БИД БУРУУ ЮМЫГ ЗӨВ ГЭЖ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ

2016-04-27  

-Г.Ичинхорлоо гэх бүсгүй сошиалд идэвхтэй, сурсан мэдсэн юм ихтэй санагдаад ярилцахаар онцоллоо. Эхлээд өөрийгөө танилцуулаач?

Би 1994 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт xoтoд дунд сургуулиа төгссөн. Намайг 6 дугаар ангид байхад ардчилал өөрчлөлт шинэчлэл эхэлж байлаа. Аравдугаар ангид байхдаа математикийн улсын олимпиадад 3 дугаар байранд орсон энэ л миний хувь заяаг өөрчилсөн гэж боддог. Алгебрээр суурь сайн тавигдсан юм байсан тул МУИС-ийн банкны анги аваад 1994 онд хотод ирсэн л дээ. Дунд сургуульдаа онц сурдаг байсан хүн чинь хотод ирээд сул талуудаа мэдэрч эхэлсэн. Хичээлийн орчуулагдсан ном гэхээр юм байхгүй байгаа номоо хэрэглэж чаддаггүй байв. Номын санд очихоор оросыг авах уу, английг авах уу гээд асууна. Номын сангаас гадаад ном аваад дэмий л үүрээд явдаг байлаа. Ингээд явахгүй нь ээ гэж бодоод гадагшаа л явъя гэж бодсон. Тэгээд нэг болон 3-р курсдээ англи хэл сурах гэж 2 жилийн чөлөө авч байлаа.

-Зөвхөн хэл сурах зорилгоор чөлөө авсан хэрэг үү?

Тийм ээ. Би МУИС-д 6 жил данстай явсан. Гурван сарын хэлний курст их сургуулийн заадаг англи хичээлдээ нэмэлт байдлаар сууж үзлээ. Ингээд явж байтал 3-р курсдээ Лондонд aнгли хэлний курст 3 сар явуулна гэсэн зар олж харсан. Тэр үед манайх нэг их баян байгаагүй ч,  аав маань хувиараа эрхлэх аж ахуй эрхэлдэг байсан. Гэрийнхэндээ энэ шийдвэрээ утсаар хэлэх зориг хүрсэнгүй шуудангийн машинд суугаад гэрээ зорьсон доо. Манай ангийнхнаас Герман, Орос явж байсан ч Англи явсан хүн байгаагүй. Гэнэт хүрээд очихоор ээж маань намайг жирэмсэн болчихсон юм болов уу гэж бодсон гэсэн. (инээв) Өглөө аавыгаа ирэхээр хэлж зөвшөөрүүлээд 3 сарын дотор шаардлагатай мөнгийг олох аянд аав маань зорьж зүтгэсэн юм.

-Хөдөөний охин анх гадаадад хөл тавиад юу бодогдов?

Лондонд очоод онгоцноос буухад нов ногоон газар харагдсан. Сургууль маань ЭСЯ-тайгаа их ойрхон.  Тэгээд харсан чинь дандаа гадныхан,  энэтхэг, африк, араб, пакистан. Нөгөө англичууд нь хаана байдаг юм болоо, буруу газар ирчихсэн юм болов уу гэж бодож байлаа. Эхний 14 хоногт сургууль, амьдрах байраа олсон. Хэлний мэдлэг муу болохоор “Ажил хайж байна” гэдэг үгээ цээжилчихээд ажил хайна, буцаагаад хариуг нь ойлгохгүй. “тийм”, “үгүй” гэдэг хариултуудийг нь бие, нүдний хөдөлгөөний илэрхийлэлээр нь л ойлгоод явдаг байлаа. (инээв) Эхлээд буудалд ажиллаж байсан. Тэндээ амьдраад, ажиллаад, хичээлдээ явна. Хамгийн гол нь хичээлтэй болохоор бусдаасаа 30 минутын өмнө ажлаа эхэлнэ. Гурван сар ажиллаад ингээд хэлний мэдлэг сайжрахгүй юм байна гэдгээ ойлгосон. Сургууль дээр багшаас өөр унаган англи хэлтэй  хүн байхгүй, ангийнхан ижил түвшнийх болохоор буруу зөвөө мэдэхгүй. Тэгээд визээ сунгуулсныхаа дараа нэгэн амралтын өдөр Оксфорд xот руу явсан. Тэр хотод англичууд их байсaн тул сэтгэл хоргодоод уналаа.  Тэгээд хайсаар “Mongolian Wok Bar” гээд том ширээтэй грилл хийдэг хонконг хятад хүний ресторанд хагас цагийн ажилд орсон. Энэ ажлын хөлс амьдрахад арай хүрэлцэхгүй тул хажууханд нь итали рестораны зараар бас давхар ажилд орлоо. Жилийн дараа Монголдоо ирж 4 дүгээр дамжаагаа төгссөн дөө. Төгсөөд бас л сэтгэлдээ хүртэл сурмаар байсан тул хөөцөлдөөд байгаад буцаад 2000 онд явсан.

