МОНГОЛ УЛС ЦЭВЭР УСНЫ НӨӨЦӨӨР 145 ОРНООС 22-Т БҮРТГЭГДДЭГ Ч УСНЫ НӨӨЦ БАГАТАЙ ОРНЫ ТООНД БАГТДАГ

2020-04-21  

Arslan.mn

-ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулах зорилгоор “HОГООН ДУУ ХООЛОЙ” аяныг эхлүүлээд байгаа юм. Тэгвэл тус аяны хүрээнд Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Өсөхбаяртай ярилцлаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. “HОГООН ДУУ ХООЛОЙ” аяныг эхлүүлээд байна. Тэгвэл энэ аяны хүрээнд хамгийн түрүүнд яригдах зүйл бол усны асуудал гэж бодож байна л даа.  Өнөөдрийн байдлаар Монгол улсад өнөөдрийн байдлаар нийт хэдэн км3 усны нөөц байна вэ?
-Сайн байна уу. Танд ч мөн энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт усны нөөц 564.8км3 байна. Үүнээс нуур, тойром 500.0 км3 , Гол мөрөн 34.6км3  Мөстөл 19.4км3  Газрын доорх ус 10.8км3 байна. 2019 онд 81 гол, мөрөн 81, 287 булаг, шанд, 78 нуур, тойром, 11 рашаан сэргэсэн бол эсрэгээрээ 6161 гол мөрөн, 12591 булаг шанд, 3895 нуур тойром, 512 рашаан ширгэсэн гэсэн судалгаа байна. Ийм учраас Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар /WWF/-тэй  хамтран Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулах, энэ төрлийн мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх зорилгоор “Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна” уриан дор “Hогоон дуу хоолой” аяныг эхлүүлээд байгаа юм.

Монгол Улсын усны талаар баримталж буй бодлого нь байгалийн зүй тогтолцоонд үндэслэн усны нөөцийг сав газраар нь хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхэд оршдог. Манай иргэд жилдээ 500 сая.м3 орчим ус хэрэглэдэг. Усны хэрэглээ, ашиглалт хүн ам, эдийн засгийн өсөлтөөс хамаарч улам бүр нэмэгдэгдэх хандлагатай байна. Одоогийн байдлаар, хүн ам, нийгм эдийн засгийн салбаруудын усны хэрэглээ ашиглалтын 80 гаруй хувийг газрын доорх усаар, 20 хүрэхгүй хувийг гадаргын усаар хангаж байгаа. Дэлхийн хэмжээнд нэг хүний хоногийн усны хэрэглээ 100-105 л байдаг бол манай улсын орон сууцанд амьдардаг нэг хүний хоногийн усны дундаж хэрэглээ дэлхийн хөгжингүй орны нэг хүний хоногийн хэрэглээнээс 2 дахин их буюу 230-280 литр байна. Харин гэр хорооллын хэрэглэгчид дэлхийн дундаж түвшинээс 5-10 дахин бага буюу 6-8 литр ус хэрэглэж байна. Гадаргын болон газрын доорх усны нөөцийн 70 орчим хувь нь Алтай, Хангай, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн уулс, Их Хянганы нуруу зэрэг уул нуруудын өндөрлөг хэсэгт нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувийг эзлэх талбайд бүрэлдэн бий болдог. Гадаргын усны нөөцийн ихэнх хэсэг нь хөрш орнуудад цутгана.

Манай Улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т бүртгэгддэг боловч урсгал усыг хуримтуулах, нөөцлөн ашиглах гэмт мэт гадаргын усны хэрэглээ багатайгаас улсын хилээр урсан гарч усны нөөц багатай орны тоонд багтдаг.

-Сүүлийн жилүүдэд усны бохирдлын талаар их ярих болсон. Та дээр хэлсэн 6161 гол ширгэсэн байна гэж хэллээ. Эдгээр гол мөрөн ширгэх хамгийн гол шалтгаан нь юу вэ?

-Гол мөрөн ширгэх хамгийн том шалтгаан бол цаг уурын өөрчлөлт гэж хэлж болно. Сүүлийн жилүүдэд дулааралт нэмэгдсэнтэй холбоотой бороо хур орохгүй байх нь гол мөрөн ширгэхэд хүргэж байна. Үүнээс гадна хот, суурин газруудын цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдсон, уул уурхай, арьс шир, ноос, ноолуурын үйлдвэрүүдийн цэвэршүүлээгүй хаягдал усны нөлөөгөөр усны нөөц бохирдож, хомсдох эрсдэлтэй байна.

Arslan.mn
Мөн алт болон түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтын нөлөөгөөр голын голдирол, татмын 200 гаруй га талбай элэгдэл, эвдрэлд орсон. Энэ нь хэд хэдэн шалтгаантай гэж харж байгаа. Жишээ нь усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр хуульчилсан боловч орон нутгийн төсөвт орж буй ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогыг зориулалтын дагуу зарцуулахгүй, “Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам”-ыг баталсан боловч хэрэгжилт хангалтгүй зэргээс хамааралтай гэж харж байгаа.

-Нийслэлд усны хамгаалалттай газар хэд байдаг вэ? Ер нь Монгол улсын хэмжээнд нийт  хичнээн усны нөөцийг хамгаалалтанд байгаа вэ?

