С.БУЯНДЭЛГЭР: УРЛАГААР ДАМЖУУЛАН ТҮҮХ ЁС ЗАНШИЛ, ӨВ СОЁЛОО ТАНИУЛАХ НЬ БИДНИЙ ЗОРИЛГО

2020-02-21  

Control.mn сайт ярилцлагын булангаараа  хүүхдийн уран бүтээл, сургалтын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг "Монголын Үндэсний Хүүхдийн Кино Академи"-ийн захирал, найруулагч С.Буяндэлгэртэй шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа.
Баярлалаа. 
Шинэ уран бүтээлээ өлгийдөн авсанд танай баг хамт олонд баяр хүргэе. Уран бүтээлийн талаар мэдээлэл хүргэвэл?

Энэхүү "Сондор" уран сайхны кино нь бидний зургаа дахь бүрэн хэмжээний уран сайхны кино юм. Кино маань IPTV-нүүдэд өнөөдөрхөн орсон шинэхэнээрээ л байна даа.


Та бүхний уран бүтээл ихэвчлэн хүүхдийн кино уран бүтээлүүд байдаг. Энэ талаар?
Монголын үндэсний хүүхдийн кино академи нь хүүхдүүдийг кино сургалтдаа сургаад, дараа нь тэдэнд уран бүтээлийн дээж болгон суралцагч хүүхдүүдээ хамруулсан уран сайхны кино хийдэг гэж ойлгож болох юм.  Нэг үгээр сургалтын үр дүнгээ үзэж буй хэрэг юм.
Тэгэхээр кино сургалтад хамрагдсан сурагчид дүр бүтээдэг гэсэн үг үү? Монголын Үндэсний хүүхдийн кино академийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэвэл? 
Манай Академи нь зөвхөн нийслэл хот төдийгүй улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ нь бидний сургалт аймгуудад хүрч, тэнд байгаа авьяаслаг сурагчдыг нээн илрүүлж, тэднийг сурган хөгжүүлэхэд голчлон анхаардаг юм. Одоогоор бид нийт зургаан аймгийн 500 гаруй суралцагчидтай болсон байна. Анхны лаборатори сургуультай болсон нь Хөвсгөл аймгийн ЕБ-ын "Авьяас" сургууль юм.
Сургалт, уран бүтээлийн продакшн гэсэн хоёр үндсэн чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг гэж ойлгож болох уу?
Тийм ээ. Манай байгууллага нь үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. "Сургалтын" болон "кино компани" гэсэн хоёр чиглэл юм. Тухайн салбартаа олон жил ажилласан туршлагатай багш нар, уран бүтээлчдээс бидний баг бүрддэг.


Яагаад хүүхдийн уран бүтээлч байдалд түлхүү анхаарал өгч, тэднийг сургах зорилгыг хэрэгжүүлж эхэлсэн бэ?
Хүүхдүүд бол мэдээж хэрэг бидний ирээдүй. Энэ ч утгаараа тэднийг зөв төлөвшилт, хувь хүний хөгжил, үндэсний өв соёл зан заншлаа таниулах үүднээс сургалтаа хүүхдүүдэд хүргэхээр шийдсэн. Энэ маань тун үр дүнтэй байгаа. Манай академид суралцсан хүүхдүүд бүгд жүжигчин болохгүй нь мэдээж хэрэг. Гэхдээ сургалтын дараа тэд бүгд өөртөө итгэлтэй, зөв төлөвшилттэй, урлагийн талаар зохих түвшний мэдлэгтэй мөн цаашлаад үндэсний өв соёлоо дээдэлсэн шинэ үеийн залуу иргэд болж төлөвшдөг. Тэр ч утгаараа бидний бүхий л уран бүтээлд Монгол үндэсний өв соёл, зан заншил тодорхой хэмжээгээр агуулагдсан байдаг.
Тэгвэл энэхүү "Сондор" уран бүтээлд үндэсний өв соёл, зан заншил хэрхэн тусгагдсан бол? Сондор кино аймшгийн төрөл жанрын кино гэж байсан?
Тийм ээ. Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн. Маш арвин түүх, ёс заншил, зан үйлтэй ард түмэн. Харин залуу үе маань нүүдлийн соёл иргэншлийн талаар мэдлэг тун хомс. Энэ ч утгаараа бид нүүдэлчдийн "цээрийн ёс"-ыг таниулах үүднээс энэхүү уран бүтээлийг хийсэн. Хэдий аймшгийн төрөл ч гэлээ уг уран бүтээлээс "цээрийн ёс"-ын талаар тодорхой мэдлэгийг үзэгчид маань авах юм. Энэхүү "Сондор" уран сайхны кино маань цаашлаад 11 цуврал хийгдэх төлөвлөгөөтэй бөгөөд цуврал киноны эхний анги гэж ойлгож болно. Гэхдээ анги бүрт өөр өөр өгүүлэмж, үйл явдал өрнөх болно.
Монголын Үндэсний Хүүхдийн Кино академийн ойрын төлөвлөгөө юу байна вэ? Сургалт ба кино компанийн чиглэлд?
Бид өөрийн гэсэн кино үйлдвэрийн заалтай болж байгаа. Мөн энэ ондоо төлөвлөж буй хамгийн том ажлуудын маань нэг бол "Монгол Туургатны Хүүхдийн Кино Их Наадам"-ыг зохион байгуулахаар үйл ажиллагаандаа орсон байна.