-Гэхдээ сураад зогсохгүй ээж болсон тухайгаа номондоо бичсэн байсан. Хүний нутагт сурна, ажиллана бас ээж болно. Олон бэрхшээлийг давж туулсан байж таараа?

Дахиж oчоод удаагүй 3 сарын дотор ээж боллоо. Амьдрал өөр тийшээ эргээд явчихсан. Миний энэ үеийн амьдрал их ээдрээтэй бас адал явдалтай байсан. Энэ талаар номондоо бичсэн байгаа. Хүний нутагт сурах гээд явсан хүн чинь хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон ээж болсон доо. Мэдээж амар байгаагүй. Энд зөвхөн ном сурахаас гадна амьдралд суралцах хэрэгтэй байжээ гэж хүлээж авсан. Ажил, мэргэжил, мөнгө бол насных  биш. Харин хүүхэд бол насных бөгөөд бүхэл бүтэн амьд амьдрал байсан тул ээж болох сонголтыг хийсэн. Би хүүдээ “Чи ээждээ тэвчээр гэдгийг бүрэн утгаар нь ойлгуулсан шүү” гэж хэлдэг юм. Өөрөөр хэлбэл орчин нөхцөл бүрдээгүй, бэлтгэлгүй үед ээждээ ирж маш хэцүү байдалтай сонголтууд хийх шаардлагатай болсон юм. Тэнд жирэмсэн болон хүүхэдтэй хүнийг ямар ч байсан гудамжинд гаргахгүй хүүхдэд ээлтэй газар. Хүүхдээ хараад хичээлдээ явж чадахаа болиод гэртээ 4 жил телевиз үзэж, шөнө ном хуулж бичиж хэл сурсан.

“Rising Butterfly:Transformed to Fly Higher” Ichinkhorloo Gombodorj Sopp гэдэг номоо бичих сэдэл эндээс үүдсэн үү?

Хэрвээ 2 хүүхэдтэй эмэгтэй өөр газар сурангаа бие дааж амьдарсан бол юу ч тохиолдож болно. Гэвч энэ улс надад хүүхдийг хайрлах, хүнийг хүн гэдэг утгаар нь дэмжих, энэрэх учиртайг ойлгуулж, тэр улсын Засгийн газраар ханиа хийж хүүхдээ өсгөсөн гэж хэлж болно. Хүнлэг энэрэнгүй, ардчилсан орон гэж үүнийг л хэлдэг юм байна гэдгийг мэдрүүлсэн. Би тэдний хувьд гаднаас иргэн xүн шүү дээ, заавал надад туслах албагүй. Надад тусалж буй шийдвэрийг гаргаж буй хүмүүсийг би таних ч үгүй. Хүний наад захын эрхийг хүндэлдэг газарт би нүдээ нээсэн. Энэ л түүхээ хүмүүстэй хуваалцаж таних, танихгүй надад тусалсан хүмүүст болон энэ мундаг оронд баярлалаа гэдгээ илэрхийлэхийн хажуугаар дараагийн хүмүүст сургамж болox зүйлүүд байвал аваасай гэсэн үүднээс номоо бичсэн. Хүн хаана ч аз жаргалтай байж болно  гэдгийг ойлгуулахын тулд өөрийнхөө туулсан замаар өгүүлсэн энэ ном маань одоо Аmazon-д тавигдсан байгаа.

-Эх орондоо эргээд ирэхдээ харин нэлээд холын зорилго, том бодол тээсэн юм шиг санагдсан шүү?

