"Единая Россия" форумын үеэр "Шинэ цагийн Оросын тосгон" хэлэлцүүлэгт оролцох үеэр Оросын ерөнхий сайд Д.Медведев ингэж хэлсэн байна. Эдийн засгийн хориг нэг өдөр цуцлагдана, тэр үед "Орос улсад үйлдвэрлэв" шошго бүхий Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай болсон байх ёстой гэж тэр мэдэгдлээ. Бид гадаад зах зээлээ тэлэх шаардлагатай. Тэгэхийн тулд өндөр чанар, хямд үнийг дэлхий нийтэд санал болгоно. Бид нар гаднаас баг оруулж ирж, гадагшаа ихийг гаргах бодлого баримтална. Орос орон өөрийгөө тэжээх бүрэн чадвартай. Фермерийн аж ахуй болон, газар тариалан эрхлэгчдийн оролцоогүйгээр энэ бодлогоо хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг ерөнхий сайд тодотголоо. Тиймээс, фермерийн аж ахуй эрхэлж буй залуу гэр бүлд зориулан 7 тэрбум рублийг 2016 онд төсөвт тусгасан байна. Газар тариалан эрхлэгчдэд зориулан, техникээ шинэчлэх, зоорио өргөсгөж сайжруулахад нь зориулж 900 сая рублийг мөн тусгажээ. Мөн газар тариалан, фермерийн аж ахуй эрхлэгчдэд зориулсан урт хугацааны, хямд зээлийг олгохоор Засгийн газраас шийдэж, хүүг нь 5 % -иас хэтрүүлэхгүй байх заалт оруулж өгснөө мэдэгдлээ. Хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэгчдэд зориулан 215 тэрбум рублийг 2016 оны төсөвт суулгасан байна. Шаардлагатай бол төсвөө нэмэх ч болно гэж тариаланчид, фермерүүдтэй уулзахдаа Медведев хэллээ. Ийм л зүйлийг манай хойд хөршийн удирдлагууд ярьж шийдэж байна. Ямар шийдвэр гаргаснаа, ямар бодлого хэрэгжүүлж байгаагаа ийнхүү илэн далангүй ярилаа. Тариаланчид, фермерүүд итгэл дүүрэн ажилдаа гарцгааж байна. Оросын удирдлага дэмжсэнийхээ хариуд ганцхан зүйлийг нэхэж байна. Энэ бол өндөр дээд чанар, хямд үнэ. Гадаад зэх зээлд нэвтрэх шалгуураа тэд тавьсан байна. Харин манайхан одоо болтол тодорхой бус.
Тоймч Д.ЭНХТҮВШИН