2016 оны 4 дүгээр сарын 27-нд барилгын ажил ид үргэлжилж буй "Восточный" сансарын хөөргөх буудлаас "Союз-2.1а" загварын зөөгч пуужинг анх удаа хөөргөхөөр төлөвлөж байсан боловч ч техникийн шалтгаанаас болж хойшлов. Энэхүү түүхэн арга хэмжээд өөрийн биеэр оролцохоор хүрэлцэн ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин маргааш хүртэл хүлээхээр болж байна.
"Восточный" сансрын буудлыг барих асуудал аль 25 жилийн өмнөөс эхтэй. ЗХУ задарсны дараах Оросын хүнд бэрх цагт, уруудалгүй үргэлжилж байсан цөөхөн хэдэн салбарын нэг бол /зөвлөлтийн/ Оросын сансрын хөтөлбөр байлаа. Гэтэл 1991 оны 12 дугаар сард Казахстан улс тусгаар тогтнолоо зарласан нь нисгэгчтэй сансрын пуужин хөөргөж буй цорын ганц "Байконур"-ын хувь заяа бүрхэг байдалд оржээ. Тухайн үед Оросуудад нөөц сансрын буудалгүй байсан тул "Байконур"-ыг түрээсээр ашиглахаас аргагүй байдалд оржээ. Ингээд Казахстаны талтай жил бүр 115 сая ам.долларыг төлж, "Байконур"-ыг 2050 он хүртэл ашиглах гэрээ байгуулсан байдаг. Энэ хооронд өөр сансрын буудал хайх ажил тасралтгүй үргэлжилж байсан ба "Свободный-18" хуучин тив алгасагч баллистик пуужин хөөргөх талбайг сансрын буудал болгохоор сонгож аваад байв. Гэтэл шинэ сансрын буудал барих асуудал хүчтэй яригдсан тул 2007 оноос энэхүү санааг орхисон түүхтэй.
Шинэ сансрын нисэх буудал барих болсон гол шалтгаан бол ОХУ өөрийн газар нутагтаа сансрын буудалд барих замаар "Байконур"-ын хараат байдлаас гарах явдал байлаа. "Восточный" сансрын хөөргөх буудал нь 51 дүгээр өргөрөгт Оросын алс дорнод дахь Амур мужийн "Циолковский" хот болон "Свободный" сансрын буудалтай ойролцоо газар бий. Энэ нь номхон далайгаас 600-800 км зайд оршиж байгаа гэсэн үг юм. Анх сансрын буудлын 700 км/кв талбайд пуужин хөөргөх 7 суурь барих зураг төсөл гаргаж байснаас хоёр суурь нь нисгэгчтэй сансрын хөлөг хөөргөх зориулалттай байв.
Ер нь 2000 оноос эхлэн сансрын шинэ нисэх буудал барих асуудал Оросын дээд удирдлагын төвшинд яригдаж эхэлсэн байдаг. Ингээд сансрын буудал барих судалгааны ажил, зураг төсөл, инженер техникийн мэргэжлийн ажилчид, санхүүгийн асуудал шийдэгдээд 2011 оны 1 дүгээр сараас эхлэн барилгын ажил эхэлсэн. Төлөвлөгөөний дагуу бол 2018 онд бүрэн ашиглалтад орох юм. Одоогийн байдлаар сансрын буудлын цогцолборт 20 тонн хүртэл жинтэй дунд зэргийн зөөгч пуужинг хөөргөх зориулалттай хоёр суурь, аэродром, хүчилтөрөгч-азотын үйлдвэр, устөрөгчийн үйлдвэр, дулаан-цахилгааны хангамжийн систем, 115 км урт автомашины зам, түүнчлэн 125 км төмөр замууд баригдаад байна. Энэ бүхэнд ойролцоогоор 400 тэрбум рубль зарцуулсан бололтой.
Ихэвчлэн энгийн зориулалттай сансрын хөлөг, пуужинг хөөргөх зориулалттай "Восточный" сансрын буудал бүрэн хэмжээгээр ашиглалтад орсны дараа 2020 он гэхэд Оросын нийт сансрын нислэгийн 45 хувийг уг буудлаас хөөргөхөөр төлөвлөж байна. Тэгэхээр шинэ буудал ажиллагаанд орсноор одоогийн "Байконур" буудлын авч буй 65 хувийг ачааллыг 11 хувь болгож бууруулах юм.
Харин "Плесецк" сансрын буудал 44 хувийн ачааллыг авах тооцоолж байгаа. Түүнчлэн 2021 оноос эхлэн "Восточный" сансрын буудлаас дэлхийн тойрог замд нисгэгчгүй сансрын хөлөг, пуужингуудыг харин 2023 оноос нисгэгчтэй сансрын хөлөг хөөргөхөөр төлөвлөж байна.
Ерөнхийдөө энэхүү сансрын буудлыг барих ажлын хүрээнд төрөл бүрийн 400 орчим барилга, байгууламж барих ба энд ойролцоогоор 20-25 мянган хүн ажиллана. Мөн шинэ сансрын буудлын хажууд 40 мянган хүн амьдрах бүхэл бүтэн хот сүндэрлэн босно.
Р. ЭНХБОЛД