Их наадмын талаар мэдээлэл хүргэхгүй юу?
Энэхүү наадам маань 2020 оны 6 дугаар сарын 1-нд зохион байгуулагдана. Наадмын үндсэн зорилго бол Монгол туургатны хүүхдүүдийг кино урлагаар дамжуулан өөр хоорондоо өв соёлоо танилцуулан, харилцан нэгнээсээ суралцах, цаашлаад Монгол угсаатны олон ёс заншлыг түгээн дэлгэрүүлэхэд оршиж байгаа юм.
Анхны гэдгээрээ тун онцлогтой санагдаж байна. Энэхүү наадам жил бүр хийгдэх үү?
Тийм ээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдана. Цаашлаад олон улсын хүүхдийн кино урлагт зохих байр суурь эзлэх, Монгол өв соёл, түүх ёс заншлаа олон улсад таниулах зорилготой.

Наадмын зохион байгуулалтын хувьд?
Энэхүү кино наадам маань ОУ-ын Хүүхдийн кино наадмын жишгээр явагдах бөгөөд энэ жилийн тухайд дөрвөн төрлөөр шилдгүүдээ тодруулах юм. Кино наадамд ирүүлэх уран бүтээлүүд маань 2018 оны 6 дугаар сараас хойш хийгдсэн байх ёстой бөгөөд "мэргэжлийн" хүүхдийн кино уран бүтээл байх ёстой.


Та бүхний зорилго, үйл ажиллагаанд амжилт хүсье. Энэ ярилцлагыг уншиж буй олон аав ээжүүд хүүхдийнхээ авьяас билгийг нээн илрүүлэхийг хүсч байгаа байх. Ярилцлагын төгсгөлд дээрх аав ээжүүдэд хэлэх зүйл бий юу?
Хүүхэд бүр урлагийн хүн болох албагүй ч гэсэн тэд бүгд бидний ирээдүй тул Монгол түүх, ёс заншил өв уламжлалаа мэддэг дээдэлдэг, зөв хүн болж төлөвших хэрэгтэй. Тиймээс урлагийн хүмүүжлээр түүх, ёс заншилтайгаа танилцах нь таны хүүхдийн ирээдүйд томоохон хөрөнгө оруулалт болох юм шүү. Ярилцлагаа Монголын Үндэсний Хүүхдийн Кино Академийн уриа үгээр дуусгая "Бусдын хүслээр бус өөрийн мөрөөдлөөр амьдар" .
Ярилцлага өгсөн танд баярлалаа. Та бүхний уран бүтээл, сургалт хүмүүжлийн ажилд өндөр амжилт хүсье.
Баярлалаа. Та бүхний ажилд мөн амжилт хүсье.

 

Ярилцлага авсан. О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?