2016 ОНЫ ЯЛАЛТЫН ПАРАД

2016-04-30  

Арав хоногийн дараа ОХУ-ын нийслэл Улаан талбайд уламжлалт цэргийн парад болох гэж байна. Оросын цэргийнхэн парадын бэлтгэлд нэлээд эртнээс гарсан ба 4 дүгээр сарын 11-нд Москвагийн ойролцоох "Алабино" полигон дээр эхний нэгдсэн дадлагыг хийсэн юм. Харин уржигдар, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө Улаан талбайд ялалтын парадын анхны дадлагыг амжилттай хийв. Хоёр дахь удаагийн шөнийн дадлагыг 5 дугаар сарын 5-ны өдөр хийх бол сүүлийн бүрэн хэмжээний дадлагыг 5 дугаар сарын 7-ны үүрээр хийхээр төлөвлөж байна. 

Энэ жилийн цэргийн парад цар хүрээний хувьд өнгөрсөн оныхоос харьцангуй багасаж байгаа. Ингээд оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээ, мэдээллийг үзсэний үндсэн дээр энэ жилийн парадын дүр зургийг та бүхэнд дарааллын дагуу хүргэж байна. 

2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Улаан талбайд болох 143 удаагийн цэргийн парадад нийтдээ 10 мянга гаруй цэргийн алба хаагчид алхах бол агаарын парадад 71 нэгж онгоц, нисдэг тэрэг /30 нэгж нөөцтэй. Р.Э/ нисэх гэнэ. Мөн парадад ойролцоогоор 200 нэгж танк, хуягт тээвэрлэгч, зэвсэг, техник оролцоно.

Яг 10.00 цагт уламжлал ёсоор 1945 онд нацистийн германы засгийн газрын ордон Рейхстагийн оройд мандуулж байсан ялалтын тугийг хүндэт харуулын цэргүүд Улаан талбайд зална. Үүний дараа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу парад хүлээн авах юм. 

Парад эхлэх команд өгсний дараа Суворовын болон Нахимовын нэрэмжит цэргийн сургуулийн сонсогчдын "хайрцаг" хамгийн түрүүнд гарч ирэх бөгөөд тэдний араас анх удаа "Онц байдлын яам", "Холбооны аюулгүй байдлын алба"-ны цэргийн алба хаагчид, Кремлийн сонсогчдын "хайрцаг" алхана. Араас нь аугаа эх орны дайнд оролцогчдын цуваа, мөн эмэгтэй цэргийн алба хаагчдын рот алхахаар төлөвлөж байна. Эмэгтэйчүүдийн "хайрцаг"-ыг Москва хот дахь "Цэргийн их сургууль" болон Вольск хот дахь А.В.Хрулёвийн нэрэмжит "Цэргийн материал-техникийн хангалтын академи"-ийн салбар сургуулийн эмэгтэй офицер, сонсогчид бүрдүүлж байна. 

Зэвсэглэл, техникийн парад уламжлалт ёсоор домогт "Т-34" танк гарч ирснээр эхлэнэ. Араас нь "Корнет-Д" танк эсэргүүцэх пуужингийн цогцолбороор тоноглосон "Тигр" хуягласан автомашин гарч ирнэ. Мөн "Тигр" машинд "Арбалет-ДМ" загварын автомат пулемёт суурилуулсан хувилбар энэ удаагийн парадад оролцоно. Үүний дараа "Т-90А" загварын үндсэн танк, залгаад "Армата/Т-14" танк, "Курганец-25" явган цэргийн байлдааны машин, шүхэр десантын цэрэгт зориулж бүтээсэн "Ракушка" хуягт тээвэрлэгч, "Тайфун-У","Тайфун-К" загварын олон зориулалтын хуягласан автомашин явна. Артиллерийн зэвсэглэлийн хувьд "Мста-С" болон "Коалиция-СВ" загварын өөрөө явагч их буунууд оролцох юм. 

Эдгээрийн дараа "Искандер-М" оператив-тактикийн пуужингийн цогцолбор, "Бук-М2", "Тор-М2У" загварын агаарын довтолгооноос хамгаалах зенит-пуужингийн цогцолбор, стратегийн зориулалттай пуужинт цэргийн хамгийн сүүлийн үеийн "Ярс" хөдөлгөөнд цогцолбор явна. Газрын парадын цоожлогчоор одоо ид туршилтад явж буй "Бумеранг" хуягт тээвэрлэгч явахаар болжээ. 

Агаарын парадын тэргүүнд "Ми-8МТШ" болон ачаа-тээврийн "Ми-26" нисдэг тэрэгнүүд гарч ирнэ. Тэдний араас шөнийн ангууч хочтой "Ми-28Н" цохилт-дайралтын нисдэг тэрэг, мөн дэлхий дээрх цорын ганц нисдэг тэрэгний үзүүлэлт тоглолтын "Беркутами" багийн нисдэг тэрэгнүүд, хамгийн сүүлд нь "Ми-35" нисдэг тэрэг ниснэ. 

Цэргийн тээврийн онгоцны цуваа тус бүр нь 140 тэрбум рублийн өртөгтэй шинэ загварын "Ил-76МД-90А" онгоцны нислэгээр эхлэх ба араас нь "Руслан/Ан-124-100" хүнд ачааны онгоц, мөн "Ил-76" загварын хуучны онгоцнууд нисэх ажээ. Стратегийн бөмбөгдөгч онгоцны хувьд "Ту-160", "Ту-95" онгоцнууд, мөн алсын зайн "Ту-22М3" онгоцнууд нисэх юм.

Түүнчлэн оросын алдарт "МиГ-29", "Су-24", "Су-34", "МиГ-31", "Су-35С" загварын сөнөөгч, бөмбөгдөгч онгоцнууд нисэж өнгөрсний дараа хамгийн сүүлд 6 нэгж "Су-25" онгоцнууд ОХУ-ын төрийн далбааны гурван өнгийг утаагаар үзүүлснээр агаарын парад өндөрлөнө.

 

 

 

Р. ЭНХБОЛД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Мэргэн:Өө ямар айхтар бэлддэг юм бэ. ОУ-ын хэмжээнд харуулдаг болохоор ингэж бэлдэхээс яах вэ дээ 2016-04-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?