Лондонд  амьдраад  2008 он хүртэл хүмүүстэй уулзахад анх удаа монгол хүнтэй уулзаж байна гэдэг байсан. Харин уул уурхай хөгжсөнөөс хойш тодорхой хүмүүс Монголын тухай мэдээлэлтэй болж эхэлсэн. Гэхдээ одоо ч гэсэн бизнес, улс төрийн түвшинд гэрээ хэлцлүүд яригддаг ч энэ цагийн монголчууд гэж хэн бэ, ямар онцлог эсвэл ялгаатай хүмүүс вэ гэдгийг тэд сайн мэддэггүй. Монголыг түүхээр нь л мэддэг. Дээр өгүүлснээр хүн хүсэл мөрөөдөлдөө хүрч болдог гэдгийг хүний газар мэдэрлээ. Харин өөрийнхөө эх орны тухай бодоход манайд капитализм ч биш, ардчилал ч биш, социализм ч биш омгийн аймгийн ч юм шиг сонин тогтолцоотой болсон байна. Гэр бүл олонтой нь бие биедээ туслаад болчихож байна. Цөөхүүл юмуу, асран халамжлах хүнгүй нь хаягдаж байна. Өөрөөр хэлбэл хүмүүнлэг нэртэй ч манайд хүмүүнлэг нийгэм алга. Гэтэл Англид яг эсрэгээрээ хүний амьдралд тохиолддог бүх бэрхшээлийг тооцсон, зохицуулсан хууль дүрэмтэй байдаг. Тусламж хэрэгтэй хүмүүстээ хэрэгтэй үед нь тусалж чадаж байна. Намайг Монголд oюутан байх цагаас л олон зуун сая долларын буцалтгүй тусламж, зээлүүд орж ирсэн. Олон жилийн дараа харахад тэр хаашаа орсон юм бол? Иргэдэд зориулсан төрийн үйлчилгээ гэж манай улсад байхгүй болжээ. Би олон жил гадаадад бие даан амьдарч чадсан нь тэндхийн системтэй холбоотой.

Эрх чөлөө, ардчилал гэдэг давхар хариуцлагатай хамт биелдэг зүйл.

Үнэгүй зүйл гэж байдаггүй 10 гаруй жил сурах үйлсдээ туслуулсныхаа хариуд нь би үнэнээ хэлж, хууль дүрмийнхаа дагуу амьдрах ёстой байлаа. Эргээд харахад эх оронд маань ийм юм дутдаг юм байна. Тиймээс ч би энэ номонд бичсэн, сурсан ухаарсан зүйлүүдээ хүмүүст таниулангаа хүүхдэд туслах сан байгуулахаар ажиллаж байна. Өрх толгойлсон болон нийгэмд хичээгээд хичээгээд хоолондоо хүрэхгүй хүмүүсийн хүүхдүүдэд туслax бодолтой.  Гуравхан сая хүнтэй ийм баян оронд хүүхдэд битгий хэл, томчуудад ч ямар ч асуудал үүсэхгүй амьдрах боломж байгаа шүү дээ. Хөгжиж байна гээд хэдхэн хүмүүс нь баяжаад бусад нь ядуураад байж болохгүй. Бид ийм буруу юмыг зөв гэж хүлээн зөвшөөрч бүр ч болохгүй.

-Та “Хувьсал” гээд лекц уншсан байна. Манайд шударга бус байдал хаа сайгүй үүрлэсэн нь үнэн. Гэхдээ ганц хүний ялангуяа эмэгтэй хүний дуу хоолой хүчгүйддэг  юм шиг санагддаг. Энэ талаар юу гэж боддог вэ?

Хувьслыг нэг өдөр хийхгүй. Миний хувьд оюуны хувьсал хэрэгтэй гэж боддог. Энэ бол цөөхөн хүн амтай манай Монголын хувьд боломжтой. Улс орны түвшинд, хөгжлийн түвшинд энэ бол хөнгөхөн ярих сэдэв биш.  Гэхдээ надад энэ асуудлын гүн рүү маш олон жил бодож олсон зүйлүүд бий. Буддын сургаальд хүн энэ дэлхийд 200-400 жилийн давтамжтай аз жаргалыг  мэдрэх гэж ирдэг гэж заадаг. Хэрэв тийм юм бол зөвхөн өөрсдийгөө бодож амьдардаг хүмүүст хувь заяагаа даатгаад явна гэдэг харамсалтай. Тиймээс урт хугацааны зорилго бодолтой хүн бол богино хугацааны  бэрхшээл, зовлонд шантарч болохгүй.

