Манай төмөр замын Монгол инженерүүд вагоны хос дугуйг гэмтлээс урьдчилан сэргийлж, зорж засварлах зөөврийн төхөөрөмжийг санаачлан бүтээж Дарханы төмөр зам дээр ашиглалтанд оруулсан байна.
Зүүнхараагийн Вагон депогийн инженер С.Бэхбаатар, техникийн нөхөдтөйгөө хамтран энэ шинэ бүтээлийг хийжээ. Төмөр замын тээвэрт ихээр гардаг нэг гол бэрхшээл нь вагоны хос дугуйн элэгдэл гэмтэл байдаг. Тэгвэл энэ төхөөрөмжөөр вагоны хос дугуйг засварлахын тулд суурин засварын газар луу зөөж, их зардал гарган цаг хугацаа алдахаа больж байгаагаараа өндөр ач холбогдолтой ажил боллоо.
Шинэ бүтээлийг УБТЗ-ын албаны дарга, техникийн ухааны доктор Л.Болд, УБТЗ-ын Замын орлогч дарга Н.А.Гук нар хүрэлцэн ирж хүлээн авч инженерүүдэд баяр хүргэлээ. Одоо шинэ багажийг ашиглан вагоны хос дугуйг, шууд л галт тэрэг хоорондын зам дээр нь зорох машинаар засаж сэргээхээр болж байна. Энэ нь вагоны сэлгээ болон дугуй засварын илүү зардлыг бүрэн арилгаж байгаа явдал юм.
ДАРХАН-УУЛ АЙМГААС Ө.РАГЧААСҮРЭН