Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэллээ.
Монгол Улсын түүхэнд анх удаа хурдны зам барих гэж буй нь энэ юм. Авто замын трассын урт 30.4 км бөгөөд 2 урсгал, 6 эгнээтэй байхаар төлөвлөгдсөн байна. Бүтээн байгуулалтын ажлыг 34 сарын хугацаанд БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Чайна Тиэсижу Инженеринг Сивил групп” ХХК гүйцэтгэж, 2018 оны 7 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 309 дүгээр тогтоолоор БНХАУ-ын Засгийн газраас олгох 500 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 3 чиглэлийн авто замын төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд эхнийх нь Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам юм.
А.САЯН