А.АРИУНЗАЯА: МОНГОЛ УЛС ӨРӨӨС ӨРИЙН ХООРОНД АМЬДАРДАГ

2018-11-07  

Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяатай "Комментатор" нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ц.Энхбат Монгол улсын тоо, тоон үзүүлэлтийн талаар сонирхолтой ярилцлага өрнүүлснийг уншигч Танаа хүргэе.

-Удам дамжсан мэргэжлийн статиктикч гэвэл Таныг хэлнэ. Таны өвөө- Жасрай гуай тухайн цагтаа Монгол улсын төлөвлөгөөний комиссын даргаар ажиллаж байлаа. Монгол улсын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, ерөнхий сайд зэрэг төрийн өндөр албыг хашиж байсан. Их тоон дунд л эргэлддэг хүн байсан гэж төсөөлөгдөж байна. Та ийм л гэр бүлийн орчинд өсөж хүмүүжсэн. Таныг Статистикийн хорооны даргаар томиллоо гэх шийдвэрийг сонсоод миний хувьд тун ч эерэгээр хүлээж авсан. Надтай ижил бодолтой хүн олон байсан гэж итгэдэг.

-Өвөөгийнхээ тухай бодоход, " Хонгилын үзүүрт гэрэл харагдана хэмээж байсан Ерөнхий сайд" өвөөгийн дүр төрх тод буудаг. 1992 онд инфляци 325 хувьд хүрч, лангуун дээр гоймон, давснаас өөр хүнсний бараагүй болсон хүнд үеийг бодлогоор давж гарсан, гавьяат эдийн засагч Ерөнхий сайд гэж үнэлсэн байдаг. Бодлогын чанартай зүйлсийг нь нас бага байсан болохоор яаж мэдэхэв. Харин хувь хүний хувьд, өвөөгийн минь үлгэр дуурайлал бол бий. Одоо бол мэргэжлийн хүний зүгээс бусадтай адил дүгнэж байна.

Статистикчийн хувьд манай өвөө, эмээ хоёулаа Москвагийн эдийн засаг, статистикийн сургуулийг төгсгөсөн. Ээж маань ч мөн л тэр сургуулиар дамжиж, тэндээсээ МУИС-ийн статистикийн сургуульд шилжиж, эх орондоо мэргэжил эзэмшиж, анхны тэнхимийг нь үүсгэн байгуулсан түүхтэй. Тэнд өвөө, эмээ, ээж маань багшилсан. Асрах хүнгүй тул ээж маань намайг сургууль руугаа дагуулан явж, хичээлээ заадаг байсан. Тэгэхээр хүүхэд ахуй цагаасаа л энэ чиглэлийн мэргэжлийн хичээлийг сонсож эхэлсэн байдаг.

-Тоо, статистикаас гадна, нийгэм судлаачаар Европт мэргэжил дээшлүүлсэн байдаг. Тэгэхээр нийгмийн сэдэв гэдэг ойлголт Танд ойр байхаас аргагүй мэт. 

-Герман улсад нийгэм судлал, улс төр, түүхийн чиглэлээр суралцаж, магистрын цол хамгаалсан. Нийгмийн асуудлууд тоогоор илэрхийлэгддэг. Би тоонд, ажилдаа шунан дурладаг. Тоо бүр ардаа "Яагаад?" гэсэн асуултыг дагуулж байдаг. Тоо, статистикт дуртай хүн л энэ ажлыг хийж, энэ асуултын хариуг нэхэж байдаг.

-Амаржаргал гишүүнтэй ярилцаж байхад ерөнхий сайдын албан тушаалаас татгалзсан хоёр хүн байдаг. Жасрай гуай бид хоёр гэж хэлж байсан. Аль аль өндөр мэдлэг боловсролтой, эдийн засагчид. Тоо, эдийн засгийн учрыг мэддэг хүмүүс хариуцлагыг илүү ухамсарласан байх. Албан тушаал биш, нийгмийн хариуцлага гэж болгоомжтой хандаж байсан гэж ойлгогддог.

-Өмнөх Төр, засаг, түүний боловсон хүчний бодлоготой холбовол ойлгоход илүү дөт юм болов уу. 1990 он хүртэл боловсон хүчний тодорхой бодлого хэрэгжиж байсан. Сургууль төгсөх бүр хүүхэд цагаас сурлага, хүмүүжлээрээ "улаан шугам"татуулна. Давсан нь Дээд сургууль, бүдэрсэн нь Техникум, Техник Мэргэжлийн Сургуулийн хаалгыг татаж,ямар мэргэжилтэн болохоо заалгана. Төгссөн хүн бүр ажлын байраар хангагддаг ийм систем үйлчилж байсан. Тэгвэл 1990 оноос хойш боловсон хүчний энэ бодлого алдагдсан. Өвөөгийн маань үе, хүмүүжил нь "Би дарга хийж чадна" гэхээсээ илүү "Надаас өөр хэн энэ ажлыг илүү хийж чадах вэ?" гэдгийг эрүүл ухаанаар хардаг байсан цаг. Залуучууд намайг дэмжиж, залуучууд санал болгосон гэж дурсамжинд нь бий. "Та биш бол өөр хэн байх вэ гэж залуус дэмжсэн юм билээ. Та нэр дэвшдэггүй юмаа гэхэд дэвшихгүй гэж битгий хэлээч" гэж ятгасан байдаг.

