Нүүр   /  

ХҮҮХДЭД ЭЗЭМШҮҮЛБЭЛ ЗОХИХ 10 ДАДАЛ

2020-06-26  

Сургуулийн боловсролоос гадуур хүүхдэд юу сургаж болох вэ?

ОХУ-ын сэтгэл судлаач, багш, гурван хүүхдийн эх, “Амьдралын боловсрол” (“Образование для жизни”) хэмээх сонирхолтой номыг зохиогч Ольга Юрковская хүүхэд амьдралд хөлөө олоход сургуулийн хичээлийн үүрэг бага гэсэн бодолтой нэгэн. Охидоо сургуулийн бус, гэрийн боловсролоор сургадаг, бизнес-дасгалжуулагч (corporate trainer) мэргэжилтэй Ольга Юрковская орчин үеийн хүнд байвал зохих дадал хэвшлийн иж бүрэн жагсаалт гаргажээ. Хурдан унших арга, Photoshop, зааж сургах ур чадвар ... айл гэрийн цэвэрлэгээ гээд санал нийлэхээр, маргачихмаар юм аль аль нь байна.

Мэдээлэл, бичвэр-тексттэй үр дүнтэй ажиллах дадал над лав хамгийн чухал санагдлаа. Мэдээллийн аварга урсгал дундаас хэрэгтэй санаа олж, түүнээ зөв бүтэцтэй болгон боловсруулахыг хэлж буй хэрэг

Дараагийнх нь интернэт, компьютертэй холбоотой бүх зүйлс, нарийвчлалтай ухаалаг хайгуул, вэбсайттай ажиллах чадвар гэх мэт орлуулшгүй чухал дадал хэвшил бүгд орж байна. Бас бусадтай харьцах, өөрийгөө ойлгуулах илэрхийлэх чадвар ч чухал.

Амьдралд эзэмшвэл зохих дадал хэвшил тоо томшгүй. Юутай ч хүүхдэд хэрэгтэй, хүүхдийн сургалтад шаардлагатай дадал хэвшлийг Юрковская доорх байдлаар тодорхойлжээ:

Сэтгэлгээ хөгжүүлэх оюуны карт. Хүүхдүүд ойлгоход хэцүү сэдвийг интеллект-карт буюу оюуны карт ашиглан бүтэцжүүлдэг үнэгүй үйлчилгээ интернэтэд байдаг. Энэхүү арга нь нэгдүгээрт системтэй сэтгэлгээг хөгжүүлж өгнө, хоёрдугаарт их хэмжээтэй нүсэр мэдээллийг боловсруулах, санаж тогтооход хялбар болгож өгдөг сайн талтай. Хэрэглээд сурчихвал ердөө л ач тустай дадал хэвшил.

Сэтгэлгээ хөгжүүлэхийн тулд манай хүүхдүүд шиг шатар, логик тоглоомын дугуйланд явж болно. Гэртээ ч сургалтын зориулалттай компьютер тоглоом тоглох хэрэгтэй. Гэхдээ цаг болмогц компьютерээс холдож бодит амьдралд эргэн ирж дадах нь чухал.

Заах, сургах дадал. Бусдад зааж сургах дадал суух нь хүүхдэд олон давуу тал олгоно:

  1. Мэдлэгийн цар хүрээ нь тэлнэ. Учир нь хүн бусдадаа заахын тулд юмыг ердийнхөөс илүү гүн мэдэхээс аргагүй болдог.

  2. Санаа бодлоо системтэй, тодорхой илэрхийлж чаддаг болох нь уран илтгэгчийн дадал суулгаад зогсохгүй хүүхдийн биедээ итгэх итгэлийг нь бэхжүүлж өгдөг.

  3. Маркетингийн ухаан сууна. Зааж сургах дадал нь мэдлэгээ мөнгө болгох чадвар гэсэн үг юм.

Үе тэнгийнхэн нэг нь нөгөөдөө, эсвэл ахлах ангийн ах эгч нь дүүдээ зааж өгдөг тоглоом тоглуулах нь зааж сургах дадал суухад өгөөжтэй арга юм. 

Гадаад хэлний мэдлэг. Хүүхдүүд их сургуульд элсэн суралцахын төлөө англи зэрэг гадаад хэлийг сураад байгаа хэрэг бус. Хэрэгтэй мэдээллээ гадаад эх үүсвэрээс эх хэлээр нь хайж олоод уншчих, хилийн чанадад бусдын тусламжгүй өөрийгөө аваад явахад хэрэгтэй амьдралын шаардлага юм.

