Бид яах гэж, юуны тулд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг вэ? Нас ахиж, тэтгэвэрт гарсан хойноо сэтгэл тэнүүн амьдрах баталгаатай байхын тулд гэдгийг өнөө цагт хүн бүр мэддэг болсон. Тэгвэл тэтгэврийн энэ тогтолцоо хэзээ бий болсон юм бэ, монгол хүнд тийм баталгаа үнэхээр байна уу гэдгээс эргэцүүлж эхэлцгээе! Хүний нийгэм олон зуу мянган жилийн турш өндөр насны тэтгэвэр, нийгмийн даатгалгүй явж иржээ. Харин XVIII-XIX зуунд аж үйлдвэрийн хувьсгалтай залгаад тэтгэвэр (pension) гэдэг үг үүссэн бөгөөд анхандаа хоног төөрүүлэх газар буюу үйлдвэрийн ээлжийн ажилчин унтаж хонодог оромж байрны тухай ойлголт байжээ. Аажимдаа хувьсан өөрчлөгдөж, төрт улс болгонд заавал байх ёстой тогтолцоо болон хөгжсөөр байна. Гэвч дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн, төгс загвар бий болгож чадалгүй өнөөг хүрэв. Хөгжиж байгаа орнуудын хувьд тухайн улсын улстөрчдийн сонгуулийн амлалтад заавал багтдаг амны уншлага, тарни болж хувирсан гэж хэлж болно. Манай улсын хувьд 1960-аад онд үүссэн эв санааны нэгдлийн зарчимд суурилсан нийгмийн даатгал нийгэмтэйгээ хамт 1990 онд нуран унасан билээ. 1996 онд Ардчилсан холбоо засгийн эрхэнд гарсныхаа дараа Нэрийн дансны тогтолцоо нэвтрүүлэх гэж их хичээсэн. Тэр үед УИХ-ын гишүүн Хашбатын Хулан энэ тогтолцооны төлөө хүч, анхаарлаа ихэд төвлөрүүлэн ажилласан юм. Гэвч 2000 онд МАХН засгийн эрх авч, нийгмийн даатгалын орлогыг улсын нэгдсэн төсвийн нэг хэсэг гэсэн гаж хууль баталснаар бидний хүч хөдөлмөр үндсэндээ талаар өнгөрсөн юм. Нэгэн удаа Баабар улс төрийн илтгэлдээ “Цагааны бүтээснийг Улаан нь нураагаад байвал улс яаж хөгжих юм бэ” хэмээн халаглаж байсны нэг жишээ нь энэ байсан болов уу? Алсын хараагүй эрх баригчид ахмадын амьдралын баталгаа болох учиртай хөрөнгө мөнгийг үрэн таран хийж дууссан бөгөөд эдүгээ Засгийн газар Нийгмийн даатгалд хэдийн их наядын өртэй болсон байна. 1960 оноос хойш төрсөн нэг сая гаруй хүн Нэрийн дансны хуримтлалтай гэдэг боловч нидэр дээрээ хий бичилттэй, хуримтлагдсан бодит мөнгөгүй хоосон “сав” болсон нь гашуун үнэн. 2020 оны сонгуулийг угтаад намууд, нэр дэвших сонирхолтой хүмүүс тэтгэвэр, нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох тухай санал бодлоо уралдуулж эхлэв. Миний тухайд улс төрийн амьдралаас холхон байгаа хэдий ч 10-аад жилийн өмнө боловсруулсан саналаа хэрэг болох болов уу хэмээн бодож энд товч дэлгэхийг хүслээ. Өнгөрсөн хугацаанд нийгмийн даатгалтай холбоотой толгой өвтгөж байсан асуудал шийдэгдсэнгүй, өдгөө харин ч улам лавширч, улс төрийнхний “хэрүүлийн алим” болон хувирч байгаад харамсмаар. Нэг сайд нь тэр хөрөнгийг банканд байршуулж, арвижуулсан гэж байхад нөгөө сайд нь “Буруу банканд байршуулснаас салхинд хийсгэсэн” гэж мэтгэлцэнэ. Бид чинь нэг улс биш бил үү, нэг улсын төрийн түшээд, сайд нар биш бил үү? Аль эсвэл айл гэр болж тоглож байгаа хүүхдүүд үү?