-Ёстой л "Хонгилын үзүүрт гэрэл харагдуулсан" зөв шийдвэр байсан. Улс орноо бодсон шийдвэрийг тэр үед гаргаж чадаж байж. Үүнийг орхиё.

Тэгэхээр хоёулаа тооны тухай хөөрье. Ингэхэд тоо гэж чухам юу юм бэ? 

-Тоо бол хүний амьдралын бүх юм.  Бүх юм тоонд багтана, бүгдийг тоогоор илэрхийлж болно. Ялангуяа статистик бол юмс үзэгдлийн хоорондын шинж чанарыг илэрхийлсэн түүхийг тоогоор бичиж үлдээдэг онцлогтой. Өнгөрснийг харж, өнөөдрийг бодож, өнөөдөр дээр үндэслээд маргаашийг тодорхойлдог шинжлэх ухаан. Тоог сайн уншиж хооронд нь харьцуулж чаддаг хүн бол уран зөгнөлч биш маш сайн төлөвлөгч, бодлого шийдвэр гаргагч мөн.

-Үндэсний статистикийн хорооны улирал, сар, жилийн тайланг хэвлэлийнхэн хүлээж байдаг. Том том тоо, тоон үзүүлэлт ярихаар энгийн хүмүүст ойлгогдохгүй тал бий. Тэгэхээр өрх гэрийн хэмжээнд тэр тоон үзүүлэлтүүдийг ойртуулж , буулгавал илүү ойлгомжтой байх болов уу.

-Монгол улсад Статистикийн байгууллага үүсч хөгжөөд 94 жилийн нүүрийг үзэж байна. Энэ олон жил тоо баримтаа цуглуулаад өнөөдөр статистикийн тухай хуулиараа нийгэм эдийн засгийн таван бүлэг, тэр дотор 346 жижиг үзүүлэлтээр задарч улсынхаа нийгэм, эдийн засгийн мэдээллийг сар, улирал, жилээр нь гаргадаг. 10 тооллого судалгааг тогтмол хийдэг. Цаг үеийн тулгамдсан асуудлуудаар тусгайлсан судалгаа хийж, нийгмийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлдог. Гагцхүү судалгаа маань хэрэглээнд хэр ойрхон байна вэ? Хоёулаа яг одоо гудамжинд гараад;- Статистик гэж юу вэ? гэж асуувал, -Нөгөө цалин худлаа зарладаг газар гэж олон хүн хэлж магадгүй. Эсвэл малаа худлаа тоолоод байдаг гэдэг ч юм уу. Ингэж хандаж магад. Гэтэл энэ тоог дотогш нь ухаад, ямар мэдээлэл гарчихав, энэ тооны ард юу нуугдаж байна вэ? гэдгийг ойлгох хүмүүс хэд байгаа вэ? гэдэг нь өөрөө маш чухал.

Статистикаар төрөхөөс авахуулаад үхэх хүртэл хүний амьдралын бүхий л үйл ажиллагааг илэрхийлдэг. Таны сонирхож буй өрхийн мэдээлэл бол түүний нэг бүрэлдэхүүн. Нийгэм эдийн засгийн судалгаа гэж улирал тутамд явагддаг. Энэ бол түүвэр судалгаа. Үүн дээр үндэслэж 16000 өрхийн ядуурлын дүн гэх мэт үзүүлэлтийг гаргадаг. Өрхийн орлого зарлага дээр суурилаад тухайн өрхийн хэрэглээний бүтэц, хүнсэндээ юу хэрэглэж байна гэх мэт. Яагаад манай өрхүүд зарлага нь орлогоосоо давсан үзүүлэлттэй гараад байгаа юм, энэ нь юуг илэрхийлж байна вэ гээд маш нарийн зүйлсийг судалгаа гаргаж ирдэг.

-Дундаж цалинг хүмүүс их ярьдаг. Зөрж байна гэж ч хэлдэг. Үүнийг тодруулбал? 

