ХАРИУЦЛАГАГҮЙ КОМПАНИУДЫН ТОЛГОЙГ МОНГОЛЫН ШҮҮХ ИЛЭХ ҮҮ, ЭСВЭЛ...

2019-12-12  

Тусгай зөвшөөрөл эзэмших эрхгүй нь БАТЛАГДСАН  компаниуд Засгийн газрыг ШҮҮХЭД өгчээ

Монголын эдийн засгийн тэнхээ тамир  уул уурхайн салбараас хамаарч буйтай хэн ч маргахгүй. Гэхдээ энэ нь ХАРИУЦЛАГАГҮЙ уул уурхайг зөвтгөх үндэслэл биш гэдгийг Zindaa.mn сайт өнгөрсөн хугацаанд олон нийтлэл, бичвэрүүдээр хөндсөн билээ. Төр,  хувийн хэвшлийн аль нь ч байсан газрын доорх баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиг орлого олохдоо байгаль орчинд заналхийлэх эрх байхгүй. Уул уурхайн салбарын үйл ажиллагаа хууль, журмын хүрээнд явагдаж буй эсэх, уул уурхай эрхлэгчид  хариуцлагаа ухамсарлаж буй эсэхийг төрийн байгууллага шат шатандаа хянаж байх ёстой л доо. Харин манай тухайд өнгөрсөн олон жилүүдэд төр засаг энэ чухал үүргийг ор нэрийн төдий “үүрч” ирснийг нөхцөл байдал батална.

Баримт хэлье. 1994-2017 оны хооронд нийт 16,175 ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар 1,491 байршилд уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрч, эзэнгүй орхигдсон, нөхөн сэргээх шаардлагатай нийт 9,381.4 га талбай байгаа юм. Нөхөн сэргээхэд хамгийн багадаа 187.7 тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг БОАЖЯ-наас мэдэгдсэн. Тэгэхээр энд дурдагдаж буй тоон үзүүлэлт Монголын төр засаг цаашид уул уурхайг хариуцлагажуулахад дорвитой шийдвэрүүд гаргаж, бодитой ажиллах шаардлага тулсныг харуулж байгаа юм.

Түүнчлэн  Засгийн газраас хариуцлагатай уул уурхайг дэмжих, эвдэрч орхигдсон талбайг багасгах, нөхөн сэргээх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан, УИХ-аар  батлуулсан. Тэгснээр байгаль орчинд хортой нөлөөлсөн буюу байгалийн баялгийг бохирдуулсан, гэмтээсэн, сүйтгэсэн, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй хуулийн этгээдэд хариуцлага тооцож, тусгай зөвшөөрлийг цуцлах эрх зүйн орчин бүрдсэнийг тодотгоё.

Уншигч эрхэм та санаж буй бол хариуцлагагүй уул уурхай эрхлэгчдийн үйлдлээс болж Орхон гол улаанаараа эргэж буйг төр засагт сануулсан мэдээллүүд хэвлэлүүдийн хуудаснаа өнгөрсөн жилүүдэд олон л гарч байсан. Тэгвэл дээрх хууль батлагдсанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны  А/425 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “Хариуцлагагүй” уул уурхай эрхэлж байсан хуулийн этгээдүүдэд хариуцлага тооцох боломж бүрдсэн юм. Хариуцлага ч тооцсон. Гэтэл хууль журам мөрдөлгүй, тусгай зөвшөөрлөө цуцлуулсан компаниуд нийлж нэгдэн шүүхэд гомдол гаргасан тухай мэдээлэл бидэнд ирлээ. Тиймээс тэдгээр компаниуд чухам яагаад тусгай зөвшөөрөл эзэмших ЭРХГҮЙ болсныг бататгах баримтуудыг хүргэх нь зөв биз ээ.

Тодотгоход, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 11 үндэслэлийг 56.1.1-56.1.11 заалтад тодорхой тусгасан байдаг бөгөөд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах эрх нь Ашигт малтмал, газрын тосны газарт байдаг.

Тиймээс Ажлын хэсгийн зүгээс  Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлтийг гарган Ашигт малтмал, газрын тосны газарт (АМГТГ) хүргүүлсэн. Дүгнэлт гаргахад нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэх ёстой байдаг. Тэгвэл Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар 2019 оны наймдугаар сарын 20-ны өдөр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад Хүсэлт хүргүүлсэн байдаг. Мөн Гурвантэс сумын Засаг дарга Монгол Улсын Шадар сайдад хүргүүлсэн албан хүсэлтдээ нутаг орондоо үүсээд буй нөхцөл байдлыг өгүүлсэн байдаг. Засаг дарга нарын хүсэлтийг хавсаргав.

Улмаар БОАЖ-ын Сайдын 2019 оны А/425 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 56.1.5 дахь заалт, Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 1-2103 тоот албан бичиг, тус аймгийн Гурвантэс сумын засаг даргын 2019 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 1/302 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн доорх найман  аж ахуйн нэгжийн 10 тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг Уул, уурхайн хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн байдаг.  Үүнд:

  • Мөн Ажлын хэсгээс “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 56.1.5 дахь заалт, Архангай аймгийн Засаг даргын 2019 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн дараах  11 аж ахуйн нэгжийн 13 тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг Уул, уурхайн хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлсэн.