-Нэг л болохгүй байгааг мэдэрсээр, мэдсээр бид харсаар л суудаг. Манайд ирж судалгаа хийсэн гадны судлаачид монголчуудын зан чанарын нэгдүгээрт “аминч” үзлийг тодруулсан байна лээ. Нөгөө талаар олон хүн дуугарч байгаа ч түүнийг нь анзаарч хүлээж авч байгаа газар алга...

Хүмүүст сонголт байдаг. Хувиа бодож амьдрах уу, хүмүүст тусалж амьдрах уу? Надад мэдээж олон хүн тусалсан. Тэрийг би мартаж болохгүй. Бусдад аз жаргалыг бэлэглэж өөрөө аз жаргалыг олдог, бусдыг амжилтад хүргэж өөрөө амжилтад хүрдэг гэдэгт би итгэдэг. Өөрийнхөө төлөө амьдарч болох ч, чадах мэдэх зүйлээрээ хүний төлөө явж түүгээрээ баясаж аз жаргалыг мэдэрч амьдрах илүү утга учиртай. Бусдыг хайрлана гэдэг бусадтай өгөлцөж авалцдаг наймаа биш юм байна гэдгийг би ойлгосон. Хүн болж төрснийх эхлээд өөрийгөө хөгжүүлэх, хөгжсөн бол эргээд бусдад тусал л гэдгийг амьдрал өөрөө заадаг юм байна. Би өөрийгөө хөгжүүлэхэд олон жилийг зориулсан. Одоо бусдын хөгжлийн төлөө амьдралаа зориулах эхлэлээ тавьж явна.  

-Та тэвчээртэй, хөдөлмөрч эмэгтэй юм. Арван жилийг сурахад зориулж суухдаа ганцаарддаггүй байсан гэж үү? 

Xүн л юм чинь дурлаж, дурлуулж л байсан. Гэхдээ би залуу насандаа хайрлаж, хайрлуулах “дайнд” 3 удаа азгүйтсэн тул “зүрх яаж өвдөж болдгийг” маш гүн мэдэрсэн л дээ. Тиймээс би олон жил номтой нөхөрлөж, сурах үйлсэд өөрийгөө зориулсан.  Хувь хүнийхээ хувьд оргилдоо  хүрэх үе ч байсан, ёроолдоо унах үеэ ч харсан. Хүний газар 2 хүүхэдтэй нэгийг нь урдаа, нөгөөг нь ардаа үүрчихээд хоол хийх гээд зогсох үедээ их юм боддог болсон. Монголдоо байсан бол ингэж байхгүй шүү дээ гэж бодогдож л байлаа. Өөртэйгөө тэмцэж 7 жил болсон. Сүүлдээ өөрөөсөө өөрийнхөө оршин тогтнолыг ч асууж үзсэн. Зовж байна гэхэд зовлонд учир шалтгаан байвал хамаа алга. Үнэхээр бурхан гэж байдаг бол “туслаач” гэж өөртөө шивнэсэн.  Амьдрал амар биш гэж ээж маань хэлдэг. Гэвч хүнд бардам, зорьсондоо хүрэх гэсэн зан байдаг. Англи улс суръя гэсэн хүслийг минь хүндэтгэсэн учраас тэнд тэсч үлдсэн. Харин энэ хувь заяа намайг Япон руу хөтөлсөн. 2007 онд Буддын нэг том сургаальтай учирсан. 2008 онд  “Зөв амьдрах найман зам” гээд сургаалийг сонсоод амьдралыг би 180 градус хардаг байсан бол 360 градус болгож хардаг болсон. Түүнээс хойш 9 жил уншиж судалж амьдралаа босгож явна. Хүний мөн чанар, оюун ухаан, хүний сүнсний  мөнхийн амьдралын тухай судалсан гэсэн үг. Хүнд аз жаргал авчирдаг бодол бүхнийг, үнэн бүхнийг мэдэхийг хүссэн тул өөрийгөө ч захирч чадахгүй шимтэн суралцаад одоо арван жил болох гэж байна. Оюуны түвшин өндөр болж хөгжих тусам хүн зөв, бурууг илүү ойлгож чаддаг. Тиймээс, хууль дүрэм дагасан дагаагүй бусдыг хүндэтгэж, зөв амьдрах чадвартай болдог юм байна гэдгийг ойлгосон.