-“Монгол Улсын хэмжээнд 2016 оны байдлаар, гол мөрний урсац бүрэлдэх эхийн нийт талбайн 44.5 хувь улсын тусгай хамгаалалтад хамрагдаад байна. Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газрын эргээс 50 м-ээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс, 200 м-ээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 м-ээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтоосон. 

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар дээр дурьдаж газруудыг товч тодорхой зааж,  хуулиар хамгаалж өгсөн байдаг. Улсын хэмжээнд 2012-2016 онд нийт 800 гаруй булаг шандын эхийг тохижуулан хашиж хамгаалсан.

Сүүлийн жилүүдэд гол мөрний урсац бүрэлдэх эхэн хэсэг болон голын эргээр ойжуулалтын ажлыг хийж байгаа нь голын урсац багасах, ширгэхээс хамгаалж байна.
Нийслэлчүүдийн хувьд ундны усны хэрэглээг Улаанбаатар хотыг тойрсон 174 худгаас хангадаг. Байгалийн нөөц өдрөөс өдөрт хомсдож, дэлхийн баялаг хүн төрөлхтний хэрэгцээг хангаж чадахгүйд хүрээд буй энэ үед гүний цэнгэг усаараа аяга тавагнаас эхлээд автомашинаа угааж, бохироо хүртэл зайлуулж урсгадаг манайх шиг улс орон бараг байхгүй. Ялангуяа, Улаанбаатар хотын хүн амын даац тооцоолж байснаас хэдийнэ хоёр дахин нэмэгдсэнээс нийслэлчүүд бид уух усгүйд хүрэх аюул учраад байна. Одоогоос 23 жилийн өмнө манай болон ЗХУ-ын Ашигт малтмалын нөөцийн комиссын баталснаар нийслэлийн ашиглаж болох гүний усны нөөцийн хэмжээ хоногт 278.4 мянган шоо метр, 1995 онд ЖАЙКА-гийн судалснаар хоногт 258.7 мянган шоо метр хэмээн тогтоосон байдаг. Гэтэл яг өнөөгийн нийслэлийн хоногийн усны хэрэгцээ энэ нөөцөөс хэтэрч, 299 мянган шоо метр болчихоод буй. Нийслэлийн хүн ам энэ эрчээрээ өсвөл 2030 он гэхэд хоногийн усны хэрэгцээ 500 орчим мянган шоо метр болж нэмэгдэх тооцоо гараад байгаа.

-Усны нөөцийг хамгаалах, бохирдлоос урьдчилан сэргийлэхийн тулд бид юу хийх шаардалагатай вэ?

-Хамгийн эхлээд иргэд, аж ахуй нэгжүүд өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Бид усаа хайрлаж хамгаалах хэрэгтэй. Иргэн хүний ухамсар хамгийн чухал гэдгийг л онцолмоор байна. Үүнээс гадна Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд усны нэгдсэн бодлого, усны нөөцийг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах, Усны тухай хуульд заасны дагуу усны асуудлаарх салбар дундын зохицуулалт хийх шаадлага тулгараад байсныг  энэ онд шийдвэрлэж “Усны газар”-ыг шинээр байгуулан бодлогын хэмжээнд дэмжих ажил явагдаж байна. БОАЖЯ-ны харьяанд усны 21 сав газрын захиргаад орон нутагт ажиллаж байгаа ч чадавх нь сул, Усны мэргэжлийн байгууллагуудын хүний нөөц, машин, тоног төхөөрөмжийг сайжруулах шаардлагатай харагддаг.

Хамгийн гол нь иргэд өөрсдөө гол мөрнөө хайрлах, усаа хайрлаж, гамтай хэрэглэх зайлшгүй шаардлагатайг дахин хэлмээр байна.

-Улсаас усны нөөцийг хамгаалахад чиглэсэн ямар ажлыг хийж хэрэгжүүлж байна.

-Монгол орны хэмжээнд усны нөөц, чанарын хяналт-шинжилгээний байнгын, тасралтгүй, шинэ дэвшилтэт технологид суурилсан сүлжээ байгуулах ажил хийгдэж байгаа бөгөөд 2014-2015 онуудад Дэлхийн банкны “Уул уурхайн дэд бүтцийг дэмжих төсөл”-ийн хүрээнд говийн гурван сав газарт хот суурин, сумын төвийн ус хангамжийн эх үүсвэр, уул уурхайн үйлдвэр, уурхайнуудын техникийн усны эх үүсвэр, хаягдлын далангийн орчимд газрын доорх усны хяналт-шинжилгээний 119 цооногт хэмжилтийн багаж суурилуулан өрөөнөөсөө дэлгэцээр хянадаг болоод байна. Улсын хэмжээнд 2012-2016 онд нийт 800 гаруй булаг шандын эхийг тохижуулан хашиж хамгаалсан. Сүүлийн жилүүдэд гол мөрний урсац бүрэлдэх эхэн хэсэг болон голын эргээр ойжуулалтын ажлыг хийж байгаа нь голын урсац багасах, ширгэхээс хамгаалж байна.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

-Баярлалаа

 

Эх сурвалж: Arslan.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ЧУХАЛ УУ?