-Дундаж цалин гэдэг мэдээлэл чинь үндсэн цалингийн мэдээ ердөөсөө биш. Энэ бол маш амьд мэдээ. Үндсэн цалин дээр нэмэгдсэн олговор, урамшуулал, нэмэгдсэн цалин, татвараас өмнөх дүн буюу хөдөлмөрийн зах зээл дээр эргэлдэж байгаа мөнгөн дүнг нэг ажилтан дээр жигнэж үзвэл энэ бол улсын дундаж жигнэсэн цалин болно. Энэ зөвхөн албан ёсны хөдөлмөр эрхэлж байгаа хөдөлмөр нийгмийн хамгааллын нийгмийн даатгалын ерөнхий гаазр татвараа төлөөд бүртгэгдсэн захиргааны мэдээлэл. Тэгэхээр үүнээс илүү үнэн мэдээлэл гэж байхгүй. 39.7 мянган аж ахуйн нэгж байгууллага нийгмийн даатгал төлдөг. 636.5 мянган ажилтнууд байна. Эдгээрийг авч үзэх юм бол нэг ажилтанд нэг сая төгрөг байна. Энэ нь маш амьд. Улирлаараа өөрчлөгдөнө. Зуны улиралд хөдөө аж ахуй, барилга, уул уурхай гэх мэт салбарууд идэвхжиж, ажиллагсадын тоо нэмэгдэхээр үнийн дүндээ шууд нөлөөлж, цалин өндөр цалин гардаг. Өвөл нь багасна гэх мэт энэ нөлөөллүүдийг харах хэрэгтэй. Мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн ялгаа ажиглагддаг. Эрэгтэй хүмүүсийн дундаж цалин эмэгтэйчүүдийнхээс өндөр. Гэхдээ энэ нь нэг мэргэжил дээр хоёр өөр цалин аваад байна гэсэн үг огт биш. Өндөр цалинтай ажил албанд эрэгтэй хүмүүс түлхүү ажиллаж байна. Хамгийн өндөр нь л гэхэд уул уурхайн салбар 2.4 сая төгрөг гэж байгаа. Дарга удирдлагын түвшинд бас эрчүүд их бий. Жижиг буюу үйлчилгээний газар эмэгтэйчүүд дийлэнх байна. Энэ дээр суурилаад жэндерийн асуудал яривал маш олон өргөн хүрээний мэдээлэл байгаа. Ярих сэдэв маш олон. Гэвч дундаж цалин нэг сая төгрөг гэнээ, хэр их нэмэгдсэн юм бэ гэж ярих нь өрөөсгөл. Төрийн байгууллага, хувьцаат компани, төрийн өмчит үйлдвэрийн байгууллагад ажилладгаараа цалингийн ялгарал үүсдэг. Бухимдаад байгаа багш, эмч нар чинь  төсвийн байгууллагад хамаардаг. 192 мянган төрийн албан хаагчийн цалин бол хөдөлшгүй. Цалин дээр ажилласан жилийн нэмэгдэлийг тооцохоор хүн бүрийнх өөр. Төсвийн албан хаагчдын дундаж цалин 780 мянган төгрөг гэж явж байгаа. Энэ нь гар дээр ирдэг биш татвараас өмнөх дүн. Төрийн албан хаагчдын цалин 2014 оноос хойш огт өсөөгүй байсан. Сая нөхцөл бололцоо үүсэж нэмлээ. Он гараад дахин нэмнэ гэж яригдаж буй. Цааш цаашдаа эдийн засгийн нөхцөл байдал сайжрахаар хуулийн хэрэгжилтийг хангаж, төрийн албан хаагчдын цалинг хувийн хэвшлийнхэнтэй дүйцүүлэх хэмжээнд аваачих учиртай. Тэгэхгүй бол төрийн алба мэргэжлийн, чадварлаг боловсон хүчнээ тогтоож дийлэхгүй дүр зураг харагдаж байна.

-Зээл гэдэг байдаг л зүйл. Энэ бол эдийн засгийн харилцааны илэрхийлэл. Гэхдээ Монголын хүн амын дийлэнх нь өр, зээлийн сүлжээнд орооцолдсон гэх юм?

-Иргэдийнхээ амьдрал, ахуйд багахан ч гэсэн тус дэм болъё гэж бодож байгаа бол зээлийг тэглэх биш, зээлийн хүүг буулгах ёстой. 2018 оны хоёрдугаар улирлын арилжааны банкуудын зээлийн тоог гаргасан. Үүнийг Монгол банкны мэдээлэл дээр суурилж гаргадаг. Улсын хэмжээнд 1 сая 79 мянган зээлийн данс байна. 308 мянга нь цалингийн зээл байна. 233 мянга нь тэтгэврийн зээл, 42.6 мянга нь жижиг дунд үйлдвэрийн, 276 мянга нь хэрэглээний зээл байна. 183 мянга нь сургалтын, аяллын , малчны зээл байна. 93 мянга нь ипотекийн зээл. Энэ тоонуудаа хүн амынхаа тоонд харьцуулбал нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авдаг 283 мянган иргэн байгаа бол үүний 233 мянга нь тэтгэврийн зээлтэй. 143 мянган малчны зээл байна. Гэтэл тооллогоор 170 мянган малчин өрх гарсан байна. Нийгмийн даатгалаа төлөөд явдаг 636 мянган ажиллагч байгаа бол 309 мянга нь цалингийн зээлтэй байна. 2017 онд идэвхитэй үйл ажиллагаа явуулсан 75 мянган аж ахуй нэгж байгаа. Гэтэл 73 мянган жижиг дунд үйлдвэрийн зээл байна. Энэ бол зөвхөн банкуудын зээл болохоос биш цаанаа банк бус санхүүгийн байгууллага хоршоо зэрэг ороогүй. Тэгэхээр энэ бол зөвхөн мөсөн уулын өчүүхэн оройн хэсгийн дүр зураг. Тэгэхээр манай улс өрөөс өрийн хооронд амьдардаг гэдэг нь албан ёсоор батлагдах тоо нь энэ байна гэсэн үг.

