Монгол улсын бэлчээрийг үлийн цагаан оготно " залгижээ". Газар оволзож буй мэт харагдах болсон үлийн цагаан оготныг хүчрэхээ больсон. Устгал ч үр өгөөж муутай. Тиймээс хээрийн болон тал хээрийн бүсийн 17 аймгийн 40 сая га бэлчээрт үлийн цагаан оготно тархжээ. Өөрөөр хэлбэл нийт бэлчээрийн 35.5 хувьд үлийн цагаан оготно ноёрхлоо тогтоожээ. Хамгийн түгшүүртэй нь, эрдэмтэн судлаачдын судалгаагаар үлийн цагаан оготны тархалт цаашид улам нэмэгдэж, уулархаг нутаг руу тэлэх хандлагатай байгаа юм байна. Хэдийгээр сүүлийн арван жилд улсын төсвөөс 13 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж, 6.3 сая га талбайд үлийн цагаан оготныг устгах арга хэмжээг зохион байгуулсан нь үлийн цагаан оготно тархсан бэлчээрийн дөнгөж 1.3 хувьтай тэнцэж байгаа аж. Энэ онд улсын төсвийн 1.7 тэрбум төгрөгөөр 12 аймгийн 512.1 мянган га талбайд үлийн цагаан оготныг устгах ажлыг энгийн механик болон микробиологийн аргаар, дөрвөн аймгийн 90 мянган га талбайд царцаатай тэмцэх ажлыг зохион байгуулсан байна. -Хор өгч буй. Түүнийг нь малчид бид цацаж буй. Тэр нь хаанаа ч хүрэхгүй байгаа. Тиймээс малчид бид өөрсдийн хөрөнгөөр хор авч цацаж, дор бүрнээ тэмцэж буй. Тэгэхгүй бол үлийн цагаан оготно малын бэлчээрээр зогсохгүй, гэр оронд ч үүрлэчих гээд байна. Бэлчээрийг устгаж, газар хөндийлэх тул үхэр, адуу зэрэг бод малын хөл хугарах нь их болсон гэж Өвөрхангай аймгийн Бүрд сумын малчин Сугар өгүүлж байна. Мөн өвс, ургамалгүй болсон хонь мал ч , хулгана идэх нь хэвийн үзэгдэл болсон байна.
О.Гоо-Оюун