“СУРГУУЛИЙН ОРЧИНДОО МОД ТАРЬЖ” АРЧИЛГАА, УСАЛГАА САЙН ХИЙСЭН СУРГУУЛИУДАД ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

2019-12-26  

Монгол Улсын Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 2019 оныг “Ойн боловсрол”-ыг дэмжих жил болгон зарласан байдаг. Үүнтэй  холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас  “Сургуулийн орчиндоо мод таръя” аяныг 2019 оны 05-р сарын 08-ны өдөр зохион байгуулж, нийслэлийн 9 дүүргийн 78 сургуульд тус бүр 100 нарс модны суулгацны дэмжлэг олгосон. Эдгээр суулгацыг тарьж, арчилж ургуулсан байдлаар нь буюу амьдралтын хувь, жилийн өсөлтийнх нь үзүүлэлтээр 2019 оны намар дүгнэж шилдэг сургуулиудыг шалгаруулан өнөөдөр /2019.12.26/  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат  урамшуулал, шагналыг гардууллаа.

Сургуулиудын тарьсан модны арчилгаа, усалгаа, ургалтыг дүгнэх ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12-р сарын 03-ны өдрийн А/771 тоот тушаалын дагуу ажлын хэсэг зохион байгуулсан.  Нийт сургуулиудаас  Хан-Уул дүүргийн 34-р сургууль , Чингэлтэй дүүргийн 72-р сургуулийн тарьц 55-65 хувийн ургалттай байна.

1-р байр эзэлсэн 34-р  сургуульд 3,0 сая, 2-р байр эзэлсэн  72-р сургуульд 1,5 сая төгрөгийн мөнгөн шагналыг гардуулж байгаа бөгөөд сургуулийн орчны ногоон байгууламжийн арчилгаа, усалгаанд зарцуулах юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 онд 21 аймаг, 9 дүүргийн нутаг дэвсгэрт тус бүр 3,5 га талбай бүхий модлог ургамлын цэцэрлэгийг байгуулсан. Ногоон паспорт аяны хүрээнд өсвөр үеийнхнийг байгаль орчныг хамгаалах, цөлжилт, элсний нүүдэл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг мод тарих ажилд биечлэн оролцох, улмаар ойг танин мэдэх, ойн мэргэжлийг сонирхон судлахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулсан энэхүү бичил цэцэрлэг нь тухайн бүс нутгийн онцлогт тохирсон 10-18 зүйл модлог ургамлаас бүрдэх ба хашаа хамгаалалт, сүүдрэвч, иж бүрэн усалгааны системтэй учраас жил бүр өргөжүүлэн өсвөр үеийнхний оролцоотой мод тарих ажлыг зохион байгуулах бүрэн боломжтой. Мөн энэхүү бичил цэцэрлэгт жилийн аль ч улиралд тарьж, суулгах боломжтой далд үндэсний системтэй суулгац буюу бортоготой суулгацаар ойжуулж байгаагаараа онцлог юм. Энэхүү бичил цэцэрлэг нь суурин газрын оршин суугчдын эрүүл, таатай амьдрах орчныг бүрдүүлэх үүрэгтэй “хотын ой” гэх ойлголтод багтах ойн зурвас бөгөөд ой, моддыг танин мэдэх агуулгатай модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг юм. Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгийн тодорхой хэсгийг сайн дураараа мод тарих иргэд, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгөөр өргөжүүлэн хөгжүүлэхээр төлөвлөж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?