-Саяхныг хүртэл Монголын хүн амыг 35  хүртэлх насныхан давамгайлж байсан. Энэ бүтэц хэвээр үү?

-Өнгөрсөн оны байдлаар 3 сая 175 мянган хүн амтай гэж тоологдсон. Хүйсийн харьцаа бол харьцангуй ижил. 49 хувь нь эмэгтэйчүүд, 51 хувь нь эрчүүд. Насны хувьд ч ялгаагүй ахмад настан дээр багахан зөрүү гардаг. Насны бүтэц бол залуу, бусад оронтой харьцуулахад ид ажил эрхлэх насны буюу атаархуулах гэж ярьдаг хүн амын бүтэцтэй. Сонгино хэлбэртэй. 30 насны идэр залуучууд дийлэнхийг эзэлж байгаа. 885 мянган өрх байдаг. Жилд 75 мянган шинэ төрөлт байсан бол нас баралт 17 мянга байж. Гэрлэлт 20470 гэр бүл бүртгүүлснээс 3945 нь цуцлуулсан байна. 76.8 мянган өрх толгойлсон ээжүүд байна гэх мэтчилэн тоонууд хүний амьдралыг илэрхийлж байдаг. Энэ тоонууд дээрээ үндэслээд хүн амын бодлого, сургууль цэцэрлэгийн хүртээмж зэрэг юмнуудаа төлөвлөх ёстой. Манайх энэ тоон дээрээ үндэслээд 2045 он хүртэл хэтийн төлөв гаргасан. Ингэхдээ бүх байршлаар нь төрөлт, хүн ам, цэцэрлэгийн насны хүүхэд гэх мэт гаргаад ирчихээд байхад түүн дээрээ үндэслээд хаана сургууль цэцэрлэгийн хэрэгцээ байгаа юм гэдгээ төлөвлөх ёстой. Үе шаттай төлөвлөгөө гаргах ч боломжтой. Төсөв төлөвлөгөө гаргахдаа ирэх жилийн сургуулийн төлөвлөлтийг хаана гаргах вэ гэдгээ хүн амын хэрэгцээн дээрээ үндэслэж гаргах юм бол сумын төвд 200 хүүхдийн сургуульд 5 хүүхэд сурах биш нийслэлд 3000 хүүхэд гурван ээлжээр хичээллэх биш зөв бодлого явуулах боломжтой. Ингээд л тооцоо судалгаан дээр суурилсан шийдвэр гаргаач гэдэг л энэ болчихоод байгаа юм.

-Маш олон намууд сонгуулиар хөтөлбөр гаргадаг. Заавал эрх баригч нам биш, бүх намууд энэ тоо баримт дээр суурилж зорилтоо дэвшүүлмээр санагдлаа.

-Статистикийн байгууллага 1967 оноос хойш нэг л газраа байгаа. Хачирхалтай нь, одоог хүртэл Статистикийн хороог Стандарт хэмжил зүйтэй нэрийн хувьд андуурсан хэвээр. Тэгснээ, танайх хаана байгаа вэ?, Боловсролын яамны байранд уу? гэж асууна. Тэгэхээр нь би , - Үгүй ээ, энэ чинь манай байр байхгүй юу гэж тоглодог.

Яг үүнтэй ижил, статистикийн тоо баримтыг ард иргэд хэрэглээндээ тэгтлээ нэвтрүүлэхгүй байна. Үүнд бид дүн шинжилгээ хийж, энгийн хэрэглэгчдэд тоо, статистикийг ойлгуулах зорилгоор олон нийттэй харилцах албыг бий болгосон. Мэдээллээ цахим хэлбэрт оруулж, хэрэглэхэд хялбар өнгө төрхтэй, графиктай болгосон. Өмнө нь мэдээлэл авахад заавал бүртгүүлэх, төлбөр төлөх, эрх авах гэсэн асуудал байсныг нэгмөсөн халсан. Татвар төлөгчийн мөнгөөр цалинжиж мэдээллийг бий болгож байгаа учраас хүртээмжтэй байх ёстой . Сангийн яам, Монгол банк гэх газруудад зориулж энэ тоог гаргадаггүй.

-Одоо танай байгууллага иргэдийн статистикийн боловсролыг дээшлүүлэх тал дээр илүү их анхаарч байна гэж Та дурдсан.

