С.СОНИН: ӨРХИЙН ЭМНЭЛЭГ МОНГОЛД ХӨГЖСӨН Ч, ЗӨВ АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ Л БАЙНА

2018-11-07  

Сөүлд болсон Дэлхийн өрхийн эмч нарын байгууллагын (WONCA) Удирдах хорооны хурал, мөн 2 жил тутамд болдог 22 дугаар Их хуралд Монголын төлөөлөгчдийг ахлан оролцсон Анагаах ухааны доктор, профессор С.Сонин эмчээс Control.mn тодруулга авлаа. 

-Өрхийн эмнэлгийг Монголд гардан хөгжүүлсэн хүний нэг бол Та. Та энэ шугамаараа тус хуралд оролцов уу? Энэ удаагийн хурлын онцлогийг дурдвал?

-Монгол бол тус Олон улсын байгууллагын гишүүн. Миний бие Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажилладаг. Энэ удаа гишүүн байгууллагын хувиар Их хуралд, Удирдах зөвлөлийн гишүүний хувиар Удирдах Хорооны хуралд оролцлоо. Хурлын сониноос дуулгахын өмнө багахан түүх дурдъя. 19 дүгээр зуунд Америк, Европод ерөнхий эмчийн мэргэжил ихээхэн дэлгэрч эмч нарыг олноор сургах болсон. Үүнтэй уялдан 1947 онд Америкийн ерөнхий мэргэжлийн академи, 1952 онд Английн ерөнхий мэргэжлийн эмч нарын коллеж (Royal College of General Practitioners) байгуулагдсан байдаг. Англи, Австрали зэрэг зарим орнууд өнөөг хүртэл анх үүссэн ерөнхий мэргэжил гэдэг нэрээ хадгалж ирсэн. 20 дугаар зууны эхэн үеэс анагаах ухааны нарийн мэргэжлийн чиглэл түлхүү хөгжиж, ерөнхий мэргэжлийг сонирхохгүй болж эмч нарын сургалт цөөрснөөс тоо нь эрс буурч нарийн мэргэжлийн эмч нарын тоо өссөн байна. Манайд ч гэсэн дотор, мэс засал, эх барих эмэгтэйчүүд, хүүхэд гээд нарийн мэргэжлээр анагаахын сургуулийг төгсдөг байсан даа. Миний хувьд гэхэд л Эрхүүгийн анагаахыг мэс заслын мэргэжлээр төгссөн. Гэвч 1970 - оны үеэс эрүүл мэндийн анхан шатны тусламжийн ач холбогдлыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, өрхийн анагаах ухаан шинээр хөгжиж эхэлсэн түүхтэй. 1972 онд Дэлхийн өрхийн эмч нарын байгууллага – WONCA нь World Organization of National Colleges and Academies гэсэн нэрээр байгуулагдаж, 116 гишүүн орон нэгдсэний нэг нь Монгол юм. Олон улс оронд ерөнхий мэргэжил, өрхийн эмчийн мэргэжлийг адил гэж үздэг бөгөөд уламжлалаараа ерөнхий мэргэжил гэдэг нэрийг хэрэглэж байна. Гэвч өрхийн анагаах ухааны хөгжилтэй уялдан олон орнууд өрхийн эмчийг бие даасан мэргэжил гэж үзэн ЭМАШТҮ-ний онолын үндэс нь өрхийн анагаах ухаан гэж тодорхойлох болсон.

Монголын эхогийн анхдагчийн нэг. Эхогийн дурангийн Сонин эмч гэдгээр алдартай. Анагаах ухааны цөөхөн докторын нэг. Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан чадварлаг зохион байгуулагч. Тэрбээр өрхийн эмнэлгийн хөгжлийг Монголд нутагшуулж, суурьшуулсан гавьяатай нэгэн. Түүнийг Дэлхийн Өрхийн Эмч Нарын Байгууллагын Удирдах Хорооны гишүүнээр улируулан сонгосон байна.

-Өрхийн эмчийн гол зорилго, ерөнхий мэргэжлийн эмчээс ялгарах зүйл нь юу вэ?

-Ерөнхий мэргэжлийн эмч, өрхийн эмч адил мэт боловч гол ялгаа нь ерөнхий мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээ хувь хүн рүү чиглэдэг бол өрхийн эмчийн тусламж үйлчилгээ нь хувь хүнийг өрх гэрийн гишүүн гэж цогцоор нь авч үздэгт оршдог. Өмнө нь өрхийн эмнэлгийн туршлагагүй Солонгос улсын жишээг татъя. Солонгост ерөнхий мэргэжлийн эмчид тогтоож өгсөн харьяаллын хүн ам гэж байдаггүйгээс тухайн эмч нь хэн дуртай ирсэн хүнд үйлчилдэг тул манайх шиг өвөө эмээ, аав ээж, үр хүүхэд гээд өрх гэрээр нь хэн ямар өвчтэй, өвдөж байсныг мэддэггүй сул талтай. Манай өрх, сумын эмч сувилагч нар тухайн сум, хорооны аль өрх, гэр бүлийн хэн нь ямар өвчин эмгэгтэйг, хэн нь юугаар өвдөж болзошгүйг, ямархуу амьжиргаатай хэчнээн айл өрх гэр байдгийг хүртэл мэднэ. Ялангуяа эмзэг бүлгийнхний хамгийн түрүүн очдог газар бол өрхийн эмнэлэг. ЭМАШТ ба ЭАТ(эрүүл мэндийн биш эмнэлгийн анхны тусламж) хоёрын ялгааг анагаахын боловсролтой бүх хүн мэднэ дээ. Манайд сүүлийн 20 жил ӨЭМТөвд үзүүлж буй тусламж үйлчилгээний багц нь өрхийн анагаах ухааны үзэл баримтлалын дагуу хийгдсэн нь чухал ач холбогдолтой болжээ гэж дүгнэж болно.