-Тэгвэл оюунлиг байхын үндэс нь юу юм бэ?

Боловсрол гэдэг хүнд маш чухал. Гэхдээ зөвхөн дипломоор хэмжиж болохгүй. Гэхдээ хүн диплом авахын тулд тодорхой, цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарж, нойр хоолоо хасч авдаг тул үгүйсгэж болохгүй. Харин диплом авахаар суралцах энэ үйл явцад хүний мөн чанар төлөвшиж эхэлдэг юм байна гэж ойлгосон. Гэхдээ энэ бол тархины болон мэдлэгийн боловсролын тухайд ярьж байна. Харин дээр нь хүн байх, хүнлэг болох, аливаа юмны утга учрыг тунгаан шийдэх, цэнэх, баясах сэтгэлийн боловсролыг хүн давхар олж авах ёстой юм байна. Үүнийг барууны оронд “Хувь хүний хөгжил” гэдэг нэрэн дор маш том боловсрол, сургалтын салбар урсгал явагдаж байна. Уг нь энэ сэтгэлийн боловсролыг шашны боловсролоор олж авдаг нь уламжлалт арга нь байж.

Манайханд бол будда буюу бурханыхаа сургаалыг ойлгочих, тэгээд амьдралдаа хэрэгжүүл. Тэгвэл сэтгэлийн боловсролыг олох юм. Тиймээс би энэ чиглэлээр хүмүүст туслах үүднээс “Мөнхийн хууль” гэдэг ном орчуулж гаргасан. Бэрхшээл зовлонг туулахгүйгээр хөгжил гэж байдаггүй. Бэрхшээл, зовлонгийн хэмжээгээр хүний оюун, сүнс, зан араншин хөгжиж, сайжрax боломж байдаг. Тэр хэмжээгээрээ бас аз жаргал, гэрэл гэгээг мэдрэх боломжтой гэсэн үг. Хамгийн гол нь зөв аргаар, зөв замаар давах нь бидний хувьд сорилт болдог.  Бид энэ дэлхий дээр олон төрлийн зан араншинтай хүмүүстэй амьдардаг. Хүн бүрт бурханлиг чанар гэж байдаг. Өөрөөр хэлбэл хүн бүрт авъяас чадвар байдаг. Хүн бүрээс сурах юм байдаг гэсэн үг. Амьдралд янз бүрийн түвшний хүнтэй байгаа учраас л бидэнд тэр нь өөрсдийн толь болж өгдөг. Тиймээс амьдрал сонирхолтой. Хамгийн гол нь эв нэгдэлтэйгээр бие биенийхээ ялгаатай мөн чанарыг хүндэлж зэрэгцэж амьдрах нь чухал. Тэгэхийн тулд бусдыг ойлгох чадварт суралцах хэрэгтэй. Үүнд суралцахын тул эхлээд хүн өөрийгөө таньж мэдэх ёстой юм билээ.   

Одоо үгээ хэлж, үзэл бодлоо тод илэрхийлдэг хүн бүрийг л улс төрд орох нь уу гэж асуудаг. Үүнд буруу байхгүй. Улс төр шинэлэг, боловсролтой, сэтгэл, зүтгэлтэй залуустай байгаасай гэж  би л лав хувьдаа хүсдэг. Таныг ч бас тэгж хараад бас “хардаад” байна л даа?