-Тийм. Бид "Багшийн гарын авлага" номоо хэвлүүлж, багш нарт түгээлээ. БСШУ-ны сайдтай хамтарсан тушаал гаргаж, ЕБ-ын сургуулийн математикийн хичээлийн агуулгад угаасаа байдаг статистикийн сэдвийг тооны багш нар заахдаа өөрийнхөө мэдлэгийн хүрээнд заагаад байна уу?, нэгдсэн аргачлал хэрэглэж байна уу ?, үгүй юу? гэдгийг судалсан. Түүндээ тулгуурлан "Багшийн гарын авлага" номоо гаргасан. Хичээлийн агуулгад угаасаа байдаг статистикийг 1-11 -р ангид заахдаа багш яаж заах, ямар жишээн дээр тулгуурлах аргачлалыг зааварчилсан "Багшийн гарын авлага"-ыг Боловсролын хүрээлэнтэй хамтран гаргасан. Энэ номоо ашиглан, хичээлээ хэрхэн заах талаар цуврал сургалтыг ч явуулсан. Монгол улсад бүртгэгдсэн ЕБ-ын бүх сургууль, математикийн нийт багш нарт үнэ төлбөргүй хүргүүлж, мөн Их, Дээд сургуулийн номын сангуудаар ч хүргэлтийг бүрэн хийсэн. Дээр нь гарын авлагаа цахим хэлбэрээр нээлттэй байрлуулсан тул эцэг, эхэд ч мөн хүртээлтэй.

-Энэ номыг өнгөц харахад гарын авлага. Гүнзгийрүүлж үзвэл, зөвхөн хүүхдүүдэд ч биш монголын иргэдэд зориулсан, иргэдийнхээ тоог уншиж, анализ дүн шинжилгээ хийж сурах сэтгэхүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах бүтээл болжээ. 

-Би энэ номондоо хайртай. Хоёр өвөө , эмээ, аав, ээж маань бүгд багш. Тиймээс багш гэдэг мэргэжил хичнээн чухал вэ? гэдгийг би мэддэг. Өнөөдрийн хүүхэд бол маргаашийн улс орны эзэд. Зөв хандлагатай, зөв хүмүүжилтэй шинэ үеийг багш нар л хүмүүжүүлдэг. Багш нартаа тус дэм болох бүтээл гаргасандаа сэтгэл өөдрөг байна.

-Энэ номын хэрэглээний ач холбогдол нь өндөр юм. Таны хэлснээр, улс орны ирээдүйн иргэдийг бэлддэг хүмүүс бол багш нар. Багш нараа дэмжиж байж бид өөдлөнө. Хүнээ бэлдэнэ гэдэг бол эрхэм чухал. 

-Ерөнхий боловсролын сургуульд статистикийг заах аргыг оруулж чадлаа. Цаана нь сэтгүүлчдийн том арми үлдсэн. Мэдээллийг цаг тутамд түгээж байдаг хэвлэл мэдээллийн ажилтнуудын үүрэг маш чухал. Мэдээллийн гол гогцоо нь тоо, тоо баримт байдаг. Хаана, юу болохгүй байна вэ? гэдгийг илэрхийлэх тоо бол эрэн сурвалжлах сэтгүүл зүйн гол эх үүсвэр, мэдээллийн сурвалж нь юм. Буруу мэдээлэл дээр суурилж аливаа мэдээ мэдээлэл түгээвэл зөв бодлого, шийдвэр гарахгүй. Тэгэхээр сэтгүүлчид ч тоотой ажиллаж сурах зайлшгүй шаардлагатай. Зөвхөн сэтгүүлчид ч биш, нийгмийн бүхий л салбар, дээр, доор гэлгүй тоон мэдээлэлтэй ажиллаж сурах нь маш чухал. "Багшийн гарын авлага" гаргаснаар ирээдүй рүү тодорхой хөрөнгө оруулчихлаа. Тэгвэл өнөөдрийгээ яах вэ? гэдэг асуудал орхигдлоо. Дэлхийн банк, ҮСХ хамтарч ажилладаг. "Ухаалаг засаг", "Статистикийн чадавхийг бэхжүүлье" гэх зэрэг төслүүд үргэлжилж буй. Энэ төслийн хүрээнд нийгмийн бүхий л давхаргад, тухайлбал, УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахуудад, сэтгүүлчдэд, намуудын бүлгүүдэд сургалт зохион байгууллаа. Ойрын ирээдүйд, аймаг, орон нутгийн ИТХ гэх мэт, орон нутагт шийдвэр гаргадаг, бодлого боловсруулдаг байгууллагыг онилон статистикийн мэдлэг боловсрол дээшлүүлэх сургалтаа хийхээр төлөвлөж байна.

-Би тоо бол тоо, чанар бол чанар гэж боддог байсан. Одоо бол Хятад, Энэтхэг зэрэг хүн ам ихтэй улс орны хөгжлийн хурдыг хараад, тоо бас чанарт шилждэг юм байна гэж ойлгоод байгаа.