Ашигт малтмал, газрын тосны газар хуулиар олгогдсон эрх хийгээд үүргийнхээ хүрээнд тухайн орон нутагтаа байгаль орчныг бохирдуулж, байгаль орчныг хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй  дээрх 20 аж ахуй нэгж, байгууллагын нийт 23 тусгай зөвшөөрлийг цуцалсан юм.  Түүнчлэн Засгийн газраас хүчингүй болсон ашигт малтмалын талбайг нинжа нараас хамгаалах, нөхөн сэргээх, байгаль орчны хяналтыг орон нутагт эрчимжүүлэх зорилгоор материаллаг баазыг сайжруулахад шаардлагатай санхүүжилтийг шийдэн, гаргасан шийдвэрээ бодит ажил болгоход анхааран ажиллаж байгаа.

Тэгвэл бидэнд ирсэн мэдээллээр дээрх аж ахуйн нэгж, байгууллагууд Монгол Улсын Засгийн газрыг тусгай зөвшөөрөл хууль бусаар цуцалсан гэх үндэслэлээр захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад байгаа юм байна.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Гурвантэс суманд Тост, тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж байсан “ЕАИ” ХХК, “Өмнийн говийн баялаг” ХХК, “Булаг сүүж майнинг” ХХК, Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан “Улз групп” ХХК, “Голден хаммер” ХХК, “БМНС” ХХК, “Алтай голд” ХХК, “Эрдэнэсийн хотхон” ХХК, “Гурван хайрханы асар” ХХК-иуд БОАЖЯ-ны гаргасан дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Тост, Тосон бумбын нурууг талхилуулахгүй авч үлдэхийн төлөө сэтгүүлчид, Иргэний нийгмийн байгууллагууд уйгагүй тэмцсэнийг сануулахад илүүдэхгүй байх.  “Де Нейче Консерванс” олон улсын байгууллагаас Монгол орны өмнийн говьд экологийн бүс нутгийн үнэлгээ хийхэд  хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай, экологийн хувьд чухал ач холбогдолтой газрын тоонд Тост, Тосон бумбын нуруу орсон байдаг.  Дэлхийд нэн ховор, тэр дундаа Монгол орны говийн бүсэд тархац нутаг нь хумигдаж буй цоохор ирвэсийн сүүлчийн өлгий нутаг гэж тодотгосон энэ газар орныг Монголын  Засгийн газар  хамгаалах шийдвэр гаргасан. Харин одоо  Монголын шүүх хэрхэх нь анхаарал татаж байна. 

 Хэрэв  шүүх компаниудын нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд юу болох вэ гэдэг асуулт  гарч байна.  Тэгвэл хуулийг гууль болгосон  аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрөл сэргэснээр өнгөрсөн хугацаанд НИЙГМИЙН СЭДЭВ болсон байгаль орчны асуудал дахин хурцаар тавигдах болно. Засгийн эсрэг гомдол гаргасан компаниудын нэг болох “Монгол Газар” гэхэд 17 жил Монголын хөрсийг сэндийчиж, гол усыг бохирдуулсан хэрнээ улсад төлсөн татварын хэмжээ нь 3 тэрбум ч хүрэхгүй байгаа нь яах аргагүй анхаарах л ёстой асуудал.


  КОМПАНИУДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН ҮНДЭСЛЭЛҮҮДИЙГ ДАРААХ БАРИМТУУДААС ХАРНА УУ. 

 

 

Шүүхэд хандсан  компаниуд Засгийн газраас сул зогссон хугацааны төлбөр, цаашлаад нөхөн төлбөрийг нэхэмжилж таарна. Тэгэхээр байгаль орчин, экосистемд эрсдэл учруулсан компаниуд эргээд татвар төлөгчдийн мөнгийг “хохирол” нэрээр халааслана гэсэн үг. Хамгийн гол эрсдэл нь байгаль орчны асуудал юм. Мөн шүүх байгууллага энэ төрлийн шийдвэрийг аж ахуй нэгжийн талд гаргах нь авилгын индекст сөргөөр нөлөөлдөг гэдгийг олон улсын кейсүүд, өнөөдрийн манай нөхцөл байдлаас бэлхнээ харж болно.

Сануулахад, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулсан  Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, ЗГХЭГ-ын дарга нарын багтсан Ажлын хэсэг Монгол Улсад олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийн олголтод дахин хяналт тавих, бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, лиценз олгохдоо хууль зөрчсөн байх магадлалыг шалгах үүргийг нийгмийн өмнө хүлээгээд буй. Өнгөрсөн олон жилүүдэд уул уурхайн салбарыг мөнгө гэдэг утгаар нь л хараад, өөгшүүлээд, үр хойчдоо үлдэх нутаг орноо гаргуунд нь хаясан төрийн харалган бодлогыг өөрчлөх, залруулах чиглэлд ажиллаж байгаа гэж харах үндэслэл бий. Түүнчлэн  нэхэмжлэл гаргасан компаниудын толгойг Монголын шүүх илэх үү, эсвэл хариуцлагагүй үйлдлийг нь тод сануулаад буцаах уу гэдэг нь удахгүй тодорхой болох нь.

.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?