал гэж би үздэг.

Манай улсын нийт усны нөөцийн 80 хувь нь гадаргын, үлдсэн 20 хувь нь гүний. Гадаргын ус 21 хоногийн дотор бүрддэг ч Номхон далайн ай сав буюу урагшаа, Хойд мөсөн далайн ай сав буюу хойшоо урсаад л гарчихдаг. Тиймээс энэ усыг тогтоож аваад экспортлов тэр чигээрээ валют болно шүү дээ.

Одоо усыг хэн хэрхэн хариуцаад байгаа нь үнэхээр тодорхойгүй байна л даа. Ус ашигласны төлбөрөө 2-3 газарт хувааж хариуцуулдаг, ус бохирдуулсны төлбөр гэж огт авдаггүй гээд...

2012 онд ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг батлаад зургаан жил огт хэрэгжүүлээгүй. Засгийн газар нь “манай засгийн газар үнэ нэмэхгүй” гэдэг. Энэ бол байгалиа бохирдуулаад байж бай л гэсэн үг шүү дээ. Уг нь иргэд нь бид төлье л дөө гэдэг юм. Гэвч шийдвэр гаргах түвшнийх нь хүмүүс өөрсдөө яагаад ч төлбөр авахгүй гээд байдаг юм, гайхмаар.

Одоо тэгээд огт хэрэгжүүлж үзээгүй хуулиа шинэчилж найруулж байна гээд оруулж ирэх юм...

Наад усны бодлого чинь орон нутгаас, жалга довны үзлээр сонгогдсон олгирахиуд, орон нутагт байгаа төсөв захиран зарцуулагч, уул уурхай эрхлэгчдийн гарт оччихсонтой л холбоотой. Мэргэжилтнүүдийн үг тэнд нь хүрч очихгүй. Хүрсэн ч жин дарахгүй байна л даа.  

 

 

 

С.ЧИМГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:HODOO AJ AHUI UURHAIGAAS ILUU US HEREGLEDEG GEJ GIDROGEOLOGICHIIB YARILTSLAG BII 2018-11-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?