-Тоо болон чанар гэдэг хоёр үгээр маш олон зүйлийн хооронд тоглолт хийж болно л доо. Малын тоон дээр яривал тоо биш чанар чухал. Хүн ам дээр бол эсрэгээрээ. Ажиллах хүн хүчээ нэмэгдүүлэх шаардлагатай гэж үздэг. Хятад улсын хувьд хүн ам ихтэй, тэр дундаас цойлж гарахын тулд оюуны өрсөлдөөн их. Шалгаралт, шигшэлт байнга явагддаг. Тиймээс технологи маш хурдацтай хөгжиж байна. Ямар нэг юм борлууллаа гэхэд хэрэглэгч олонтой учраас зах зээл нь ч гэсэн тэр Хятадын зүг рүү тэмүүлж байна. Энэ бүхэнд дүгнэлт хийж, Монгол улс өөрөө ямар бодлого явуулах ёстой юм бэ?, гадагшаа тэлсэн үү?, дотогшоо хумьсан уу? гээд шийдэх асуудал их байна. Манай улс үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон. Тэгэхээр манай аж үйлдвэрийн салбарын бүтэц сүүлийн жилүүдэд хэрхэн яаж өөрчлөгдсөнийг харвал их юм олж харж, бодит дүгнэлт хийж болно.

-Тоо баримт хөдөлшгүй. Монгол улс гадагшаа баялгаа маш ихээр гаргадаг. Боловсруулж, баяжуулдаггүй түүхийгээр нь гаргадаг учир хамгийн хямд үнээр борлуулж байна. Хариуд нь манай улсын хилээр ямар бараа орж ирж байна гэдэг бол бодох зүйл. Монгол орон хаягдал булшлах орон болоод байна гэх түгшүүр дуулддаг. 

-Сүүлийн 28 жилийн түүхийг тоон үзүүлэлтээр харья. 1990 онд манай Аж үйлдвэрийн салбарын 57.4 хувийг боловсруулах үйлдвэр эзэлдэг байсан. Гэтэл өнгөрсөн онд энэ үзүүлэлтийн илэрхийлэл дөнгөж 26.3 хувь. 1990 онд Уул уурхайн олборлолтын салбар 35.2 хувийг эзэлдэг байсан бол өнөөдөр 66.2 хувь. Эхнийх нь хоёр дахин буурсан бол хоёрдахь нь байраа сольсон. Үүнээс харахад л, бид өөрсдөө үйлдвэрлэж, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл эрхлэхээ болиод, газар шороогоо л ухдаг  болсон байна. Боловсруулах үйлдвэрлэлийн өнөөдрийн нөхцөл байдлыг үзье. 45.9 хувь нь -хүнсний бүтээгдэхүүн ундааны үйлдвэрлэл. 14.7 хувь нь арьс арьсан бүтээгдэхүүн, нэхмэл хувцасны үйлдвэр, 14.5 хувийг кокс, газрын тосны үйлдвэрлэл, 5.1 хувийг металл үйлдвэрлэл, 20 хувийг бусад нь эзэлж байна.

Үйлдвэрлэлээрээ тэргүүлж буй бүтээгдэхүүн бол нүүрс, алт, газрын тос. Боловсруулах үйлдвэр дээр цемент, зэс, металл бэлдэц, бетон зуумаг. Хүнсний бүтээгдэхүүн дээр архи дарсыг хамгийн сайн үйлдвэрлэдэг юм байна. Амтат ус,  ундаа жүүс, гурил шар айраг, талх, нарийн боов, сүү дараа нь орно. Залгаад самнасан угаасан ноолуур, ээрмэл, сүлжмэл эдлэл зэрэг бол үйлдвэрлэлийн топууд гэсэн үг. Тоо ширхэг, үнийн дүнгээрээ хамгийн сайн бүтээгдэхүүнүүд гэсэн үг.

Хүнсний үйлдвэрлэлийг нэг хүнд тооцогдохоор нь авч үзвэл нэг жилд нэг хүнд 8 литр архи, 26.6 литр шар айраг, 28 литр сүү, сүүн бүтээгдэхүүн, 8.2 кг малын мах, 13.4 кг талх нарийн боов үйлдвэрлэгддэг юм байна. Тэгэхээр архи пивоны хэрэглээ, үйлдвэрлэл их байна. Үүнийгээ 15 наснаас дээш хүмүүстээ шилжүүлвэл үүнээс ч өндөр тоо гарна. Ийм бүтээгдэхүүнүүдийг бид үйлдвэрлэдэг юм байна. Харин гаднаас юу авч, гадагшаа юу гаргадгийг үзье. Экспортын топ нь нүүрс, зэсийн баяжмал, алт, газрын тос, малын мах. Хонины ноос ямааны угаасан ноолуур, самнасан ноолуур, тэмээний ноос. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бол байхгүй. Харин импортын топ бол бензин, дизель, суудлын тэрэг. 48.9 мянган суудлын тэрэг өнгөрсөн онд хилээр оруулж иржээ. Дараагаар нь элсэн чихэр ургамлын тос, цагаан будаа, хуурай сүү. Эндээс харахад хуурай сүү яагаад ийм дээгүүр орж ирэв? гэдэг нь анхаарал татаж байна. Мал аж ахуйн салбарынхаа үр шимийг хүртэж чадаж байна уу? гээд бодоод үзэх л хэрэгтэй. Бараг 50 мянган машин орж иржээ гэсэн тоо байна. Улаанбаатарт тулгамдсан асуудал үүсгэсэн түгжрэл жилээс жилд 50 мянгаар нэмэгдэж буй суудлын автомашинтай уялдаатай.

