“Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв”-ийн дэргэдэх Монголын баримт шалгах төв болон хуурамч мэдээллийг бууруулах "Баримт нэн тэргүүнд" үндэсний сүлжээний гишүүн байгууллагуудын нийтлэл, нэвтрүүлэг, контентод дурдсан баримтаар шалгасан бодит зөв мэдээллийг нэг дороос авах боломжтой А1-аар сургасан “Асуу” чатботыг ашиглалтад оруулжээ.
Дэлхийн 46 орны 170 гаруй редакц, баримт шалгах төвтэй хамтран ажилладаг Meedan технологийн компанийн тусламжтай хөгжүүлсэн уг чатботод иргэд эргэлзсэн асуултаа явуулж, баримтаар шалгасан мэдээллийг автоматаар хүлээн авах юм байна.
“Meedan нь 2024 оны Skoll Award-аас social innovation шагналыг хүртсэн дэлхийн шилдэг байгууллага бөгөөд 29 хэлээр чанартай, бодит мэдээллийг түгээхэд технологийн дэмжлэг үзүүлж байгаа билээ. Тэд монгол хэлээр ажиллах cheск платформыг бүтээж, А1 сургах мэдлэг туршлагаа "Баримт нэн тэргүүнд" сүлжээний гишүүн байгууллагуудад хуваалцсанаар хуурамч мэдээллийн эсрэг бодит зөв мэдээллийг хүргэхэд үнэ цэнтэй хувь нэмэр оруулах болно” гэдгийг хурал зохион байгуулагчид онцолж байна.
Баримт нэн тэргүүнд сүлжээ нь иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд, баримт шалгах төв, хуульчдын баг хамтран хуурамч мэдээллийг бууруулж, бодит мэдээллийг түгээх зорилготой юм байна. Ийнхүү нийгмийн сүлжээнд түгдэг хуурамч, ташаа мэдээллийг бууруулахад хиймэл оюун ашиглан, найдвартаи эх сурвалжийн дата санг бүрдүүлэх, олон нийтэд түгээх ажил ийнхүү гараанаас гарлаа.
Ялангуяа сонгуулийн үед түгдэг хуурамч мэдээллүүдийг "Асуу" нэртэй тус чатботоос авах боломжтой. Цахим хэрэглэгчид эргэлзэж буй мэдээллээ асуух нь чатботын хиймэл оюуныг монгол хэлээр болон англи үсгээр галигласан агуулгыг таньж сургахад чухал ач холбогдолтой юм.
Мөн үүнтэй зэрэгцээд олон нийтийг эргэлзээтэй мэдээллээ илгээж, бодит зөв мэдээллийг авахад туслах зорилгоор “Асуу” нэртэй мэдээллийн аяныг өрнүүлж, хуурамч мэдээлэл, пропаганда ямар учраас хэрхэн тугдэг шалтгааныг таниулсан агуулгуудыг хүргэнэ гэдгийг дуулгалаа. Тус аяны медиа түншээр шинэ үеийн залуусын медиа Ноорог хамтран, Харилцаа холбооны зохицуулах хороо дэмжин ажиллахаар болжээ.
Эх сурвалж: www.zms.mn