Гадаад хэлийг суурь түвшинд сурахад:

  • Сургалтын компьютер программ

  • Субтитр бүхий хүүхэлдэйн кино

  • Аудио дамжаа

  • Хадмал орчуулгатай хялбаршуулсан ном

Гэр ахуй эрхлэх, өөртөө үйлчлэх дадал хэвшил. Эн тэргүүнд хоолоо хийчихдэг, гэрээ цэвэрлэчихдэг дадалтай байх нь нэн чухал. Хүүхэд өөрийнхөө юмыг өөрөө хийчихдэг, орон гэрийн ажилд тусалдаг байх юм олон талын сайн нөлөөтэй.

  • Өөрийгөө том хүний ттүвшинд ойлгож, үүрэг хариуцлага хүлээх, бие даах чадвартай болно.

  • Эцэг эхийн ажлын ачаалал багасна. Хүүхдээр юм хийлгэх, гэр орны ажлын тодорхой хэсгийг хариуцуулах боломж гарна.

Хоол хийх, гэр цэвэрлэх, онгорхой цоорхойгоо оёх нөхөх, гутал засах, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл засах зэрэгт хүүхдийг хажуудаа дагалдуулах нь үнэ төлбөргүй дадлагад хамруулж буй хэрэг. Ялангуяа мэргэжлийн хүнд дагалдуулах тохиолдолд бага хугацаанд ихийг амжуулах чадвар суудаг. Жишээ нь гэр цэвэрлэх дадал суугаагүй хүн бүтэн өдөр хийдэг ажлыг цэвэрлэгээний компанийн ажилтан үнэмлэхүй богино хугацаанд гялалзуулж орхино. 

Компьютер операторын суурь мэдлэг. Орчин үеийн хүнд заавал байх ёстой дадал бол товчлуур харалгүйгээр арван хуруугаараа бичих чадвар. Гэхдээ 10-12 настай хүүхдүүдэд бичих хурд чухал биш. Арван хуруугаар бичиж сургах зориулалттай программ дээр хүүхдийг ажиллуулах хэрээр бичвэр оруулах чадвар нь сайжирч, анхаарал төвлөрөн, алдах, үсэг алгасах магадлал нь буурдаг. Арван хуруугаар бичих чадвар суумагц орфограф (orthography) буюу зөв бичих зүйг тоглоомын хэлбэрээр сургаж болно.

Хялбар программчлал, вэбсайт бүтээх үндэс. Интернэттэй харьцах ийм чадварыг өсвөр насны хүүхэд тун сонирхдог. Вэбсайт бүтээдэг программтай ажиллах, Photoshop болон бусад төрлийн редактор программыг энгийн түвшинд сурах нь чухал.

Хэлэлцэн тохиролцох дадал. Онол, практикийг хослуулах хэрэгтэй. Хүүхдэдээ бусадтай харьцдаг, олны өмнө гардаг ажил үүрэг даалгаад үз. Дэлгүүр, зоогийн газарт ажилтан үйлчлэгчтэй нь яриулж хэлэлцүүлж сурга. Амьдрал өөрөө шаардлага хатуутай багш гэдгийг санаарай.

Мэдээлэлтэй ажиллах дадал. Хурдан унших, анхаарал төвлөрүүлэх, ой тогтоолт сайжруулах сургалтад хүүхдээ хамруулах нь үр дүнтэй.   

Хүүхдийн бие бялдрын хөгжил хэдийгээр дадал хэвшилд тооцогдохгүй ч оруулах нь зүйтэй гэж үзлээ. Мэргэжлийн спортод сургаж тамирчин болгох гэж зүтгэхгүйгээр, хүүхдийн өөрийнх нь дур сонирхлын дагуу усанд сэлэлт, гимнастик, бүжиг, бие хамгаалах урлаг, фитнесс зэрэгт долоо хоногтоо гурван удаа явуулж хэвшүүл. 

Зохион бичих чадвар. Ном, өгүүллэг, сурталчилгааны материал зохион бичих чадвартай болгохын тулд зохиолч, сэтгүүлч, копирайтеруудын зайны сургалтад хамруулах нь чухал. Бичих дадал суучихвал хүүхдэд тань нийтлэлийн шагнал амладаг болоод ирнэ. 

МӨНХТУУЛ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?