Монгол улс нь 800 жилийн өмнө том гүрэн байсан одоо харин уналтанд орж байна. Дахиад сэргэн мандалт явагдах цаг мөчид амьдарч байгаа юм байна гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл бид орчин үеийн шинэ Монголын суурийг тавьж яваа цаг үе гэсэн үг. Гэхдээ уламжлалаа авч үлдэж Монгол гэдэг онцлогтой улсыг мөнхөд оршуулъя гэвэл Англи, Япон шиг орчин үеийн хөгжил нь хүчтэй зөв замаар явах ёстой юм байна гэж ойлгосон. Тэгж байж өөрийн гэх түүхэн, уламжлалт зүйлсээ хамгаалж авч үлдэх болно. Түүнийг л бий болгож хуучин, шинэ хоёрыг зөв нийлүүлж холбох цаг үед нь бид төрсөн. Энэ бол энэ цагийн бидний хариуцлага. Социалист сэтгэлгээтэй хүмүүс улс орныг ардчилал гэж авч яваад байна. Тиймээс бид сонин завсрын нийгэмд амьдраад байна. Хорин хэдэн жил буруу замаар явсан болохоор одоо зөв болгоё гээд чадахгүй байна шүү дээ. Одоо хойч үеэ бодоод нийгэмд өөрчлөлт оруулахгүй бол болохгүй. Буруу хүмүүсийг хангалттай олон удаа сонголоо. Бид монгол хүн байхын тулд хэн нэгнээс зөвшөөрөл авч ирээгүй. Бурхнаас өгч байгаа энэ үнэ цэнэтэй амьдралыг сэтгэл хангалуун байлгахын тулд төр засаг оршин байдаг. Энэ гажуудсан зам мөрийг хойч үеийнхэндээ зөв болгохын төлөө л бид явах ёстой гэж бодож байна. Тиймээс энэ удаа улс төрд шууд орох нөхцөл бүрдээгүй ч гэсэн, улс төрөөр дамжиж хүмүүсийн хувь заяа, аз жаргалтай амьдрах уу, үгүй юу гэдэг шийдэгдэж байдаг тул өөрсдийгөө төлөө чадах, өөрийнхөө зовлон жаргалыг ойлгох, бас өөрчилж чадах хүмүүсээ сонгоорой гэж уриалах байна. Улс төрийг хүмүүс л бий болгож байдаг болохоор хүнээ зөв таньж сонгох нь маш чухал. Өөрөөр хэлбэл, улс төр дангаараа хүнийг, амьдралыг бий болгодоггүй, харин хүссэн нийгэмээ бий болгохын тулд хүмүүс нийлж улс төрийг бий болгож, бүгдээрээ дагаж мөрдөх хууль, дүрмийг нь бичиж гаргадаг. Тиймээс хэнд хувь заяагаа даатгах вэ гэдэг нь бидний өөрсдийн сонголт бас хариуцлага юм. Энэ боломжийг ардчилсан систем олгодог болохоор бид ардчиллаа, хариуцлагатай, хүнлэг хүмүүсээр бүрдүүлж эхлэх цаг нь болсон гэж хэлмээр байна. 

 

