Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нараа тодруулах АН-ын ҮБХ-ны хуралдаан өнөөдөр 12.30 цагт эхэлж, 20.00 цагт тус намаас мэдээлэл хийлээ.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү хэлэхдээ, "Бид ирэх 4 жилд парламентад АН-аас олон түмнээ хэн төлөөлөх гэдгийг цахимаар хэлэлцэж байна. Та бүхэн ч нэр дэвшигчдийн нэрсийг чих тавин хүлээж байгаа байх. Ирэх 4 жилд Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас нэн тэргүүнд гаргаж чадах, эдийн засгийн өсөлтийг өрх бүрт хүргэх, өрхийн амьжиргааг дээшлүүлэх чадвар, боловсролтой, нийтэд танигдсан хүмүүсийг нэр дэвшигчээр тодруулна" гэв.
Тус намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалын мэдээлснээр, "АН-ын дүрмээр намын Сонгон шалгаруулах хороо нэр дэвшигч тус бүрийг хэлэлцэж байна. Сонгон шалгаруулах хороо нь ҮБХ-ноос сонгогдон байгуулагдсан, 19 гишүүнтэй. Нэр дэвшигчдийг хэлэлцээд ҮБХ-ны хуралдаанд эцсийн байдлаар өргөн барьж танилцуулна. Улмаар ҮБХ тодруулна" гэв.
Тэрээр, намын дунд шатны байгууллагууд горилогчдын мэдээллийг ҮБХ болон Сонгон шалгаруулах хороонд битүүмжлэн илгээж ирүүлсэн гээд, "АН-д элссэн УИХ-ын гишүүн С.Жавхлан, О.Баасанхүү нар нэр дэвших үү?" гэсэн асуултад, "УИХ-ын гишүүн хүн автоматаар намын ҮБХ-ны гишүүн болдог. Тэд сонгуульд өрсөлдөх хүсэлтээ илэрхийлсэн байх. Нэр дэвшилтийн талаар одоогоор мэдэхгүй байна" гэв.
Эх сурвалж: МОНЦАМЭ