ОХИДДОО ГЭРЭЭСЭЭ ГАРАХГҮЙ БАЙХЫГ ЗАХИХ БУС ХӨВГҮҮДДЭЭ ХҮМҮҮЖИЛ СУУЛГАХ ЦАГ БОЛСОН

2020-06-16  

Өчигдөр 14 настай охиныг 5-6 эрэгтэй хүүхэд зодсон хэрэг гарсныг сэтгэл эмзэглэн уншиж суухад “хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаар” гэсэн хэсэг анхаарлыг минь их татлаа. Тэнд нэг охиныг хүчинджээ, найз залуудаа алуулжээ, амиа хорложээ, нөхөртөө зодуулжээ… “Эмэгтэй хүн байж анхааралтай байхад яана, өөрийнх нь л хохь”.  Хөөрхий эмэгтэйн урсгасан нулимс энэ хүмүүсийн бохир заваан хэл амнаас өөрийг нь угаагаасай.    

Энэ бол хүйсээр ялгаварлалт биш юм шүү. Дэлхий даяар болж байгаа хүчирхийллийн 95 хувь нь эмэгтэй хохирогчтой байна. Бид эмэгтэй хүнийг хамгаалах хэрэгтэй байна. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс 7-оос 10 дахин илүү хурдан гэмтэл авдаг. 

Энэ хэрэгтэй төстэй үйл явдал 3 сард Brooklyn-д болсон юм. 15-20 гаруй өсвөр насны хөвгүүд 15 настай охиныг гудамжинд зодон гар утас, мөнгө, гутлыг нь дээрэмдээд зугтсан байгаа юм. 20-уулаа дээрээс нь дэвсэлж, жийж, үсэрсэн аймшигтай дүр зураг камерт бичигдэн үлдсэн байхыг нь цахим сүлжээнд цацаж нийгэмд ил болж байсан. 

Түүнийг үзчихээд манай Монгол хүүхдүүд арай ч ингэхгүй гэж битүүхэн бодож амжсан найдлагын туяа одоо анхааруулгын улаан гэрэл болж. 

Үр хүүхдэдээ уран ухаанаа уламжилдаг, өөрөөсөө сул доройг өрөвдөн тусалдаг, аливаа зүйлийг бодож, уурын мунхгаар юуг ч дийлээгүй өвөг дээдсийн минь сүнс хилэгнэчихлээ. 

Бид хэрэгтэн, хохирогч алийг нь ч өрөвдөж, буруутгаснаараа ийм бусармаг үйлдлийг үгүй болгохгүй. Гол анхаарах ёстой зүйл бол хүйтэн гудамжинд амь тэмцэн өрнөдөг хүчирхийллийн үндэс суурь нь тавигддаг дулаан гэр орон, сургуулийн хүмүүжил юм.  

Хүүхдийн сэтгэлзүй эмзэг, харсан бүхнээ дуурайх байдлаар ажилладаг. Эцэг эх, найз нөхөд, үзэж харж байгаа бүхнээсээ “өөрийгөө түүж” хүн болж байгаа амьтад. Тэдэнд буруу өгч чадахгүй. Зодуулж өссөн хүүхэд хүнийг зоддог. Энэ бол ойлгоход хялбар томьё. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хүмүүжлийг дүнгээр нь хэмждэг, хооллож л байвал болоо гэсэн бодолтой. Болохгүй бол уураа гартал зодож занчина. 

“Би ч ээж, аавдаа зодуулж л өссөн. Муудсан юм алга л байна” гэж бие өмөөрнө. Таны хүү нэг охиныг найзуудтайгаа нийлээд зодчихлоо, одоо муудсан юмыг нь олж харж байна уу? 

Зодуулдаг хүүхдийн тархинд “кортизол” гэх асар хортой даавар тогтмол ялгарч байдаг. Таны бие өдөр бүр хор уувал үхэхийн адил хүүхдийн эрүүл саруул сэтгэлзүй угаартаж сүйрдэг. Байнга зодуулдаг хүүхэд өөртөө итгэх итгэлгүй болж, маш сул дорой байхаас гадна өөрийгөө олон нийтийн дунд болон хамт олондоо илэрхийлэх чадваргүй болдог. Тийм хүүхэд өөрөөсөө сул дорой хүүхдийг зодож эхэлдэг. Тийм хүүхэд том болоод хартай болдог. Эцэст нь даамжирсаар бусдыг хохироодог. 

Одоо бид хүүхдээ энэ тэнд сургуульд явуулна, ийм тийм хүнтэй суулгана гэж ярихаасаа урьтаж ийм хүмүүжил суулгана, тийм ухаан заана, өөрийгөө хүндэлж, бусдыг хайрлахад сургана гэж ярьж эхлэх цаг болсон. Эмэгтэй хүүхэд шөнө оройн цагаар явах аюултай гэхийн оронд зүгээр л эрэгтэй хүмүүст хүнийг гэмтээх буруу гэдгийг ойлгуулъя.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?