А.МӨНХЖИН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zola:uhaalag nambalag busgui bn ;) 2016-04-27
Зочин:Бас хүчтэй эмэгтэй. Хүний газар 2 хүүхэдтэй нэгийг нь урдаа, нөгөөг нь ардаа үүрчихээд хоол хийх гээд зогсох үедээ их юм боддог болсон гэх юм. Бүсгүй хүн чинь гомдоод уйлах ёстой юм бишүү. Тэгэхэд юм бодоод зогсож байдаг. Гайхалтай эмэгтэй юм. Улс орондоо их зүйлийг хийгээрэй. Бас нийгэмд үлгэрлэл болоорой 2016-04-30
зочин:Баярлаж б.на. Ийм олон залуучууд төрж өсөн бойжиж б.гаа монгол улсаа хөгжүүлнэ өөд нь татна гэж итгэж б.на. Үнэхээр оюуны хөгжил хэрэгтэй болсон цаг шүү. 2016-05-05
Зочин:Англид single mum гэсэн benefit-d тэтгуулж амьдарсанаараа тэр улсыг хэт шутэж, тэр л улсыг дагах ёстой мэт тархи угааж бололхгуй ээ. Англи япон улсууд манайхаас тэс ондоо хегжлийн замналтай. Англи бол дэлхийн 209-н улс руу довтолж тэдний бая****ар хелжсен улс! Довтлох гэдэг маань цэрэг зэвсгийн хучээр болон ихэнхи улс руу эдийн засгийн тусламжийн гэх мэт арга залиар тэдгээр улсын дээд удирдлагуудыг хахуулдан еерсдийн талд ажиллуулан улсыг нь дампууруулж баялагийг нь ховх сорж целмехийг хэлж бга юм. Одоо энэтхэг филлипин африкийн орнуудыг еерийн эрхшээлдээ байлган колоничилж л бн. Энэ эмэгтэй бол монголынхоо туух уламжлал соёлыг огт мэддэггуй нь харагдаж байна. Харин хедеений охин англид очоод тэр улсаа тахин шутэж дээдийн дээд хегжил тэнд л бн гэж ойлгосон учраас манайд тэр тусмаа терийн том албанд очих юм бол одооны дээр бгаа хэдээс ч илуу хортой уйл ажил****а явуулж мэдэхээр юм байна. Учир нь шутэн бишрэгчидийнхээ угийг уг дуугуй дагах нэгэн болж бэлтгэгдэж ирсэн нь илт!. Манайханд ганц том дутагдал байна, тэр юу вэ гэхээр гадаадад л сураад боловсороод ирлээ гэвэл тэр хун их мэдлэгтэй ухаантай хун болчихдог юм шиг ойлгоод дагаад гуйгээд байх. Тэгвэл тийм бишээ, харин тэр барууныхан чинь тэднийг еерсдийн хун болгоод тархийг нь сайхан унэртэй амттай енгетэй саван шампуниар зад угаагаад буцаагаад бидэн руу илгээчихэж байгаа юм шуу дээ. Тэд еерсдийгее зев юм хийж байна гэж итгээд барууныхаа багш нарын заавраар л ажиллана. Харин ур дунд нь бид модоо барина! 2016-05-08
Зочин:Англид single mum гэсэн benefit-d тэтгуулж амьдарсанаараа тэр улсыг хэт шутэж, тэр л улсыг дагах ёстой мэт тархи угааж бололхгуй ээ. Англи япон улсууд манайхаас тэс ондоо хегжлийн замналтай. Англи бол дэлхийн 209-н улс руу довтолж тэдний бая****ар хелжсен улс! Довтлох гэдэг маань цэрэг зэвсгийн хучээр болон ихэнхи улс руу эдийн засгийн тусламжийн гэх мэт арга залиар тэдгээр улсын дээд удирдлагуудыг хахуулдан еерсдийн талд ажиллуулан улсыг нь дампууруулж баялагийг нь ховх сорж целмехийг хэлж бга юм. Одоо энэтхэг филлипин африкийн орнуудыг еерийн эрхшээлдээ байлган колоничилж л бн. Энэ эмэгтэй бол монголынхоо туух уламжлал соёлыг огт мэддэггуй нь харагдаж байна. Харин хедеений охин англид очоод тэр улсаа тахин шутэж дээдийн дээд хегжил тэнд л бн гэж ойлгосон учраас манайд тэр тусмаа терийн том албанд очих юм бол одооны дээр бгаа хэдээс ч илуу хортой уйл ажил****а явуулж мэдэхээр юм байна. Учир нь шутэн бишрэгчидийнхээ угийг уг дуугуй дагах нэгэн болж бэлтгэгдэж ирсэн нь илт!. Манайханд ганц том дутагдал байна, тэр юу вэ гэхээр гадаадад л сураад боловсороод ирлээ гэвэл тэр хун их мэдлэгтэй ухаантай хун болчихдог юм шиг ойлгоод дагаад гуйгээд байх. Тэгвэл тийм бишээ, харин тэр барууныхан чинь тэднийг еерсдийн хун болгоод тархийг нь сайхан унэртэй амттай енгетэй саван шампуниар зад угаагаад буцаагаад бидэн руу илгээчихэж байгаа юм шуу дээ. Тэд еерсдийгее зев юм хийж байна гэж итгээд барууныхаа багш нарын заавраар л ажиллана. Харин ур дунд нь бид модоо барина! 2016-05-08
zochin:Ene unexeer daichin mundag busgui shu...Xuuxed baixaas ni mednee. Urd bichsen zochin ta exleed tuunii orchuulsan nomnuud, bas barimtaldag zarchimiig ni sain medchixeed ingej xel.. Iimerxuu mundag bolovsroltoi gegeeleg xun mongold olshirvol ex oron maani udaxgui xogjij saixan bolno. 2016-05-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?