ТЭТГЭВРИЙН ХӨГШЧҮҮЛЭЭ ЖАРГААХ АРГА
Ахмадуудынхаа нийгмийн баталгааг хангах нь хүний ёс, төрийн үүрэг. Монгол хүний дундаж нас сүүлийн 30 жилд наймаар уртасж, 70 хүрэв. Энэ бол маш сайн, бахархмаар үзүүлэлт. Гэвч бодох зүйл улам нэмэгдэж байна. Өнөөдөр 20 хүний нэг нь өндөр настан байгаа бол 30 жилийн дараа Монголын хүн ам таван саяд хүрч, 10 хүн тутмын нэг нь өндөр настан болно. Нийгмийн даатгалын ачаалал хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Энэ бол бодитой сорилт. Нийгмийн даатгалын сангийн нийт орлого 2004 онд 156 тэрбум төгрөг байснаа 2018 онд нэг их наяд 900 сая төгрөг болж өссөн ч төгрөгийн ханшийн уналт үнэгүйдүүлчихсэн. Заримыг нь банканд өгөөд “шатаачихсан”. Энэ бол эрх баригчдын, хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан хүчин зүйл. Ийм учраас бид өнөөдөр тулга тойрсон биш, “Сансарт нисэх”, “Саран дээр буух хөтөлбөр” гэдэг шиг онцгой хөтөлбөр зарлаж, нэг талаас нийгмийн даатгалын хуримтлалыг үнэгүйдүүлэхээс хамгаалах, нөгөө талаас хэн ч, ямар ч албин, авлигач халдах, хумслахаас сэргийлсэн цогц шийдэл бүхий хууль батлан мөрдүүлэх хэрэгтэй байна. Би энд өгүүлэх гол санаагаа өвгөдийн ухаанаас олсон юм. Банкны систем хөгжөөгүй, ойлголт ч үгүй байхад манай өвөг дээдэс хөрөнгөө, насны эцэст хэрэг болох зүйлийг хөөрөг, гаанс, шүр сувд, алт мөнгө, эмээл, хазаар зэрэг хатуу эд болгон хадгалдаг байлаа. Тэр нь инфляцад идэгддэггүй, цагийн эрхээр үнэ нь буурдаггүй, харин ч өсдөг байж. Гэтэл банкны системтэй боловч хадгаламжийг нүдэнд үл үзэгдэж, гарт үл баригдах инфляц, төгрөгийн ханшийн уналт бараг үнс болгочихдог энэ нөхцөлд ахмадуудынхаа нийгмийн баталгааг яаж хангах вэ? Миний санал бол Нийгмийн даатгалын бүхий л орлогыг тухай бүрт нь үнэт металл (алт, мөнгө гэх мэт) болон үйлдвэрийн металл (зэс, төмөр, цайр, тугалга гэх мэт)-д хөрвүүлж хадгалах. Энэ саналыг тууштай ажил хэрэг болгож чадвал
Нэгт, иргэдийн төлсөн шимтгэл, даатгалыг металл болгон хадгалбал төгрөгийн ханшийн уналтаас 100 хувь хамгаалагдана.
Хоёрт, цаашид металлын төрөл, хуримтлал нэмэгдэхийн хэрээр үнэ ханш нь огцом өсвөл хуримтлуулсан металлынхаа нэгээхэн хэсгийг олон улсын зах зээлд борлуулж, арвижуулах бололцоотой болно.
Гуравт, металлаа зарлаа гэхэд орлого нь инфляцад идэгддэг төгрөг биш, харин доллар, евро, фунт стерлинг, юань, иен байна. Дөрөвт, металлын үнэ өссөн үед зарсан бол үнэ нь буусан үед буцаагаад худалдан авч болно.
Үүнийг валют хоорондын ханшийн ялгаан дээр тоглодог улигт арбитрын арилжаатай холих буюу адилтгах шаардлагагүй болно. Яагаад вэ гэвэл металлын үнийн хэлбэлзэл нь валют, үнэт цаасны арилжаа шиг минут, хормоор хувирч өөрчлөгддөггүй, удаан буюу өдөр, сар, улирлын дундаж үнэ зэргээр арилжаа хийгддэг учир эрсдэл бага, консерватив аргаар ажиллах боломжтой болно. Гэх мэтээр нийгмийн даатгалын бүхий л сангийн (Нийгмийн даатгал гэдэг маань тэтгэврийн, үйлдвэрлэлийн ослын, эрүүл мэндийн, ажилгүйдлийн, тэтгэмжийн гэсэн таван сангаас бүрддэг бөгөөд энд Тэтгэврийн сангаар төлөөлүүлэн бичлээ) мөнгийг найдвартай хамгаалахаас гадна арвижуулж болно. Сонирхуулахад, хорин таван жилийн өмнө нэг унц алт 250 доллар байсан бол өнөөдөр 1700 гаруй доллар болж даруй долоо дахин өссөн байна. Өөрөөр хэлбэл, 25 жилийн өмнө авсан алтаа өнөөдөр тав дахин өндөр үнээр борлуулах боломж байсан гэсэн үг. Нэмээд төгрөгийн ханшийн суларлыг тооцвол тэтгэврийн мөнгөний өсөлт бүр талийх байж. Нэг тонн зэсийн үнэ 20 жилийн өмнө 2000 доллар байсан бол 10 жилийн өмнө 9000, өнөөдөр 5000 ам.доллар байгаа нь металын үнэ дэлхийн эдийн засгийн байдлаас болж савладгийг бас харуулж байна. Гэхдээ манайх шиг уруудах ганц чигтэй биш болно.
МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН ОЛОН УЛСЫН СТАТУСТАЙ БОЛЖ Ч БОЛНО
Монгол Улс ийнхүү металлаар баталгаажсан Тэтгэврийн даатгалын тогтолцоотой болбол манай иргэдийн хуримтлуулсан даатгалын мөнгө хэзээ ч үнс болж шатахгүй. Газар хөдөлж, галав юүлсэн ч байж л байна. Худалдаж авсан металлаа Улаанбаатарт болон хөдөө хадгалж болох бөгөөд үнэт эдлэлээр нь аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үзмэр ч болгож болно. Монголчууд, гадаадын жуулчдын очиж үздэг газар болгон хувиргаж чадвал нэмэлт орлоготой болно. Даатгуулагч өндөр насных нь баталгаа болсон металл хаана, яаж хадгалагдаж, өсөж арвижиж байгааг онлайнаар харж, хянаж байх боломжтой. Мэдээллийн технологийн дэвшил, төлбөрийн уян хатан, найдвартай хэрэгслүүд бий болсоор байна. Энэ нь Монголын нийгмийн даатгал гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлж, улмаар олон улсын статустай болох үүд нээгдэх боломж ч бүрдэнэ. Даатгалын сан маань бяртай болоод ирэхээрээ Монгол Улсын болон гадаадын том гүрний Засгийн газрын бондыг худалдан авч, хүүгээр нь өсгөх гээд мөнгө, олох орлогоо нэмэгдүүлэх арга зам ч олширно.
Металлын банк байгуулсан тохиолдолд түүний удирдлагыг (Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл) зөв зохион байгуулах хэрэгтэй. Засаглал сайтай Удирдах зөвлөлд улс төрөөс ангид, мэргэжлийн, ёс зүйтэй хүмүүс, даатгуулагч иргэд болон шимтгэл төлж буй байгууллагуудын төлөөлөл орж ажиллавал зохино. Тайланг нь Сангийн яам чанд хянаж байна. Ингэхдээ зөвхөн хянан шалгахаас өөр харилцаанд орохыг хуулиар хатуу хориглох нь зөв. Энэ төслийг Засгийн газар дангаараа хэрэгжүүлж болно. Мөн эрсдэлээ үүрэх хувийн компани, эсвэл бүр Засгийн газар-Хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэх хувилбар ч байж болох юм. Аль ч нөхцөлд хууль зүйн баталгаагаа сайн хийхэд алзахгүй. Хулгай үүрлэх, хумслахаас сэргийлэх арга хэмжээ л хамгийн чухал. Хэрэв Засгийн газар дангаараа хэрэгжүүлсэн тохиолдолд том хэмжээний “ЖДҮ” болох эрсдэлтэйг үгүйсгэж болохгүй, тиймээс хяналт чухал бөгөөд улстөрчдийн оролцоогүй болгох шаардлагатай гээд анхаарах зүйл олон бий. Энэ саналыг хэрэгжүүлж чадвал зөвхөн ахмадуудын нийгмийн баталгаа хангагдах төдийгүй төгрөгийн ханш тогтворжих, чангарах, ядуурлын гол шалтгаан болсон инфляц алга болж, тэр ч бүү хэл тодорхой хугацааны дараа Монгол Улс олон улсын металлын биржийн тоглогч, дэлхийн санхүүгийн нэг төв болох ч боломжтой. Тэр хэмжээгээр Монгол Улсын тусгаар тогтнол баталгаажна. Монголын улс төрд 30-аад жил явахдаа бодож боловсруулсан санаагаа нийтэд түгээж, сайтар ойлгуулж чадаагүй сургамж надад байдаг юм. Зарим овжин нэгэн санааг маань бүрэн ойлгохгүй зэрэмдэглэх, дутуу хийх, аль эсвэл алга ташуулах төдий ажил болгон өнгөрөөсөн нь ч бий. Тийм болохоор монгол хүн бүрийн ирээдүй хойчтой холбоотой энэ саналыг маань нэг хүний, нэг намын биш, нийт үндэстний эрх ашигт нийцсэн ажил хэрэг болгож хэрэгжүүлээсэй. Сонирхуулахад, миний бие энэ саналаа тухайн үеийн эрх баригч-гурван даргад танилцуулахад нэг нь дэмжиж, хоёр дахь нь эргэлзэж, гурав дахь нь эсэргүүцсэн. Эсэргүүцсэн нь ухаан хүрээгүй, эсвэл хувийн үзэл бодлоор хандсан байх гэж боддог. Түүнээс хойших он жилүүдийг эргэн харахад миний санал зөв байсан нь харагддаг юм. Хүн, байгалийн зохицлыг шалгасан хорио цээр, цар тахал нэг өдөр л дуусна. Харин бидний өмнөх сорилтууд үлдэнэ. Монгол Улсын иргэн тэтгэвэртээ гараад орлого нь буурч гуриатах бус, харин тааваараа жаргах цаг ирэх, эсэхийг төрийн түшээдийн мэргэн ухаан мэдтүгэй. Бичгийн их хүн Жамсрангийн Цэвээн 100 гаруй жилийн тэртээ “Улсын хурлыг байгуулахын хэрэг нь Улсын хууль цаазыг шинээр зохиох, хуучирсныг халах ба засах, сэлбэх тэргүүтэн” хэмээсэн билээ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин