“Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэдэг зүйрлэлийг амьдрал дээр хамгийн бодитоор туулж яваа хүн бол “Анод” банкны үүсгэн байгуулагч Д.Энхтөр. Цагтаа Монголын топ банкуудын нэгийг удирдаж, санхүүгийн салбарт толгой цохиж явсан тэрбээр нэг л өдөр хорвоогийн хатуу үнэнтэй нүүр тулсан. Эрүүл байхад болно доо гэдэг. Гэвч эдийн засгийн эрх чөлөөгөө боомилуулах бас л нэг зовлон. Тэнгэрт л нисч байдаг шонхор газарт хүчтэй унах гэдгийг “Анод”-ын Д.Энхтөр өөрийн биеэр туулж явна. Үнэнхүү тансагаас үгээгүй ядуу амьдралд унасан түүнтэй уулзах амаргүй байлаа. “Тэнгэрийн амьтан” байхдаа ч хэвлэлээс хол байсан тэрбээр одоо цагт бүр ч хаалттай байх нь мэдээж. Ямартай ч бид ганц “Анод” биш, ард түмний эрх ашгийн төлөө “Оюу толгой”-г ч бас ярилцъя гэдэгт санал нэгдсэн.
Нэг л зүйл ойлгомжтой байлаа. Тэр бол зүгээр нэг эр биш. Цагтаа цалгиж явсан, цаг нь ирвэл босч чадах тэнхээтэй ухаантан. Нэгэн цагт Монголын санхүүгийн салбарт тоглолт хийж явсан тэрбээр яах аргагүй манай урдаа барьдаг лидерүүдийн нэг юм. Лидер гэж хэн бэ? Лидер гэж хүчирхэг удирдагч, улсдаа тэргүүлэгч сэхээтнүүдийг хэлэх биз ээ. Бас агуу хүмүүс унаж босч, хорвоогийн хамаг бүхнийг туулсан байдаг. Магадгүй тэр эгэл биш учраас тэмцэлгүй амьдрал түүнд зохихгүй байсан биз.
“Анод” банкны 1 номерийн хүн байсны хувьд банкаа дампууруулсан хүн нь би гэдгээ хэлье
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Анод” банкны үүсгэн байгуулагч Энхтөр захиралтай өмнө нь уулзаж байсангүй. Харин Гүр-Аранз, Даваа захиралтай ярилцлага хийж байлаа. Та ер нь хэвлэл мэдээллээс хол хүн байх шүү?
-Тийм ээ, би 2005 оноос хойш ичээндээ орсон мэт чимээгүй амьдарч байна. 2005 онд банкны захирлын ажлаа өгч, ТУЗ-ийн дарга болсон. Тэр цагаас хойш ерөнхийдөө өдөр тутмын ажилд оролцохгүй, гадаад харилцаа тал руугаа анхаарч Монголын нийгмээс хөндийрсөн гэх үү дээ. Хүмүүстэй уулзахгүй, уулзах ч шаардлагагүй болсон. Дараа нь 2008 оноос 2015 онд банкны асуудал үргэлжилж, бүр ч олон нийтээс хөндийрсөн. Хэцүү нэртэд байж байгаад гарч ирэхэд таних хүн бараг байхгүй болсон. Идэвхитэй амьдралаас хөндийрөөд яг 10 жил өнгөрчээ. 10 жил гэдэг урт хугацаа шүү дээ. Хүмүүстэй сайн байна уу гээд утсаар ярихад “Ямар Энхтөр билээ” гэдэг болсон байна. Их урт хугацаа. Гарч ирээд бас 4, 5 жил өнгөрчээ. Энэ хугацаанд гэрээсээ бараг гарахгүй байдалтай байлаа даа.
-Та бүхэн хэцүү нэртэд хоёр жил гаруй хугацаанд байсан байх аа?
-Мөрдөн байцаалтад 3 жил болсон. Хэцүү нэртэд гурав, дөрвөн удаа орж, гарсан. Сүүлдээ тэндэхийн хүн шиг л болж билээ. Дуудахад нь очдог, ажил хийж ч болдоггүй. Тэгж байгаад 3 жилээр тас гээд л буулгачихсан.
-Танай банкийг төр дээрэмдсэн гэж ярьдаг. Улс төрийн зорилготой дампууруулсан гэдэг үнэн үү?
-Би тэгж бодохгүй байна. Маш их нөхцөл бүрдэж байж дампуурсан. 68-ийн татвар гэгч бий болж, алтны салбар дампуурна гэж би зүүдлээ ч үгүй явлаа. Гол нь үүнтэй холбоотойгоор дампуурах шалтгаан болсон болов уу. Учир нь манай банк алтны салбарынхантай их ойрхон ажилладаг байлаа. “Оюу толгой”-н гэрээ ч хийгдэж, их мундаг хөтөлбөр хэрэгжиж эхэллээ дээ гээд итгэл дүүрэн байсан үе. Үнэндээ дампуурлын тухай зүүдэлж ч явсангүй. “Оюу толгой” руугаа үхэр буугаар буудчихна гэж хэн санах билээ.
Банкны дампууралд хамгийн түрүүнд бидний хариуцлагагүй ажиллагаа нөлөөлсөн. Би “Анод” банкны 1 номерийн хүн байсны хувьд өөрсдийн хариуцлагагүй байдал дампуурахад нөлөөлсөн гэж хариуцлагатай хэлье. Түүнээс нэг улс төрийн нөхөр “Анод”-ыг алаад өгье гэсний төлөө уначихдаг юм биш. Яах вэ, тэр нөлөөлсөн байж болно. Бид тэнсэн аваад гарах байсан бол 3 жилийн ял авдаг ч юм уу. Улс төрийн хамгаалалт байгаагүй гэх мэтээр улс төр нөлөөлсөн байж болох юм. Тухайлбал саяхан Капитал банкны нөхөр аавын хаалга татах шахсан. Энэ хүн улс төрд нөлөөтэй байсан учраас тогтлоо. Хэрэв бидэн шиг нөлөөгүй байсан бол орчих л байсан. Ганцхан улс төр ч нөлөөлөөгүй. Дэлхийн эдийн засгийн уналт, “Оюу толгой”, Алтны 68 хувийн татвар гээд олон зүйлээс “Анод”-ын дампуурал шалтгаалсан.
Би өөр дээрээ бүх бурууг өгдөг. Тухайн удирдаж байгаа хүний стратеги ямар байсан, энэ эрсдэлийг яах вэ гэдгийг дутуу тооцоолсон. Эсвэл тэр эрсдэлд бэлэн биш, нэг бол бүр мэдэхгүй, чадваргүй байснаас банкаа дампууруулсан хүн нь би. Зуд болоход туранхай мал хамгийн түрүүнд үхдэг. Надад тийм л зүйл тохиолдсон.
Улс төртэй ойр байж, С.Баяртай төө зайгүй байсан бол яах ч байсан юм билээ.
-Банк дампуурах нь хэр хэвийн үзэгдэл вэ. Монголд олон банк дампуурсны нэг нь “Анод”. Танай дараа “Зоос” бас дампуурсан?
-2007, 2008 оны хямрал болж, дэлхий нийтээр аймшигтай зүйл болсон. АНУ-ын 400 орчим банк дампуурч, Исланд гээд бүхэл бүтэн улс дампуурсан шүү дээ. Юун Анод вэ, Исланд улс дампуурсан шүү дээ. Исланд бол Европын мундаг улс байсан. Мөн Оросууд маш хүнд байдалд байсан. Путин тулдаа засгийнхаа эрх мэдлийг ашиглаад гарсан. Хятадууд ч ялгаагүй, өчнөөн банк нь унасан. Ингээд дэлхий нийтээрээ хүнд байдалд орж, “Анод” ч дампуурсан. Гэхдээ өөрийн чинь хэлдэгээр улс төртэй ойр байж, С.Баяртай төө зайгүй байсан бол яах ч байсан юм билээ.
-Та бусдад бурууг өгөхөөс илүү өөртөө л бүх бурууг авдаг юм байна. Гэхдээ харамсдаг уу?
-Миний 18 настай хүү онлайнаар сурдаг юм. Одоо ч юм хөгжөөд сайхан болж. Хүү маань надад зөвлөхдөө “Аав аа, та өнгөрсөн зүйлийг таг хая. Авахыг нь аваад, хаяхыг нь хая. Ирээдүйгээ бод” гэдэг. Интернетээс харж байхад ерөөсөө л өнгөрсөндөө бүү бай, ирээдүйдээ оч гэдэг юм билээ. Өнгөрсөндөө амьдардаг бол тэгээд л баларна. Өнгөрснөө бодоод ирээдүйд тийм эрсдэл гарч магадгүй гэхээр өнөөдөртөө уначихдаг. Гурван фронт дээр байлддаг тийм мундаг хүн ер нь байдаггүй гэнэ. Амжилтад хүрсэн хүн өнөөдөртөө байлдаж байж амжилтад хүрдэг байна. Тиймээс би өнгөрсөндөө харамсдаггүй. Мэдээж баригдаад явж байхад хэцүү байсан. Гэхдээ энэ бүхэн түүх болж үлдлээ. Хэн ч байгаа нөхцөлдөө дасдаг л байхгүй юу.
Үргэлжлэлийг "People of mongolia" сэтгүүлийн шинэ дугаараас уншаарай.
Tel: 88118804