-Монгол улсад ингэхэд хэдэн автомашин бүртгэлтэй байна вэ?

-Улаанбаатар, дангаараа 900 мянган автомашины бүртгэлтэй. Түүнээс 500 мянга нь л техникийн үзлэгт хамрагдсан байх жишээний. Үүнээс харахад хуучин машинаа улсын бүртгэлээс хасуулахгүй байна гэсэн үг. Хөдөлдөггүй, замын хөдөлгөөнд ордоггүй 400 орчим мянган автомашиныг хасах шаардлага байгаа биз. 900 мянган машины бүртгэлээс үзвэл 49.7 хувь нь буруу талдаа, 50.3 хувь нь зөв талдаа жолоотой. Улсад бүртгэлтэй нийт автомашины 59.6 хувь нь техникийн үзлэгт хамрагдсан. Бүртгэгдсэн 536 мянган автомашины 70 хувь нь Улаанбаатар хотод хамаарагддаг. Суудлын автомашины 72.4 хувь нь буруу талдаа жолоотой. Манай улс зөв талын жолооны дүрэмтэй. Солгой жолоотой машин хөлөглөж буй жолооч гүйцэж түрүүлэх, түгжрэл үүсгэх зэрэг дээр саад тотгор илүү үүсгэдэг. Энэ бүхнээс үүдэн солгой жолоо бүхий унаа тэрэгт хязгаарлалт эсэхийг төр засаг шийдэх ёстой юу гэвэл ёстой.

-Бат-Үүл Улаанбаатар хотын дарга байхдаа буруу талдаа жолоотой машиныг цөөлье гэсэн санал дэвшүүлээд дарагдаж байсан. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч дараагийн сонгуульд орохоор зэхэж байсан учраас;- Үүнээс өөр хийх зүйл Бат-Үүл чамд алга уу? гэж сонгогчдод таалагдах зорилгоор няцааж байсан. Тухайн үед шийдлээ зөв гаргасан бол өнөөдрийн энэ түгжрэлээс зайлж болох л байсан. 

-Хүнд хэрэгтэй бодлого гаргах гээд байна уу?, Хүнд таалагдах шийдвэр гаргах гээд байна уу гэдгийн наад захын жишээ энэ. Тухайн үедээ хэрэгтэй шийдвэр гаргасан бол өнөөдөр нөхцөл байдалд хүрэх үү? Энэ машинуудын дийлэнх нь Япон, Солонгосоос орж ирсэн байдаг. 10-с дээш жилийн насжилттай, үнэ хямд унаа тэрэг. Үүнийг жилээр нь, хүрдээр нь хязгаарлаж татварын бодлого явуулъя гэхээр; - Ядуу хүн машин унаж болдоггүй юм уу гэдэг асуултыг сөргөөдөг. Асуудал нь "болно, болохгүй" гэдэгтээ биш. Зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Насжилтыг нь үзвэл, манай улсад бүртгэлтэй 536 мянган машины 422 мянга нь 10-аас дээш жил ашиглагдсан хуучин машин байна. Насжилт нь дууссан, хаягдал. Үүнийг дагаад машин засварын газрууд дэлгэрсэн. Замын нөхцөл муу, хуучин машин гээд олон нөхцөл нэг дор давхцахаар хүний амь насанд ч нөлөөлж байна. Нэг жилд  92 мянган ослын шинж чанартай дуудлага ирсэн байгаа юм. Үүнээс зам тээврийн ослоор бүртгэгдсэн нь 36.5 мянга. 92 мянган дуудлагын 88 хувь нь Улаанбаатар хотоос. Үүнийг дүүргээр нь ялгавал, Баянзүрх 22.5, Баянгол 17 мянга, СБ дүүргээс 15 мянга, СХД-ээс 13 мянга гэх мэт. Бүртгэгдээгүй дуудлагын жолооч нар хоорондоо тохирсон уу?, наана нь буцаагдсан байна уу? гэх зэргээс үүдээд даатгалын үйлчилгээ хүрч ажиллаж байна уу? гэх хяналтыг ч тогтоох боломжтой. Энэ ослуудын шалтгааныг судалж үзвэл, 88 хувь нь мөргөлдөх, хоорондын зайгаа барилгүй явснаас үүдэлтай. 2017 онд л гэхэд автын ослоос 5219 хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон. Үүнээс 507 нь амиа алдсан бөгөөд 55 нь хүүхэд байсан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхэд нийтдээ 920 байна.

