Ялалтын 71 жилийн ойн баяр ОХУ-ын нийслэл Москва хотод өргөн дэлгэр сайхан тэмдэглэж байна. Олон сая хүний амь нас, цус, хөлс, нулимс урсгаж байж асар өндөр үнэ цэнээр олдсон энэхүү ялалтыг Оросууд улс орныг хамарсан хамгийн том баяр болгон тэмдэглэдэг. Цагаан өнгийн дүрэмт хувцсаар гангарсан эмэгтэй цэргийн алба хаагчдын рот тун содон харагдав.
Харин миний хувьд улаан талбайд болсон парадыг үзэж дуусаад гэрийн ойролцоо байрлах А.М.Горькийн нэрэмжит "Центральный парк культуры и отдыха"-д очиж бусад хүмүүстэй баяр хуваалцав.
Паркад энгэртэй хар шар өнгө хосолсон "Георгиевийн тууз" энгэртэй зүүсэн хүмүүсээр пиг дүүрчээ. Туузыг гудамж талбайд хаа сайгүй зарахаас гадна заримдаа үнэгүй тарааж байгаатай таарна.
Ялангуяа жаахан хүү, охид улаан армийн цул ногоон өнгийн цэргийн дүрэмт хувцас өмсөж толгой дээрээ "пилотка" малгай тавьсан нь өхөөрдмөөр хөөрхөн харагдана. Москва хотын захиргаа, хотын тохижилт, үйлчилгээний ажилчид, цэцэрлэгчид үнэхээр гараа гаргаж орчин тойрноо засаж тохижуулан, ногоон зүлэг болон өнгө өнгийн цэцэг тарьж ургуулсан нь эргэн тойрны орчинг сайхан чимэглэж байв. Мөн замын хажуу, голоор дунд зэргийн хэмжээтэй оросын төрийн далбааг зарж яваа хүмүүсийг харвал манай наадмаар төрийн далбаа зардагтай төстэй санагдана.
Ажиглаад байхад сонсогч хувцастай ач хүүгээ дагуулсан ахмад дайчин нэлээд харагдлаа. Энгэртэй ахмад дайчны тэмдэг зүүсэн азай буурлуудад энгийн хүмүүс цэцэг бэлэглэж байгаа нь өвөрмөц харагдаж байв. Зарим цэргийн академи, сургуулиас ахмад дайчдад цэцэг бэлэглэх компанит ажлыг зохион байгуулалттай явуулж байлаа. Нэгэн ахмад дайчны өмнө "курсант" хувцастай эмэгтэй сонсогчид ирээд "Өвөө таны дайнд оролцож байгуулсан гавъяаг бид хэзээ ч мартахгүй, танд ялалтын баярын мэнд хүргэе," гэж хэлээд улаан сарнай цэцгийн баглаа бэлэглэхэд хөгшин үнэн сэтгэлээсээ баярлан цэцгийг хүлээн авч байв.
А.М.Горькийн паркаас гараад зам хөндлөн гарч "Третьяковская галерея"-д очиж голын дэргэд амьд хөгжимтэй концерт сонирхож үзэв. Хажууд нь буй усан ориглуурт хүүхэд залуус усаар байлдан тоглоно. Голын эргийг дагаад хүний гар, нүүрэн дээрээ далбаа болон бусад дүрс зурах болоод олон нийтэд зориулсан бүхий л төрлийн үйлчилгээ, худалдаа явагдаж байна.
Түүнчлэн ямар ч баярын үеэр амралтгүй ажилладаг цэвэрлэгээ үйлчилгээний ажилчид /голдуу "бага"-ууд Р.Э/, онц байдлын яамны ажилчид, цагдаа, аюулаас хамгаалах байгууллагын алба хаагчид ажил үүрэг гүйцэтгэж байна.
Орой олон нийтийг хамарсан том хэмжээний концерт, шоу тоглолт болж салют буудуулна. Энэ үеэр метро болон зарим гол замуудад хүмүүсийн цуваа багтахгүй болж олон цагаар түгжирдэг тал бий.
ОХУ-аас Р. ЭНХБОЛД мэдээллээ