АТМ машинаар үйлчлүүлэхдээ анхаарах 5 зүйлс

2020-06-09  

1931 онд санааг нь дэвсэж олон жилийн туршид сайжруулан, өөрчилснөөр Английн Лондон хотноо анхны АТМ мэндэлжээ. Таны цагийг хэмнэх, ашиглахад энгийн, хялбар байх талаас нь авч үзвэл сүүлийн нэг зуунд бүтээгдсэн шилдэг технологийн нэг гэхэд хэн ч маргахгүй биз ээ. 
Бидний өдөр тутмын санхүүгийн хэрэглээний нэг хэсэг болсон АТМ машинаар үйлчлүүлэхдээ анхаарах чухал мэдээллүүдээс та бүхэнд хүргэе. 

Ямар тохиолдолд АТМ таны картыг “залгидаг” вэ?

Өдөр тутам олон арван хүн санамсаргүй тохиолдлоор АТМ машинд картаа залгиулдаг. Харин ихэнх тохиолдолд тэдгээр хүмүүс ямар шалтгаанаар гэдгийг нь тэр бүр ойлгодоггүй. Тэр дундаа хөгшин настай хүмүүс, хүүхдүүд ийм байдалд орох нь элбэг. Тэгвэл та гайхаж, сандрах шаардлагагүй бөгөөд үүнд ердөө 2-3-хан  шалтгаан бий. 

Үүнийг гурвын дүрэм гэж нэрлэе. 

Нэгдүгээрт, хэрвээ та картын нууц дугаараа гурван удаа дараалан буруу оруулсан тохиолдолд АТМ картыг тань хурааж авдаг. Карт эзэмшигчээс өөр хүн ашиглах гэж оролдсон байж болзошгүй хэмээн үзэж аюулгүй байдлын үүднээс ийнхүү автоматаар “залгидаг” байна. 

Хоёрдугаарт, та АТМ-д картаа хийснийхээ дараа төхөөрөмж дээр 30 секундын хугацаанд ямар нэгэн үйлдэл хийгээгүй бол дансны мэдээллийг тань бусдаас нууцлахын тулд картыг тань хураан авдаг байна. Зарим хүн картаа төхөөрөмжид хийснийхээ дараа, мөнгө шилжүүлэх дансны дугаарыг дэвтрээсээ хайх гэж цаг алдсанаас, мөн утсаар хэн нэгнээс гүйлгээтэй холбоотой мэдээллийн талаар лавлах гэсээр 30 секундээс илүү удаж, ингэснээр  картаа залгиулах тохиолдол цөөнгүй гардаг байна.

Гуравдугаарт, зарим тохиолдолд картын ашиглах буюу хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд таны картыг АТМ “залгидаг”. 

Иймд та машины ажиллах зарчмыг сайтар ойлгож, дээрх гурвын дүрмийг дагаж мөрдөн картаа залгиулахаас сэргийлээрэй. 

АТМ-д орлого хийхдээ юуг анхаарах ёстой вэ?

АТМ-д хуурамч мөнгөнөөс хамгаалах функц гэж бий. Тиймээс хэт хуучирсан, урагдсан болон скочтой мөнгийг таньдаггүй. Гэхдээ та огт санаа зовох хэрэггүй бөгөөд шаардлага хангаагүй мөнгөн дэвсгэртүүдийг АТМ буцаагаад гаргачихдаг учир та хуучин, скочоор наасан мөнгөн дэвсгэртийг аль нэг банкны салбарт очин шинэ мөнгөөр солиулах боломжтой.  

АТМ-ээс мөнгөө авахаа мартсан тохиолдолд хаана хандаж шалгуулах вэ?

АТМ-ээс мөнгөө авалгүй мартаад гарсан тохиолдолд 30 секундын дараа АТМ таны мөнгийг автоматаар буцаан татдаг. Та мөнгөө авалгүй орхисон гэдгээ мэдсэн даруйдаа тухайн  банканд хандан шалгуулах хэрэгтэй. Бүх АТМ-ын бүхээгт хяналтын камер суурилуулагдсан байдаг учир банкны зүгээс камерыг шүүж, мөнгийг авсан хүнийг олж өгөхөд цагдаагийн байгууллагын тусламжийг авдаг байна. Энэ бол хаа нэгтээ мөнгөө ил орхиод явсантай ижил хариуцлагагүй үйлдэл тул та өөрийн зүгээс ямагт анхаарал болгоомжтой байж, мөнгөө авсан эсэхээ сайтар шалгаж байгаагай. АТМ-д байгаа мөнгийг гуравдагч этгээд авах нь хулгайд тооцогддог тул хэрвээ та мөнгө олсон бол банк руу залгаж мэдэгдэх хэрэгтэй.

АТМ машинаар үйлчлүүлэхдээ хувийн мэдээллээ хэрхэн нууцлах вэ?

Хэрвээ та картынхаа нууц дугаарыг бусдад мэдэгдсэн л бол таны дансны аюулгүй байдал алдагдсан гэсэн үг. Ихэнх хүмүүс картынхаа 4 оронтой нууц дугаарыг бусдад  харагдахаар хийж, боломжит эрсдэлийг тооцолгүй орхисноос дараа нь томоохон асуудалд орж болзошгүй. 

Жишээлбэл, иргэд АТМ-ээр үйлчлүүлж байхдаа бусдад ил харуулах, баримтаа авалгүй ил орхиж гарах, дэлгүүрийн ПОС машинд картаа уншуулах үедээ нууц үгээ худалдагчид шууд хэлэх зэрэг үйлдэл гаргадаг нь “Миний мөнгийг бүгдийг нь аваарай” гэж байгаагаас огт ялгаагүй. Гэтэл энэ үйлдэл нь та бидний дунд түгээмэл үзэгдэл мэт болсон. Таны карт, таны бүх мөнгө, санхүүгийн чухал мэдээллийг хадгалж байдаг учир зөвхөн өөртөө чандлан нууцалж, хариуцлагатай байх хэрэгтэй.   

Картаа залгиулсан тохиолдолд хаана хандах вэ?

Хэрвээ та картаа залгиулсан бол өөрийн карт авсан банкандаа яаралтай хандах хэрэгтэй.  АТМ төхөөрөмжийн аль ч товчин дээр дарсан таны картыг буцааж гаргах функц байхгүй тул уурлаж, бухимдахын оронд шууд тухайн банкныхаа лавлах утсанд мэдэгдээрэй. Хэрвээ та ХААН Банкны харилцагч бол Харилцагчийн мэдээллийн төвийнх нь 1800-1917 утсанд яаралтай холбогдох шаардлагатай гэсэн үг.

Иймд АТМ-ээр үйлчлүүлэхдээ картын мэдээлэл, аюулгүй байдлаа бүрэн хангаж, үргэлж сонор сэрэмжтэй үйлчлүүлэхийг уншигч танд зөвлөж байна. Мөн хэн нэгэн танихгүй хүн ирээд “Таны данс руу мөнгө шилжүүлчихье. Бэлэн мөнгө аваад өгөөч” гэвэл огт зөвшөөрч болохгүй гэдгийг анхааруулъя. Санаандгүй байдлаар гэмт хэрэгтэнд тусалж, хамсаатан болохоос сэргийлээрэй. 

    Зөвлөмжийг хамтран бэлтгэсэн: ХААН Банк

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?