Ж.ТҮМЭНТУЛГА: ДОТООДЫН ЦЭРЭГ нь “Үндэсний аюулгүй байдлыг хангах“ тусгайлсан чиг үүрэгтэй төрийн цэргийн байгууллага

2019-11-13  

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулгатай ярилцлаа.

-Дотоодын цэргийн 805 дугаар ангийн үүх түүхээс хуваалцахгүй юу? Эндээс яриагаа эхэлье

-Дотоодын цэргийн 805 дугаар анги үүсгэн байгуулагдаад 84 жил болж байна. Дотоодын цэргийн ууган анги.  Анх БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын 1935 оны 8-р сарын 29-ны өдрийн 321-р тушаалаар “Дотоодын цэргийн тусгай салаа”-наас улбаатай бөгөөд Дотоодын явдлын яамны сайдын 1945 оны тушаалаар “Хамгаалах хороо” БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1979 оны тогтоолоор “Харуулын тусгай хороо”, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1979 оны нууц тогтоол, Сайд нарын зөвлөлийн 1979 оны тушаалаар УЦСЕГ-ын 0230 дугаар тусгай хороо” ЦЕГ-ын даргын 1992 оны тушаалаар “Дотоодын цэргийн 805 дугаар анги, мөн даргын 2014 оны тушаалаар Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Олон нийтийн авулгүй байдлыг хангах бүтцэд шилжүүлж, Хамгаалалтын гуравдугаар газар болгон байгуулалтын нэрийг өөрчилсөн. Анх фронтоос олзлогдсон, хил давсан этгээдийг харгалзан хамгаалахаарүүргийг гүйцэтгэдэг байсан бол, 1945 онд чөлөөлөх дайнаас олзлогдсон Японы цэргүүдийг харгалзах үүргийг гүйцэтгэж байсан түүхтэй. 

Харин өнөөдрийн байдлаар манай анги Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хангаж, улсын онц чухал объектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшиг, аюулт үзэгдэл, осол аюул тохиолдсон үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх,  зарим обьектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч ачаа тээшийг харгалзан хүргэх зэрэг үндсэн үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.

Тухайлбал, улсын онц чухал объектуудын нэг болох “Усны хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж”-ийг хамгаалах нь хариуцлагатай бөгөөд хүнд ажил. Учир нь нийслэлийн нэг сая гаруй иргэдийг эрүүл, аюулгүй усаар ундаалахад Монгол Улсын Дотоодын цэрэг 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Дотоодын цэрэг нь тайван цагт бие даасан үүрэг гүйцэтгэдэг бөгөөд дайны байдлын үед зэвсэгт хүчний бүтцэд үүрэг гүйцэтгэдэг нь бусад хууль, хүчний байгууллагаасаа онцлогтой. 

ЦЕГ-ын дарга Дотоодын цэргийн командлагч С.Баатаржав “Эх орон тайван, иргэд амар амгалан, онцгой объект зөрчилгүй өглөөг угтвал тэнд эгэл баатрууд чимээгүй тулаанд, тэвчээр, тэмцлийн дүнд ялсан нь тэр” гэж хэлсэн байдаг. Энэ бол яахын аргагүй үнэн үг. Манай алба хаагчид хариуцлагатай, дайчин, шантрашгүй зан чанарын хүчээр л энэ ажлыг гал алдахгүй үргэлжлүүлж байна. 

-Дотоодын цэргүүд улсын онц чухал объектыг хамгаалдаг шүү дээ. Онцгой обьектыг хамгаалах үйл ажиллагааны тухай сонирхуулахгүй юу?

-Монгол Улсын Засгийн газраас тогтоосон онцгой ач холбогдол бүхий байгууллага, үйлдвэр, барилга байгууламжийг Улсын онц чухал обьект гэдэг. Обьектын хамгаалалт гэж улсын онц чухал обьектын хэвийн ажиллагааг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хамгаалж байгаа обьектод нэвтрэх хүн, эд зүйл, тээврийн хэрэгслийг шалгах, хамгаалалтын бүсэд тогтоосон дэглэм, журмыг сахиулах цогц үйл ажиллагааг ойлгодог.

Дотоодын цэрэг дэлхийн олон оронд байдаг. Жандармери, үндэсний гвард, зэвсэгт цагдаа гэх мэтчилэн өөр өөр нэршилтэй боловч гүйцэтгэж байгаа чиг үүргийн хувьд манайхтай ижил төстэй. Аль ч орны дотоодын цэрэг улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаа, хууль сахиулах салбарын байгууллагуудтай харилцан ажиллаж, террорист халдлага, үймээн самуун гарсан үед дэг журам тогтоох, сөрөг тусгай ажиллагаа явуулахаас гадна улсын онц чухал объектыг хамгаалах, томоохон осол, сүйрэл, байгалийн гамшиг тохиолдсон үед сэргээн босгох, хорио цээрийн дэглэм сахиулахад дэмжлэг үзүүлж ажилладаг чухал алба.

Тийм ч учраас УИХ-аас 2017 онд Дотоодын цэргийн тухай хуулийг шинээр баталснаар дахин байгуулсан. Дотоодын цэрэг нь тайван цагт мэргэжлийн бие даасан үйл ажиллагаа явуулж, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн цэргийн байгууллага.

-Улсын онцгой объектыг хамгаалж байгаа алба хаагчдын ажиллах нөхцлийг хэрхэн сайжруулсан бэ?