-Маш гунигтай тоон үзүүлэлт байна. Өдөр бүр 1-2 хүн амь насаа алдаж, 10-18 хүн эрүүл мэндээрээ хохирч байгаа юм байна. Осол гэснээс эрүүл мэндийн тоон үзүүлэлтийг сонирхвол? 

-Монголд нийтдээ 3338 эрүүл мэндийн байгууллага оршдог. Түүнээс төрийн өмчийнх нь 377, хувийнх нь 2961. Иргэд төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаасаа эрүүл мэндийн даатгалын дэвтрээрээ үйлчилгээ авдаг. Гэтэл хувийн хэвшил нь төрийн хэвшлийнхийг хэд дахин давсан нь төрийн эмнэлгийн үйлчилгээний хүртээмж бага, хангалтгүй байгаагийн илрэл. Эрүүл мэндийн хураамжаа төлж байгаа ч, иргэдийн халааснаас маш их мөнгө гарч байна гэдэг нь харагдаж байна. Улсын төсвийн зарлагад эрүүл мэндийн зардлын эзлэх хувь нь 7.5 хувь байгаа. Энэ хувийг бусад оронтой харьцуулахад манай улс орон иргэдийн эрүүл мэндэд хэдий чинээ анхаардаг вэ гэдэг нь гарч ирнэ. Нэг сувилагчид ногдох хүн 259, нэг их эмчид 293 хүн гэхээр тус бүр бараг 300 хүн байгаа биз. Тэгэхээр энд бүсийн бодлого яригдана. Хэдийгээр үндсэн хуулиар би хаана ч амьдрах эрхтэй гэж яригдаж байгаа боловч миний эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдгийг бодож төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай.

-Өвчлөлийн төрөлд өөрчлөлт ажиглагдана уу?

-Зүрх, судас, элэг, хавдрын өвчлөлүүд өндөр хувь эзэлдэг. Сэтгэл эмзэглүүлсэн өөр нэг мэдээлэл шинээр бий болсон. Монгол улс амиа хорлолтоороо дэлхийд гуравт орсон. Жилдээ 450 орчим хүн амиа хорлож байна. 20 цаг тутамд нэг амиа хорлолт байгаа юм. Нас хүйсээр нь ялгавал 35 наснаас доош насныхан, тэр дотроо 80 хувь нь эрчүүд. Эмэгтэйчүүд бол шилжилтийн 8-16 насандаа амиа хорлох нь их байгаа нь тогтоогдсон. Тэгэхээр энэ бол нийгмийн эрүүл мэндийн эмзэг асуудлын нэг болсон. Эрчүүд бухимдал, мухардлаа тайлах арга замаа олохдоо эмэгтэйчүүдээс дор гэдэг нь харагдаж байна. -Хүүхэд ахуй цагаас нь л, эр хүн уйлдаггүй юм, чи бол ноён нуруу гэж хөвгүүдийг сургадаг нь нөлөөлсөн гэж үзэх талтай. Гэтэл охидууд бол ховлоно, уйлна. Сэтгэлээ нээж онгойлгоно. Тун болохгүй бол лам, бөөг барааддаг. Ингээд бухимдлаа гаргачихаж байна. Эрчүүд сэтгэлээ онгойлгож чадахгүйгээс буруу шийдвэр гаргаад байна. Мэргэжлийн сэтгэл зүйчид өнөөгийн нийгэмд шаардлагатай болсон байна. Нийгмийн бухимдал болгон чинь лам, бөөгийн асуудал биш харин мэргэжлийн сэтгэл судлаач хүний л зөвлөгөө эмчилгээний асуудал шүү дээ. Дээр нь сошиал хэрэглээ замбараагүй болсон учраас нийгмийн бухимдалыг хөгжөөж байна.

- Монгол улсын өнөөгийн дүр зургийг тоогоор илэрхийлж өгсөн Танд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Энэ тоон дээр тулгуурлаж, Монголын төр, засаг зөв шийдвэр гаргадаг болоосой л гэж хүсье.

-Урьсанд баярлалаа. Дээр доргүй тоог уншиж, зөв шийдвэр гаргахад Та бүхний үүрэг ч бас өндөр. Улсынхаа хөгжлийн төлөө нэг сэтгэлээр зүтгэж, тоон үзүүлэлтээ хамтдаа дээшлүүлье.

 

 

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:gar deeree mongogui, chog tuugeedel baidag ,toon uzuulelteeree mongoliin amidral dajgui geed baidag yaaj too bodoch deer iim baidag um bolooo 2018-11-10
zochin:Evee emee eejiinxee achaar suruuli tegssen bolood baaxan oilgomjgyi toon yzyylelt xiisen nexer l baina daa 2019-02-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?