-Анх хэдийнээс Монголд өрхийн эмнэлгийг бие даалгаж эхлэв? -1992 онд ЭХЯ-ны сайд асан, академич П.Нямдаваагийн тушаалаар өрхийн эмч бэлтгэж эхлэн, 1999 онд “Өрхийн эмнэлэг байгуулах тухай” Монгол улсын Засгийн газрын 149 тоот тогтоол гарч, монгол улсад өрхийн анагаах ухаанд суурилсан эрүүл мэндийн анхан шатны тусламжийн шинэ тогтолцоог бий болгож эхэлсэн түүхтэй. Энэхүү тогтоолд Ерөнхий сайд Р.Амаржаргал, ЭМНХ-ын сайд С.Сонин миний бие гарын үсэг зурсан байдаг юм. Монголын өрхийн эмч нарын нийгэмлэг С.Дуламсүрэн, Б.Оргил, С.Ёндонцоо нарын зэрэг хүмүүсийн үүсгэл санаачилгаар 1997 онд байгуулагдаж, 1998 оны 6 сарын 7-нд WONCA-д элссэнээс хойш эдүгээ 20 жил болжээ. 2011 оноос хойш манай гадаад харилцаа улам илүү өргөжиж, манай өрхийн эмч нар олон улсын хурал зөвлөгөөнд идэвхтэй оролцдог боллоо.

-Хурлаас ямар шийд гарав? Манайхан хэр оролцов?

-Сөүлийн хуралд миний бие холбооныхоо хийсэн ажлын тайланг , ЧД-ийн өрхийн эмч Алтантуул, Анагаахын их сургуулийн Өрхийн анагаах ухааны тэнхимийн багш Ундармаа нар "Монгод дахь өрхийн эмнэлгийн өнөөгийн нөхцөл байдал" илтгэл тавьж, Их хурлын ажиллагаанд Монголоос 30 гаруй өрхийн эмч нар өргөнөөр оролцлоо. Энэ хурлаар Эрүүл мэндийн анхан шатны тусламжийг хөгжүүлэх тухай Сөүлийн Тунхаглалыг баталсан бөгөөд өнгөрсөн 7 хоногт болсон ЭМАШТ-ыг сайжруулах замаар бүх нийтийг эрүүл байхыг уриалсан 1978 оны Алма Атагийн тунхаглалын 40 жилийн ойд зориулан Казахстаны шинэ нийслэл Астанад зохиогдсон дэлхий дахины олон улсын бага хурлын өмнө болсноороо онцлог байв.

-Монголын өрхийн эмнэлгийн хөгжил бусад улс оронтой харьцуулбал хаах нь явна?

-Боломжийн түвшинд. Зөв суурь сайн тавигдсаныг Олон улсын байгууллагын мэргэжилтнүүд онцолдог. Казахстан бол эдийн засаг нь сайн хөгжиж буй орон. Ойроор нь Казахстантай зүйрлэвэл ойлгомжтой болох байх. Тус улсаас энэхүү хуралд Казахстаны өрхийн эмч нарын холбооны ерөнхийлөгч Нугманова Дамиля өрхийн хоёр эмчийн хамт оролцсон. Казахстаны тухайд, Алма-Атагийн тунхаглал гарах үед Казахстан ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бөгөөд хуучин системийн үед өрхийн эмч нарыг бэлдээгүй, ЭМАШТ, өрхийн анагаах ухааныг зохих ёсоор хөгжүүлж чадаагүй байсан. Саяхнаас Алма Атад хувийн өрхийн эмнэлгүүд нээгдэж, шинэ нийслэл Астанад ЭМАШТ олигтой хөгжөөгүй тухай илтгэлдээ дурдсан. Сонирхолтой нь, өрхийн хувийн эмнэлгийн дарга Нугманова 2 жилийн өмнө анагаахын боловсролын асуудлаар Улаанбаатарт зочилсон юм билээ. Тэрбээр,- Танайх өрхийн эмчийг бие даасан мэргэжил гэж үзэж, өрхийн эмнэлгээ манайхаас илүү хөгжүүлсэн байна лээ гэж хурлын үеэр сэтгэгдлээсээ хуваалцсан.

-Тэр хүн тэгж дүгнэж. Харин таны хувьд?

-Бид зөв тогтолцоог бүрдүүлсэн. Тэгсэн хирнээ зөв авч явж чадахгүй л байна.

-Баярлалаа. Аяны сэтгэгдэл, өрхийн эмнэлгийн хөгжил, өнөөгийн байдлын талаарх мэдээллээ хуваалцсанд.

 

Н.ТЭГШЭЭ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?