Албан үүрэг гүйцэтгэх орчин нөхцлийг сайжруулах тал дээр ЦЕГ болон Дотоодын цэргийн штабаас анхаарч ажилладаг. Улсын онц чухал объектын хамгаалалтын стандарт гэж байдаг. Үүний дагуу тоног төхөөрөмж, тохижилт, бичиг баримтууд, халуун дулааныг нь хүртэл бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Өнөөдөр алба хаагчид маань стандарт хангасан байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж хэлж болно. Өвлийн хүйтэнд, зуны халуунд гадаа зогсож байгаа алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хангах, шаардлагатай тоног төхөөрөмж, тусгай хэрэгсэл, хувцсаар хангах нь сайн ажиллах нэг үндэс гэж хэлж болно.

Алба хаагчид руу чиглэсэн бие бялдарыг хөгжүүлэх, соён гэгээрүүлэх, сахилга хариуцлагын зөрчил гаргахгүй байх тал дээр анхаарч, урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг. Алба хаагчиддаа төр засгийн бодлого болон удирдлагаас өгсөн шийдвэрийг танилцуулах, алба хаагчидын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэрийн сургалт, ухуулга сурталчилгааны ажлыг  түлхүү зохион байгуулж байна. Мөн ЦЕГ-аас зохион байгуулж байгаа “Зөв хэвшил, хандлага” аяны хүрээнд алба хаагчид руу чиглэсэн олон ажлыг зохион байгуулж байна.

-Ирэх жилээс хугацаат цэргийн алба хаагчдыг татан авна гэж байсан. Энэ талаар тодруулбал?

-2020 оноос хугацаат цэргийн алба хаагчдыг хүлээн авах ажилтай холбоотой бэлтгэл ажлууд хийгдэж байна. Хугацаат цэргийн алба хаагчдыг байрлуулах цэргийн байр шинээр барих ажлыг төлөвлөөд байна. Мөн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх олон ажлыг төлөвлөсөн. Дотоодын цэргийн 805-р анги маань үүсгэн байгуулагдсаны түүхт 85 жиийн ой 2020 онд тохионо. Улсын онц чухал болон бусад объектыг хамгаалалтад орчин үеийн дэвшилтэт техник хэрэгслийг нэвтрүүлэх, хугацаат цэргийн алба хаагчид байрлах цэргийн байр, шинээр барих ажлыг төлөвлөн үе шаттайгаар хийж байна. Энэ дашрамд удахгүй болох Дотоодын цэргийн түүхт 85 жилийн ойн мэндийг ахмад дайчид болон алба хаагчиддаа хүргэе.

-Та энэ албанд хэд дэх жилдээ зүтгэж байна вэ?

Миний хувьд бага байхаасаа л энэ мэргэжлийн сайханд дурлаж өссөн. Манай өвөө цэргийн хүн, Хатанбаатарын цэрэгт туг баригчаар явж байсан гэдэг. Нагац нар маань бас цэргийн хүн байсан юм. Тэгээд багаасаа л цэргийн хүмүүсийн дунд өссөн хүн болохоор цэргийн хүн болохыг мөрөөдөж энэ мэргэжлийг сонгосон. Хугацаат цэргийн албанд 1995 онд татагдаж ирээд л энэ албанд эргэлт буцалтгүйгээр орж, энэ мэргэжлээр өдий хүртэл ажиллаж байна. Хилийн цэргийн дээд сургуулийг командын мэргэжлээр, Батлан хамгаалах их сургуульд команд оператив тактик мэргэжлээр, мөн ОХУ-д Дотоод явдлын академид суралцаж төгссөн.

Энэ албанд 24 жил зүтгэхдээ харуулын дарга, салааны дарга, салбарын орлогч ротын орлогч, ротын захирагч гэх зэргээр анги байгууллагын дотоодод байдаг бүхий л албан тушаалыг хашиж үзсэн дээ.  Дотоодын цэрэгт байлдагч цолоос хурандаа цол, жагсаалын цэргээс ангийн захирагч хүртэл ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хийж байсан ажлаас Ротын захирагч байсан үе минь их сайхан санагддаг юм.  Залуу насны эрч хүч, бяр чадал шаардсан ажил шүү дээ. Тэр цаг хугацаанд олон аавын хүүхдүүдийг Монгол Улсын үндсэн хуулиар цэргийн албаа хаалгаж, эр цэрэг болгон хүмүүжүүлсэн.

Энэ албыг сонгосондоо өдөр бүр бахархалтай  байдаг. Миний хариуцаж байсан рот 2001 онд цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудаас ажил үйлсээрээ тэргүүлж Тэргүүн байр эзлэж, ЦЕГ-ын Тэргүүний хамт олон болж байсан. Мөн тэргүүний аварга хамт олон болж байлаа. Энэ цаг мөчүүдэд тухайн ротын хамт олонтойгоо хамт байсандаа маш их бахархдаг. Түүнчлэн улс орны дотоод аюулгүй байдлын төлөө өдөр бүр л энэ биеэ зориулан ажиллаж байгаа алба хаагчидтай мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа баяртай байдаг.

Энэ завшааныг ашиглан Улс эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж хамтран ажиллаж байсан ахмад дайчид, одоо ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүндээ энэ өдрийг мэндийг хүргэе.

-Ярилцсанд баярлалаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Комментатор нэвтрүүлгийн шинэ оны баярын дугаарт ямар зочин оролцуулах хүсэлтэй байна вэ?