Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

МОНГОЛ ӨВӨРМӨЦ ХЭЛЛЭГЭЭР МЭДЛЭГЭЭ СОРЬЦГООВ

2016-05-04  

Дарханы сэтгүүлчдийн Монгол хэлний тааварт уралдаан эхэллээ. Асуултад ам уралдан хариулсаар гэвч үгийн утгаа онож гаргахгүй л байлаа. Хоёр дахь асуултад бас л бүгдээр бүдрэв. Тэгтэл Анхбаяр тэндээс “-За Ара ах энэ гоё шагналаа хэнд нь ч өгөхгүй гэж хэцүү асуултууд бэлдсэн байхаа” гэж наргиа болгов. Гурав дахь асуулт нь “Сайны нөлөөгөөр муу нь сэргэх” утгыг илэрхийлсэн өвөрмөц хэллэг олж хэлэх. Соёлоо түрүүлэн “Алтны дэргэдэх гууль шарлана” гэлээ. Зөв хариулжээ. Гэвч хөтлөгчөөс “-Болоогүй ээ, өөр үг бас байгаа” гэв. Энд тэндээс янз бүрийн үг хэлсэн ч хэн ч оносонгүй. Хариулт нь “Хулангийн тоосонд орсон илжиг гүйцэгдэхгүй” гэсэн хэллэг байв. Үгийнх нь утгыг дүрслэн бодонгуутаа бүгд нирхийтэл инээлдэх нь тэр. Нээрэн л тоосон дундах жижигхэн илжиг харагдана. Дараагийн асуулт “-Долигнуур хүнийг юу гэж хэлдэг вэ?” Хоёр гурван ч хүн дөхүүлж хариулж байтал тэндээс Отгоо “Зусарч хүн зулгаа бардаг, зуудаг нохой соёогоо бардаг” гэлээ. Энэ хэллэг зөв байлаа.

Уралдаан тун өрсөлдөөнтэй үргэлжилсээр Мэдээлэл технологийн албаны дарга сэтгүүлч Х.Соёл-Эрдэнэ түрүүлж, “RGB” телевизийн редактор Б.Отгонбаатар удаалав. Шагнал нь уралдааныхаа агуулгад бүрэн нийцжээ. Ц.Дашдондов гуайн “Монгол Англи өвөрмөц хэлц, хэллэгийн их гарын толь”. Дөнгөж саяхан хэвлэлтээс гарсан толиноос будаг ханхалж байлаа. Шагналын эзэд их гарын алтан толиноос адис хүртэн тосож авцгаав. Ийм гоё тольтой болсондоо хэчнээн баяртай байгаа нь хоёр залуу сэтгүүлчийн царайнаас илхэн харагдана.  

Ц.Дашдондов гуайн толинд Англиас гадна зөвхөн Монгол өвөрмөц хэлц хэллэгийг А-аас Я хүртэл дангаар нь үзэж харахад л сонирхолтой гэж жигтэйхэн. Монгол өвөрмөц хэллэг ямар баян дэлгэрийнхээ хэрээр утга санаа нь хэчнээн гүн юм бэ гэдэг нь эндээс бүрэн тодорхой харагдана. Сэтгүүлч хүний эх хэлний мэдлэгийг баяжуулахад энэ толь жинхэнэ хэрэгтэй. Өвөрмөц хэллэгийн араас орсон орон орны онцлог үг хэлц, хавсралтад байгаа монголжуу хэллэг, ардын гурав гээд бүгд сонирхолтой. Дарханы сэтгүүлчдийн нийтлэл сурвалжлагууд уралдааны дараах энэ мөчөөс эхлэн эх хэлнийхээ баян тансаг өвөрмөц хэллэг хэлцүүдээр чимэглэгдэн уншигч үзэгч сонсогчдодоо хүрэх нь эргэлзээгүй. Тэд ч тэмцээнээсээ урам авч дор бүрдээ эргэцүүлж, уран яруу хэллэгийг алхам тутамдаа ашиглаж олон нийтэд үлгэр жишээ үзүүлэх юмсан гэсэн хүсэл нь оргилжээ. Чихний чимэг Монгол хэлнийхээ ширгэшгүй арвин сангаас ямагт суралцацгаая!  

 

 

 

Ө.РАГЧААСҮРЭН. ДАРХАН ХОТ. БУРХАНТЫН ХӨНДИЙ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
duba:bayrlalaa 2016-05-04
Tsetsegjargak.s:Bayar hurgie, saina baina ta nar 2016-05-04
Syyri:Saihan ajil hiijei ta nar Mongol helnii tuloo 2016-05-04
С. Одончимэг:Аараа ах, Хишигээ эгчдээ баяр хургэе. Тvрvvлсэн Соелоо, Отгоод амжилт ! 2016-05-04
Төгсөө:Yurn iim uvurmuts hellegiin nom n tr bdiin bolvuu? Sonirholtoi sanagdchilaa 2016-05-04
Зочин:Бялдууч долигонуур зальт ара гэж хумсаа нуусан муур шиг гар даа 2016-05-04
H.Erdenebaatar -UB:Mongol helniihee tuloo huchee negetgie. 2016-05-06
w:Mongol tansag xelee zaluust ubluulex uilsed tani bayarlalaa 2016-05-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?